Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2019/ДШМ/21

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

  2019         05             28                                            2019/ДШМ/21

 

 С. ад холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгч: С.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Гомборагчаа,

Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолтой С.Оад холбогдох 1724000270003 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Оын давж заалдах гомдол, дээд шатны прокурор Ч.Алтансүхийн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хулууд овогт Санжаажавын О, 1.... оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд Сум дундын 13 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар ............................./.

 Шүүгдэгч С.О нь 1. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий баг Зүүн хэсгийн 6-14 тоот хашааны гаднаас А.Лхагвабатын эзэмшлийн DAYUN маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль хулгайлж 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 21-нд шилжих шөнө 12 цагийн орчим Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдийбаг Зүүн хэсгийн 1-3 тоотод оршин суух иргэн Т.Ганбатын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, биет 200,000 төгрөг хулгайлж нийт 3,590,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Машин механизм /мотоцикль/ ашиглаж 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 09 цагийн орчимд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Цэцүүхийн бригадын Өлтийн 14 тоотод байрлах иргэн Т.Артагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгаар нэвтрэн орж мөнгөн аяга 2 ширхэг, Парламент тамхи 6 хайрцаг, Myailts тамхи 5 хайрцаг, эрэгтэй хүний хүзүүний мөнгөн гинж, биет 30,000 төгрөг хулгайлж 393,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 3-130 тоотод оршин суух Г.Долгорсүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгаар нэвтэрч Монел маркийн 42 инчийн зурагт хулгайлж 650,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн Хойд хэсгийн 1-04 тоотод байрлах иргэн С.Бат-Эрдэнийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, биет 5000 төгрөг хулгайлж нийт 1,035,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын 22-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 6-7-1 тоотод байрлах иргэн Б.Гантөмөрийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч хурган дотортой дээл 1 ширхэг, хөвөнтэй дээл 1 ширхэг, 40 ширхэг хурганы арьс зэргийг хулгайлж 1,910,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын 22-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хазгай хороо гэх газарт байрлах иргэн Ц.Дагвадоржийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж М.Нямсүрэн, Ц.Эрдэнэтуяа нарын эзэмшлийн мөнгөн ээмэг, гинж, кулон, монетон гинж, Ц.Дагвадоржийн эзэмшлийн гартааман хөөрөг, хашаан дотор байсан Ц.Нэргүйн эзэмшлийн хар хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлж 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн Хийдийн хэсэгт байрлах иргэн О.Энхболдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж эмээлийн мөнгөн завхай 5 ширхэг, мөнгөн ээмэг бөгж, кулон, эрэгтэй хүний мөнгөн бөгж 4 ширхэг, монетон ээмэг, бөгж хулгайлж 1,330,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн Хийдийн хэсэгт оршин суух Х.Нямхүүгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн тоногтой нарийн мөнгөн бүс 2 ширхэг, бугуйвчны ягаан шүрэн шигтгээ 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэг, биет 500,000 төгрөг хулгайлж нийт 1,285,000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий баг Хийдийн хэсэгт оршин суух иргэн П.Баярбатын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч шүрэн толгойтой лүндэн хөөрөг 1 ширхэг, хөх судалтай шүрэн толгойтой алаг хөөрөг 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, хослол, эмэгтэй хүний мөнгөн бүсний тоног зэргийг хулгайлж нийт 2,410,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөгжил хорооллын 27-03 тоотод байрлах Б.Должинсоргодогийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч монетон ээмэг хос, монетон бөгж, мөнгөн аяга 2 ширхэг, үйсэн аяга 1 ширхэг, их гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 1,986,000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөгжил хорооллын 15-05 тоотод байрлах иргэн А.Алтанцэцэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч мөнгөн бүс, хурган дотортой дээл, сувдан даруулга гаансны хэрэглэл, цахиур зэргийг хулгайлж нийт 1,720,000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөгжил хорооллын 20-03 тоотод байрлах иргэн Ч.Амартүвшингийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 5 ширхэг мөнгөн хазаар, 7 цэнгийн мөнгөн хазаар, дунд гарын мөнгөн аяга зэргийг хулгайлж нийт 2,020,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хулууд овогт Санжаажавын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 3.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Санжаажавын Оыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оад оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оын цагдан хоригдсон 504 /таван зуун дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Оаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1,186,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Должинсорогдогт, 1,220,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Алтанцэцэгт, 2,020,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Амартүвшинд, 500,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Ганбаатарт олгож, Эрүүгийн 1724000270003 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бор өнгийн дундаа алхан хээтэй, толгойгүй хөөрөг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Энэ хэрэгт дөрвөн ханатай, дан бүрээстэй, 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий хуучин монгол гэр битүүмжлэгдсэн болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Оад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.О давж заалдах гомдолдоо: Миний бие Санжаажав овогтой О нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд үйлдсэн хулгайн гэмт хэргийн гурван үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тухайн гэмт хэргээс хохирсон хохирогчид учирсан хохирлыг миний ар гэрийнхэн бүрэн төлж барагдуулах болсон тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... Дээрх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор С.Оын өмчлөлийн хөрөнгөөс 1 ширхэг монгол гэр битүүмжилж, бүрэн бүтэн байдлыг хариуцан хадгалуулахаар яллагдагч С.Оын эцэг С.Санжаажавт хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй, дурьдаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад: “Энэ хэрэгт дөрвөн ханатай, дан бүрээстэй, 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий хуучин монгол гэр битүүмжлэгдсэн болохыг дурдсугай” гэжээ. Дээрх заалтад битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар заагаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “Хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэх талаар хуульчилсан байхад битүүмжлэгдсэн эд хөрөнгийг дурьдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.О нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 13 удаагийн үйлдлээр машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад 20,904,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Завхан аймгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпанийн шинжээчийн дүгнэлтүүд, Найдвар-Од Аудит ХХКомпанийн шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээний комиссын шинжээчийн дүгнэлтүүд, Хөрөнгийн үнэлгээчин Ш.Даваасүрэнгийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 201710061, 201710062, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 201710040, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 201710069 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, деспозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбарууд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Оыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 3.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Оын өмгөөлөгч М.Гомборагчаа нь “ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт болох хохирогч Б.Должинсорогдог, Ч.Амартүвшин, А.Алтанцэцэг, иргэний нэхэмжлэгч Г.Ганбаатар нарын хохирол төлбөрийг төлсөн талаарх нотариатаар гэрчлүүлсэн баримт, эд мөрийн баримтаар хураагдсан хөөргийг буцаан олгуулах тухай хохирогч П.Баярбатын хүсэлт” зэргийг гаргаж өгчээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт оногдуулах ял нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан бөгөөд үүнээс өөр сонгох санкцгүй байна. Анхан шатны шүүх урьд нь хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож шүүхээс баривчлах ялаар шийтгэгдэж байсан шүүгдэгч С.Оад тухайн зүйл хэсэгт заасан ялын хамгийн бага ялыг оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн байх тул С.Оад оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

Харин хохирогч П.Баярбатын тухайд энэхүү хүсэлтийг хохирогч П.Баярбат өөрөө гаргасан эсэх нь эргэлзээтэй бөгөөд хүсэлтээс өөр баримтгүй, нотариатаар гэрчлүүлээгүй, хохирогчийн регистрийн дугаар бичигдээгүй зэргээс энэхүү хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хүсэлтийг шийдвэрлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор С.Оын өмчлөлийн хөрөнгөөс 1 ширхэг монгол гэр битүүмжилж, бүрэн бүтэн байдлыг хариуцан хадгалуулахаар яллагдагч С.Оын эцэг С.Санжаажавт хүлээлгэн өгсөн байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй дурьдаж шийдвэрлэсэн талаар дээд шатны прокурор эсэргүүцэл гаргасан нь үндэслэл бүхий байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д ”хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар хуульчилсан.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч нар хохирол төлөгдсөн талаарх баримтаа ирүүлсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг “7. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                                    Т.ГАНБАТ

                                                                                     Н.БАЯРХҮҮ