| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2023/0029/з |
| Дугаар | 124/ШШ/2023/30 |
| Огноо | 2023-12-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 124/ШШ/2023/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Н.А,
Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б-д холбогдуулан гаргасан,
Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Х.Б-ын 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 0066492 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Н.А, хариуцагч эрх бүхий албан тушаалтан,татварын улсын байцаагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Н.А нь Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б-ын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0066492 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.
Гомдол гаргагч нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэлийн хуудсанд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзлээ.
2. Гомдол гаргагч Н.А шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н-ийн А нь Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд 2023.10.16-10.20-ны өдрийн хооронд өвчтэй байх үедээ 2023 оны 3-р улирлын цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайланг Татварын хэлтэст илгээхгүй хоцроосон. Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Х.Б 2023.10.27-ны өдөр намайг ажил дээрээ дуудан ирүүлж, "татварын тайланг хугацаанд нь илгээгээгүй зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэлийн арга хэмжээ ногдуулах болсон тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт бичиж өг" гэсэн. Татварын байцаагчийн шаардлагын дагуу би "Н.А нь 2023 оны 3-р улирлын цалин хөлсний татварын тайланг өвчтэй байгаад хуулийн хугацаанд илгээгээгүй тул хялбаршуулсан журмаар Зөрчлийн хуулийн 2.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл торгуулиас чөлөөлж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт бичиж өгсөн. Гэвч Татварын хэлтсийн улсын байцаагч Х.Басанжав нь миний хүсэлтийг хүлээж авахгүйгээр "буруу зүйл бичсэн байна", "миний хэлснээр бичиж өг" гэх мэтээр тулган шаардаж миний хүсэлтийг өөрчлүүлэн бичүүлж авч зөрчлийн хэрэгт хавсаргаж, шийтгэлийн хуудсанд хүчээр гарын үсэг зуруулсан. Түүнд би төрийн байгууллага болон түүний албан тушаалтныг өөрийн үндсэн чиг үүргийн ажлаа хийгээгүй зөрчилд Зөрчлийн хуулиар арга хэмжээ ногдуулахгүй, шийтгэлээс чөлөөлөх хуулийн зохицуулалттай юм байна, хуулиа унш гэж сануулсан боловч намайг үл ойшоож, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 зүйлийн 2.3-д заасны дагуу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн шийтгэл оногдуулсан.
Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. ..." гэж заасныг зөрчин төрийн байгууллагын албан тушаалтанд шийтгэлийн арга хэмжээ ногдуулсан. Татварын улсын байцаагч Х.Б-ын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0066492 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.Надад намайг торгож байгаа гэж танилцуулсан боловч Нийгмийн даатгалын хэлтсийг торгосон байна.Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч татварын улсын байцаагч Х.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэлийн хуудсаар Н.А-т биш Нийгмийн даатгалын хэлтэст торгууль оногдуулсан.Н.А-ийн өвчтэй байсан эрүүл мэндийн баримт бичиг хүндэтгэн үзэх хангалттай нотлох баримт биш.Татварын ерөнхий хуульд зааснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол хамаарна.Н.А нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 5, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Нийгмийн даатгалын хэлтсийг торгох шийдвэр гаргасан.
2023 оны 10 сарын 27-ны өдрийн 0066492 дугаартай шийтгэлийн хуудсаар Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийг цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос суутгасан албан татварын тайланг хуулийн хугацаанд ирүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2.3. татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах; үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэн 1,500 нэгж буюу 1,500,000.00 төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээг авсан юм. Нэмж дараах тайлбар гаргаж байна. Үүнд:
1.Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нягтлан бодогч Н.А нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан.
2.Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь хэрэгт авагдсан тухайн тайланг хугацаа хэтрүүлсэн татварын удирдлагын систем болон хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэргээр хангалттай нотлогдож байгаа.
3.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11."суутган төлөгч" гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.19-д заасныг /6.1.19."суутган төлөгч" гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг/, 14 дүгээр зүйл. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, 14.1.Энэ хуулийн 7.1 д заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хасна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.Суутган төлөгч энэ хуулийн 14 дүгээр зүйл, 16.1.2, 16.1.3, 16.1.4, 17.1.1, 18 дугаар зүйл, 19.1.1, 19.1.2, 20.1-д заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ гэж тус тус заасныг зөрчсөн.
4. Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно", 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно", 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны: чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ" гэсэн хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчмын дагуу шийдвэр гаргасан.
5.Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино" заасан байдаг.
6.Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил" гэдгийг "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ" гэж, 3.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хөрөнгө, орлого, нөхөн төлбөр, хохирлын тодорхой хувиар тооцсон хэмжээгээр торгох шийтгэлийг оногдуулна" гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2.3.татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах; үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно заасан заалтуудыг үндэслэн шийтгэлийн хуудсыг үйлдсэн болно.
Иймд Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б миний 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 0066492 дугаартай шийтгэлийг хэвээр үлдээж, Увс аймгийн нийгмийн даатгалын нягтлан бодогч Н.А нь миний бичсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч,хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б-ын үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0066492 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
2. Гомдол гаргагчийн зүгээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Н.А надад торгууль оногдуулсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан боловч шүүх хуралдаанд шийтгэлийн хуудсаар Нийгмийн даатгалын хэлтсийг торгосныг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлэн тайлбараа гаргасан бөгөөд дараах үндэслэлээр маргасан.Үүнд: -Эмчийн магадлагаа болон өвчтний картад эмчилгээ бичсэн эмчийн бичилттэй баримт байхад хүндэтгэн үзэх шалтгаантайд тооцоогүй,-Зөрчлийн тухай хуулийн 2.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэлээс чөлөөлж өгөх тухай хүсэлт гаргасныг хүлээж авахгүйгээр миний хүсэлтийг өөрчлөн бичүүлж аван шийтгэлийн хуудсанд хүчээр гарын үсэг зуруулсан гэжээ.
3. Хариуцагч улсын байцаагчаас Шийтгэлийн хуудсаар Н.А биш Нийгмийн даатгалын хэлтэст торгууль оногдуулсан. Н.А өвчтэй байсан эрүүл мэндийн баримт бичиг хүндэтгэн үзэх хангалттай нотлох баримт биш.Татварын ерөнхий хуульд зааснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол хамаарна.Н.А нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 5, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Нийгмийн даатгалын хэлтсийг торгох шийдвэр гаргасан гэсэн тайлбар гаргаж гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4. Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0066492 дугаартай шийтгэлийн хуудсаар Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3-д заасан татвар төлөгч,хүн хуулийн этгээд татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах зөрчил гаргасан нь татварын удирдлагын нэгдсэн систем, баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэн 1.500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
5. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох зөрчлийн хэрэгт эрх бүхий албан тушаалтан хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, татварын тайлангийн мэдээлэл,Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2012 оны 04 сарын 17-ны өдрийн нягтлан бодогчоор Н.А-ийг томилох тухай тушаал, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл,Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.А-ийн гаргасан өргөдөл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, шийтгэлийн хуудас зэрэг баримтууд авагдсан байна.
6. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст торгуулийн шийтгэл оногдуулсан ба эрх бүхий албан тушаалтнаас холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.А-ийг томилж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан тул уг шийтгэлийн хуудсанд Н.А гомдол гаргах эрх бүхий этгээд байна.
7. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт татвар төлөгч хүн, хуулийн этгээд татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20. татвар төлөгч гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг; 6.1.19. суутган төлөгч гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг ойлгохоор заажээ.
Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д Суутган төлөгч нь хувь хүнд орлого олгох бүрдээ түүний албан татвар төлөгчийн дугаар болон хувь хүн тус бүрээр олгосон орлого, түүнд ногдуулан суутгасан албан татварын хэмжээний мэдээллийг цахимаар, эсхүл хувь хүний орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэж, харьяа татварын албанд улирал тутам өссөн дүнгээр гаргаж илгээнэ гэжээ.
8. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудын цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос суутгасан албан татварын тайлан татварын хэлтэст хуулийн хугацаанд хүргэгдээгүй үйл баримтын талаар талууд маргаангүй байна.
9. Харин татварын улсын байцаагчаас татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд ирүүлээгүй гэх зөрчилд Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг холбогдогчоор шалгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрх бүхий албан тушаалтнаас хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан,эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох хуулийн заалтыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн .......... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлтийн бүртгэлд Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар А.О бүртгэгдсэн, нийгмийн даатгалын байгууллагын итгэмжлэл олгогдоогүй байхад эрх бүхий албан тушаалтан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаар тогтоолоор Н.А-ийг нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаа нь нотлогдож байгаа гэх үндэслэлээр Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон нь хуульд нийцээгүй, холбогдогч хуулийн этгээдийг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангаагүй гэж үзнэ. Иймд Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх,хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэн гомдол гаргагч Н.А-ийн шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах тухай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
10. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хуулийн этгээдийг торгосон байх тул гомдол гаргагч Н.А-ийн эмчийн магадлагаа, эмчилгээний заалтаар өвчтэй байсан, төрийн албан хаагчийн хувьд зөрчлийн шийтгэлээс чөлөөлөгдөх үндэслэлтэй гэх тайлбарт дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
11. Шүүхээс зөрчлийн хэрэгт холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг буруу тодорхойлсон гэж дүгнэсэн тул хариуцагч эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Н.А хүсэлт гаргасан, холбогдогч Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 2, 5,1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар шийтгэл оногдуулсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
12. Иймд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй гэж дүгнэж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан тул гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулж олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.А-ийн гомдлын шаардлагыг хангаж, Татварын улсын байцаагч Х.Басанжавын оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0066492 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж Н.А-т олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ