Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2023/0981

 

 

     2023         12           15                                     128/ШШ2023/0981

                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Нур-Едил” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аманкелди, 

Хариуцагч:   Сангийн сайд

Хариуцагч: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Баярмаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ариунболд, Т.Энхжаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Баярмаагийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны 180 дугаар тушаалын хавсралтын “Нур-Едил” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аманкелди, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ариунболд, Т.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “Нур-Едил” ХХК-иас Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Баярмаад холбогдуулан “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Баярмаагийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргажээ.

2. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сангийн сайдад холбогдуулан “Монгол улсын сайдын 2023 оны 09 дүгээр 13-ны өдрийн 180 дугаар тушаалын хавсралтын “Нур-Едил” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлжээ.

3. Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хонаеваас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулах тухай” 2-01/673 тоот албан бичгээр “Нур-Едил” ХХК-ийг “... дээрх ноцтой хуурамч материалуудыг үндэслэн ... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий улсын байцаагчаар тогтоолгож, ... тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлт оруулахаар Сангийн сайдад ханджээ.

4. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч С.Наранцогт УБ/04 дугаартай “Худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж”-ийг  2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр баталсан ба хавсралт аж ахуйн нэгжүүдийн 20-д “Нур-Едил” ХХК бичигджээ.

5. Улмаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хонаев 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 2-01/1262 тоот албан бичгээрээ “...Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2021/0035 дугаар шийдвэрээр ...“Нур-Едил” ХХК-ийг хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй хэмээн үзсэн тул ... 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02-01/678 тоот “Нур-Едил” ХХК-ийг “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулах тухай” хүсэлтээсээ бүхэлдээ татгалзаж байгааг үүгээр илэрхийлж байна” гэжээ.

6. Үүний дагуу Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Баярмаа “1. “Нур-Едил” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүсээгүй байна. 2. ...”Нур-Едил” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үндэслэлгүй байна” гэх УБ/41 дугаартай дүгнэлтийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргажээ.

7. Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Назымаас “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулах тухай” 2022 оны 01 дүгээр 17-ны өдрийн 01/20 дугаартай албан бичгээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтод хандан “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 355 дугаар Магадлалаар “Нур-Едил” ХХК-ийн ирүүлсэн хуурамч материалууд тогтоогдсон. Мөн Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 234 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, “Нур-Едил” ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. ...Иймд илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий улсын байцаагчаар тогтоолгож ...тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулж өгнө үү” гэжээ.

8. Мөн Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанаас  2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1-01/133 тоот албан бичгээр Сангийн сайд Б.Жавхланд хандан “Нур-Едил” ХХК-ийг Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулах тухай саналыг хүргүүлжээ.

9. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч Ж.Ганбат 01 дугаартай “Худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж”-ийг  2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр баталжээ. 

10. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Баярмаа 2023 оны 06 дугаар 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтээр “Нур-Едил” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Нур-Едил” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

11. Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 180 дугаар тушаалаар “Нур-Едил” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэжээ.

12. Нэхэмжлэгч “Нур-Едил” ХХК-иас Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Манай компани нь 2002 онд байгуулагдсан бөгөөд 22 дахь жилдээ барилга угсралтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хугацаандаа Төрд татвараа үнэнч шударгаар төлж, 40-өөд хүнийг байнгын ажлын байраар хангаж, тэдний ар гэр, үр хүүхдүүдийн амьдралын эх үүсвэр болсон цалин хөлсийг тогтвортой тавьж, нийгмийн баталгаагаар хангаж ажилладаг.

Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Ч.Баярмаа нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт гаргаж манай "Нур-Едил" ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн гэж үзэж, мөн хуулийн 14.5-т зааснаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлэхээр шийдвэрлэсэн юм. Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Ч.Баярмаа нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм"-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.5, 5.6, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2, 1.5, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. 47 дугаар зүйлийн 47.1.6, 60 дугаар зүйлийн 60.1 /80.1.7/ дахь хэсэгт заасныг зөрчиж нэг л төрлийн гомдолд 2 удаа зөрчлийн хэрэг нээж шалгаж 2 өөр, эсрэг тасраг шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тодруулбал: Сангийн яамны худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Ч.Баярмаа нь энэхүү дүгнэлтэд заасан зөрчил гэх асуудлыг 2021 онд зөрчлийн хэрэг нээн шалгаж 2021 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн УБ/41 дугаартай дүгнэлт гаргаж манай компанийг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй" гэж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь одоо хуулийн хүчин төгөлдөр байна. Гэтэл тухайн асуудалд 2023 онд дахин зөрчлийн хэрэг нээж шалгаад 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтээр манай компанийг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон" гэж дүгнэж байгаа нь хууль бус дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Мөн тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, тухайн компанийн буруутай үйл ажиллагаа, оролцоо байгаа эсэхийг нягтлан шалгаагүйгээс гадна зөрчлийн хэрэг нээж шалгах хууль зүйн үндэслэлгүй, урьд тухайн асуудлыг шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхад захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, тухайн асуудлыг хэлэлцэх хуулийн хөөн хэлэлцэх хугацаа зэрэгт дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Ч.Баярмаагийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтэд дурдсан асуудлын талаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2021/0035 дугаар шийдвэр гарч байсан юм. Үүнд:

1. Аймгийн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/140 тогтоолоор "Нур-Едил" ХХК нь иргэн Х.Саясат гэдэг хүнтэй 2015 онд 1,2 тэрбум төгрөгөөр 18х15м.кв зоорин давхартай 2 давхар худалдаа үйлчилгээний барилгын ажлын гэрээ хийж 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авсан Улсын комиссын актад комиссын бүрэлдэхүүний гишүүн аймгийн Онцгой байдлын газрын ГХУХ Байцаагч Х.Сайлаугийн гарын үсгийг хуурамчаар зурсан гэх үндэслэл тогтоогдсон гэх асуудлын талаар шүүхээс "Х.Сайлаугаас бусад комиссын бүрэлдэхүүн нь ажиллаж, хариуцсан асуудал тус бүрээр санал гаргаж, комиссын актад гарын үсэг зурсан тохиолдолд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2016 дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт"-ыг бүхэлд нь хуурамч бичиг баримт гэж үзэх боломжгүй, мөн "Нур- Едил" ХХК нь комиссын уг актад хуурамчаар гарын үсэг зурсан гэж үзэх нөхцөл байдал Баян- Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/140 дугаартай "Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай" тогтоолоор тогтоогдоогүй. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2016 дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт"-д Х.Сайлаугийн гарын үсгийг өөр хүн зурсан асуудлаар "Нур-Едил" ХХК-ийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байх тул "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт"-ыг тус компани хуурамчаар үйлдсэн, хуурамч материал гаргаж өгсөн гэж үзэхээргүй байна" гэж шийдвэрлэж байсан юм.

2. Аймгийн прокурорын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 89 тогтоолоор "Нур-Едил" ХХК нь тендер шалгаруулалтад ирүүлсэн иргэн Х. Исатай 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 03 дугаартай механизм түрээслэх гэрээг байгуулахдаа түрээслэгч Х.Иса нь өөрийн биеэр оролцоогүй, түүний гарын үсгийг тус компанийн инженер Б.Нурбахыт зурж хуурамчаар үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна гэх асуудлын хувьд: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2021/0035 дугаар шийдвэрт тухайн асуудлын талаар дараах дүгнэлт хийсэн: "Нур-Едил" ХХК нь тендерийн шаардлагыг хангахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэх боломжгүй, Х.Исатай байгуулсан түрээсийн гэрээг хассан ч гэсэн Нур-Едил ХХК нь тендерийн шаардлагыг хангасан байна. Харин Х.Исатай байгуулсан түрээсийн гэрээ нь энэхүү тендертэй холбоогүй бөгөөд тендерийн баримтад андуурч хийгдсэн байна" хэмээн дүгнэжээ. иргэн Х.Исатай 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 03 дугаартай механизм түрээслэх гэрээ нь тухайн тендерт хамааралгүй баримт байсан бөгөөд манай компанийн зүгээс тендерийн бичиг баримтыг цахим хэлбэрт оруулахдаа санамсаргүй байдлаар нэмэгдсэн байсан. Тухайн түрээсийн гэрээг тухайн тендертэй холбоотой илт худал мэдээлэл ирүүлсэн гэж үзэх боломжгүй. Иргэн Х.Исатай 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 03 дугаартай механизм түрээслэх гэрээг өөрөө хүлээн зөвшөөрч, түүнтэй харилцан тохиролцсон учраас бичгийн хэлбэрээр байгуулахдаа өөрийнх нь хүсэлтээр гарын үсгийг түүний найз болох Б.Нурбахытаар зуруулсан байна. Үүнийг манай компани тухайн үед мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Тэгээд ч тухайн тендерт хамааралгүй 200 ортой хүүхдийн цэцэрлэгт холбоотой машин механизм түрээслэх гэрээ байсан юм.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-т "Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон" гэж заасан. Харин дээрх хуурамчаар үйлдсэн гэх баримтууд бол тухайн тендерийн тооцоо судалгаанд хамаарах мэдээлэл биш бөгөөд тухайн тендерт тавигдах шаардлагад хамааралгүй баримтууд байсан. Дээрээс нь илт худал мэдээлэл бүхий тендер гэдэгт хамаарахгүй юм.

Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Ч.Баярмаагийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтийн улмаас манай компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлагдаж эрх ашиг нь зөрчигдөж байна.

Иймд Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Ч.Баярмаагийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

13. Нэхэмжлэгч “Нур-Едил” ХХК-иас Сангийн сайдын тушаалыг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Ч.Баярмаад холбогдуулан "Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Ч.Баярмаагийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Монгол улсын Сангийн сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаар тушаалын хавсралтаар манай компанийг Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах этгээдийн жагсаалтын №1-т оруулсан тухай мэдэгдлийг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шуудангаар хүлээн авч танилцсан. Монгол улсын сангийн сайд энэхүү шийдвэрээ гаргах болсон үндэслэлийг бидний маргаж буй Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Ч.Баярмаагийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлттэй холбоотой тайлбарласан байна. Ингэснээр манай компани нь тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд орж цаашид ямар нэгэн төрийн худалдан авалттай холбоотой сонгон шалгаруулалтад оролцож чадахгүйд хүрч байна. Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Ч.Баярмаагийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт үндэслэлгүй гэж үзээд хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэв шүүхээс нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзвэл Сангийн сайдын энэхүү шийдвэр мөн хүчингүй болох ёстой гэж үзэж байна.

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыл шүүх хуралдаанд гаргасан үндэслэлдээ: “...төрийн хяналт шалгалттай холбоотой гомдлыг шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгүүлэх төрийн нарийн бичигт гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн. Бидний гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй учраас шүүхэд хандсан. Шүүхэд хандан Захиргааны хэрэг үүссэний дараа тухайн байцагчийн дүгнэлтэд үндэслэж эрх  нь хязгаарлагдсан этгээдийг бүртгэлд оруулсан тушаал гаргасан учраас компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлагаа ихэсгэсэн. Өнөөдрийн байдлаар хоёр төрлийн захиргааны акттай холбоотой маргаан явж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн энэ актуудыг хүчингүй болгох гэж байгаа гол үндэслэлийн хувьд:

1. Худалдан авах Улсын байцаагчийн 2019 оны Засгийн газрын шийдвэрээр баталсан дүрмийг өөрсдөө зөрчсөн хугацаагаа баримтлаагүй.

2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсгийг баримталж ажиллаагүй. Энэ хуульд заасан процессыг зөрчсөн гэж байгаа. 1 дүгээр үндэслэлийн хувьд байцаагчийн дүрэм. Төрийн хяналт шалгалттай холбоотой процесс болсон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрсөн гэж үзэж байгаа. Үндэслэлийн хувьд хэрхэн яаж зөрчсөн юм бэ? Гэхээр Төрийн хяналт шалгалтын хуульд заасан асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр улсын байцаагч Ч.Баярмаагийн хувьд УБ/41 гэсэн дүгнэлтийг гаргаж байсан. Баян-Өлгий аймгийн Засаг даргаас гаргасан гомдлыг 2 удаа шийдсэн. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2 дахь нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр. ...Дүгнэлт нь хүчин төгөлдөр байсаар байтал Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “төрийн тухайн байгууллага албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдлыг гаргасан бөгөөд түүнийг дахин хянан шийдвэрлэх үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчиж 2023 онд дахин хянаж авч үзээд өмнөх дүгнэлтээсээ өөрөөр дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд байцаагч шинээр илэрсэн нөхцөл байдал байна гэж дүгнэсэн. Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль дээр процессын ажиллагаанд шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг ойлголт байдаггүй. Энэ нь байцаагчийн дүрэм ч гэсэн байхгүй байна. 2019 оны энэ 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан. Шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэгт иргэдээс гаргасан өргөдөл, гомдолтой шийдвэрлэх төрийн хяналт шалгалт хийхтэй холбоотой шинээр илэрсэн нөхцөл байдал гэж энэ журам нэгэнт байхгүй зүйлийг гаргаж ирээд дахиж шалгаад Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэх тухай хуулийн 14.1.3 дахь хэсгийг зөрчиж дахин дүгнэлт гаргасан. Захиргааны актын хувьд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/41 хэвээрээ байж байгаа.

2 дугаарт нь байцаагчийн дүгнэлтэд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гарсан магадлал байгаагүй, 2021 оны 07 дугаар сард гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж дүгнэлт гаргасан гэж тайлбарлаж байна. Тухайн үед анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон өөрчилсөн магадлалыг 2023 онд гаргаж ирсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдалд дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Энэ яагаад үндэслэлгүй гэж байгаа юм бэ гэхээр магадлал байцаагчийн дүгнэлт гарахаас 3 сарын өмнө гарч байсан. Дүгнэлтэд үндэслэл болгосон анхан шатын шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болоогүй гэдэг асуудалд байцаагч тухайн үедээ дүгнэлт хийх шаардлагатай байсан. Давж заалдах гомдол гаргасан юм уу?, давж заалдах гомдол нь ямар утга бүхий гомдол гаргасан юм хүчин төгөлдөр шийдвэр юм уу?, хүчингүй болсон шийдвэр юм уу? гэдгийг тухайн үедээ байцаагч өөрөө хэрэгжүүлэх боломж байсан. Тэр үед буруутгахдаа шалгуулж байгаа этгээд “Нур-Едил” ХХК-д магадлалын талаар хэлж өгөөгүй магадлалын хэлэх шаардлагагүй байсан. Магадлал тухайн үедээ утга агуулгын хувьд хянасан хэсэгт нэг өгүүлбэрээр бичсэн болохоос биш тогтоох хэсэгт тухайн өгүүлбэр байгаагүй харин ч анхан шатын шүүхийн дүгнэсэн хэсгийг бүхэлдээ үгүйсгээгүй магадлал байсан. Тухайн магадлалыг хяналтын журмаар гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Хяналтын шатын шүүхийн тогтоол мөн адилхан 7, 8 сард эцсийн шийдвэр гарсан. Хугацааны хувьд Б/41 дүгээр 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байцаагчийн дүгнэлт гарахаас өмнө эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Эцсийн шийдвэрийг 8 дугаар сард гардан авсан байсан 2 сарын өмнө гэсэн үг.

Иймд байцаагчийн дүгнэлт гарахаас өмнө тухайн маргаан шийдвэрлэгдсэн байсан тул шинээр илэрсэн нөхцөл байдал биш гэж үзэж байна.

...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауржанаас 2 дахь удаагаа гомдол ирсэн. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ирснийг нь бол 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шийдвэрлэж акт гаргаж байсан. 2022 оны 02 дугаар  сарын 14-ний өдөр энэ гомдлыг дахиж бичиж зүгээр л огноог нь өөрчилж явуулсан. Энэ нь Яаман дээр 02 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн байна. 2023 оны 06 дугаар сарын 12-нд өөрөөр хэлбэл Яаман дээр ирж бүртгэгдсэний дараа нэг жил дөрвөн сарын дараа шийдвэрлэгдсэн. Бидний гомдол гаргаж байгаа зүйл Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2-т заасан төрийн хянан шийдвэрлэх тухай холбоотой асуудлыг шийдэхэд процесс хуульгүй болж байгаа. Энэ хуулийн 16 дээр гомдол шийдвэрлэх хугацааны талаар заасан 16 дугаар зүйл иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Тухайн байгууллага удирдах албан тушаалтан 30 хүртэлх хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл гомдол гаргагчид мэдэгдэнэ. Иймд гомдлыг хүлээн авсан өдөр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дотор шийдвэрлэх ёстой байсан. Д.Бауржаны гаргасан гомдлыг хүлээн авсан өдрөөс гэсэн үг. Түүнээс маш олон өргөдөл, гомдлыг бөөгнүүлж байгаад нэг дор нь шийдвэрлэнэ гэж хууль заагаагүй. Дүрэм  бас үүнтэй ижилхэн хугацаа нь явагдвал нэг сар мөн адил 1 сарын хугацаагаар сунгаж болдог. Улсын байцаагчийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1-т бол Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд улсын байцаагч хяналт шалгалтыг зөвхөн Улсын ерөнхий байцаагчийг баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд хяналт шалгалтын үүрэг тогтооход 30 хоногоос хэтрэхгүй шаардлагатай тохиолдолд улсын байцаагчийн шийдвэрээр энэ хугацааг 30 хоногоор сунгаж болно гэж заасан байгаа. ... журмыг өөрчилж 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирсэн гомдлыг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрлэж 1 жил 4 сарын дараа дүгнэлт гаргаж байна” гэжээ.

15. Хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Баярмаа шүүхэд ирүүлсэн тайлбар үндэслэлдээ: “"Нур-едил" ХХК нь Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан БСШУСЯ/201902176 дугаартай "Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажил"-ын тендер шалгаруулалтад оролцохдоо иргэн Х.Саясаттай 2015 онд худалдаа үйлчилгээний барилгын ажлын гэрээ хийж, уг гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авсан Улсын комиссын актад аймгийн Онцгой байдлын газрын байцаагч Х.Сайлаугийн гарын үсгийг хуурамчаар зурсан, тухайн оны борлуулалтын орлогод тусгаж татвар төлөөгүй, 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан машин механизм түрээслэх гэрээг байгуулахдаа түрээслэгч Х. Исагийн гарын үсгийг тус компанийн инженер Б.Нурбах зурж хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж Баян-Өлгий аймгийн тухайн үеийн Засаг даргын орлогч С.Хонаеваас "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулах тухай" 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2-01/678 тоот албан бичгийн дагуу анх Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2021 оны УБ/04, УБ/05 дугаартай удирдамж гарч хяналт шалгалт хийгдэж байсан.

Тус удирдамжийн дагуу хяналт шалгалт хийгдэх хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүсэлт гаргагч С. Хонаевын гарын үсэгтэй "Хүсэлт гаргах тухай" 2-01/1262 тоот албан бичиг ирсэн бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2021/0035 дугаар шийдвэр гарч түүний хүсэлтэд дурдсан асуудлуудын талаар дүгнэлт хийсэн тул 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2-01/678 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа мэдэгдсэн байдаг.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2021/0035 дугаар шийдвэрийг үндэслэн худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр УБ/41 дугаартай дүгнэлтээр илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй талаар дүгнэсэн байдаг. Харин энэхүү шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар шийдвэрлэж, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 355 дугаар магадлал гарсан бөгөөд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны 234 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан тухай Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Назым 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/20 тоот албан бичгээр, тус аймгийн Засаг дарга Д.Бауйржан 2022 оны 01 дүгээр сарын 28- ны өдрийн 1-01/133 тоот албан бичгээр тус тус яаманд анх удаа мэдэгдсэн тул 2023 оны УБ/01 дугаартай удирдамжаар “Нур-Едил” ХХК-д холбогдуулан дахин хяналт шалгалтын ажиллагаа хийхийг Худалдан авах ажиллагааны Улсын ерөнхий байцаагчаас даалгасан. Тус ажиллагааны хүрээнд цугларсан баримт бичгээс үзэхэд урьд нь улсын байцаагчийн шалгалтын үед захиалагчаас мэдэгдээгүй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 355 дугаар магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.4 дэх хэсэгт "Энэ хуулийн 124.3-т заасны дагуу гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаана." гэж, 124.5-д "Энэ хуулийн 124.3, 124.4-т заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх бөгөөд гомдол гаргахгүй." гэж зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх магадлалаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх "Нур- Едил" ХХК-ийг "хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцсон болохыг тогтоон шийдвэрлэсэн бөгөөд худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн зүгээс шүүхээс дүгнэсэн дүгнэлттэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэж тогтоосон болно.

Иймд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үндэслэн гаргасан байцаагчийн дүгнэлт буюу захиргааны актыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

16. Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ариунболор, Т.Энхжаргал нар шүүхэд ирүүлсэн тайлбар, үндэслэлдээ: “"Нур-едил" ХХК нь Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан БСШУСЯ/201902176 дугаартай "Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажил"-ын тендер шалгаруулалтад оролцохдоо "хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцсон болохыг худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтээр тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14,5 дахь хэсэгт "Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ." гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтад "энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх;" гэж тус тус заасны дагуу тушаал гаргаж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна”, 3 дугаар зүйлийн 2.“Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг уг хуульд заасан журмаар шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг уг хууль буюу Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан журмаар шийдвэрлэх тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль маргаан бүхий харилцаанд хамаарахгүй байна.

2. Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга нараас БСШУСЯ/201902176 дугаартай “Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажил”-ын тендер шалгаруулалтад илт худал мэдээлэл ирүүлсэн гэх үндэслэлээр 2022 оны 1-01/133 дугаар болон 2022 оны 01/20 дугаар албан бичгүүдээр “Нур-Едил” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн яаманд хүргүүлжээ.

2.1 Захиалагч нь тендерийн ерөнхий нөхцөлийн магадлах явцад илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6.“илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хандаж, уг асуудлыг шалгаж, тогтоолгохоор байна.

3. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.“Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 52.2.“Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” гэж тус тус зааснаар хяналт шалгалтыг 5 өдрийн дотор эхлүүлэх зохицуулалт зөрчигдсөн боловч Монгол Улсын Засгийн газрын  2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 64 дүгээр тэмдэглэлд тусгагдсанаар, тус аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газрын дарга нарын ирүүлсэн  албан бичгийн дагуу  төлөвлөгөөт бус шалгалтыг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр удирдамжаар хийж гүйцэтгэснийг буруутгах боломжгүй байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 355 дугаар магадлалаар нэхэмжлэгч компани хуурамч материал бүрдүүлэн тендерт оролцсоныг дүгнэсэн бөгөөд энэ нь Төрийн болон орон өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6.“илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;” гэж заасан илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэнд хамаарах юм.

5. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 10 дугаартай дүгнэлтэд “...магадлалаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Нур-Едил” ХХК-ийг “хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцсон” болохыг тогтоон шийдвэрлэсэн бөгөөд худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн зүгээс шүүхээс дүгнэсэн дүгнэлттэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэн нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6.“илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1 дүгээр зүйлд заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 521 дугаар зүйлийн 521.2.1.“энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэж заасантай нийцжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аманкелди “...Өлгий сумын 5 дугаар баг буюу 1 дүгээр цэцэрлэг 250 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын тендерийн сонгон шалгаруулалтад бид материалаа илгээсэн. …Тухайн үед Өлгий сумын 11 дүгээр баг буюу 3-р цэцэрлэг 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа давхар явагдаж байсан. Бид хоёр ажилд давхар орж байсан учраас …машин механизм түрээсийн гэрээтэй  холбоотой .материал техникийн алдаа гарч хавсрагдаад орчихсон. Энэхүү 250 хүүхдийн ортой цэцэрлэгийн ажилд манай компанийн өөрийн эзэмшлийн техник, машин механизм бүрэн шаардлагыг хангаж байсан. Түрээсийн машин механизм илүү авч оролцуулах тухай мэдэгдэл байгаагүй. Энэ нь санамсаргүй техникийн алдаанаас болж хавсрагдаж орсон мэдэгдэл” гэснийг хүлээн авах боломжгүй байна. 

7. Учир нь Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 7.4-д “Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” гэж зааснаар тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцахаар байна.

8. Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ”Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 180 дугаар тушаалаар “Нур-Едил” ХХК-ийг Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар дүгнэлтээр илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн болохыг тогтоосон гэж үзэж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан байна.

9. Нэхэмжлэгч “Нур-Едил” ХХК нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэнийг тогтоосон улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан хариуцагч Сангийн сайдын тушаал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.“Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 5211-т заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж нийтэд мэдээлнэ”, 52 дугаар зүйлийн 52.1.14.“энэ хуулийн 14.5-д заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх” гэж заасантай нийцжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14, 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Нур-Едил” ХХК-иас Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Баярмаа нарт холбогдуулан гаргасан “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Баярмаагийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны 180 дугаар тушаалын хавсралтын “Нур-Едил” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДАМДИНСҮРЭН