Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 136/ШШ2024/00253

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 229,694,471 төгрөгийн төлбөрийг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т-т холбогдуулан 229,694,471 төгрөгийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...2020 онд зураг төсөв нь Ш ХХК гүйцэтгэж, 2021 оны 04 сарын 07-нд Барилгын хөгжлийн төвийн магадлалаар батлагдсан Замын-Үүд сумын 1-р багийн Иргэдийн хөгжлийн төвийн барилга барих ажилд манай компани шалгарч аймгийн засаг даргатай 796,563,584 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж барилгыг 2023 оны 9 сард хүлээлгэн өгсөн билээ. Барилга угсралтын ажлын шууд зардал 1,026,500,000 төгрөг гарсан. Энэ нь ашиг тооцохгүйгээр зөвхөн ажиллах хүчний зардал, материал нэмэгдсэн дүнгээр, тээвэр, машин механизмын зардал орсон болно. Энэхүү алдагдал нь банк болон банк бус, хувь хүмүүсийн зээл, барилгын материалын дэлгүүр зээлээр материал худалдан авсан зэрэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын авлага өглөг эзэлж байгаа. Иймд бид 2023 оны 12 дугаар сард аймгийн засаг даргад биеэр хандаж энэхүү төсвийн алдагдлын асуудлыг танилцуулж, 2024 онд олгохоор болсон. 2024 оны 01 сарын 08-ний аймгийн засаг даргын 1/41 тоот албан бичгээр төсвийн зөрүү магадлалаар хянуулахаар холбогдох материалыг Барилгын хөгжлийн төвд хандсан ч тус ажил нь барилгын төсөв зохиосон дүрэм журам нь 2021 оны 1 сарын 1-ээр хүчингүй болсон, материалын зөрүү тооцох төсвийн магадлал хийх хугацаа нь 2021 оны 12 сарын 31 -ээр дуусгавар болсон тул орон нутагтаа холбогдох байгууллагадаа хандаж шийдвэрлүүл гэсэн чиглэл өгсөн. Уг барилгын зураг төсвийг 2020 онд Шигота ХХК-аар гүйцэтгүүлж, 2021 онд Магадлалаар батлуулсан гэтэл Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 30-р тушаалаар барилгын төсөв зохиох норм дүрмийг шинэчлэн баталж, өмнөх норм дүрмүүдийг 2021 оны 01 сарын 01-ээр хүчингүй болгосон байсан. Энэ тохиолдолд 2022 онд энэхүү Замын-Үүд сумын 1-р багийн ИХТ-н барилгын төсвийг дахин шинэчилж зарлаагүйгээс болж ийм алдагдал үүссэн гэж үзэж байна. Тийм учраас бид энэхүү алдагдалд орсон зардлаа гаргуулахын тулд Иргэний хэргийн шүүхэд хандаж байна. гэжээ.

2. Хариуцагч Т газарт нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Дээрх ажлыг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж ажлыг эхлүүлсэн бөгөөд 2023 оны 09 дүгээр сард Замын-Үүд сумын 1-р багийн Иргэдийн хөгжлийн төвийн барилга угсралтын ажлыг дуусгаж, барилга байгууламжийг Улсын комисс хүлээн авсан. М ХХК-аас 2023 оны 12 сард тус ажлын Барилгын материалын үнийн зөрүү, алдагдлыг тооцож төсвийг гаргуулахаар хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу төсвийг хянаад 198 сая төгрөгийн санхүүжилтийг олгох боломжтой гэж үзэж 2024 оны орон нутгийн төсөвт 198 сая төгрөгийг тусгаж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан. Дээрх компанийн ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 229,694,471 төгрөгийг бүхэлд нь гаргаж өгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл батлагдсан төсвийн хүрээнд холбогдох баримтыг үндэслэн олгох боломжтой. Компанид барилгын материалын үнийн зөрүү, алдагдлыг тооцож олгохын тулд Барилгын хөгжлийн төвөөс төсвийн магадлал гаргасны дагуу тухайн санхүүжилтийг олгох эрх үүсдэг. Гэтэл Барилгын хөгжлийн төвөөс 2021 оны 12 дугаар сараас өмнө буюу Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэхээр заасан тул 2022 онд гэрээ байгуулсан компаниудад төсвийн үнийн зөрүүгийн магадлал гаргах боломжгүй гэх албан бичгийг 2024 оны 03 сарын 27 өдрийн 1/725 тоот албан бичгээр ирүүлсэн. Төрийн байгууллагын зүгээс магадлалыг үндэслэн үнийн зөрүүг тус компанид олгох бөгөөд магадлал хийх боломжгүй гэсэн учраас санхүүжилтийг олгоогүй байна. гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан талбартаа: ....2022 онд манайх тендер шалгаруулалтад шалгарч Замын-Үүд сумын иргэдийн хөгжлийн төвийн барилгын барихаар аймгийн Засаг даргатай 2022 оны 05 дугаар сард гэрээ байгуулан ажилласан. 2022 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хугацаанд үндсэн барилгын гол бүтээгдэхүүн болох цемент, бетон эдлэл болон бусад материалуудын үнэ 1-5 дахин өссөн. Бид нар барилгын хугацаанд нь хүлээлгэн өгөх зайлшгүй шаардлагатай байсан учраас ажлаа дуусгаж ар дээр нь төсвийн үнийн зөрүүг тооцох хүсэлтийг аймгийн Засаг даргад өгсөн. Үүний дагуу 2024 оны жилийн төсөвт тодорхой материалын үнийн зөрүүг төсөвтөө тусгасан. Мөн үүнтэй холбоотой барилгын хөгжлийн төвөөр магадлагаа хийлгүүлэхээр хүсэлт өгсөн. Энэ материалын үнийн зөрүү нөхөхтэй холбоотой шийдвэр нь зөвхөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнөх гэрээтэй ажил дээр хийгдэнэ гэсэн мэдэгдэл өгсөн. Үүнээс хойших ажил дээр бид нар магадлал хийх боломжгүй байна гэсэн. Тэгэхээр би нар алдагдлаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн бид нар яагаад ийм өндөр алдагдал гарчихав гэж тооцож үзэхэд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төсвийн норм дүрэм бодох аргачлал шинэчлэгдсэн. Энэ барилгын төсөв 2020 онд хийгдэж, 2021 оны 03 дугаар сард барилгын хөгжлийн төвийн магадлалаар батлагдсан. Өөрөөр бэлбэл 2022 онд энд төслийг зарлахдаа шинэчлэгдсэн норм дүрмээр дахин төсөв шинэчилж зарлах байсан. Үүнээс болоод төсвийн алдагдал өндөр гарсан гэж үзэж байгаа. гэв.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагын хувьд тухайн Замын-Үүд сумын иргэдийн хөгжлийн төвийн барилгын угсралтын ажлыг захиалагчийн зүгээс бүрэн хүлээж авсан. Нэхэмжлэгчийн дурдаж байгаачлан М ХХК-аас барилгын ажлын материалын үнийн зөрүү алдагдлыг тооцож төсвийг гарган, төсвийн алдагдлаа гаргуулах хүсэлтийг аймгийн Засаг даргад гаргасан байдаг. Энэ дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 2024 оны орон нутгийн төсөвт 198,000,000 төгрөгийг батлуулсан байдаг. Төрийн байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд аливаа төсөл, арга хэмжээ, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасны үндсэн дээр тооцооллыг үндэслэн санхүүжилтийг олгох ёстой байдаг. Энэ хүрээнд барилгын хөгжлийн магадлал байгаагүйн улмаас манайх олгоогүй байсан. Тэгэхээр нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгч байгаа холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, тооцооллыг хэрэгт өгсөн байсан. Үүнийг шүүхээс үнэн бодит үнийн алдагдал үүссэн байна гэдгийг тогтоож өгөх юм бол бидний зүгээс 198,000,000 төгрөгийн үнийн алдагдлын зөрүүг өгөх боломжтой. гэв.

 

5.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх 3,31/, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж/1хх 4-5/, итгэмжлэл/1хх 6/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 7/, хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гишүүний лавлагаа /1хх 8/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 9/, Ажил гүйцэтгэх гэрээ /1хх 10-14/, Барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл /1хх 15-20/, материалын үнийн өөрчлөлтийн тооцоо /1хх 21-27/, М ХХК-ийн 2024.03.23-ны өдрийн 1/20 дугаар албан бичиг/1хх 28/, Т газрын 2024.03.29-ны өдрийн 03/397 дугаар албан бичиг/1хх 30/, хуудас, барилга хөгжлийн төвийн 2024.03.27-ны өдрийн 1/725 дугаар албан бичиг/1хх 29/, Дорноговь аймаг, Замын-үүд сумын 1-р баг, Иргэдийн хөгжлийн төвийн барилга угсралтын ажил барилгын төсөв /1хх 32-195/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлын 2020 оноос хойшхи материалын үнийн өөрчлөлтийн тооцоо /1хх 239-250, 2хх 1-13/

Хариуцагчаас: Т газрын албан бичиг/1хх 200-201/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 202-203/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 206-207/, хариу тайлбар/1хх 211/,Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023.12.05-ны өдрийн 15/08 дугаар тогтоол зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т газарт холбогдуулан 229,694,471 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3.Талууд 2021 оны 04 дүгээр сарын 07-нд Барилгын хөгжлийн төвийн магадлалаар батлагдсан Замын-Үүд сумын 1-р багийн Иргэдийн хөгжлийн төвийн барилга барих ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж барилгыг 2023 оны 09 сард хүлээлгэн өгсөн билээ. Барилга угсралтын ажлын шууд зардал 1,026,500,000 төгрөг гарсан.

Энэ нь ашиг тооцохгүйгээр зөвхөн ажиллах хүчний зардал, материал нэмэгдсэн дүнгээр, тээвэр, машин механизмын зардал орсон болно. Энэхүү алдагдал нь банк болон банк бус, хувь хүмүүсийн зээл, барилгын материалын дэлгүүр зээлээр материал худалдан авсан зэрэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын авлага өглөг эзэлж байгаа гэх.

Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Барилгын материалын үйлдвэрлэгч, борлуулагч нарын зах зээлийн дундаж үнийн судалгаа/1хх 243-250, 2хх 1-13/ болон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлын 2020 оноос хойших материалын үнийн өөрчлөлтийн тооцоо /1хх 239-242/,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлын 2020 оноос хойших материалын үнийн өөрчлөлтийн тооцоо нь 229,694,471 төгрөгөөр тооцоологдсон байна.

Цар тахлын улмаас аливаа хөдөлгөөн зогссон болон хязгаарлагдсан үе байсан ба энэ нь нийтэд илэрхий үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ талаар нотлох шаардлагагүй. Энэ хугацаанд аливаа зүйлийн үнэ өссөнтэй холбоотойгоор төсвийн өртөг нэмэгдсэн гэжээ.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн барилгын төсвийг Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15/08 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 17 дугаарт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн иргэдийн хөгжлийн төвийн барилгын материалын үнийн нэмэгдэл 198,000,000 төгрөг гэж бичин баталсан байна. Энэ дүнгээр бол зөвшөөрнө. Бодит үнийн тооцоолол гарсан байх ёстой. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа: ...Үнийн өсөлт өндөр гарсан байж магадгүй манай тал 198,000,000 төгрөг гэснийг зөвшөөрч байна гэжээ.

4.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.,

345 дугаар зүйлийн 345.2-т гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж зааснаар мэдэгдэх үүргээ биелүүлж хүсэлт тавьсан,

345.3-т төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй. гэж заасан ба гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлээгүй ба төсөвт төлөвлөсөн байна.

345.4-т ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг төлөхөөс хариуцагч тал татгалзсан нь үндэслэлтэй байна.

351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсгийн 351.1.4-т ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу ...өөрчлөх,ажлын чанар үр дүнд муугаар нөлөөлөхөөр бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авна гэж зааснаар ажил гүйцэтгэгч тал үнийн өсөлтийн талаар захиалагч талд мэдэгдэж, төсөв зохиолгосон, үнийн судалгааг хүргүүлсэн байна.

5.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 198,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,694,471 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2, 345.3, 345.4, 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсгийн 351.1.4-т тус тус зааснаар хариуцагч Т газраас 198,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс 31,694,471 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,306,422.35 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Т газраас 1,147,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ