Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 310

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шүүгдэгч И.Бархүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Газарч овгийн Ивановын Бархүүд холбогдох эрүүгийн 1734001910068 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Инноватик инженеринг”ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8-22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ШЕ78120911 дугаартай, Газарч овгийн Ивановын Бархүү гэв.

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч И.Бархүү нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг “Хөшигтийн хөндий” гэх газар 29-36 УНО улсын дугаартай Ланд круйзер-105 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6 дахь “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Б.Тамирын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч И.Бархүү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр талийгаачийн аав Д.Батаа надруу яриад намайг хүрээд ирээч салхинд гаръя гээд Ногоон довын алдарт уяачийн мялаалганы найр болж байгаа гэсэн. Банзрагчийн очоод цай уугаад би түрүүлж гараад машиндаа суусан байсан. Талийгаач хүү гэрийн хажууд зогсож байсан. За хөдөлъе гээд тэр хооронд аймшигтай явдал болсон. Тэгээд буугаад хартал зүүн дугуйны хойно талийгаач хүү хэвтэж байсан. Намайг хөдлөхөд урд юм харагдаагүй гэв.

 

Мөрдөн байцаалтад:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...хүү Тамир 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. Гэтэл хүүг маань 3 настай байхад эх нь орхиод явсан. Би малын сүүгээр угжиж бор хоолонд оруулж асарч хамгаалж нэг нас 4 сартай болгосон. Эх болох Нарантуяа архи уугаад энд тэндгүй тэнээд явдаг байсан. Би хүүгээ бодоод хаяа эхийг нь олоод ирдэг байсан боловч хэд хоноод буцаад явчихдаг. Улсын баярын үеэр хүүг маань аваад Архангай аймаг яваад хэд хоноод хотод ирсэн сураг гарахаа нь сураглаж байтал манай сумын Сайнаагийнд байгааг нь мэдээд хүүгээ авсан. Үүнээс хойш 8 сарын 10-нд би хүү, охин хоёртойгоо хот ороод буцаж явж байхад Нарантуяа би Био комбинатад байна. Ирээд хүүхдийнхээ хувцас ав гэхээр нь очиход тэр бид нартай хамт манайх руу явсан. Энэ үед манайх Төв аймгийн Сэргэлэн суманд отроор нүүсэн байсан. Ингээд би хүүхэд харах хүнтэй болсон гэж бодоод ойролцоох Өндөр довд болж байсан Мөнхнасан гэдэг айлын улсын наадамд морь нь хурдалж сумандаа энэ асуудлаа тэмдэглэн бэсрэг наадамд зохион байгуулж байсныг очиж сонирхоё гэж бодоод хотоос найз И.Бархүүг машинтайгаа хүрээд ирээч гэж хэлэхэд тэр 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүү Цогзол, ажлынхаа газрын Банзрагч гэдэг залуутай тэдний 4-5 насны хүү нарын хамт ирсэн. Тэднийг ирэхээр нь Нарааг хүүгээ хараад байж байгаарай гэж хэлээд гэрээс гарч Бархүү машиныхаа руль дээр сууж би хажуугийн урд суудалд нь суугаад хойд суудалд Банзрагч бага хүүгээ авч суугаад мөн манай 11 настай охиныг суулгаад хөдлөхөд манай малчин залуу орилохоор нь толинд харахад хүү маань миний сууж явсан талын хойд дугуйнд дайрагдсан байсан. Хүүгээ машинтай ойр байсныг хараагүй. Машин жолоодож явсан найз Бархүү ч хараагүй, бодвол намайг дагаж гүйгээд машины дугуйн доогуур орсон л байхдаа. Миний хүүгийн оршуулгын зардлыг И.Бархүү төлсөн. Надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Гэрч О.Нарантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... И.Бархүүгийн машинтай гэрийн гаднаас хөдөлсөн. Тухайн үед би гэрийн урд юм угаагаад сууж байсан юм. Талийгаас хүү маань харагдахгүй байсан. Тэгсэн чинь ард байсан машин зогсоод хүмүүс орилолдоод явчихаар нь очоод харсан чинь манай талийгаач хүү маань машины баруун хойд дугуйнд дайрагдсан байдалтай нас барсан байсан. Бархүү маншинаас бариад хөдөлсөн байна лээ. Хэн хэнийх нь болгоомжгүй үйлдлээс болж ийм асуудал гарсан учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/,

Гэрч Ж.Банзрагч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... Д.Батааг суулгаад явъя гээд машинаа хөдөлгөөд явтал хүмүүс орилоод хүүхэд гээд явчихсан тэгээд машинаасаа буугаад харахад Батаагийн 1 нас гарантай хүүхэд гадаа газар хэвтэж байсан би ойртож сайн хараагүй машинд дайруулаад газар дээрээ нас барсан байсан...Бархүү өөрөө жолоодож явсан Бархүүгийн машин байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч О.Амарзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Бархүү машинаа бариад машинд нь Батаа, Банзрагч болон 2 хүүхэд суугаад машинаа хөдөлгөх үед би гэрийн баруун талд зогсож байтал хүүхэд, хүүхэд гээд орилолдоод явчихсан тэгээд би харж чадаагүй нүд бүрэлзээд явчихсан. Батаагийн 1 нас гарантай хүүхэд...машинд дайруулаад хөдөлгөөнгүй газар дээрээ нас барчихсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Яллагдагчаар И.Бархүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Батаа хөдөлье гээд би машинаа асаасан толиндоо хараад юм саад харагдаагүй болохоор машинаа зүүн тийш нь гэрийн ардаас хөдөлгөсөн. Тэгсэн чинь жаахан хөдлөөд Батаа "хүүе" гэх хэлэхээр нь би машинаа тоормослоод зогссон чинь баруун хойд дугуйн доогуур Батаагийн бага хүү талийгаач Тамир орж дайрагдаж нас барсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/,

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 135 дугаартай дүгнэлтэд:

"1.Талийгаач Б.Тамирын биед гавлын орой яс дагз, чамархай яс олон хэсгээр хугарсан, нүүрний яс болох зүүн хацар яс, зүүн ухархай яс, дээд эрүү ясанд хугарал, их тархи тэгш бус хэлбэрээ алдсан, хатуу хальсны урагдал, эд урагдалаар гоожсон, бяцарч няцарсан, уушгины дэлбэн хооронд цус хуралт, дагзны хуйх, баруун чих, нүүрэнд зулгаралт, хуйхны дотор гадаргууд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаачийн биед учирсан гэмтэл хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. 4.Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна. 5.Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна" гэх /хх-ийн 37-39/,

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Мөнхбатын 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0000083 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

"1. Ногоон өнгийн "Ланд Круйзер 105" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ивановын Бархүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6 дахь "Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв

2. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд осол гарахад замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв.

3. Иргэн И.Бархүү нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6 "Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчснөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв.

4. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд шинжилгээний явцад асуултанд тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй гэж үзэв” гэх /хх-ийн 41/,

 

            -хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4/,        

-осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 5-8/,

            -цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 9-12/,

            -хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 13/,

            -2017 оны 09 сарын 25-ны өдрийн Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолтод: “... Д.Батаа нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багт Хадан-Ус гэх газарт хувийн мал аж ахуй эрхлэн хүү Б.Лхагвадорж, Б.Давгадорж, охин Б.Ану-Үжин, хүү Н.Тамир нарын хамт амьдардаг өрх толгойлсон эцэг юм. Хүү Н.Тамир нь 2017 оны 8 дугаар сарын 13-нд автын ослоор нас барсан тул өрхийн хүн амын бүртгэлээс хасагдсан болохыг тодорхойлов...” /хх-ийн 16/,

            -2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7861 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “... И.Бархүүгийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна” /хх-ийн 34/,

-ял шийтгэлийн лавлагааг шалгахад: “... ял шийтгэлгүй ...” гэх /хх-ий 53/,

-2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймгийн Автотээврийн төвийн лавлагаа: “... 29-36 УНО улсын дугаартай Тоёота Ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч И.Бархүү..” гэх /хх-ийн 61-62/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар

шүүгдэгч И.Бархүү нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг “Хөшигтийн хөндий” гэх газар 29-36 УНО улсын дугаартай Ланд круйзер-105 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6 дахь “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Б.Тамирын амь насыг хохироосон гэм буруутай болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч О.Нарантуяа, Ж.Банзрагч, О.Амарзаяа нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд /22-24, 27-28/, шинжээчийн 7861 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/, шинжээчийн 7850 дугаартай дүгнэлт /хх-ийн 36/, шинжээчийн 135 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-39/, замын шинжээчийн 00000083 дугаартай дүгнэлт /хх-ийн 41/, шүүгдэгч И.Бархүүгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч И.Бархүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч И.Бархүүг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бодит хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

 

Шүүгдэгч И.Бархүү нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5  дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч И.Бархүү нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батаад хохиролд 6 000 000 төгрөгийг төлсөн.

Мөрдөн байцаалтад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батаа нь “Миний хүүгийн оршуулгын зардал, хохирол төлбөрийг бүрэн  төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан И.Бархүүгийн 29-36 УНО улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийн 01316334 дугаартай гэрчилгээг эзэмшигчид буцаан олгох, харин иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн И.Бархүүгийн жолоочийн 029764 дугаартай үнэмлэхийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт И.Бархүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1.1-1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Газарт овгийн Ивановын Бархүүг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бархүүгийн 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 01 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй,

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар И.Бархүүд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан тээврийн хэрэгслийн 01316334 дугаартай гэрчилгээг хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгож, №29764 дугаартай И.Бархүүгийн жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Цэндсүрэнд даалгасугай.

6. Энэ хэрэгт И.Бархүү нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бархүүд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И.Бархүүд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОРОЛМАА