Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2019/ДШМ/23

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

2019        06             17                                           2019/ДШМ/23

 

 

 

Д.М, А.Щ нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: П.Итгэл,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолтой Д.М, А.Л нарт холбогдох 1738003980051 дугаартай эрүүгийн хэргийг прокурор П.Итгэлийн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн давж заалдах гомдлыг  үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Онход овогт Дамчаагийн М, .. оны 2 дугаар сарын 16ы өдөр төрсөн, ….. настай, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: .............../.

Монгол Улсын иргэн, Буурал овогт Амарсанаагийн Л, ..........оны 11 дүгээр сарын 26ы өдөр төрсөн, ….. настай, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ................/.

Д.М нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт иргэн А.Лтэй маргалдан улмаар түүний толгойн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

А.Л нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 1738003980051 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овогт Дамчаагийн Мд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Буурал овогт Амарсанаагийн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогч худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лгийн “архи, согтууруулах ундаа хэрэглэх” эрхийг 3 /гурав/ сарын хугацаагаар хасч, 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лд оногдуулсан эрх хасах ялыг торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М, А.Лхагвасүрэ нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Прокурор П.Итгэл эсэргүүцэлдээ: ... Д.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3 дахь хэсэгт “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасны дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хавтаст хэрэгт авагдсан ... хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр тухайн үед Д.М, А.Л нар нь маргалдаж Д.М нь А.Лг цохисон, мөргөсөн болох нь тогтоогдож байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2,1.3-т заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг мөрдөн байцаалтаар бүрэн тогтоосон. Д.Мын эрхэлж буй ажил, албан тушаал нь гэрчүүдийг мэдүүлэг өгөхөд нь нөлөөлсөн байж болох, А.Лгийн хувьд мэдүүлгээ өөрчилж өгөх болсон, мөн бусад мэдүүлэг өгсөн гэрчүүд Д.Мтай ямар хамааралтай, ямар байдалтай мэдүүлэг өгч байгаа шалтгааныг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй байна.

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д “даруй” гэж боломжит богино хугацааг хэлнэ гэж тодорхойлсон байна. Д.Мд яллагдагчаар татах тогтоол танилцуулахаар дуудсан боловч шууд ирээгүй, түүнийг ирэхэд нь тогтоол танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Мөн хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан 6 цагийн хугацаа нь тогтоол танилцуулснаас хойш хийгдэх ажиллагаа болон хугацааг заасан гэж үзнэ. Яллагдагч мэдүүлэг өгөх эсэх нь түүний эрх бөгөөд өөрөө өгөхгүй гэсэн байхад нь албадан мэдүүлэг авах боломжгүй юм.

... Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг хязгаарлах нэмэгдэл ял оногдуулах нь нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, хүнийг гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх чухал үр нөлөөтэй арга юм. Анхан шатны шүүхээс  шүүгдэгч А.Лг архи уусан үедээ бусадтай маргалдсанаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх эрхийг 3 сараар хасах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч А.Л нь тухайн маргаан болох үед архи уусан байсан боловч хэдэн сарын дараа худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн бөгөөд мэдүүлэг өгөх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” нь хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ болох бөгөөд А.Лгийн “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх эрхийг 3 сарын хугацаагаар хасах” ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

... Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: ... А.Л нь хохирогчоор анх тогтоогдож мэдүүлэг өгөхдөө Д.Мд зүүн хацар орчимдоо мөргүүлснээ маш тодорхой хэлдэг. Хүнд гэмтэл учруулсан Д.М нь хохирогчид гэмтэл учруулахын өмнө хохирогчтой зүй бусаар харьцаж, түүнд дээрэлхүү хандаж, үг хэлээр дарамт үүсгэж, албан тушаалаараа түрээ барьж явсан нь хэнд ч ойлгомжтой байдаг. Хохирогчийн мэдүүлэг нь эх сурвалжаа тодорхой заасан, хүнд гэмтэл нь тусгай мэдлэг шаардсан шинжээч эмчийн дүгнэлт болон мэдүүлгээр нэгэнт тогтоогдсон байхад эрх мэдэл бүхий даргад дулдуйдсан, үнэнийг ил байгаагаар хэлэхээс аль болохоор зайлсхийсэн, долигонуур хүмүүсийн зориуд эргэлзээ төрүүлэхүйц өгч байгаа мэдүүлгүүдийг шүүх үнэлсэн нь хэргийн бодит байдалд дүгнэлтийг буруу өгсөн байна.

... Машинд сууж явсан, машиныг жолоодож явсан Д.Өнөрболд /Засаг дарга/-ын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй ч хохирогч А.Лг Маас өөр хүн, аль эсхүл өөр хүчин зүйлээс гэмтэж хохирсныг ерөөсөө нотлоогүй. Хохирогч А.Лгийн аль мэдүүлэг нь худал болох, худал юм бол хэрхэн худал мэдүүлсэн шалтгаан нөхцлийг заавал тогтоох ёстой. Шүүх хурал дээр хохирогч нь мэдүүлснийг үндэслэл болгох нь урьдчилсан дүгнэлтэд хүрэх үндэслэл болохгүй.

Иймд А.Лд оногдуулсан ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: ...Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Д.М нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт иргэн А.Лтэй маргалдан улмаар түүний толгойн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Л нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 1738003980051 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэл бүхий болжээ.

Прокуророос яллагдагч Д.Мыг “...иргэн А.Лтэй маргалдан улмаар түүний толгойн тус газар мөргөж тархины дунд хэлбэрийн няцрал, зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл” учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байх боловч шүүгдэгч нь хохирогчийг  мөргөсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байна. Хохирогч А.Л “...М дарга намайг татаж байсан бөгөөд эргээд хартал өөр рүүгээ татаад толгойгоороо миний зүүн хацар орчимд мөргөчихсөн.”, “...намайг М даргад мөргүүлсэн гэдгийг Түмэннасан, Мөнхтүвшин, Батцэнгэл нар мэдэж байгаа” хэмээн мэдүүлгийн эх сурвалжаа заасан байх боловч нэр бүхий болон бусад гэрчүүд “М хохирогч Лг мөргөснийг хараагүй, мөргөсөн, цохисон гэж хэлээгүй” гэж мэдүүлсэн байх ба энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хохирогч А.Лд учирсан гэмтэл  хохирогч машины дэр мөргөснөөс учирсан уу эсхүл шүүгдэгч Д.Мын үйлдлээс үүссэн  үү гэдэг нь хангалттай тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ  хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг  буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” бөгөөд ийнхүү тогтоогоогүй тохиолдолд хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” зарчимд нийцнэ.

Шүүгдэгч А.Л үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “...М дарга намайг татаж байсан бөгөөд эргээд хартал өөр рүүгээ татаад толгойгоороо миний зүүн хацар орчимд мөргөчихсөн” гэж,  2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр  “...М даргыг мөргөсөн гэдгийг санахгүй байгаа” гэж  илт зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн нь  түүний мэдүүлгүүд болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч А.Л нь согтуурлын улмаас тухайн үеийн үйл явдлыг гүйцэт ойлгоогүй, өөрийгөө зөв  авч явах чадваргүй байсан атал үйл баримтын талаар зориуд худал мэдүүлэг өгсөн байх тул түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогч худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

Шүүх шүүгдэгч А.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан  байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Прокурорын эсэргүүцлийн хувьд:

1.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн дотоод итгэлээр үнэлж, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгасан байна.Иймд эсэргүүцэлд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3 дахь хэсэгт “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэснийг хүлээн авах үндэслэлгүй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.”  гэж  заасан  бөгөөд гэрч нь мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй”. Үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасан гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэх,  гэрчүүд  хэргийн оролцогчдын албан тушаал, эрх зүйн байдалд тохируулан мэдүүлэг өгсөн гэх байдал, шүүгдэгч Д.М гэрчүүдэд нөлөөлсөн, мэдүүлгийг өөрчлүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

3.Шүүх үйл баримтын талаарх өөрийн үнэлгээнд тулгуурлан  нотлох баримтыг гадны ямар нэг нөлөөгүйгээр, зөвхөн хэрэгт цугларсан цогц байдлаар харьцуулан судалсны үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй гэж үзэж, хэргийг “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг үндэслэн шийдвэрээ  гаргасныг буруутгах үндэслэлгүй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж, мөрдөн шалгах ажиллагааг хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд явуулах шаардлага тавигддаг бөгөөд шийтгэх тогтоолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар дурдсан нь үндэслэлтэй. Мөн шүүгдэгч “өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй” гэсэн нь огт мэдүүлэг өгөхгүй гэсэн ойлголт биш бөгөөд яллагдагчид мэдүүлэг өгөх, тайлбар гаргах боломж олгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийг зөрчсөн гэж үзнэ.

5.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой бусад эрхийг” хасч болохоор хуульчилсан учир шүүх шүүгдэгч А.Лгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн “согтууруулах ундаа хэрэглэх эрх”-ийг тодорхой хугацаагаар хориглосныг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн А.Л нь тухайн үйл явдал болох үед биеэ хянах чадваргүй согтуурсан байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд согтуурлын улмаас тухайн үеийн үйл явдлыг гүйцэт ойлгоогүй, зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь нотлогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хувьд:

1.Шүүгдэгч А.Л нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүйн дээр шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.Шүүгдэгч А.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт болсон үйл явдлын талаар мэдүүлэхдээ “...М дарга намайг татаж байсан бөгөөд эргээд хартал өөр рүүгээ татаад толгойгоороо миний зүүн хацар орчимд мөргөчихсөн”,  “...М даргыг мөргөсөн гэдгийг санахгүй байгаа” гэж  илт зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн нь  түүний мэдүүлгүүд болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

3.Гэрчүүдийн үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа өгсөн мэдүүлгийг шүүх үгүйсгэх, хэн нэгний талд орсон гэж таамаглах боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                         Т.ГАНБАТ

                                                                          Б.СОСОРБАРАМ