Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 231

 

            Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

            -шүүгдэгч С.Цогтгэрэл нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сандуйжавын Цогтгэрэлд холбогдох эрүүгийн 201719000372 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1968 оны 06 сарын 07-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Заамар сумын 3 багийн Галтын ам гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сандуйжавын Цогтгэрэл /РД:нн68060776 / гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.Цогтгэрэл нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р баг багийн нутаг “Туулын гүүр” гэх газар 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эхнэр Ж.Гантүгжийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Цогтгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хэрэг бүртгэлтэд:

Хохирогч Ж.Гантүгж хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: Би нөхөр С.Цогтгэрэлтэй 1991 оноос эхлэн Төв аймгийн Заамар суманд хамт амьдарч байна. ... С.Цогтгэрэл хэрүүл хийж, зан аашинд өөрчлөлт орсон. С.Цогтгэрэл нь 2004 оноос хойш согтуудаа хэрүүл хийж, зодох болсон. Мөн намайг ажлаар гадуур явж байгаад ирэхээр уулзсан болгонтой хий хардах болсон. Сүүлд 2017 оны 05 сарын 25-ны өдөр би төрсөн өдрөөрөө Бямбаа эгч болон С.Цогтгэрэлийн эгч Аптантуяа нартай Туулын гүүрэнд Бямбаа эгчийнд 1 шил дарс хувааж уусан. Тэр үед би С.Цогтгэрэлийг “чи надад төрсөн өдрийг бэлэг юу өгөх гэж байна” гээд хэлчихсэн. Гэтэл С.Цогтгэрэл надад дарс авч өгсөн намайг туулын гүүрэнд Бямбаа эгч, Алтантуяа эгч 2-той үлдээгээд хөдөө мал руугаа явсан. С.Цогтгэрэлийг явсанаас хойш би цэцэрлэг дотороо унтаад өгсөн ба Цогтгэрэл буцаж ирж яваад машин нь эвдэрээд алхаж ирсэн байсан. Апхаж явахдаа над руу залгасныг нь би мэдээгүй байсан ба цэцэрлэг дотор орж ирэнгүүтээ “чи яахаараа утсаа авдаггүй юм” гээд зодоод байсан. Цогтгэрэл намайг зодсоноос нь болж миний зүүн нүд хөхөрсөн. ... Харин одоо би нөхөр С.Цогтгэрэлтэй эвлэрсэн, гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

 

Сэжигтнээр С.Цогтгэрэл хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: Ж.Гантүгжээ бид 2 хамт амьдарч эхэлсэнээс хойш муудалцаж маргалдах зүйлгүй байдаг байсан ба 2004 оноос эхлэн гэр бүлийн асуудлаас болж маргалдах болсон. Маргалдаж байхдаа би уурандаа бачуураад хашгираад өнгөрдөг байсан ба анх 2010 онд хардалтаас болоод эхнэр Ж.Гантүгжээгийн нүүр хэсэгт гараараа цохьсон. Түүнээс хойш Ж.Гантүгжээг цохиж зодсон зүйл байхгүй ба 2017 оны 05 сарын 25-ны өдөр эхнэрийн төрсөн өдрийг найзуудын хамт тэмдэглэсэн юм. Тэр орой би нилээд согтсон ба эхнэр Гантүгжийг Туулын гүүрэнд цэцэрлэгт үлдээгээд ганцаараа хөдөө гэр рүүгээ малаа услахаар явсан. Малаа услачихаад буцаж ирж явахад машин эвдэрсэн бөгөөд машин эвдэрсэн талаар эхнэр Гантүгжид хэлэхээр залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би алхаж явсаар Туулын гүүрэнд байдаг цэцэрлэг рүү орохдоо эхнэр Гантүгж рүү залгахад цэцэрлэг дотор орон дээр хэвтэж байгаад утсаа авсан. Тэр үед миний уур хүрээд “чи түрүүн утсаа авахгүй байсан байж, одоо яахаараа авдаг юм” гээд Гантүгжийн нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохьсон. Бид нэг их муудалцаагүй ба тэндээ амарцгаасан ба өглөө нь учраа олж эвлэрсэн. Би согтуу үедээ ийм үйлдэл гаргаад байдаг, Би эхнэр Ж.Гантүгжтэй учир зүйгээ олж эвлэрсэн, уучлал гуйсан ... одоо архи дарс ууж агсам согтуу тавихгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/

- 2017 оны 06 сарын 06-ны өдрийн шүүх эмнэлгийн гаргасан №320 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Ж.Гантүгжийн биед зүүн зовхи, зүүн шанаа, зүүн чихний омогт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх. /хх-ийн 25-26/

-Шүүгдэгч С.Цогтгэрэлийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: Урьд ял шийтгэлгүй гэх  лавлагаа /хх-ийн 35/,

 

-Шүүгдэгч С.Цогтгэрэлийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 30-31 тал/, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 34 тал/ зэргийг шинжлэн судлав.

  

    Дээрх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Цогтгэрэл нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р баг багийн нутаг “Туулын гүүр” гэх газар 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эхнэр Ж.Гантүгжийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Ж.Гантүгжийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №320 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч С.Цогтгэрэлийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Цогтгэрэлийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч С.Цогтгэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана”  зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хохирогч Ж.Гантүгж, шүүгдэгч С.Цогтгэрэл нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч Ж.Гантүгж нь гомдол саналгүй, хохирол төлбөргүй гэсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Ж.Гантүгж нь шүүгдэгч С.Цогтгэрэлтэй сайн дураараа эвлэрсэн гэх эвлэрлийн гэрээ болон гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

            

             Шүүгдэгч С.Цогтгэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сандуйжавын Цогтгэрэлийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Гантүгж нь шүүгдэгтэй сайн дураараа эвлэрсэн байх тул шүүгдэгч С.Цогтгэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. С.Цогтгэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. С.Цогтгэрэлд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Цогтгэрэлд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  •                                     , ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА