| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00288/И |
| Дугаар | 156/ШШ2024/00345 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 156/ШШ2024/00345
2024 07 17 156/ШШ2024/00345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00288/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өөлөг овогт ******* Баянмөнхийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.Баянмөнх,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие 1968 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн. Би 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд мал усалдаг худгийн моторчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа баталгаажаагүйн улмаас шүүхэд хандаж байна. Иймд намайг 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд мал усалдаг худгийн моторчноор ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Баянмөнх нь 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд хоньчин, худгийн моторчноор ажиллаж байсан үйл явдал нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Өөлөг овогт ******* Баянмөнх /РД:*******/-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3-р тал/,
2. Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 8243 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-р тал/,
3. Т.Баянмөнхийн нэр дээрх 1438847 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1818000015 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /хх-ийн 5-р тал/,
4. 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн Т.Баянмөнхийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-7-р тал/,
5. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгосон ХААТР-1А маягтын хуулбар /хх-ийн 26-р тал/,
6. Гэрч Ө.******* шүүхэд өгсөн ... Би 1981 оны 9 дүгээр сараас 1991 оныг дуустал Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1992 онд Нармандах нэгдэл хувьчлагдаж Нармандах ХК болж өөрчлөгдсөн. Түүнээс хойш би 2000 оныг хүртэл хувиараа мал маллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс учир бага байх үеэс нь мэднэ. Т.Баянмөнх нь 8 дугаар ангиа төгсөөд Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд 1990 оноос 1995 оныг дуустал худгийн моторчиноор, малчнаар ажиллаж байсан. Тухайн үед бид Т.Баянмөнхийг Бамаа гэж дууддаг байсан. Т.Баянмөнхийг хэдэн онд цэргийн алба хаасан гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Т.Баянмөнх Баян-Өлгий аймгаас гэр бүлтэй болж Нармандах нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад Хэнтий аймагт шилжин ирж Дэлгэрхаан суман мал маллан амьдарч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/,
7. Гэрч М.******* шүүхэд өгсөн ... Би 1988 оноос 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд агротехникчээр ажиллаж байгаад 1994 оноос өнөөдрийг хүртэл хувиараа мал маллан амьдарч байна. Бид нэг нутаг усны хүмүүс учир бага байх үеэс нь мэднэ. Т.Баянмөнх нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд 1990 оноос 1995 оныг дуустал худгийн моторчиноор, малчнаар ажиллаж байсан. Тухайн үед бид Т.Баянмөнхийг Бамаа гэж дууддаг байсан. Т.Баянмөнхийг хэдэн онд цэргийн алба хаагаагүй байхаа тэрийг нь сайн мэдэхгүй байна. Т.Баянмөнх Баян-Өлгий аймгаас гэр бүлтэй болж Нармандах нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад 2010 онд байхаа Хэнтий аймагт шилжин ирж Баянхутаг суманд мал маллан амьдарч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/ нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.Баянмөнх нь 1990 оны 2 сарын 15-ны өдрөөс 1994 оны 9 сарын 20-ны өдрийн хооронд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр уг шаардлагаа өөрчилж дээрх хугацаанд худгийн моторчин, мал маллаж байсан үйл баримтыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж тодруулсан болно. Мөн нэхэмжлэгч 1990 оны 1 сараас 2000 оны дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул шүүхээс энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоохгүй. Харин яма ажил эрхэлж байсан болох үйл баримтыг тогтоох нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
Иймд Т.Баянмөнх нь 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд хоньчин, худгийн моторчноор ажиллаж байсан үйл явдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Өөлөг овогт ******* Баянмөнх /РД:*******/-г 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдэлд хоньчин, худгийн моторчноор ажиллаж байсан болох үйл явдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ