Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/02654

 

 

 

 

 

 

 

 

2024 07 02 181/ШШ2024/02654

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 02 дугаар хороо, * оршин байх, К ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Л-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч К ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Л-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Ж овогт Н.Л /РД:-/ нь К-тай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3003-2022/22 тоот Зээлийн гэрээ байгуулан, 24 сарын хугацаатай, 5,390,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй авсан. Иргэн Н.Л нь зээлээ хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөлгүй, амьдран суудаг хаяг нь тодорхойгүй, олдохгүй байна. Н.Л зээл авах үеийн хаяг болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Г* тоот хаягт бүртгэлтэй боловч амьдран суудаггүй болох нь 21 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 356 тоот албан бичгээр нотлогдож байна. Иймд зээлдэгч Н.Л-гийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу Н.Л-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Б.Х-д олгосон итгэмжлэл, Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 356 тоот албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3003-2022/22 тоот Зээлийн гэрээ-ний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №3003-2022/22-01 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-ний хуулбар, Н.Л-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, К ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч К ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Л-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч К ХК нь Н.Л-тэй 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3003-2022/22 тоот Зээлийн гэрээ, №3003-2022/22-01 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Н.Л-г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Л нь Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, * тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 356 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Ж овогт Н.Л /РД:-/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ж овогт Н.Л /РД:-/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ж овогт Н.Л /РД:-/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Ж овогт Н.Л /РД:-/-гийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч К ХК /утас:-/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ