Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 00291

 

  

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид Н.Нямсүрэн,              М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далайн Эад холбогдох эрүүгийн 1738001900055 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны орой Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 1 дүгээр багийн нутаг Гунж гэх газарт иргэн Б.Бтэй малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүний нуруунд нь хадаасаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны орой Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 1 дүгээр багийн нутаг Гунж гэх газарт иргэн Б.Бтэй малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүний нуруунд нь хадаасаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Эын хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа хэрэглэсэн хадаасыг тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч Эд Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүгдэгч Э нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны орой Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 1 дүгээр багийн нутаг Гунж гэх газарт иргэн Б.Бтэй малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Б ахтай малын бэлчээрээс болж маргалдсан. Манай охиныг малаа хариулаад явж байхад нь бэлчээрээс нь хөөсөн байсан. Б ахыг салж өгөхгүй байхаар нь айлгах санаатай халаасандаа байсан 100-гийн хадаасыг гаргаж ирээд зогсож байхад Б ах намайг бариад авсан. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад хоёулаа газарт унасан энэ үед хадаас хатгагдсан байх гэж бодож байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

      Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-8 дугаар хуудас/,

      Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Э бид хоёр малын бэлчээрээс болж маргалдсан. Түүнтэй уулзахаар гарахад Э нь гартаа буу биш мод барьсан байсан. Тэгэхээр нь би гэрээс авч гарсан хутгаа хаяад түүний гартаа байсан модыг авах зорилгоор гараараа нүүрлүү нь цохисон. Тэгэхэд Э газар мотоцикьтойгоо унасан. Би түүнийг унах үед модыг нь булааж авч өөр тийш нь шидсэн. Тэгэхэд Э босож ирээд намайг өргөж шидсэн. Э гартаа барьсан модоо алдсан болохоор намайг ойртвол ална шүү гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тоохгүй очоод барьж аваад ноцолдоход Э миний зүүн гарын булчин руу үзүүртэй зүйлээр хатгасан. Би тэгэхээр нь түүний хоёр гарыг барьж аваад түүнтэй дахиад ноцолдсон. Тэгж ноцолдож байхад миний нурууруу үзүүртэй зүйл хатгасан....Одоо бид хоёр эвлэрсэн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-19 дүгээр хуудас/,

     Насанд хүрээгүй гэрч Э.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн    "…Намайг Б ахын гэрт очиход Б ах, аав хоёр хувцаснаасаа зууралдсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур орж салгаад аавыг гэрлүүгээ шууд аваад явсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,

     Гэрч Т.Бүрэнхааны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Этай уулзаад Б ахын нуруу, гарруу нь ямар зүйлээр хатгасан юм бэ гэхэд 100-120мл-ийн урттай хадаасаар хатгасан гэж байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,

     Насанд хүрээгүй гэрч Э.Оюунтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Намайг хониндоо явж байтал Б ах морьтой ирээд эндээс хэдэн годронгоо аваад зайл танайхыг гал голомтоор нь эргүүлнэ шүү, аавтай чинь алалцана гэх зэргээр заналхийж сүрдүүлж байгаад явсан. Аавд энэ болсон явдлыг ярьсаны дараа аав Б ахынх руу явсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/,

        Гэрч Ц.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө Бгийнд гар модон тармуул аваачиж өгсөн чинь Б намайг Эрка өчигдөр зодчихлоо гэсэн сууж байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-31 дүгээр хуудас/,

  Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 533 тоот дүгнэлтэд:

  1. Б.Бн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Б.Бн биед баруун уушигны хагас уналт, зүүн мөр, бугалга, шуунд зулгаралт, зүүн бугалга, баруун дал, зүүн алганд шарх бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 40 дүгээр хуудас/,

       Шинжээч эмч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Б.Бгийн зүүн бугалганы гадна дээд хэсэгт 0.3х0.2 см, баруун даланд 0.5х0.3см зах ирмэг тэгш биш, зүүн алганы дотор дээд хэсэгт 3см зах ирмэг тэгш шархтай байсан нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгагдаж зүсэгдсэн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан ба бусад зулгаралтууд гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн зурагдах хэлбэрээр үүсгэгдсэн гэмтлүүд байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 46-47 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 1738001900055 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин мэдүүлэг өгөхдөө “...Би анх юу гэж мэдүүлэг өгснөө санахгүй байна. Яагаад гэвэл би тухайн үед хагас норкоз хийлгээд хагалгаанд ороод удаагүй байсан. Миний одоо танд өгч байгаа мэдүүлэг үнэн болно...” гэж мэдүүлсэн ба хохирогч Б.Бгийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/ мэдүүлгийг хохирогч нь нотлох баримтын эх сурвалжаа зааж чадаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

      Хохирогч Б.Б нь шүүгдэгчтэй 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

      Шүүгдэгч Э нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч  Э аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

     2. Шүүгдэгч Э хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Далайн Эыг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эад оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      5. Эрүүгийн 1738001900055 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР

                                      ШҮҮГЧИД                         Н.НЯМСҮРЭН

                                                                                            М.ЭРДЭНЭ-ОЧИР