| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00345/И |
| Дугаар | 156/ШШ2024/00370 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 156/ШШ2024/00370
2024 07 23 156/ШШ2024/00370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00345/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: П.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие 1965 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн. 1985 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Барилгын техникумын геодизийн анги төгсөж, Хэнтий аймаг дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонд геодизийн техникч, хөдөлмөр хамгааллын байцаагчаар томилогдон, 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаагаа баталгаажаагүйн улмаас шүүхэд хандаж байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн би 1992 оны 12 сарын 05-ны өдрөөс 1998 оны 01 сарын 01-ны өдрийг хүртэл ээлжийн ахлагчаар ажиллаж байсан үйл баримтыг тогтоолгох хүсэлттэй байна. Учир нь ээлжийн ахлагчаар ажилласан 1 жил тутамд ажилласан хугацааг нэмж тооцдог юм гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь 1985 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өндөрхаан дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонд геодез, техникч, хөдөлмөр хамгааллын байцаагч, ээлжийн ахлагчаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3-р тал/,
2. 1985 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нээлгэсэн П.******* нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-7-р тал/,
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын төв архивын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05-3/346 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 8-р тал/,
4. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 07/91 дугаартай албан бичиг /хх-ийн 9-р тал/,
5. Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/1353 дугаартай албан бичиг /хх-ийн 10-р тал/,
6. Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс ирүүлсэн П.******* нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа /хх-ийн 11-12-р тал/,
7. Гэрэл зураг /хх-ийн 13-р тал/,
8. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн П.******* нэр дээрх ХААТР-1(A) маягтын лавлагаа /хх-ийн 26-р тал/,
9. Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн 203 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол
10. Гэрч Г.******* шүүхэд өгсөн ... Би 1979-2000 оныг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419-р нээлттэй хорих ангид нягтлан бодогч, эдийн засагчаар тасралтгүй ажиллаж байсан. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колон гэж нэршилтэй байж байгаад 1980-аад оны дундуур Хэнтий аймгийн 419-р хорих анги гэж нэршилтэй болж байсан. Хамт ажиллаж эхлэх цагаас таних болсон. П.******* нь Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419-р нээлттэй хорих ангид 1985 оны хавраар ажилд орж Хөдөлмөр хамгааллын байцаагч, каррерийн техникч, ээлжийн дарга зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байгаад 1998 оны намраар ажлаас чөлөөлөгдөж байсан. Он сар өдрийг нь яг сайн санахгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан 2 дахь зурганд сувилагч Халтар, хянагч Болд нар байна, бусдыг нь сайн харахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/,
11. Гэрч Д.******* шүүхэд өгсөн ... Би 1984 оноос 2013 оныг хүртэл Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тоосгоны үйлдвэрийн технологийн инженерээр ажиллаж байсан. Хамт ажиллаж эхлэх цагаас таних болсон. П.******* нь Улаанбаатар хотод барилгын техникум төгсөж ирээд Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419-р нээлттэй хорих ангид 1985 оны хавраар барилгын мастериар ажилд орж 1998 оныг хүртэл ажиллаж байсан. Хавтаст хэрэгт авагдсан эхний зурганд хянагч Эрдэнэболд байна, бусад нь сайн харагдахгүй байна. 2 дахь зурганд сувилагч Халтар, хянагч Болд, хянагч Анхбаяр нар байна, бусдыг нь сайн харахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р тал/, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд П.******* нь 1985 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өндөрхаан дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонд геодез, техникч, хөдөлмөр хамгааллын байцаагч, ээлжийн ахлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Монгол улсад Нийгмийн даатгалын системд шилжсэн тул дээр хугацаанд ажиллаж байсан байдлыг шүүхээс тогтоохгүй тул 1995 оны 1 сарын 1-ний өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.
Мөн нэхэмжлэгч нь 1992 оны 12 сарын 05-ны өдрөөс 1998 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 419 дүгээр ангид ээлжийн ахлагчийн ажил эрхэлж байсан үйл баримтыг тогтоолгох шаардлагыг гаргасан. Шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо ээлжийн ахлагчаар ажилласан жил тутамд нэмэгдэл хугацааг тооцдог тул ач холбогдолтой гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч нь 1992 оны 12 сарын 05-ны өдрөөс 1998 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ээлжийн ахлагчаар ажиллаж байсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын төв архивын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05-3/346 дугаартай архивын лавлагаа, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн 203 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол, цалингийн түүвэр зэрэг дээрх баримтуудаар тогтоогдож байна. Харин 1998 оны 01 сарын 01-ны өдрөөс 1998 оны 8 сарын 01-ны хүртэл ээлжийн ахлагчаар ажиллаж байсан үйл баримтыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна. Учир нь 1998 он 1 сараас хойш цалингийн түүвэр ирээгүй, мөн Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн 203 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолд нэхэмжлэгч П.*******агийн биеийн байцаалтанд эрхэлсэн ажилгүй гэж тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий боловч ажил олгогч байгуулагаас хөдөлмөр эрхэлж, цалин бодогдсон цалингийн түүвэр зэргийг үндэслэн үйл баримтыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг 1985 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өндөрхаан дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид геодез, техникч, хөдөлмөр хамгааллын байцаагч, ээлжийн ахлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-г 1992 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 419-р ангид ээлжийн ахлагчаар ажиллаж байсан үйл явдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ