Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2019/ДШМ/22

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2019        05             28                                             2019/ДШМ/22

 

П.Э, Д.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаар захирамжтай П.Э, Д.С нарт холбогдох 1838005540408 дугаартай эрүүгийн хэргийг прокурор П.Итгэлийн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Бичээч овогт Пүрэвдоржийн Э, ..... оны 8 дугаар сарын 09ий өдөр төрсөн, ….. настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар:.............../.

Монгол Улсын иргэн, Гөрөөчин овогт Даваагийн С, .. оны 10 дугаар сарын 22-нд өдөр төрсөн, ….. настай, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар:................../.

П.Э нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд 59-90 УБН улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 7.6 гэсэн заалтуудыг зөрчин 94-05 ХӨҮ улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашинтай мөргөлдөж, уг автомашины жолооч Д.С, зорчигч Р.Цолмон нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн” гэмт хэрэгт,

Д.С нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн                Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд 94-05 ХӨҮ улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 8.11 гэсэн заалтуудыг зөрчин 59-90 УБН улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашинтай мөргөлдөн зорчигч Р.Цолмонгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаар захирамжаар яллагдагч П.Э, Д.С нарт холбогдох 1838005540408 дугаартай эрүүгийн хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгч П.Э, Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор П.Итгэл эсэргүүцэлдээ: ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэний нэхэмжлэгч Г.Түмэннастын “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эзэмшлийн 59-90 УБН улсын дугаартай “Тоёота Харьер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосноос өөрөөр тухайн техникийн хэрэгсэлд учирсан техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг тогтоогоогүй тул автомашинд учирсан техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг шинжилгээ хийлгэн тогтоолгох” гэх хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно” гэж заасан байдгаас үзэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг “талууд”-ын хүсэлтээр явуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.20-д “талууд” гэж шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг”, мөн зүйлийн 1.13-т “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” гэж тус тус тодорхойлжээ.

Иймээс иргэний нэхэмжлэгч Г.Түмэннаст буюу оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь хууль бус болжээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” гэж заасан байхад хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой яллагдагч Д.С, П.Э нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахдаа шүүгдэгч Д.Сийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр явуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.

3. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллагдагч Д.Сийн гаргасан “яллагдагч П.Эөөс согтууруулах ундааны зүйл үнэртэж байгаа тул түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулах” гэх хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хавтаст хэрэгт хавсаргана” гэж заасан заалтуудыг зөрчжээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “...шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, прокурор, оролцогчид танилцуулна” гэсэн заалтыг зөрчин прокурорыг шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрхийг хязгаарлалаа.

Иймд П.Э, Д.С нарт холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Г.Түмэннастын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр прокурорын эсэргүүцэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Иргэний нэхэмжлэгч Г.Түмэннаст нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан зарлаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Г.Түмэннастыг төлөөлөн анхан шатны шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргасан. Хяналтын прокурор П.Итгэл нь иргэний нэхэмжлэгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь хууль бус гэсэн нь үндэслэлгүй бөгөөд иргэний нэхэмжлэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад эрх нь зөрчигдсөн эсэх талаар гомдлоо гаргах эрхтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14-т тодорхой тусгагдсан. Энэ гомдлыг хэлэлцэх нь зүйтэй гэж шүүх үзсэн нь хууль бус биш юм.

... Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Эийг согтуугаар 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны төвд 59-90 УБН улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашин жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 7.6 гэсэн заалтуудыг зөрчин        94-05 ХӨҮ улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашинтай мөргөлдөж уг автомашины жолооч Д.С, зорчигч Р.Цолмон нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Сийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны төвд 94-05 ХӨҮ улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашин жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 8.11 гэсэн заалтуудыг зөрчин 94-05 ХӨҮ улсын дугаартай Тоёота Карина маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч Р.Цолмонгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Э, Д.С нарт холбогдох хэргийг “59-90 УБН улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл тус бүрийг нэг бүрчлэн үнэлэх, яллагдагч П.Эийн согтуурлын зэргийг шалгасан багаж нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох шаардлага”-тай гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг тогтоох нь мөрдөгч прокурорын үүрэг бөгөөд дээрх байдлыг шүүх хуралдааны явцад анхан шатны шүүх тогтоох боломжгүй юм.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5/09 дугаартай “...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг талуудын хүсэлтээр явуулаагүй, ...иргэний нэхэмжлэгч Г.Түмэннаст буюу оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь хууль бус болжээ.  ...эсрэг сонирхолтой яллагдагч нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа шүүгдэгч Д.Сийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 заасныг зөрчсөн, ...яллагдагч Д.Сийн яллагдагч П.Эөөс согтууруулах ундааны зүйл үнэртэж байгаа тул түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, ...прокурорыг шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрхийг хязгаарласан” гэх эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх заалт нь ямар тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүй байж болох талаар зохицуулсан зохицуулалт бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг талууд болон хэргийн оролцогчоос гаргаагүй байсан ч шүүх өөрийн санаачилгаар зарлан явуулж болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь заалтад хуульчилсан байна.

Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхийн тулд “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг” явуулах нь прокурор, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулан шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааг сайтар хангах, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болох процесс ажиллагааны зөрчлийг эрт илрүүлж зөвтгөх, шүүн таслах ажиллагааг шуурхай, тасралтгүй, иргэдэд чирэгдэлгүй явуулах, улмаар шүүхээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн байдаг тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг тухайн үед нь эрх бүхий байгууллагад нь шалгуулаагүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлийг прокурорт танилцуулаагүй шалтгааныг нарийн бичгийн дарга тайлбарлажээ. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан дээрх 2 зөрчил нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Дээрх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь ач холбогдол багатай бөгөөд шүүгчийн захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагааг явуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт эсрэг сонирхолтой шүүгдэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх эсэргүүцлийн тухайд анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 199 дугаартай урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох тухай захирамжаар шүүх хуралдааныг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 30 минутад явуулахаар тогтоож, яллагдагч Д.Сийн өмгөөлөгч Б.Батдоржид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар мэдэгдэж гарын үсэг зуруулж баримтжуулсан байна. Энэхүү урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүйн дээр мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй нь тогтоогдсон тул  дээрх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаартай яллах дүгнэлтэд “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга”-ыг тусгахдаа яллагдагч Д.С нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны төвд 94-05 ХӨҮ улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 8.11 гэсэн заалтуудыг зөрчин 94-05 ХӨҮ улсын дугаартай Тоёота Карина маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч Р.Цолмонгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дээрх яллах дүгнэлтээс үзэхэд яллагдагч Д.С нь өөрийн унаж явсан машинтайгаа мөргөлдсөн гэж ойлгогдохоор бичигдсэн нь ойлгомжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан шаардлагыг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч П.Э, Д.С нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5/09 дугаартай эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Т.ГАНБАТ

                                                                                Н.БАЯРХҮҮ