| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03534/И |
| Дугаар | 181/ШШ2024/02655 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/02655
2024 07 02 181/ШШ2024/02655
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 02 дугаар хороо, Сөүлийн гудамж 25, * оршин байх, Э ББСБ ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Х, Ц.С нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Х, Ц.С нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч нь манай байгууллагатай 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр *** тоот Зээлийн гэрээ байгуулж, улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр *** тоот Барьцааны гэрээ байгуулж, 18,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай зээлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Манай зүгээс хариуцагчийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, * тоот хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлгүй оршин суудаггүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс Э.Х, Ц.С нарыг өөрийн зүгээс олох боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхээр эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлсөн баримт, Э ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Т.М, Б.П нарт олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2024/10428 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн *** тоот Зээлийн гэрээ-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн *** тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-ний хуулбар, Ц.С-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Ц.С-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Э.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Э.Х-д 17,820,000 төгрөгийн зээл олгосон цахим гүйлгээний баримтын хуулбар, зээлийн дансны хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний 305 дугаартай тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2024/12261 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Х, Ц.С нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь Э.Х, Ц.С нартай 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр *** тоот Зээлийн гэрээ, *** тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Э.Х, Ц.С нарыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Х нь Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, ** тоот хаягт оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2024/10428 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар, Ц.С нь Сонгинохайрхан дүүрэг, 35 дугаар хороо, ** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 305 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Х Б овогт Э.Х /РД:*/, Б овогт Ц.С /РД:*/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Х Б овогт Э.Х /РД:*/, Б овогт Ц.С /РД:*/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Х Б овогт Э.Х /РД:*/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт,
Б овогт Ц.С /РД:*/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Хүсэлт гаргагч Э ББСБ ХХК /-д Э.Х /РД:*/-ын оршин суугаа хаягийг олж тогтоон мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт, Ц.С /РД:*/-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ