Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2019/ДШМ/24

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2019        06             17                                             2019/ДШМ/24

 

 Д.Б, Б.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Б.Амартүвшин,

Шүүгдэгч: Д.Б, Б.Н,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Батдорж, Ч.Будхүү,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолтой Д.Б, Б.Н нарт холбогдох 1838009180043 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж, Ч.Будхүү нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Дамдинбазарын Б, . оны 6 дугаар сарын 30ы өдөр төрсөн, ….. настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан /регистрийн дугаар: ............../.

Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Батсүхийн Н, .. оны 5 дугаар сарын 12ы өдөр төрсөн, ….. настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: .................../.

Шүүгдэгч Д.Б, Б.Н нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хар чулуут гэх газраас хохирогч Г.Б, Н.Дашдаваа нарын 2 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж, 1,600,000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Шарнууд овогт Дамдинбазарын Б, Шарнууд овогт Батсүхийн Н нарыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Дамдинбазарын Бөд 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Батсүхийн Нд 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бөд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай” гэснийг хүчингүй болгож шүүгдэгч Д.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 1,2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн

17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Бөд оногдуулсан 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн 1838009180043 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заахдаа “... шүүгдэгч Д.Б, Б.Н нар бүлэглэн ... 2 тооны адууг бэлчээрээс нь хууль бусаар авч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар  тогтоогдсон байна. Үүнд:

... Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Д.Б бид хоёр Хар чулуут руу явсан бөгөөд тэнд Н.Дашдаваагийн адуу байхаар нь би Д.Бөд “би Н.Дашдаваагийн адуунаас хоёр морь авахаар болсон, сая Н.Дашдаваатай уулзаад ярьчихсан” гэж худлаа хэлээд адууг нь асга руу шахаж байгаад Д.Б бид хоёр халиун, бор зүсмийн морьдыг барьж

аваад би нөгөө хулгай хийсэн хоёр морины нэгийг нь унаад нөгөөг нь хөтлөөд Хатгал руу явсан. ... Адуу нядалсны маргааш нь Н.Дашдаваа манай гэрт ирээд “адуунаас хоёр морь алга болчихсон, чи авсан байна” гэхээр нь би үнэнээ хэлсэн.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “Би хулгай хийгээгүй. Би Б.Нг хулгай хийж байгааг мэдээгүй. Б.Н надад хэлэхдээ “сая Н.Дтай уулзчихсан, адуунаас нь хоёр морь авахаар болсон” гэхээр нь би “нээрээ тийм юм байх” гэж бодоод л Н.Дгийн адуунаас хоёр морь барилцаж өгсөн. Би өөрөө 2018 оны 6 дугаар сард малын хулгайн хэргээр тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Энэ хугацаандаа дахиж гэмт хэрэг үйлдэнэ гэж байхгүй шүү дээ. Б.Нг хэрвээ надад худлаа хэлсэн гэдгийг мэдсэн бол би хамт явахгүй байсан юм. Б.Н нь  Н.Дгийн эхнэрийнх нь талын төрөл садан юм. Би төрөл хүмүүс учраас нэг нэгэндээ морь өгч авалцахаар тохирсон юм байх гэж л бодсон” ... гэх мэдүүлэг зэрэг нотолгоогоор шүүхээс шүүгдэгч Д.Бийг гэм буруутай, бас гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнд тооцлоо. Хэрэгт авагдсан үйл баримтанд шүүгдэгч Д.Бийг буруутгах үндэслэл бүхий нотолгоо алга байхад нотолгоогүйгээр ... үйлдлээрээ санаатай нэгдсэн гэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад огтхон ч нийцсэнгүй.

 Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Д.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Б.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо” гэсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалтыг хэрэглэх бүрэн боломжтой байхад хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан болно. Уг хэргийг бүлэглэн үйлдсэн гэх Бийн хувьд урьд ял шийтгэл эдэлж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад тэдгээрт ялыг ялгамжтай байдлаар оногдуулаагүй нь шударга ёсны зарчимд нийцэхгүйн дээр энэ тохиолдолд Нгийн хувьд ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Нг 1 жил хүртэл хугацаагаар тэнсэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Б, Б.Н нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар чулуут” гэх газраас хохирогч Н.Дгийн 2 тооны адууг буюу бусдын малыг бэлчээр дээрээс нь хулгайлж 1 600 000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Б, Н.Д, гэрч М.Шинэсаран, Б.Батсүх, Т.Ганбаатар, И.Болдбаатар, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б, Б.Н нарыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Бөд 1 жил 6 сар, шүүгдэгч Б.Нд 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Батдоржийн “...хэрэгт авагдсан үйл баримтанд шүүгдэгч Д.Бийг буруутгах, үндэслэл бүхий нотолгоо алга байхад нотолгоогүйгээр үйлдлээрээ санаатай нэгдсэн гэх шүүхийн шийтгэх тогтоол, хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад огтхон ч нийцсэнгүй. Иймд Д.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь шүүгдэгч Д.Б нь Б.Нтай бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Бөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрчээр авсан “...Д ахынд очиход гадаа түлээ ачиж байхаар нь гадаа туслах малчин айлд ороход том хүн байхгүй хүүхдүүд байхаар нь цай уугаад бид хөдлөөд Хар чулуутын таг орж явахад Д ахын адуу Хар чулуутын Хар хадны хажууд байхаар нь давхиж очоод 30-40 гаруй ижилтэй адууг хад руу шахаж байгаад халиун зүсмийн морийг бугуйлаар барьж аваад реминэн уяагаар ногт хийж хазаарлаад Нд бариулаад дахиад бор зүсмийн морь бугуйлдаж барьж авсан. Ногт уяад Нд өгсөн. Тэндээ Дгийн адуунаас барьж авсан 2 адууны халиун морийг унаад бор зүсмийн морийг хөтөлж явахаар болоод унаж Хатгалын төв оруулж цохиж борлуулахаар тохироод харин би буурал зүсмийн морийг гэрт аваачиж өгөхөөр тохиролцсон. Нгийн ээжид буурал морийг өгөхдөө миний мотоцикльтой Хатгал руу явсан гэж хэлээд тэднийд амарсан. Н би өөрөө төв оруулаад цохьчихъё гэхээр нь би 2-3 хоногоос араас чинь орно гээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

Шүүгдэгч Б.Нгаас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр авсан “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өглөө босож аваад Д ахынд очиж цай уугаад цааш Хожгор бид хоёр Хар чулуутын таг гэх газарт 50 орчим ижилтэй Д ахын адуу байсан. Хожгор бид хоёр морьтой давхиж очоод асгаруу шахаж бөөгнүүлээд Хожгор эхлээд халиун зүсмийн морь бугуйлдаж аваад дараа нь бор зүсмийн морь дахин бугуйлдаж авсан. Хожгор өвөртөө нэг хазаар авч явсан нэг морийг хазаарлаж нөгөө морийг бугуйлаар ногтолсон. Би 2 адууг хөтлөөд Хатгал тосгон руу явахаар болоод Хожгор чи наад хоёр морио авч яваад Хатгал руу оруулаад цохьчихоороо гэж хэлсэн. Махыг нь зараарай би өөрөө орж очих уу гэхээр нь за гэж хэлсэн. Би Хожгортой хамт явж хулгай хийсэн. Би 2 тооны адууг хөтөлж Хатгал руу оруулаад хашаандаа уяж орхисон. Эхнэр Шинэсаран юун адуу юм гэхээр нь худалдаж авсан гэж хэлсэн. ...Би Хожгортой хамт хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу хариуцлагаа хүлээнэ. Хожгор надад чи ганцаараа даагаарай би өмнө хулгайн хэрэгтэй тэнсэнтэй байгаа шоронд орно гэж надаас гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,

Хохирогч Г.Бгийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн ...Манай адууг Н /нямаалай/ нөгөөх нь нутгийн дууддаг нэр нь Хожгор нар хулгайлан авсан хариуцлага хүлээлгэмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 85-р тал/,

Хохирогч Н.Дгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн ...2018.12.02-ны өдөр Н, Б хэмээх Хожгор нар манай гаднах малчин айлд ороод явахыг би харсан. Тэр хүмүүс надтай биечлэн уулзаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 86-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Хэдийгээр шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг дангаараа шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй хэдий ч энэ нь хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул нотлох баримтад тооцох үндэслэлтэй юм.

 Шүүгдэгч Д.Б нь мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцоогүй энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй хэмээн гэмт хэргийг няцаан үгүйсгэж яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Н надад хэлэхдээ сая Дтай уулзчихсан адуунаас нь хоёр морь авахаар болсон гэхээр нь би нээрээ тийм юм байх гэж бодоод л Дгийн адуунаас хоёр морь барилцаж өгсөн. ...миний хувьд өөрийгөө хулгай хийсэн гэж бодохгүй байна. ...Н Дтай гэрийнх нь гадаа юм яриад байгаад байсан. Тэгээд тэдний тэндээс хөдлөөд явж байхад Н надад сая Дтай уулзчихлаа адуунаас нь морь барьж авахаар боллоо хамт яваад адуу барилцаад өгөөч гэхээр нь л би хамт явсан” гэжээ.

Гэтэл шүүгдэгч Б.Н нь хохирогч Н.Дтай огт уулзаагүй болох нь хохирогчийн мэдүүлэг болон гэрч Б.Бат-Эрдэнийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн ...Тэр хоёр манай гадаах малчин айл болох Нэргүйнд ирээд явсан. Удаа ч үгүй 10 минут бололгүй бараг мориндоо мордоод манай урдуур явсан. Би хашааны араар гартал манай нөхөр Д мод буулгаж байсан тэгтэл тэр хоёр манай нөхөртэй уулзалгүй шууд давхиад явсан /хх-ийн 88-р тал/ гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байх ба шүүгдэгч Д.Бийг Б.Нтай үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч Ч.Будхүү нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, ...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл тэнсэж болно гэсэн заалтыг хэрэглэх бүрэн боломжтой байхад хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. ...ялыг ялгамжтай байдлаар оногдуулаагүй нь шударга ёсны зарчимд нийцэхгүйн дээр Нгийн хувьд ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Нг 1 жил хүртэл хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд чухам аль төрлийн ялыг хэдий хэр хэмжээгээр оногдуулах, ялыг биечлэн эдлүүлэх эсхүл тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд Б.Нгийн тухайд бусдын малыг бусадтай бүлэглэж хулгайлсан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн байх тул өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б, Б.Н нарын өмгөөлөгч Б.Батдорж, Ч.Будхүү нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                                               Т.ГАНБАТ

                                                                                         Н.БАЯРХҮҮ