Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2024/00261

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Ариунзул, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Д ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  З-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,463,032.66 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Иргэдийн төлөөлөгч:Г.Г

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ч/зайнаас цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.Д ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Манай компанийн *** тоот гэрээний даатгуулагч М.Н ХХК-ийн даатгалын зүйл болох шилэн кабелийг 2023 оны 11-р сарын 07-ны өдөр ... засварын ажил гүйцэтгэж байгаад холбооны сувагчлал гэмтээж шилэн кабель тасалж даатгуулагчийн эд хөрөнгөд нийт 1,463,032.66 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнд даатгуулагчид учирсан 1,463,032.66 төгрөгийн хохирлыг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ..., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасны дагуу хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан. Иймд Иргэний хуулийн 497.1, 498.1, 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол болох 1,463,032.66 ... гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч *** хотын З-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Монгол улсын стандарт хэмжил зүйн газрын Шилэн кабелийн суурилуулалт, Техникийн шаардлага MNS 5207:2011-ийн 4.2.2. дахь заалтад шилэн кабель хамгаалалтын туузыг 40-50 см гэж заасан байдаг. 2023 оны 11-р сарын 07-ны өдөр *** хотын З-ны хариуцсан *** сумын 8-р багийн зам дагуух гэрэлтүүлгийн тэжээлийн кабель гэмтэж, гэмтсэн кабелийг хайж газар ухах явцад М гэх шилэн кабель хөрснөөс доош 30-40 см-т хамгаалалтын туузтайгаа хамт гарч ирсэн. М гэх байгууллага техникийн арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлээгүй байсан буюу биднийг буруутай тооцож хохирлоо нөхөн төлүүлж байна гэж ойлгож байна. Иймд тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч шүүх хуралдаанд гаргасан талбартаа: ....Манай компанийн даатгуулагч...М.Нын шилэн кабелийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  З-ны захиалгаар үйлчилгээг гүйцэтгэж байгаад шилэн кабелийг гэмтээж даатгагч компанийн хөрөнгөд нийт 1,463,032.66 төгрөгийн хохирол учруулсан. Мөн үүнд даатгагчид учирсан хохирлыг манай компаниас барагдуулж, иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна. ...Стандартын хүрээнд буруу гээд байна. Ер нь өөрсдөө шилэн кабель, кабель суурилуулахтай холбоотой стандартын дагуу суурилуулах ёстой. Тэнд кабел байсныг мэдсээр байж газар ухсан нь өөрсдийнх нь буруу гэж бодож байна. Тэгээд өөрсдийнх нь стандарт гэж яриад байгаа, стандартын дагуу суурилуулах нь доошоо мөн адил 30-50 сантиметрийн доор суурилуулах ёстой байсан зүйл дээр 30 сантиметр уртаар суурилуулах байсан гэж байдаг. гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай талаас тухайн үеийн *** сумын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *** нутаг дэвсгэр дээр гэрэлтүүлгийн кабель шинээр татах ажил, гэрэлтүүлгийн засвар үйлчилгээний ажил хийгдэж байхад тухайн шилэн кабель байгааг бид нар мэдэж байсан. Гэхдээ тэнд стандартын дагуу байгаа гэдэг үүднээс 30 сантиметр ухаад кабелиа булчихаад эргүүлээд булах байсан. Тухайн үед шилэн кабель нь анхааруулах туузтайгаа цуг 30 сантиметр ухахад гарч ирж тасарсан. Тэгэхээр манай байгууллагын техникийн арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлээгүй байсан. Стандартын буруу үйлдлээс болж тасарсан гэж үзэж байгаа. гэв.

5. Иргэдийн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...2 тал хоёулаа ажлын хариуцлага алдсан дүрэм журам баримтлаагүй. гэв.

6.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 3/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, итгэмжлэл /хх 5/, М нетворкс ХХК-ийн албан бичиг/хх6-10/, хөрөнгийн даатгалын гэрээ /хх 11-27/, *** банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 28/

Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ/хх 41/, иргэний үнэмлэхийн хуулбар/хх 43/, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох /хх 47/, хариу тайлбар /хх 48/, гэрэл зураг/хх 49/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс. Шилэн кабелийн суурилуулалт техникийн шаардлага /хх61-70/, Дорноговь аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан бичиг /хх84-86/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1....Манай компани нь даатгуулагч М.Н ХХК-тай *** тоот даатгалын гэрээ байгуулсан.

2.2.2023 оны 11-р сарын 07-ны өдөр *** хотын З-ны захиалгаар засварын ажил гүйцэтгэж байгаад холбооны сувагчлал гэмтээж шилэн кабель тасалж даатгуулагчийн эд хөрөнгөд нийт 1,463,032.66 төгрөгийн хохирол учруулсан.

2.3.Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасны дагуу хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан.

2.4. Иргэний хуулийн 497.1, 498.1, 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол болох 1,463,032.66 төгрөгийг ... гаргуулж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1....Монгол улсын стандарт хэмжил зүйн газрын Шилэн кабелийн суурилуулалт, Техникийн шаардлага MNS 5207:2011-ийн 4.2.2. дахь заалтад шилэн кабель хамгаалалтын туузыг 40-50 см гэж заасан байдаг.

3.2.*** сумын 8-р багийн зам дагуух гэрэлтүүлгийн тэжээлийн кабель гэмтэж, гэмтсэн кабелийг хайж газар ухах явцад М гэх шилэн кабель хөрснөөс доош 30-40 см-т хамгаалалтын туузтайгаа хамт гарч ирсэн.

3.3.Тухайн үед шилэн кабель нь анхааруулах туузтайгаа цуг 30 сантиметр ухахад гарч ирж тасарсан. Тэгэхээр манай байгууллагын техникийн арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлээгүй байсан.

3.4.Стандартын буруу үйлдлээс болж тасарсан гэж үзэж байгаа. Манай байгууллагын буруу байхгүй. гэжээ.

4.Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

4.1.Даатгуулагч М.Н болон М.Д ХК-ийн хооронд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хөрөнгийн даатгалын гэрээ байгуулагдсан байна /хх 12-27/.

4.2.2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *** сумын З-ны захиалгаар засварын ажил гүйцэтгэж байгаад холбооны сувагчлал гэмтээж, шилэн кабель тасалж, даатгалын зүйлд буюу М.Н ХХК-ийн эд хөрөнгөнд 1,463,032.66 төгрөгийн хохирол учруулсан байна.

4.3.М.Н ХХК стандартын дагуу шилэн кабелийг байршуулаагүй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *** хотын 8 дугаар багийн нутаг дэвсгэр дээр гэрэлтүүлгийн кабель шинээр татах ажил, гэрэлтүүлгийн засвар үйлчилгээний ажил хийгдэж байхад тухайн шилэн кабель байгааг бид нар мэдэж байсан. Гэхдээ тэнд стандартын дагуу байгаа гэдэг үүднээс 30 сантиметр ухаад кабелиа булчихаад эргүүлээд булах байсан. Тухайн үед шилэн кабель нь анхааруулах туузтайгаа цуг 30 сантиметр ухахад гарч ирж тасарсан. Тэгэхээр техникийн арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлээгүй байсан. Стандартын буруу үйлдлээс болж тасарсан гэж үзэж байгаа гэх тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зураг/хх 49/, Монгол улсын стандарт хэмжил зүйн газрын Шилэн кабелийн суурилуулалт, Техникийн шаардлага MNS 5207:2011-ийн 4.2.2 дахь заалтын 9-д заагдсан 1-р зураг /хх64/, 4.2.2. дахь заалтад шилэн кабель хамгаалалтын туузыг 40-50 см гэж заасан зэргээр тус тус нотлогдож байна.

4.4.Даатгагч нь даатгуулагч М.Н ХХК-ийг Шилэн кабелийн суурилуулалт, Техникийн шаардлага MNS 5207:2011-ийн хангасан байхыг шаардах эрхтэй ба шаардлага хангаагүй тохиолдолд хохирлыг барагдуулах үүрэг хүлээхгүй.

Мөн түүнчлэн хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байх тул гэм хорын хохирлыг шаардах эрхгүй.

5.Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Бусдын эрх,...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл...-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 497.2 дахь хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. гэж заажээ.

5.1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ...болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан боловч 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт гэм хор учруулсан түүний буруугаас болоогүй гэдгээ нотолбол...гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж зааснаар М.Н ХХК нь Шилэн кабелийн суурилуулалт, Техникийн шаардлага MNS 5207:2011-ийг хангаж, шилэн кабель хамгаалалтын туузыг 40-50 см-т булж, хамгаалалтын туузнаас доош кабелийг булсан байсан бол кабелийг утсыг таслахгүй байсан гэсэн хариуцагч талын тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтаар гэм хор учруулсан нь хариуцагч талын буруугаас болоогүй гэдэг нь нотлогджээ.

5.2.Мөн шилэн кабелийн газар дээрх анхааруулах тэмдэгтийн шон байгаагүй зэрэг хариуцагч талын дээрх тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэж, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд заасан үүргээ биелүүлээгүйгээс гадна нотлох үүргийн зарчмын хувьд нотлоогүй байна.

6.Иргэдийн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ...2 тал хоёулаа ажлын хариуцлага алдсан дүрэм журам баримтлаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч М.Н ХХК стандарт баримтлаагүйгээс гэм хор учирсан гэж үзэхээр байна. Иймд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзлээ.

7.Иймд М.Д ХК-ийн нэхэмжлэлтэй, *** хотын З-д холбогдох гэм хорын хохиролд 1,463,032.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар М.Д ХК-ийн нэхэмжлэлтэй, *** хотын З-д холбогдох гэм хорын хохиролд 1,463,032.66 төгрөгийн гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,359 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Г.АРИУНЗУЛ

Э.БОЛОРМАА