Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2023/0735/З |
Дугаар | 128/ШШ2024/0044 |
Огноо | 2024-01-11 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/0044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* овогт Э*******ийн Т*******, РД:,
Нэхэмжлэгч: Д******* овогт Э*******ийн Тө, РД:,
Нэхэмжлэгч: Д******* овогт Э*******ийн Тө, РД:,
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У нарын хоорондын “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь захиргааны акт гаргахад саад болж байгаа үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах, Хан-Уул дүүргийн Засаг даргад Монгол Улсын иргэн болох Э.Тө, Э.Тө, Э.Т******* нарын 3 иргэдэд хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхээр /гэр бүлийн зориулалттай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ/ гаргуулахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т*******, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Нэхэмжлэгч нараас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь захиргааны акт гаргахад саад болж байгаа үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах” нэхэмжлэл гаргасан.
1.2. 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын иргэн болох Э.Тө, Э.Тө, Э.Т******* нарын 3 иргэдэд хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхээр /гэр бүлийн зориулалттай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ/ гаргуулахыг даалгах” гэж нэмэгдүүлж тодруулсан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Монгол Улсын иргэд болох Э.Тө, Э.Тө болон Э.Т******* цаашид бид нэгэн гэр бүлийн гишүүд бөгөөд 1973 оноос хойш Хан-Уул дүүргийн Жын гудамж тоотод нэг гэр бүлд ах дүүс болон амьдарч байна. Бид 2000 оноос эхлэн өөрсдийн амьдардаг Жын гудамжийн ард байрлах хүн амьдарч байгаагүй хэсэг газар гэр барин амьдардаг байсан. Бид Газрын тухай хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээний дагуу Жын гудамжийн ард байрлах нийтийн эзэмшил газрыг эзэмших, өмчлөхөөр өргөдлөө, хүсэлтээ албан ёсоор 2011-2016 онуудад удаа дараа харьяа дүүрэгтэй өгч байсан боловч тодорхойгүй шалтгаанаар бидний өргөдлийн хариуг өгөхгүй байсаар 2016 онд дүүргийн засаг даргын А дугаар захирамжаар огт амьдарч байгаагүй иргэдэд өгснөөр энэхүү газартай холбоотой маргаан үүссэн юм. Улмаар Дүүргийн засаг даргын газар олгосон А захирамж олж мэдсэнээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Нэр бүхий иргэдэд олгосон Засаг даргын газартай холбоотой захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон билээ. Улмаар тухайн үед шүүхийн шийдвэрт эсрэг тал гомдол гаргаж Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 31-ны өдөр 223 дугаар магадлал гарсан. Үүнээс хойш газар эзэмших өргөдлөө дахин 2020 оны 05 сараас эхлэн гаргасан боловч дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 05 сарын 21-ны №10/2067 хариу бичгээр хүсэлт гаргасан газарт нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчиж байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Ингээд шүүхийн шийдвэр, магадлалыг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх газарт хандаж улмаар 2023 оны 01 сард албан гүйцэтгүүлсэн. 2023 оны 03,05 сард шийдвэрлэх боломжгүй гэх утга бүхий хариунууд өгсөн. Иш татвал Хан Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 сарын 22-ны албан бичгийн агуулгаас харахад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 48 дугаар тогтоолоор "Яармаг" төслийн талбайд тус дүүргийн 4-8 дугаар хороонд хамрагдсан тул иргэнд шинээр газар олгохыг зогсоосон бөгөөд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2022 оны Дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 30 дугаар тогтоолд тус дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлэхээр тусгагдсан байршлуудад нь олон жил хашаандаа байгаа гудамжны дунд байрлах айл өрхүүд болно гэх утгатай хариуг бидэнд өгсөн. Энэ явдлаас хойш дээд шатны байгууллагад гомдол гаргасан ба Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 05 сарын 26-ны албан бичигт Таны гаргасан гомдлын дагуу Хан Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны хариуцсан албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авч, холбогдох баримт, материалыг судалж үзлээ гэх хариу бидэнд өгч энэхүү хариу бид эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон. Дээрх Захиргааны байгууллагуудын хариу албан бичиг нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2020 оны 48 дугаар тогтоол/эс үйлдэхүй/-ыг үндэслэж байгаа нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон газрын тухай хуульд нийцээгүй гэж үзэж байгаа тул бидний газар эзэмших, өмчлөх эрхэд ямар нэгэн үйлдэл хийхээс зориуд саад хийж байгаа үйлдэл нь илт хууль бус тул захиргааны акт гаргуулахыг даалгуулж өгнө үү” гэжээ.
2.2 Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн газрын алба болохоор иргэдэд газар олгодог субъект нь биш байгаа. Засаг даргын гаргасан захирамжийн дагуу иргэдтэй гэрээ хийгээд газрын гэрчилгээ олгодог үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Гэтэл газар олгодог мэдэлтэн хүн шиг албан бичиг гаргачхаад үүгээр хүмүүсийн эрхийг хааж байгаа. Хоёрдугаарт Хан-Уул дүүргийн Засаг дарга тухайн аймаг болон дүүргийн Засаг дарга иргэдэд хүсэлт гаргасан газрыг нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дэмжүүлээд хэлэлцүүлж, батлуулаад газрыг олгодог гэсэн хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа хийхгүй байгаа. Гэтэл бид нарт болохоор та нарт газар 2020 оны 4 сарын 48 дугаар тогтоолоор газар олгох боломжгүй болчихлоо энэ тогтоол гараагүй байсан бол та нарт газар олгох боломжтой байсан гэж ярьж байгаа. 2020 оны тогтоол гарахаас өмнө бид нар энэ газрын асуудлыг хөөцөлдөөд он удаан жил явсан. 2020 оны тогтоол ямар ч хамаарал байхгүй. 2020 оны 4 сарын 9-ний 48 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 4-өөс 8 дугаар хорооны иргэдэд дахин төлөвлөлтийн улмаас баталчихлаа гэж байгаа. Тэгж баталчихсан мөртлөө 2020 оноос эхлээд өнөөдрийг хүртэл газар олгочихсон байгаа. Газрыг авахад гээд хөөцөлдсөн ийм түүхтэй нэг ч хүн байхгүй дандаа шинээр газар олгосон. Газар олгосон бичиг баримттай холбоотой хариу тайлбарт 30 дугаар тогтоолыг дурдаж тайлбар өгсөн байдаг. Би хуулийн хэллэг ойлгохгүй ч гэсэн би баримтаа хараад явж байгаа. Зарим нэг хүмүүсийн өргөдлийг хүлээж аваагүй шууд газрыг олгосон нөхцөл байдаг, та бүхэн хуулийнхаа дагуу ажиллахгүй юм уу. Шүүхээс үнэн зөв шударга шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Миний ах хэл ярианы бэрхшээлтэй. Бид танил тал хайгаагүй угаасаа тийм зүйл байхгүй. Иймд шүүхээс даалгаж өгнө үү гэж хүсэж байна. Газар олгохгүй байгаа шийдвэр бидэнд ерөөсөө хамаагүй. Аймгийн Засаг дарга газар олгоно л гэж заасан байгаа, би анх удаа ярьж байгаа учир сайн хэлж мэдэхгүй байна. Бид бол уугуул иргэд, кадастрын зургийг хүртэл алдагдсан. 2020 оны 4 сарын 8-ны өдрийн 48 дугаар тогтоол ямар ч хамааралгүй. Өөр хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1 Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Э.Т*******, Э.Тө, Э.Тө нар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 01-04/2393 албан бичгийг эс зөвшөөрч "Захиргааны акт гаргахад саад болж байгаа үйлдэл нь илт хууль бус болгохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ". Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 09- ний өдрийн 48 дугаар тогтоолоор "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах Яармаг төслийн байршлыг тогтоосон. Тус төсөл хэрэгжих газрын хил заагт Хан-Уул дүүргийн 4-8 дугаар хороодыг хамруулсан бөгөөд Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т "Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно" гэж заасны дагуу шинээр газар эзэмшүүлэх, өмчлүүлэх үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн иргэн Э.Т*******, Э.Тө, Э.Тө нар тус газарт олон жил амьдарч байгаа гэх боловч тус газар нь одоог хүртэл хоосон байдаг тул шинээр газар эзэмшүүлэх боломжгүй юм. Газрын тухай хуулийн 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаар төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэсний дагуу гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг тухайн дүүргийн Засаг дарга шийдвэрлэх боломжтой юм. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-д Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Э.Т*******, Э.Тө, Э.Тө нар нь тус албанд анх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэр, Жын гудамжинд шинээр газар эзэмших хүсэлт гаргаж байсан байх ба тухайн байршил нь дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А дугаар захирамжаар иргэн Д.Н*******, С.Б*******, А.А*******, Б.Б, С.Б нарын 5 иргэнд газар эзэмших эрх олгогдсон байсан тул хүсэлт гаргасан байршил нь бусдын эзэмшиж буй газартай давхардаж байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгч байсан. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 223 дугаар магадлал шийдвэрийн дагуу дүүргийн Засаг даргын 2023 оны А/34 дүгээр захирамжаар дээрх нэр бүхий 5 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Иргэн Э.Т*******, Э.Тө, Э.Тө нараас тус албанд ирүүлж байсан хүсэлтүүдэд хариу өгч байсан байдлыг харуулбал:
2016 онд ирүүлсэн хүсэлтэд 2017.05.18-ны өдрийн 13/761 тоотоор,
2020 онд ирүүлсэн хүсэлтэд 2020.01.07-ны өдрийн 16/33 тоотоор, 2020.05.21-ний өдрийн 16/2067 тоотоор,
2022 онд ирүүлсэн хүсэлтэд 2022.01.27-ны өдрийн 16/190 тоотоор,
2023 онд дүүргийн Засаг даргад хандаж гаргасан хүсэлтэд 2023.01.20-ны өдрийн 19/56, 19/57, 19/58 тоотоор болон 2023.03.20-ны өдрийн 19/217 тоот албан бичгээр тухай бүрд нь хариу өгч байжээ.
Уг хүсэлт гаргасан байршил нь 2023.01.20-ны өдрийг хүртэл бусдын эзэмшилд байсан тул дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад эзэмшүүлэхээр тусгагдах боломжгүй байсан бөгөөд 2023.12.07-ны өдөр Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж дүүргийн Засаг даргын шинээр газар эзэмших эрх олгох эрхийг хязгаарласан зохицуулалттай болж 2023.12.15-ны өдрөөс хэрэгжихээр батлагдсан байх тул тус нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй байна.” гэжээ.
3.3. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч болохоор 2011-ээс 2016 онуудад Хан-Уул дүүргийн Засаг даргад болоод Газар зохион байгуулалтын албанд удаа дараа өргөдөл хүсэлт гаргаж байсан гэсэн байдаг. Энэ дээр болохоороо ерөнхийдөө Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивын материалыг судлаад үзэхээр Т*******, Тө, Тө нарын иргэдээс 2016 оны 12 сарын 21-ний өдөр гаргасан бүртгэл хяналтын карттай өргөдөл ерөнхийдөө байдаг. Яригдаж байгаа байршлыг шинээр эзэмших хүсэлт гаргасан хүсэлт байдаг юм байна. Гэтэл хүсэлт гаргасан байршил нь болохоороо энэнээс өмнө 2016 оны 02 сарын 3-ны өдрийн А гэсэн захирамжаар нэр бүхий 5 иргэн олгогдсон байдаг юм. Тэгэхээр эдгээр иргэд нь 2016 оныхоо 12 сард иргэдэд эзэмшүүлсний дараагаар тухайн газрыг авъя гэсэн хүсэлт манайд бүртгэгдсэн болж ирж байгаа. Манайхаас Газрын тухай хуулийн 31.3-д заасны дагуу бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаж байгаа бол боломжгүй гэсэн хариулт өгсөн байдаг. Энэ 2 талд маргаан үүсээд шүүхээр явсаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 223 дугаар магадлал шийдвэрээр тухайн нэр бүхий 5 иргэн 2016 онд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүйгээр газрыг олгосон байна эдгээрийг цуцал гэсэн шийдвэр гарсан юм байдаг. Тэрний дагуу дүүргийн Засаг дарга 2023 оны А/34 гэсэн захирамжаар тухайн 5 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргасан байгаа. Он онуудад хүсэлтүүд өгч байсан. Тэрний дагуу албан бичгүүдийн тоотуудыг хүргүүлж байсан албан бичгийн хуулбаруудыг хавсаргаж өгсөн байгаа. Хүсэлт гаргаад байгаа байршил нь 2023 оны 01 сарын 20-нд дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргах хүртэл бусдын эзэмшилд байсан. Тийм болохоор бусдад эзэмшүүлэх боломжгүй тухайн өмнө өгсөн хүсэлтийг шийдүүлэх ямар ч боломжгүй байсан гэж үзэж байгаа. Газар олголт өөрөө заавал газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан байж байж шийдвэрлэдэг. Түүнээс биш бас яг иргэдийн дуртай байршлын авна гэсний дагуу шийдвэрлээд байдаг асуудал биш байхгүй. Яг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаад дүүргийн ИТХ-аар батлагдаад батлагдсан байршлуудад л олголт хийгддэг гэсэн үг. Газрын тухай хуульд 2023 оны 12 сарын 7-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Энэ нь болохоороо дүүргийн Засаг дарга шинээр газар эзэмших эрх олгох эрхийг хязгаарласан зохицуулалттай болоод энэ нь өөрөө 2023 оны 12 сарын 15-наас эхлээд хэрэгжиж эхэлж байгаа юм. Энэ нь одоогоор legalinfo сайтад батлагдаж ороогүй ч гэсэн хууль зүйн яаманд хянагдаж байгаа. Үүний дагуу ямар нэгэн чиглэл бол өгөгдөөгүй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол дүүргийн Засаг дарга өөрөө газар эзэмших эрх олгох асуудал маань ингээд зогссон болохоор тус нэхэмжлэл нь дүүргийн Засаг даргад даалгасан асуудал нь бас шаардлагад нийцэхгүй гэсэн байдлаар хариу тайлбарыг манайхаас өгсөн байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Тө, Э.Тө, Э.Т******* нараас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус холбогдуулан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь захиргааны акт гаргахад саад болж байгаа үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах”, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Монгол Улсын иргэн болох Э.Тө, Э.Тө, Э.Т******* нарын 3 иргэдэд хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхээр /гэр бүлийн зориулалттай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ/ гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,
- Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь газрын талаар шийдвэр гаргах эрхгүй атлаа нийслэлийн засаг даргын өмнөөс газар эзэмшүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаж байгаа нь хууль бус,
- Хан-Уул дүүргийн засаг дарга нь өөр бусад иргэдэд газар эзэмшүүлсэн атлаа бидний хүсэлтийг шийдвэрлэхгүй, шүүхийн шийдвэрээр нэр бүхий 5 иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулсан байхад газар эзэмшүүлэхгүй байгаа нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Э.Тө, Э.Тө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т*******гаас Хан-Уул дүүргийн ******* хороо, Жын 25- тоот хаягт байрлах газрыг эзэмших талаараа төрийн эрх бүхий байгууллагуудад гаргасан гомдол, хүсэлтэд
2.1. Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 04/4051 тоот албан бичгээр “... Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны зарим албан тушаалтнууд Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4.а-д заасныг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул холбогдох албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн асуудлыг хянаж, зохих арга хэмжээ авахыг мэдэгдсэн албан бичгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, хувийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус хүргүүлсэн болно. Мөн газартай холбоотой асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг мэдэгдэв” гэсэн,
2.2. Нэхэмжлэгч нараас гаргасан хүсэлтэд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны,
- 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 19/444 тоот албан бичгээр “... таны “Олон жил амьдарч буй газраа эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргасан хэдий ч шийдвэрлэхгүй байна” гэх газар нь өнөөдрийг хүртэл хоосон байгаа болно. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 48 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах Яармаг төслийн талбайд тус дүүргийн 4-8 дугаар хороод харагдсан тул иргэнд шинээр газар олгохыг зогсоосон ..”
- 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19/217 тоот албан бичгээр “... ******* хорооны нутаг дэвсгэр нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 48 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах Яармаг төслийн талбайд хамрагдсан байна. Дээрх талбайд ... шинээр газар эзэмших эрх олгох, шилжилт хөдөлгөөн хийх эрхийг зогсоосон байдаг тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн,
- 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19/56, 19/57, 19/58 тоот албан бичгүүдээр “... дээрх хүчингүй болсон байршил буюу Яармагийн 4-8 дугаар хорооны нутаг дэвсгэр нь бүхэлдээ нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 48 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах Яармаг төслийн талбайд хамрагдсан тул шинээр газар эзэмших эрх олгох үйл ажиллагаа зогссон болно. Иймд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй”,
- 2022 оны 01 дүгээр сарын 27-ны 16/190 тоот албан бичгээр “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 заалтуудыг үндэслэн таны газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй”,
- 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16/2067 тоот албан бичгээр “... таны ирүүлсэн байршлууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан заалтыг зөрчиж байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй”,
- 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16/33 дугаар албан бичгээр “Дүүргийн газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч нь газартай холбогдон гарсан хууль, тогтоомж мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаал болон бусад дүрэм журмуудыг мөрдлөг болгон ажилладаг болно” гэсэн хариуг тус тус өгчээ.
2.3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01-04/2393 тоот албан бичгээр “... ******* хороо, Жын 25- тоот байршил нь Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах Яармаг төсөл хэрэгжиж буй 286 га талбайд хамаарч байна” гэсэн хариуг мөн өгсөн байна.
3. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-д зааснаар Газар зохион байгуулалтын алба нь “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах”, 23.3.7-д зааснаар “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байх ба тус албанаас иргэн Э.Т******* нарын хүсэлтэд дээр газар эзэмшүүлэх боломжгүй талаарх дурьдсан хариунуудыг өгсөн нь хариуцагч захиргааны байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нийцсэн байна.
4. Учир нь Газар зохион байгуулалтын алба нь Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд хууль тогтоомж, иргэдийн хурал, холбогдох Засаг даргын шийдвэрийг биелүүлэх, мөн нийслэлийн Засаг даргаас шийдвэр гаргах үйл ажиллагааны урьдчилсан бэлтгэлийг хангаж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
5. Иймд хариуцагчнь дээрх үүргийг хүрээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “Яармаг” төслийн байршилд багтсан газарт иргэнд газар эзэмшүүлэх боломжгүй тухай хариу өгсөн нь хууль тогтоомжид нийцсэн шийдвэр болжээ.
6. Нөгөө талаас иргэн газар эзэмших тухай хүсэлт гаргасан нь түүнийг заавал хангаж шийдвэрлэх үндэслэлийг бий болгохгүй тул “...захиргааны акт гаргахад саад болж байгаа үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах” шаардлагыг хангах үндэслэлгүй болохгүй юм.
7. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасан тул иргэн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, эзэмшүүлж болохоор тусгагдсан газарт газар эзэмших тухай хүсэлт гаргах боломжтой.
8. Гэтэл иргэн Э.Т******* нараас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоолоор Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “Яармаг” төслийн төлөвлөлтөд хамрагдсан талбайд гаргасан хүсэлтийг төлөвлөгөөнд тусгуулахаар шаардаж байх тул нийслэлийн газар зохион байгуулалтын албаны үйлдлийг илт хууль бус гэж үзэх, хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж хүсэлт гаргасан газрыг төлөвлөгөөнд тусгуулах акт гаргахыг даалгах үндэслэлгүй.
9. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “надаас дандаа хууль бус зүйл шаардсан, надад өгөх юм нь байхгүй,...” зэргээр тайлбарлах боловч тухайн тайлбарыг нотлох эрх бүхий этгээдийн аливаа шийдвэрийг ирүүлээгүйг тэмдэглэв.
10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0099 дүгээр шийдвэрээр “... нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А дугаар захирамжийн А.А*******, Б.Б, С.Б, С.Б*******, Д.Н******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, “нэхэмжлэгч Э.Т*******, Э.Тө, Э.Тө нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 223 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.
11. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 223 дугаар магадлалд “...Э.Т*******, Э.Тө, Э.Тө нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийг “... дүүргинй 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус дүүргийн ******* хороо, Жын гудамжны тусгагдаагүй” гэж дүгнэжээ.
12. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар иргэн А.А*******, Б.Б, С.Б, С.Б*******, Д.Н******* нарт маргаан бүхий байршилд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон байна.
13. Иргэн Д.П*******аас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* хороо, Жын 25- тоот газрыг эзэмших тухай хүсэлт хүлээн авч тус дүүргийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/169 дугаартай захирамжаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.
14. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн 1/2395 тоот лавлагаагаар нэхэмжлэгч Э.Төын хүсэлт гаргасан газар нь нэгж талбарын 17******* дугаар бүхий Д.П*******ын эзэмшилд олгогдсон газартай давхцалтай байх боловч нэхэмжлэгчээс “Д.П******* нь нь нэхэмжлэгч Э.Т*******, Э.Тө, Э.Тө нарын ээж юм, бид нартай адил 2016 онд анх хүсэлт гаргасан” гэж тайлбарласан харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тус газар дээрээ хашаа барьсан удаан хугацаагаар оршин сууж байгаа гэсэн үндэслэлээр газар эзэмших эрх олгосон” гэж тайлбарласан.
15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0099 дугаартай шийдвэрт “...шүүхээс хийсэн газрын үзлэгээр тухайн газарт гуравдагч этгээдүүд амьдардаггүй, ямар нэг хашаа байшин, гэр баригдаагүй бөгөөд харин нэхэмжлэгч нарын одоо амьдарч байгаа хашааны ард талд ойролцоо байсан...” гэж дүгнэсэн нөхцөл байдал хэвээрээ байна.
16. Өөрөөр хэлбэл, шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн газрын үзлэг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/2395 тоот албан бичгээр ирүүлсэн агаар сансрын зураг зэргээс үзвэл, нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрээр өмнө дүгнэгдэж шийдвэрлэгдсэн асуудлаар Хан-Уул дүүргийн засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.
17. Хэдийгээр нэхэмжлэгч нар нь 2020 оноос хойш дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тасралтгүйгээр, жил дараалан хүсэлт гаргасан боловч Орон сууцны дэд бүтцийн газрын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/326 тоот албан бичигт “Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хороод нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “Яармаг” төслийн байршилд хамрагдсан тул иргэдийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийн шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй болно” гэсэн болон Хан-Уул дүүргийн 2020 оноос хойших газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэхээр тусгагдаагүй нь гэснээр тогтоогдож байгаагаас үзвэл маргааны үйл баримт өөрчлөгдөөгүй байна.
18. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу Э.Т*******, Э.Тө, Э.Тө нараас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргад Монгол Улсын иргэн болох Э.Тө, Э.Тө, Э.Т******* нарын 3 иргэдэд хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхээр /гэр бүлийн зориулалттай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ/ гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 23 дугаар сарын 23.3.5, 23.3.7, 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь захиргааны акт гаргахад саад болж байгаа үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Тө, Э.Тө, Э.Т******* нараас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргад Монгол Улсын иргэн болох Э.Тө, Э.Тө, Э.Т******* нарын 3 иргэдэд хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхээр /гэр бүлийн зориулалттай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ/ гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ