Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/00727

 

М.Очирбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/01087 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 779 дүгээр магадлалтай,

М.Очирбатын нэхэмжлэлтэй

П.Мягмарсүрэнд холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч П.Мягмарсүрэн, өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М.Очирбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Очирбат нь нагац эгч А.Чимгээгээс Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32/1 дүгээр гудамжны 59 тоот өмчлөлийн газрыг 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр хүлээн авч 2010 оны 01 дүгээр сарын 09-ний улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл П.Мягмарсүрэн нь түүний өмчлөлийн газар дээр хууль бусаар нүүн орж 2 гэр болон 1 давхар тоосгон байшин барьсан байгаа тул газрыг чөлөөлүүлэх арга хэмжээ авч өгнө үү. 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч П.Мягмарсүрэн өмнөх өмчлөгч А.Чимгээг хуурамч бичиг баримт үйлдсэн гээд цагдаагийн байгууллагаар шалгуулж цаг хугацааг алдуулж байх үедээ байшин барьсан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хариуцагчийн гомдлоор уг хэргийг сэргээж дахин шалгаж 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр прокурорын газраас хэвээр үлдээсэн. Иймд өмчлөлийн газраас албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Мягмарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Очирбат нь миний амьдарч байгаа Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32/1 дүгээр гудамжны 60 тоот хашааны газраас намайг нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэлд хавсаргасан Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 301 тоот тогтоолд гомдол гаргасан бөгөөд А.Чимгээ, Н.Цогзолмаа нарт холбогдох эрүүгийн хэрэг Дүүргийн 1 дүгээр прокурорын газарт хянагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Маргаж байгаа газрыг би 2005 онд хорооны Засаг даргад хүсэлт өгч авсан бөгөөд тухайн үед айл байдаггүй, замгүй, дэд бүтэцгүй байсан. 2008-2009 онд газар дээрээ хүн буулгаж, 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдөр би өөрөө очиж амьдарсан. 2011 оны 7 дугаар сард өөр эзэн гарч ирээд шүүхээс нэхэмжлэл ирсэн. Би хорооны Засаг даргад өргөдлөө өгөхдөө кадастрын зургийн хамт өгсөн бөгөөд удахгүй гэрчилгээ гарна гэсэн тул дээр нь байшин барьсан. Бид Нийслэлийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 354 дугаартай захирамжийг хянуулахаар захиргааны шүүхэд хандсан байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэх хүртэл иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/01087 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Очирбатын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 32/1 дүгээр гудамж, 59 тоот хаягт байрлах 18645318744286 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг хариуцагч П.Мягмарсүрэнгийн эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 104.750 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлого болгож, хариуцагчаас 174.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Мягмарсүрэнд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 779 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/01087 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 32/1 дүгээр гудамж, 59 тоот хаягт оршин байх 18645318744286 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбай бүхий нэхэмжлэгч М.Очирбатын өмчлөлийн газрыг хариуцагч П.Мягмарсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “дутуу төлсөн 104,750 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлого болгож” гэснийг хасч, “174,950 төгрөг” гэснийг “70.200 төгрөг” гэж, “нэхэмжлэгч П.Мягмарсүрэнд” гэснийг “нэхэмжлэгч М.Очирбатад” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 103.800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Мягмарсүрэн, өмгөөлөгч Ц.Дарьжав нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Бэлхийн 32-1-60 тоот хаяг бүхий газрыг 2004 онд Засаг даргад хэлж өргөдөл цохолт хийлгэж дүүргийн Засаг даргад уламжлаж байсан. Тухайн үед маргаан бүхий газарт айл байхгүй, намагтай газар байсан. Маргаан бүхий газарт өөр айл буулгаж харуулж байсан ба 2007 оноос Даваадэлгэр гэдэг харуулж байгаад 2010 оноос өөрөө гэр барьж уг газарт амьдарсан. Уг хугацаанд газрын албанд удаа дараа хандаж байсан боловч өргөдөлд ямар нэгэн хариу өгөхгүй байсан ба 2012 онд уг газрыг Чимгээ гэж хүн өмчилж авсан тул газраас албадан нүүлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд өгсөн байна. Албан тушаалтны гаргасан захирамж хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргаагүй байхад Иргэний хэргийн шүүх “албадан нүүлгэх” шийдвэрийг гаргасан нь хууль бус юм.

Маргаан бүхий газарт байшин барьж олон жил амьдарсан талаар хариу тайлбартаа бичихэд нэхэмжлэгч тал үүнтэй маргаагүй. Очирбатын Чимгээгээс өмчлөх эрх Чимгээгээс шилжүүлж авсан гэх газар 2 өөр хаяг бүхий тусдаа газрууд байдаг. Уг хоёр газрыг давхцал болон маргааны асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээр шалгаж байна. Сүхбаатар дүүргийн Бэлхийн 32-1-59 тоот хаяг бүхий газрын өмчлөгч гэх Очирбатын нэхэмжлэлийг хангаж, Бэлхийн 32-1-60 тоот хаяг бүхий өөр газраас “албадан нүүлгэх” шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба хэргийн оролцогчдын эрх зөрчигдөөгүй байна.

Нэхэмжлэгч М.Очирбат нь хариуцагч П.Мягмарсүрэнд холбогдуулан “...газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 32/1 дүгээр гудамж, 59 тоот хаягт байрлах 18645318744286 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна /хавтаст хэргийн 5-7, 11-16 дугаар тал/.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ба хариуцагч нь маргаж буй газрыг эзэмших, өмчлөх эрхтэй талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ. 

Хариуцагчийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 тоот захирамжийн А.Чимгээд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл нь Н.Очирбатын нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул “...асуудлыг захиргааны хэргийн шүүх шалгаж байгаа” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 779 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч П.Мягмарсүрэн, өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ