Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/02656

 

 

 

 

 

 

 

 

2024 07 02 181/ШШ2024/02656

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, ** тоот хаягт оршин суух, С овогт Б.Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.И эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.И эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Б.Б нь Ш.И-тэй 2016 оноос хойш 2020 он хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд бид 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү И.М, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр охин И.У, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин И.М-г төрүүлсэн. Бид тодорхой шалтгааны улмаас хоёр тийш болсон. Ингээд хүүхдийн тэтгэмж тогтоолгохоор 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч тодорхой хаяггүй байсан учраас нэхэмжлэл буцаагдсан. Одоо түүний оршин суугаа хаяг тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Ш.И эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, И.М, И.М, И.У нарын эрүүл өсөж бойжиж байгаа талаарх Д ӨЭМТ-ийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Ды ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт, И.У, И.М, И.М нарын төрсний гэрчилгээний хуулбар, Б.Б-н иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2022/13523 дугаартай захирамж, Б.Б-н 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.И эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Б.Б, Ш.И нар нь хамтран амьдрах хугацаандаа 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү И.М, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр охин И.У, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин И.М нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Иймд Б.Б-н нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт Ш.И хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.И нь Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, * тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2022/13523 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Б овогт Ш.И /РД:-/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б овогт Ш.И /РД:-/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б овогт Ш.И /РД:-/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Бовогт Ш.И /РД:-/-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Б.Б //-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ