Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0994

 

 

     2023         12           19                                     128/ШШ2023/0994

                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Л

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.М  

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Иргэн Б.Лгээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргажээ.

2. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус актаас учирсан хохирол гэж үзэж нөхөн төлбөрийн хэмжээн дээр дахин үнэлгээ хийлгэх, нийт эзэмшлийн 1350 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

3. Б дүүрэг, 13 дугаар хороо, А хорооллын орчим Н зам, Дын автозамыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч, авто машинд зориулсан нүхэн гарц, авто замын ажлын нөлөөлөлд иргэн Б.Лгийн эзэмшлийн  Б дүүргийн 13 дугаар хороо, А, 89 тоот хаягтай 1350 м.кв газрын 727 м.кв нь өртжээ.

4. Хөрөнгийн үнэлгээний “Ф*******” ХХК-иас дээрх 727 м.кв газарт үнэлгээ хийн нийт нөхөн олговрын хэмжээг 727.901.000 төгрөг гэж тооцоолсон байна.   

5. Иргэн Б.Л нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.М, Газар чөлөөлөх хэлтсийн газар зохион байгуулагч Ч.Т нартай уулзан “Нөхөх олговрын дүнг зөвшилцөх” №******* дугаартай хуудаст гарын үсгээ зуран баталгаажуулж, №******* дугаартай хурлын тэмдэглэлд мөн гарын үсгээ зуржээ.

6. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар иргэн Б.Лд олгох нөхөн олговрын хэмжээг 727 м.кв газрын 727.901.000 төгрөгөөр баталж, “Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай” №******* дугаартай гэрээг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ба нөхөн олговрыг гэрээ байгуулсны дараа 60 хувь болох 436.740.600 төгрөгийг олгож, газраа бүрэн чөлөөлсний дараа 40 хувь болох 291.160.400 олгохоор шийдвэрлэж, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр урьдчилгаа 60 хувийг иргэний “Х банк”-ны 499199338 тоот дансанд шилжүүлжээ.

7. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар болон 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 9 дугаар албан бичгүүдээр газраа чөлөөлөх хугацааг тогтоож, албадан чөлөөлөх талаар мэдэгджээ.

8. Иргэн Б.Лгээс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх хэлтэст “...нөхөх олговрын урьдчилгаа 60 хувийг авсан. 2023 оны 05 дугаар сарын 20-ны дотор газар, үл хөдлөх эд хөрөнгөө бүрэн чөлөөлж өгнө. Эс бөгөөс албадан чөлөөлөхөд татгалзах зүйлгүй” гэсэн баримтыг гараар бичин өгчээ.

9. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар  сарын 18-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” дугаар захирамжаар иргэн Б.Лг Нийслэлийн Засаг даргын дугаар захирамжийн дагуу байгуулсан дугаартай гэрээний үүргийг биелүүлээгүй тул газрыг нь албадан чөлөөлжээ.       

10. Нэхэмжлэгчээс шүүхэд анх ирүүлсэн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Монгол улсын иргэн Б******* овогтой Л миний бие Монгол улсын Үндсэн хуулиар олгосон газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийнхээ дагуу Нийслэлийн Б дүүргийн 13-р хороо, А******* хороолол, 89 тоот байршилтай 448 м.кв талбайтай Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хууль ёсоор эзэмшдэг билээ. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч д ******* нь надад урьдчилан мэдэгдэлгүй, сонсох ажиллагаа хийхгүйгээр, хууль бусаар өмчлөх эрхэд гэнэт халдан газар албадан чөлөөлөх тухай 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тоот захирамжийг гаргасан тухай 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдлээ.

Захирамжид А хороолол орчим автомашинд зориулсан нүхэн гарц, автозамын нөлөөлөлд өртсөн гэжээ. Энэ тухай өмнө надад огт мэдэгдээгүй бөгөөд миний өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгө нүхэн гарц, автозамын нөлөөлөлд огт хамааралгүй юм. Хамааралтай тухай өмнө надад огт мэдэгдэж байгаагүй, нөгөө талаар хамааралтай байсан ч иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхэд ноцтой халдан урьдчилан мэдэгдэлгүйгээр газар албадан чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа нь төр иргэндээ хэт дээрэнгүй хандаж байгаа гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн захирамжид "Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай №******* гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дурджээ. Гэрээний үүргээ биелүүлээгүй тухай асуудал үүссэн бол газар албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандах эрх нь нээлттэй, гэрээнд ч ийнхүү тусгасан байгаа юм. Миний бие гэрээний үүргээ биелүүлээгүй тухай асуудал байхгүй юм.

Иймд Монгол улсын Үндсэн хууль, Захиргааны Ерөнхий хууль, Газрын тухай хуулиудыг зөрчиж гарсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан хууль ёсны итгэлийг хамгаалах гэдгийг зөрчсөн. Хариуцагч эс үйлдэл гаргасан өөрөөр хэлбэл хуурч мэхэлсэн. Тухайн газар объектын үнэлгээг 2 өөр байдлаар гаргасан байхад 1 үнэлгээний талаар огт мэдэгдээгүй. 729 сая төгрөгөөр, нөгөө үнэлгээ нь 1 тэрбум 720 сая төгрөгөөр үнэлсэн ийм 2 зөрүүтэй үнэлгээ хийгдсэн талаар огт мэдэгдээгүй. Энэ нь Захиргааны байгууллагын хувьд итгэл эвдэх үйлдэл гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь нийт 1.730.376.800 гэх үнэлгээ хийсэн. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 727 сая төгрөгийн үнэлгээ хийгдсэн. Энэ хоёрын зөрүү тэрбум төгрөгийг нэмэгдүүлсэн шаардлагаараа нэхэмжилж байгаа. Нөгөө талаар хариуцагч удаа дараагийн уулзалтаар 1350 м.кв хэмжээ бүхий газарт дахин захирамж гаргаж өгнө гэсэн амлалт авсан. Энэхүү захирамжийг гаргаж өгөөгүй.

Миний бие нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тоот захирамж хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ.

Уг захирамжид гомдол гаргах хугацаа болон хаана хандахыг тодорхойлоогүй байсан тул шүүхэд шууд нэхэмжлэлээ гаргасныг үндэслэн шүүх захиргааны хэрэг үүсгэсний дараа захирамжийг биелүүлж миний эзэмшлийн газар дээр байсан объектыг нураасан байна. Тухайн газрын нийт хэмжээ 1350 м.кв түүнээс тасдаж тоот захирамжаар албадан чөлөөлөхөөр шийдвэрлэснээс болж үлдсэн газрыг ашиглаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Ингэснээр надад маш их хохирол учирсан гэж үзэж байгаа юм. Иймд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл "Нэхэмжлэгчийн эрх, үүрэг” 20.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:”, 20.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.Үүнд:

1. Тухайн үед объектыг үнэлсэн үнэлгээ хоёр өөр байхад хамгийн багаар тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар надад тухайн үед мэдэгдээгүй, сая шүүхэд хариуцагчаас ирүүлсэн мэдээллээс олж мэдсэн. Иймд нөхөн төлбөрийн хэмжээн дээр дахин үнэлгээ хийлгэж Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус актаас учирсан хохирол гэж үзэж,

2. Нийт эзэмшлийн 1350 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” гэжээ.

11. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан  хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Л нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга, дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч нартай хуралдсан №******* хурлын тэмдэглэл, нөхөх олговрын үнийн дүнг зөвшилцөх хуудаст гарын үсэг зурж газраа нөхөх олговортойгоор чөлөөлөхийг хүлээн зөвшөөрч, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай №******* гэрээг байгуулж гарын үсэг зурсан байна.

Талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсны дараа 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нөхөх олговрын үнийн дүнгийн 60% болох 436,740,600.00 (дөрвөн зуун гучин зургаан сая долоон зуун дөчин мянга зургаан зуу) төгрөгийг Х банкны 499199338 дугаар дансанд шилжүүлсэн.

Иргэний өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай №2022- -1 дугаар гэрээний 2.1 дэх заалтад туссан газраа бүрэн чөлөөлсөн тохиолдолд үлдэгдэл 40%-ийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар 14-ний өдрийн ******* дүгээр албан бичиг, 2023 оны 08 дугаар 21-ний өдрийн ******* дүгээр албан бичгээр тус тус газраа чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн иргэн Б.Л нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн биеэр ирж уулзан 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор газраа бүрэн чөлөөлнө, чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэсэн өргөдөл гаргасан.

Нэхэмжлэгч нь сонсох ажиллагаа явуулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй асуудал байхгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй бөгөөд сонсох ажиллагaar Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулсан нь баримтаар хангалттай нотлогдож байгаа болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамж нь хуульд нийцсэн үндэслэл бүхий захиргааны акт тул, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар Б.Лгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, өгнө үү.

Б*******гийн Лгийн нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан шаардлагаа нэмэгдүүлж буй нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Тухайн объектыг үнэлсэн үнэлгээ 2 өөр байхад хамгийн багаар тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь Б.Лгийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №******* хурлын тэмдэглэл нөхөх олговрын үнийн дүнг зөвшилцөх хуудаст гарын үсэг зурж газраа нөхөх олговортойгоор чөлөөлөхийг хүлээн зөвшөөрч, “Ф*******” ХХК-ийн нөхөх олговрын зориулалттай үнэлгээний тайланг иргэн Б.Л хүлээн авч танилцаж 727,901,000 /долоон зуун хорин долоон сая есөн зуун нэг мянга/ үнийн дүнг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

2. Нийт эзэмшлийн 1350 м.кв газраас 727 м.кв газрыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн бөгөөд үлдсэн талбайг нэхэмжлэгчийн нэр дээр үлдээхээр тохиролцсон боловч Б.Л одоог хүртэл материалаа бүрдүүлэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд авчирч өгөөгүй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамж нь хуульд нийцсэн үндэслэл бүхий захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар Б.Лгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Иргэн Б.Лгээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгуулах, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус актаас учирсан хохирол гэж үзэж нөхөн төлбөрийн хэмжээн дээр дахин үнэлгээ хийлгэх, нийт эзэмшлийн 1350 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ урьдчилан мэдэгдэлгүй газар албадан чөлөөлөх захирамж гаргаж, газрыг албадан чөлөөлсөн, зөрүүтэй үнэлгээний талаар мэдэгдээгүй, гэрээний үүргийг биелүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.”Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 42.3-т заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.”, 43.2.”Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгана.”, 43.3.”Газар эзэмшигчид олгох нөхөх олговрыг энэ хуулийн 42.3-т заасан гэрээг байгуулахад улсын төсвөөс тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлсэн байна.”, 43.4.”Энэ хуулийн 42.3-т заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн шатны Засаг дарга уг гэрээ байгуулсан өдрөөс хойш 60 хоногийн дотор нөхөх олговрыг уг газрыг эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно.”, 43.5.”Энэ хуулийн 42.3-т заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол газар эзэмшигч өөрт нь нөхөх олговор бүрэн төлсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор уг газрыг чөлөөлнө.”, 57 дугаар зүйлийн 57.4.“Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”  гэж заажээ. 

3.1 Б.Л нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга, дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч нартай хуралдсан ******* дугаар хурлын тэмдэглэл, нөхөх олговрын үнийн дүнг зөвшилцөх хуудаст гарын үсэг зурж газраа нөхөх олговортойгоор чөлөөлөхийг хүлээн зөвшөөрч, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай” ******* дүгээр гэрээг байгуулж гарын үсэг зурсан байна.

Талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсны дараа 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нөхөх олговрын үнийн дүнгийн 60 хувь болох 436,740,600.00 (дөрвөн зуун гучин зургаан сая долоон зуун дөчин мянга зургаан зуу) төгрөгийг Х банкны 499199338 дугаар дансанд шилжүүлсэн.

3.2 Иргэний өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай №2022- -1 дугаар гэрээний 2.1 дэх заалтад газраа бүрэн чөлөөлсөн тохиолдолд үлдэгдэл 40%-ийг төлөхөөр заасан бөгөөд нэхэмжлэгч газраа чөлөөлөөгүй тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар 14-ний өдрийн ******* дүгээр албан бичиг, 2023 оны 08 дугаар 21-ний өдрийн ******* дүгээр албан бичгээр тус тус газраа чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн. 

Мөн иргэн Б.Л нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн биеэр ирж уулзан 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор газраа бүрэн чөлөөлнө, чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэсэн өргөдөл гаргасан байна. 

Гэвч нэхэмжлэгч тохиролцсон хугацаанд газраа чөлөөлөөгүй тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар  сарын 18-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” дугаар захирамжаар иргэн Б.Лг Нийслэлийн Засаг даргын дугаар захирамжийн дагуу байгуулсан № дугаартай гэрээний үүргийг биелүүлээгүй үндэслэлээр газрыг нь албадан чөлөөлжээ. 

Дээрхээс дүгнэвэл нөхөх олговрыг 2 хуваан төлөхөөр газар эзэмшигчтэй  тохиролцооны дагуу нөхөх олговрын 60 хувийг төлсөн ба нэхэмжлэгч тохирсон хугацаандаа газраа чөлөөлөөгүй тул газрыг албадан чөлөөлсөн нь хуульд нийцжээ.

4. “Ф*******” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бөгөөд хөндлөнгийн үнэлгээг “*******” ХХК-иар хийлгэхэд үнэлгээ зөрүүтэй гарсан ба Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтээр “Ф*******” ХХК-ийн үнэлгээг үндэслэлтэй гэсэн хариу ирүүлсэн талаар тайланд дурдсан боловч дээрх гэрээ болон нөхөх олговрын дүнг зөвшилцөх хуудаст нэхэмжлэгч гарын үсэг зурсан нь тус үнэлгээг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч дээрх зөрүүтэй үнэлгээний талаар шүүхэд хариуцагчаас ирүүлсэн мэдээллээс олж мэдсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

5. Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч нь үнэлгээг зөвшөөрсөн бөгөөд тохирсон хугацаанд газраа чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөхийг зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Нийслэлийн Засаг даргын дугаар захирамжийг хүчингүй болгож, хохирол, нөхөн олговрын зөрүүг олгох үндэслэлгүй гэж үзлээ. 

6. Мөн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай “Хурлын тэмдэглэл”-ээс үзвэл нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч нөлөөлөлд өртсөн газраа нөхөн олговортойгоор чөлөөлж, харин үлдсэн дүүргийн Засаг даргын захирамжтай газраа нийслэлийн зөвшөөрөлтэй болгохыг санал болгон түүнийг нь Газар зохион байгуулалтын албанаас дэмжиж ажиллахаар зөвшилцөж, зөвшилцөх хуудсаар баталгаажуулж, Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд хянуулахаар тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн гаргасан 1350 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч эзэмшиж байсан 1350 м.кв газраас нөлөөлөлд өртсөн газрыг чөлөөлж, үлдсэн газар дээр илүү хашаалсан талбайг нэмж олгох, дүүргийн захирамжтай газрыг нийслэлийн зөвшөөрөлтэй болгох гэж зөвшилцсөн тул анх эзэмшиж байсан 1350 м.кв газрыг эзэмшүүлэхийг даалгах боломжгүй юм. 

7. Харин талууд тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нөлөөлөлд өртөөгүй газраа эзэмшихээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэхэд шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

8. Иймд нэхэмжлэгч Б.Лгээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгуулах, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус актаас учирсан хохирол гэж үзэж нөхөн төлбөрийн хэмжээн дээр дахин үнэлгээ хийлгэх, Нийт эзэмшлийн 1350 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Б.Лгээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгуулах, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус актаас учирсан хохирол гэж үзэж нөхөн төлбөрийн хэмжээн дээр дахин үнэлгээ хийлгэх, Нийт эзэмшлийн 1350 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН