Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 270

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 101/ШШ2019/03379 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Н” ХХК-д холбогдох,

 

Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 31 702 800 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Н” ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3 дугаар байрны 1 дүгээр орцны 9 давхрын 905 тоот 72.88 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны урьдчилгаа 31 702 800 төгрөг төлсөн.

Орон сууц 2019 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох байсан боловч одоог болтол орон сууц ашиглалтад ороогүй, баригдахгүй нь тодорхой болсон.

Иймд гэрээнэс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 31 702 800 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага төсөл хэрэгжүүлээд явж байгаа.

Манай компаниас үл шалтгаалж компанийн санхүүжилтийг банк татаж авсан. Улмаар энэ асуудлыг цагдаа дээр шалгуулж байгаа. Уг төслөөр барилга нь 2020 онд баригдаж эхлээд 2021 онд ашиглалтад орно. Санхүүгийн хүндрэлтэй байхад гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд зааснаар захиалагч гэрээг цуцалбал 10 хувь суутгагдах ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК-аас 31 702 800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316 464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 316 464 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хариуцагч "Н" ХХК болон нэхэмжлэгч Б.Б нарын хооронд байгуулсан гэрээг үндэслэн шийдвэрээ гаргаж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэрээний урьдчилгаа төлбөр болох 31 702 800 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгасан боловч тухайн гэрээг цуцлах эсхүл хүчингүй болгох талаар нэхэмжлэлд дурьдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлцэж, шийдвэрлэх ёстой ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох шаардлага гаргаагүй нэхэмжлэлийг анхнаасаа хүлээж авах ёсгүй байсан. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, 31 702 800 төгрөгийг буцаан авахыг нэхэмжилсэн боловч гэрээг нэг талаас цуцлах шаардлага гаргаагүй байхад шүүх Иргэний хуульд зааснаар гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 31 702 800 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Б нь “Н” ХХК-ийн барьж буй “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 3 дугаар байрны 1 дүгээр орцны 9 давхрын 905 тоот 3 өрөө орон сууцыг захиалан бариулах, 1 м.кв талбайн үнийг 1 450 000 төгрөгт тооцон, 72.88 м.кв талбайн үнэд нийт 105 66 000 төгрөг, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 31 702 800 төгрөгийг төлөх, ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг барьж ашиглалтад оруулж, түлхүүрийг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гардуулах нөхцөлийг тус тус тохиролцжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан байрны урьдчилгаа төлбөрт 31 702 800 төгрөгийг хариуцагчид төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч “Н” ХХК нь гэрээнд заасны дагуу орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүн хугацаандаа бий болох боломжгүй нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээнээс татгалзах эрхтэй, нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлж гэрээнээс татгалзснаар урьдчилгаанд төлсөн 31 702 800 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлагаа илэрхийлсэн байна.

 

Гэрээний нэг тал нь нөгөө талын үүргийн гүйцэтгэлийн зөрчилтэй холбогдуулж гэрээнээс татгалзах нь түүний хэрэгжүүлэх эрх бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой үр дагаврыг нэхэмжлэлээр шаардаж болно. Иймд гэрээнээс татгалзсах нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх дүгнэлт хийсэн нь буруу гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Харин Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар үр дүн гаргахгүй болох нь илт болох нөхцөлд гэрээнээс татгалзахад үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй юм.

 

Иймд гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн, авснаа буцаах тул хариуцагчаас 31 702 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2-т “захиалагч гэрээг дангаар цуцлах хүсэлт гаргасан буюу худалдаж авахаас татгалзсан тохиолдолд захиалагчид гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж заасан байх боловч захиалагч нь ажил гүйцэтгэгчийн буруугаас болж гэрээнээс татгалзаж байгаа тул торгууль төлөх үүрэггүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 101/ШШ2019/03379 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА