Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 64

 

Ж.Б, А.Т, Т.Т

Ө.Ж, С.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Байгонах, Б.Эрдэнэбат, Т.Бахыт, Ц.Энхболд, Ш.Аманкелд, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж, С.А нарт холбогдох 201604000170 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Я.Сьезд, шүүгдэгч Ө.Ж, түүний өмгөөлөгч Т.Бахыт, шүүгдэгч А.Т, Т.Т нарын өмгөөлөгч К.Ержан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Е овогт Ж-гийн Б,

2. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, Баян-Өлгий аймгийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж байсан, Х овогт Ө-гийн Ж,

3. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Е овогт А-гийн Т,

4. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Е овогт Т-гийн Т нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1948 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт С-ийн А нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нарыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.А-г худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 05 сар хорих ял, шүүгдэгч А.Т-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 04 сар хорих ял, шүүгдэгч Т.Т-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 04 сар хорих ял, шүүгдэгч Ө.Ж-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 01 хоног хорих ял тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан торгох ялыг 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Т-ийн цагдан хоригдсон 85 хоног, шүүгдэгч А.Т-ийн цагдан хоригдсон 92 хоног, шүүгдэгч Ө.Ж-ийн цагдан хоригдсон 26 хоног, шүүгдэгч Ж.Б-гийн цагдан хоригдсон 7 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, прокурорын дансанд байршсан төлбөрийн мөнгөнөөс 1,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.М-д, 304,000 төгрөг гаргуулж хохирогч Е.Е-д, 320,000 төгрөг гаргуулж М.С-д, 600,000 төгрөг гаргуулж И.У-д, 127,000 төгрөг гаргуулж С.А-д, 389,000 төгрөг гаргуулж Н.Ж-т, 453,000 төгрөг гаргуулж Ш.Х-д, 453,000 төгрөг гаргуулж Баяннуур сумын төрийн санд тус тус олгохоор, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 2 жил 05 сар хорих ялыг тэнсэж, 2 жил 05 сарын хугацаагаар, шүүгдэгч А.Т, Т.Т нарт оногдуулсан 2 жил 04 сар хорих ялыг тэнсэж, 2 жил 04 сарын хугацаагаар, шүүгдэгч Ө.Ж-т оногдуулсан 2 жил 01 хоног хорих ялыг тэнсэж, 2 жил 01 сарын хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14, 15, 16 дахь заалтыг тус тус хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ж.Б-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,

шүүгдэгч А.Т-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн,

шүүгдэгч Т.Т-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн,

шүүгдэгч Ө.Ж-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,

шүүгдэгч С.А-г шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

2 дахь заалтын “Б” гэснийг “Б” гэж, “Х” гэсний дараа “б” гэж нэмж,

4 дэх заалтын “С” гэснийг “С” гэж,

5 дахь заалтын “боломжит хэмжээгээр” гэснийг хасаж,

7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийн цагдан хоригдсон 7 хоног, Т.Т-ийн цагдан хоригдсон 116 хоног, Ө.Ж-ийн цагдан хоригдсон 26 хоног, А.Т-ийн цагдан хоригдсон 92 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч С.А нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүйг дурдсугай” гэж,

10 дахь заалтын “Шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Голомт банк дахь Прокурорын газрын 5805007969 дугаартай дансанд шүүгдэгч нарын хохиролд төлөхөөр байршуулсан нийт 4,427,000 төгрөгөөс хохирогч М.С-д учирсан хохиролд 320,000 төгрөг, хохирогч И.У-д учирсан хохиролд 600,000 төгрөг, хохирогч Е.Е-д учирсан хохиролд 304,000 төгрөг, хохирогч Ж.М-д учирсан хохиролд 1,600,000 төгрөг, хохирогч Ш.Х-д учирсан хохиролд 650,000 төгрөг, хохирогч Н.Ж-т учирсан хохиролд 953,000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Ж.Б, Т.Т, Ө.Ж, А.Т нараас 20,900 төгрөг тус тус гаргуулж хохирогч Н.Ж-т олгож, 162,500 төгрөг тус тус гаргуулж Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Төрийн сангийн дансанд оруулсугай” гэж,

12 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4” гэсний дараа “,5” гэж нэмж,

13 дахь заалтын “зэргийг шүүгдэгч нарт буцаан олгохыг шүүгчийн туслах С.Еркинд даалгаж” гэснийг хасаж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч нарын өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг бүхэлд нь, дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хязгаарлалт тогтоох тухай, Т.Т, Ө.Ж, А.Т нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч Ж.Б, Т.Т, Ө.Ж, А.Т нарт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэсний дараах “136” гэснийг “137” гэж, “10 дахь заалтын” гэснийг “10 дахь заалтыг” гэж тус тус залруулжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар хамтран гаргасан гомдолдоо “...Ж.Б бусдын олон тооны малыг бусадтай бүлэглэн хулгайлаагүй байхад түүнийг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ж.Б-ыг анх уг хэрэгт холбогдуулан сэжигтэн болон яллагдагчаар татсан үеэс эхлэн удаа дараагийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ тогтвортой мэдүүлж ирсэн байдал, шүүгдэгч Ө.Ж “би Ж.Б-тэй хамт огт хулгай хийж байгаагүй” гэж мэдүүлж байсныг шүүх анхаарч үзээгүй. Ж.Б-ыг буруутгах гол үндэслэл болсон шүүгдэгч А.Т, Т.Т нарын удаа дараагийн мэдүүлгүүд эрс зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзэлгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг ноцтой зөрчиж байна. Хэрэгт авагдсан А.Т, Т.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нэг хэв маягийн хуулбарласан байдлаар мэдүүлэг авсан нь эргэлзээтэй байна. Ер нь А.Т, Т.Т нарыг анх баривчлаад мэдүүлэг авахад 20-иод төрлийн хулгай хийсэн тухай мэдүүлсэн боловч ихэнх нь худлаа үндэслэлгүй болох нь тогтоогдож, хэрэгсэхгүй болсон байдаг. Тэдний мэдүүлгийг туйлын үнэн гэж үзэхэд үнэхээр эргэлзээтэй. Учир нь Т.Т, А.Т нар урьдчилсан мөрдөн байцаалтад өмгөөлөгч С.Алтайн хамт мэдүүлэг өгөхөд 2015 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас 2 адуу, Баяннуур сумын иргэн Б-гийн хотноос 10 хонь, Х.Д-ийн 3 хонь хулгайлсан, Баяннуур сумын иргэн К гэгчийн өвөлжөө байшингаас гар хийцийн хурганы нэхийгээр хийсэн дээл хулгайлж, А гэгчид худалдсан, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Ховд голын цаад талаас Секе гэх газраас улаан зүсний нас бие гүйцсэн эр үхэр, хар халзан зүсний эр үхэр, хүрэн зүсний эр үхрийг А.Т бид хоёр 2 адуугаар сольсон гэж тус тусдаа үйлдэлтэй 5 удаагийн хулгайг Ж.Б-тэй хамт хийсэн тухай мэдүүлсэн байна. Хэрвээ тэдний мэдүүлэг нь туйлын үнэн буюу эргэлзээгүй бол тэдний Ж.Б-тэй хамт хулгай хийсэн гэх бүх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлэх учиртай гэж үзэж байна. Иймд шүүх шүүгдэгч Ж.Б-ыг буруутгаж буй нотлох баримт болох шүүгдэгч А.Т, Т.Т нарын мэдүүлэг эргэлзээтэй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ёсгүй гэж үзэж байна. Ж.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6-д заасан зүйлс бүрэн гүйцэд тогтоогдоогүй. Олон тооны малаа хулгайд алдсан гэх хохирогч нарын мэдүүлэг нь эх сурвалж тодорхой бус, тэд хулгайд алдсан малаа шүүгдэгч Ж.Б хэзээ, хаана, хэдийд, ямар байдлаар хулгайлсан, хулгайлсан малаа хэнд худалдан борлуулсан зэрэг нөхцөл байдлыг гүйцэд тогтоож чадаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг нь зөвхөн шүүгдэгч А.Т, Т.Т нарын мэдүүлгийг давтан ярьж мэдүүлж байгаа нь эргэлзээтэй байна. Тухайн хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа тус аймгийн прокурорын газар болон шүүх зөвхөн нэг талыг барьсан. Учир нь Ж.Б-ы өмгөөлөгч Я.Сьезд би хэргийн үнэн мөнийг тогтоолгохоор Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 7 удаа, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт 9 удаа, Монгол Улсын Ерөнхий прокурорт 1 удаа, нийт 22 удаа хүсэлт, гомдол гаргаж байсан боловч хүсэлтийг хүлээн аваагүй явдалд туйлын их гомдолтой явдаг юм. Энэ нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн асуудал гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцогдох ёстой Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан шүүгдэгч А.Т, Т.Т, Ж.Б, Ө.Ж, гэрч С.Е нарын мэдүүлгийг шүүх үнэлээгүй явдалд гомдолтой байна. Ж.Б нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийгдсэн үед малын ченж Б, түүний хажууд байсан гэх 2 залуугийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.2 дахь хэсэгт зааснаар тусгаарласан атлаа Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн яллах дүгнэлтэд “гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох Н.Ж-т учирсан 2,900,000 төгрөг, Ш.Х-д учирсан хохирол 650,000 төгрөг, нийт 3,550,000 төгрөгийн хохирлыг Ж.Б, Ө.Ж, А.Т, Т.Т нарт хувь тэнцүүлэн төлүүлэх”-ээр дурджээ. Прокуророос Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргээс малын ченж Б нарт холбогдох хэргийг тусгаарласан тогтоол үйлдсэн атлаа гэмт хэргийн үйлдэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тусгаарлаагүй шууд шүүхэд шилжүүлсэн ноцтой алдаа гаргасан байна. Зүй нь хохирогч Н.Ж, Ш.Х нарт учруулсан хохирол 3,550,000 төгрөгийг малын ченж Б, түүний хажууд явж байсан үл таних 2 залуу ч төлөх ёстой гэж үзэж байна. Өмгөөлөгч Я.Сьезд миний бие 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ж.Б нарт холбогдох хэргийн материалтай танилцаж байх үедээ хяналтын прокурор Х.Өрений 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 5/14 тоот “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор Б-д холбогдох эрүүгийн хэргийг хаахаар шийдвэрлэсэн болохыг олж мэдсэн. Малын ченж гэх Б-д холбогдох үйлдэл нь Ж.Б, Т.Т, А.Т нартай салшгүй холбоотой юм. Гэтэл Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг эрс эсэргүүцэж байна. Шүүгдэгч Ж.Б эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсанаас хойш 3 жилийн нүүр үзсэн, өнгөрсөн хугацаанд түүнийг цагдаа, прокурор, шүүхэд олон удаа дуудан залхаан цээрлүүлэх арга хэмжээ авсан, олон удаа шүүх хуралдаанд оруулах, тухайн эрүүгийн хэрэг маш их удааширч шийдвэрлэхгүй байсан тул улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэн төлбөрийг аргагүй байдалд орж төлж барагдуулсан юм. Түүний энэхүү үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл биш, 3 жилийн турш шалгагдсан эрүүгийн хэрэгт маш их ядарч, сэтгэл санааны болон эдийн засгийн их дарамтад орсон, ар гэрийн амьдрал нь сүйрсэн, боловсон байдалтай эрүү шүүлт үзүүлсэн зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байсан. Эцэст нь Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг анхнаасаа зохиомол хэрэг байсан, хэрэг нь хөдөлбөргүй нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй, зөвхөн нэг талыг барьж мөрдөн байцаалт явуулсан, хэрэгт мөрдөн байцаалт явуулах болон шүүхээр хянан шийдвэрлэхэд оролцогчийн хуулиар олгосон эрхийг бүдүүлгээр зөрчсөн маш их алдаатай хэрэг гэдгийг хэлье. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгон, Ж.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Б-ы өмгөөлөгч Б.Эрдэнэбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн. Ж.Б-д хохирогчгүй буюу 650,000 төгрөгөөр үнэлсэн эзэнгүй алаг гүү хулгайлсан гэж ял оногдуулсан. Үндэслэлгүйгээр 650,000 төгрөг гаргуулж Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Төрийн сангийн дансанд оруулахаар заасан. Төрийн сан энэ адууны өмчлөгч хохирогч биш. Хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын гол шинж хохирогч тал байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй. Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээч Х.Өнөрбек, С.Улан нарын гаргасан тогтоол, магадлалд үндэслэл болгосон дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч Н.Ж-ийн азаргыг хэт өндөр буюу 1,500,000 төгрөгөөр үнэлсэн. Улаанбаатар, Төв аймагт азаргыг 500,000 төгрөг буюу махны үнээр үнэлдэг. Хохирогч Н.Ж-ийн хоёр гүү байхад нэгийг нь 750,000 төгрөгөөр нөгөөг нь 650,000 төгрөгөөр зөрүүтэй үнэлсэн. Н.Ж-ийн 6 настай гүүг доод тал нь 650,000 төгрөгөөр үнэлсэн атлаа хохирогч Х.С-ийн хүрэн зүсмийн даагыг мөн адил хэмжээгээр 650,000 төгрөгөөр үнэлж хохирлын шинж чанар, хэр хэмжээг буруу тогтоосон. 7 дугаар хавтаст хэргийн 1572 дугаар хуудсанд байгаа шийтгэх тогтоолд гэрч С.Е гэх хүний мэдүүлэг байгаа. Тэрээр мэдүүлэхдээ Ө.Ж бид хоёр оторт мал хариулж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө Баяннуур сумаас Ж.Б өөрийн эзэмшлийн машинтайгаа нэг залуугийн хамт ирсэн. 19-20 цагийн үед цагаан өнгийн Портер машинтай 3 хүн ирсэн гэж байгаа юм, ингээд нийлээд 7 хүн болсон ба 2 морьтой хүн хулгайлсан гэх 5 адууг туугаад ирсэн. Нийт 5 адууны хулгайн хэрэгт 9 хүн хэрэгтэн болж байгаа юм. Гэтэл энэ хэрэг дээр 9 хүнээс 5 хүнийг шийтгээд, 4 хүнийг ямар ч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Уг хэрэгсэхгүй болгосон хүмүүсийн төлбөрийг Ж.Б-гээр төлүүлсэн. Хэргийг хуучин хуулиар шийдсэн, дунд нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь процессийн алдаатай юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий агуулга нь нотлоогүй байвал хэргийг хэрэгсэхгүй болгох заалттай тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Б-ы өмгөөлөгч Т.Байгонах хэлсэн саналдаа “...Шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Ж.Б Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ө.Ж, түүний өмгөөлөгч Т.Бахыт нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг хангаагүй буюу хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй, хэт нэг талыг барьж шалгасан. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч Т.Т, А.Т нарын мэдүүлгийг шүүх үнэлсэн байдаг. Гэтэл шүүгдэгч С.Е-ы мэдүүлэгт “Б-гийн хажууд 2 залуу дагаж ирсэн /заримдаа 1 хүн дагаж ирсэн/” гэж янз бүрээр мэдүүлсэн байхад шүүгдэгч нарын мэдүүлгүүдийн харилцан адилгүй, зөрүүтэй байдлыг шалгаж тодруулаагүй. Мөн шүүгдэгч нар өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байдаг. Харин бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдийг шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй буюу бусдаас сонссон зүйлээ мэдүүлсэн, мөн адуугаа алдаж хайж байснаа мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс зарим гол гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзаж, хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоох боломжгүй байдалд хүргэж, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүгдэгч нарын холбогдсон уг хэргээс Б-д холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж шүүхэд шилжүүлсэн боловч шүүх “хэргийг буруу тусгаарласан байна” гэсэн үндэслэлээр буцаасан. Гэтэл прокурор гаргасан тогтоолд үг, үсгийн өөрчлөлт оруулснаар хязгаарлаж шүүхэд хэргийг дахин шилжүүлсэн. Бусдын 5 адууг хулгайлсан гэх үйлдлийн гэм бурууг шүүхээр тогтоолгох гэсэн бол 5 тооны адууны үнийг 5 хүнд хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн мөртлөө 1 хүний хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлснээс болж шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна. Нэгэнт тусгаарлаж байгаа бол “5 адуу хулгайлсан” гэх үйлдлийг бүхэлд нь тусгаарлаж шалгасан бол хэргийн үнэн бодит байдлыг тогтоох боломжтой болно. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан зарчимд нийцэхгүй байна. Учир нь Б гэх ченж болон түүнийг дагаж явсан 2 залуу, Б-тэй хамт ирсэн гэх 2 залуу энэ хэрэгт ямар үүрэгтэй оролцсон нь тодорхой бус байхад бусад шүүгдэгч нарт ял халдаасан явдал нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцээгүй гэж үзэж байгаа тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Анхан шатны шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул хүндэтгэлтэй хандаж, хуулийн хөнгөлөлт авах санаатай хохирлын талаар завсарлага авч, шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан байсан юм. Прокуророос Ө.Ж-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн боловч давж заалдах шатны шүүх мал хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулиар шинээр гэмт хэрэгт тооцсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Учир нь Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт огт тооцож байгаагүй үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцож, ял оногдуулахаар заасан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байсан юм. Энэ нь Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж ирсэн түүхэн практик болон эрүүгийн эрх зүйн онолын хувьд ч тийм байсан. Шүүгдэгч Ө.Ж-ийн үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх боловч уг зүйлд заасан хорих ялын доод хэмжээ 2 жил, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан хорих ялын доод хэмжээ 6 сараас эхэлдэг ба нийтэд тустай ажил хийлгэх хөнгөн ял оногдуулахаар байгаа тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэлгүй, прокурор 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэн зүйлчилсэн нь зөв байсан юм. Учир нь мал хулгайлах гэмт хэрэг нь цоо шинээр гэмт хэрэгт тооцож эрүүгийн хуульд тусгасан үйлдэл биш, эрүүгийн эрх зүйн түүхэн хөгжлийн явцад Эрүүгийн хуульд байсаар ирсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэх цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Ж-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол 850,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, үлэмж хэмжээний хохирол учирсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан явдал нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байхад давж заалдах шатны шүүх 2 дахь удаагаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн шийдвэрлэсэн нь хүний эрх, эрх чөлөө, шударга, энэрэнгүй ёсыг үл харгалзсан явдал болж байна. Иймд Ө.Ж нь Ж.Б нартай бүлэглэн бусдын 5 тооны адууг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгон, Ө.Ж-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.Ж-ийн өмгөөлөгч Т.Бахыт хэлсэн саналдаа “...Гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгч Ө.Ж-ийн бусадтай бүлэглэн 5 тооны адууг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх ёстой гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.Ж-ийн өмгөөлөгч Ц.Энхболд хэлсэн саналдаа “...Уг хулгайн хэргийг шүүгдэгч Ө.Ж үйлдээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Т, Т.Т нарын өмгөөлөгч К.Ержан гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт А.Т, Т.Т нарын үйлдсэн гэмт хэргүүд 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн гэмт хэргүүд байх ба 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д “хулгайлах гэмт хэргийг бусдын ...агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар”-аар заасан бол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хоёроос таван жил хорих ял оногдуулах”-аар заасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэхгүй” гэж зааснаар оногдуулах ял хүндэрсэн байх тул шүүгдэгч А.Т, Т.Т нарт холбогдох хэргийг тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэж тэнссэнийг буруутгалгүй хууль хэрэглээний хувьд оновчтой дүгнэлт хийсэн боловч хохирогчийн өмгөөлөгч А.Серикжаны “шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй байгаа нь тэнсэн харгалзах хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй байхад тэнссэн нь буруу” гэсэн утга агуулга бүхий гомдлыг ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хангаж, А.Т, Т.Т нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг харин ч эсрэгээр дордуулсан байна. Шүүгдэгч А.Т, Т.Т нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөн хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж гэм хорыг арилгасан, ямар ч боловсролгүй, зөвхөн хөдөө мал маллаж эцэг эхийн хамт байдаг 23-24 насны залуучууд урьд өмнө ял шийтгүүлэх байтугай захиргааны зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байгаагүй төлөв томоотой, боловсролын түвшин доогуур тул юмны учир байдлыг гүйцэд ухаардаггүй хүний үгэнд оромтгой зангаасаа болж анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх А.Т, Т.Т нарт оногдуулсан ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан болзлыг бүрэн хангаж байна гэж үзэж оновчтой дүгнэлт хийн хорих ялыг тэнссэн нь хуульд нийцсэн юм. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан ял тэнсэх болзолд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байхыг шаардахгүй байх бөгөөд энэ нөхцөл нь 2015 оны Эрүүгийн хуулийн ял тэнсэх нөхцөлд тусгагдсан байна. Гэтэл нэгэнт 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэн ял оногдуулж, энэхүү хуулийн нөхцөлөөр хуулийн хөнгөлөлт эдлүүлж байгаа тохиолдолд 2015 оны Эрүүгийн хуулийн ял тэнсэх болзол журмыг хольж хутган тэнсэх нөхцөлийг хангахгүй гэж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл юм. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулан, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14 дэх заалтын шүүгдэгч А.Т, Т.Т нарт оногдуулсан 2 жил 04 сар хорих ялыг тэнсэж, 2 жил 04 сарын хугацаагаар гэснийг, мөн шийтгэх тогтоолын 15, 16 дахь заалтуудын А.Т, Т.Т нарт холбогдох хэсгийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Т, Т.Т нарын өмгөөлөгч Ш.Аманкелд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх нь шийтгэх тогтоолын 14, 15, 16 дахь заалтуудыг хүчингүй болгохдоо хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын А.Т, Т.Т нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нарын өмгөөлөгчид хэргийг дутуу шалгаад, хүн үлдээсэн мэтээр ярьж байна. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ченж болон үл таних 2 залуутай явсан гэх үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгосон. Уг хэрэгсэхгүй болгосон тогтоолоо хууль зүйн үндэслэлгүй байна гэж хүчингүй болгож, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5/01 дугаартай тогтоолоор 20170004145 гэсэн хэргийн дугаар аваад тусгаарласан. Энэ хэрэг нь шалгагдаж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 27-нд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хаасан. Мөн адил хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгоод ченж болон 2 үл таних залуутай хамтран хулгай хийсэн гэж хэргийг тусгаарлан шалгаж байна. Эзэнгүй 1 адууны талаар шүүх 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон бол Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Прокуророос Ө.Ж-ийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс үндэслэлгүй байна гээд буцаахад дээд шатны прокуророос хяналтын шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч эсэргүүцлийг татаж авсан. 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын хооронд хийсэн үйлдэл бол хуучин хуулийн үед үйлдэгдсэн хэрэг. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид хэрэг үүссэнээс эхлээд бүх ажиллагаанд оролцсон. Шүүгдэгч нар анх хэргээ бүгд хүлээн зөвшөөрч байсан юм. Давж заалдах шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх хэрэглэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэлгүй хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан нь буруу байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь бүлэглэж 2015 оны 10 дугаар сараас мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц сумдын нутгаас машин механизм ашиглан С.А, А.Ж, И.У, М.С, Ж.М нарын 8 хонь, 4 адууг хулгайлж, нийт 3,440,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т, Ө.Ж нар нь бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19-20 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг “Битүү” гэх газраас эзэнгүй 1 адуу, Н.Ж, Ш.Х нарын 4 адуу, нийт 5 адууг хулгайлж, 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.Т, Т.Т нар нь бүлэглэж 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг “Сэжигт” гэх газарт байх Е.Е-ы өвөлжөөн дэх байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч 8 кг ноолуур хулгайлж, 304,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ө.Ж нь 2015 оны 11 дүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн иргэн Х.М-ийн адуун дотроос Х.С-ийн хүрэн зүсмийн даага хулгайлж, 650,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч С.А нь Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэхдээ “Би ямар нэгэн хонь алга болгоогүй” гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн “А.Т, Т.Т нар 4 хонь хулгайлсан гэж хүлээн зөвшөөрч надад 4 эр хонь өгсөн” гэж мэдүүлснээс эсрэг мэдүүлэг өгсөн буюу шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж, С.А нарын гэм бурууг хянан хэлэлцэж, Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нарын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, С.А-ы худал мэдүүлэг өгсөн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Я.Сьезд, шүүгдэгч Ө.Ж, түүний өмгөөлөгч Т.Бахыт, шүүгдэгч А.Т, Т.Т нарын өмгөөлөгч К.Ержан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дүгээр магадлал, уг магадлалд залруулга хийсэн тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Я.Сьезд, шүүгдэгч Ө.Ж, түүний өмгөөлөгч Т.Бахыт, шүүгдэгч А.Т, Т.Т нарын өмгөөлөгч К.Ержан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                          ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН