Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 191

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

            -шүүгдэгч Ч.Цогбадрах нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Галзагд овогт Чулуунбаатарын Цогбадрахад холбогдох эрүүгийн 201719000298 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1980 оны 02 сарын 12-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-186 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, Галзагд овогт Чулуунбаатарын Цогбадрах /РД:оа80021214 / гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.Цогбадрах нь 2017 оны 04 сарын 23-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн нутагт Тоёота Ноах маркын 04-31 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажуу тал руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Н.Мөнхнасангийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, Ю Арт энтертайнмент студи ХХК-ний эзэмшлийн Тоёота Ноах маркын 04-31 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7 980 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Цогбадрах нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн.

Хэрэг  бүртгэлтэд:

Хохирогч Н.Мөнхнасан хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: 2017 оны 04-р сарын 23-ны өглөө би Бэлхэд Мөнгөншагай бид хоёрыг Цогбадрах ах Гантөмөрийн хамт 06 цаг 30 минутын орчим ирж аваад Дархан-Уул аймаг руу зураг авалтын ажилаар бид нар Улаанбаатараас гараад явсан. Тэр өдрийн өмнөх өдөр цас орчихсон зам халтиргаатай байсан. Тэгээд бид хэд Баянчандмань сум өнгөрөөд явж байтал зам жолооч 80 км/цагийн хурдтай явж байхаар нь зам халтиргаатай байна хурдаа жаахан хасахгүй юу гэж хэлээд удалгүй / 5 секунт / машин бөгсөө хаяаад замын хажуу тадын овоолсон шороо руу орж мөргөөд 2 өнхөрхөд нь би ухаан алдчихсан байсан. Нэг мэдсэн Мөнгөншагай дуудаж машинаас татаж гаргасан. Тэгээд Мөнгөншагай бид хоёрын араас Гантөмөр гарч ирсэн. Тэгээд жолоочийг хайгаад олоогүй. Тэгтэл замын эсрэг талын жалганаас / 20-30 метр/ олсон. Очтол жолоочийн нүүр цус болчихсон хоёр нүд юм харахгүй байна гэж хэлсэн. Тэгээд Цогбадрах ахыг замын эсрэг тал руу машин руу гаргасан. Тэгээд 10 орчим минутын дараа жолооч явж чадахгүй биеийн байдал муудсан. Тэгээд замаар явж байсан машинууд цагдаа болон эмнэлэг дуудсан. Эмнэлэг 30 орчим минутын дараа ирээд Цогбадрах бид хоёрын Баянчандмань сумын эмнэлэг рүү авч яваад эмнэлэгийн анхны тусламж үзүүлзэд бид хоёрыг Улаанбаатар хот руу Гэмтэлийн эмэнлэгт хүргэж өгсөн.

Бид нар 61-ийн гарам өнгөрөөд жолооч 70 орчим км/цагийн хурдтай явж байхаар нь гишгээд өг / хурдаа нэм / гэж хэлсэн. Осол болох үед 80 км/ цагийн хурдтай явж байсан. Цогбадрах нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.Тухайн үед замын гадаргуу мөсдчихсөн цаг агаар тогтуун байсан. Миний биед гэмтэл учирсан. Миний зүүн гарны булчингийн яс нэг удаа хугарсан өөр гэмтэл байхгүй. Манай байгууллага эмчилгээний зардалд 380 000 /гурван зуун наян мянган / төгрөг өгсөн. Цогбадрахаас нэхэмжилэх зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо эв зүйгээ олсон. Цогбадрах ах санаатай осол хийгүй болгоомжгүй үйлдэл хийсэн тул гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20/

 

Иргэний нэхэмжлэгч Х.Энхзаяа хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: 2017 оны 04-р сарын 23-ны өглөө Дархан-Уул аймаг руу Улаанбаатар хотоос манай байгууллага буюу Ю Арт студийн ажилтан болох жолооч Цогбадрах, графикч Мөнхнасан, найруулагч Мөнгөншагай, туслах Гантөмөр нар байгууллагын 04-31 УБС улсын дугаартай Тоёота Ноах маркын тээврийн хэрэгсэлээр зураг авалтын ажилаар явсан. Тэгээд 08 цаг өнгөрч байхад нарйуулагч Мөнгөншагай манай захирал Ундрал руу бид нар авто осолд орчихлоо хурдан яаралтай Төв аймгийн нутаг “авор болсон” гэх газар ирээч “машин өнхөрчихлөө, тоног төхөөрөмж бүгд цацагдаад, хүмүүс гэмтчихлээ” гэж утасаар холбогдсон.

Цогбадрах нь манай байгууллагад гурван жил болж байгаа, архи дарс хэрэглэдэггүй, ажлын хариуцлага алдаж байгаагүй, ажлын цаг сайн барьдаг. Манай байгууллагад 7 980 000 / Долоон сая есөн зуун наян мянган / төгрөгний хохирол учирсан. Дээрхи хохиролыг Цогбадрахаас нэхэмжилэхгүй. Өөр хохирол учираагүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-24/

Гэрч Н.Гантөмөр хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: 2017 оны 04-р сарын 23-ны өглөө 06 цагийн үед жолооч Цогбадрах ах 06-31 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр намайг гэрээс ирж авсан. Бэлхийн зуслан орж Мөнхнасан, Мөнгөншагай хоёрыг аваад Гүнтийн даваагаар даваад Дархан-Уул аймаг руу явсан. Тэгж явж байгаад Баянчандмань сум өнгөрөөд зам халтиргаатай болж эхэлсэн тэгсэн чинь Мөнхнасан жолоочод хандаж хурдаа жаахан хасахгүй юу гэж хэлээд торомз гишгитэл машин бөгсөө хаяад замын хажуу талын шороо мөргөөд 3-4 удаа хөрвөөсөн. Тэгээд би хойд талын хаалгаар буусан. Мөнхнасан, Мөнгөншагай хоёр жолоочийн эсрэг талын хаалгаар буутал Мөнхнасан Цогбадрах ахыг замын эсрэгтал руу шидэгдсэн байхыг хараад Мөнгөншагай бид хоёр очоод Цогбадрах ахыг босгож замын нөгөө тал руу гарч машины хажуу талд аваачиж суулгасан. Замд зөрсөн хүмүүс эмнэлэг цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Тухай үед би жолоочийн арын суудал буюу баруун талд сууж явсан миний хажууд Мөнхнасан, жолоочийн эсрэг талд Мөнгөншагай сууж явсан.Би Дархан-Уул аймаг руу студын зураг авалтын туслах ажилтанаар явсан.

Улаанбаатар хотоос гараад 61-ийн гарам өнгөрөөд шулуун замд Мөнхнасан. Мөнгөншагай нар жолоочид хандаж гишгээд өг гэж ярилцаж байсан. Осол болох үед бол 80 км/ цагийн хурдай явж байсан гэж манай хэд ярьж байсан. Би бол хурдыг нь хараагүй Замын гадаргуу осол болох газар хүртэл гайгүй байсан. Осол болсон гэх газар мөсдөж хялмаа хаячихсан байсан. Цогбадрах ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.

Жолооч Цогбадрах, зорчигч Мөнхнасан хоёр бэртэж гэмтсэн. Мөнгөншагай бид хоёр бэртэж гэмтээгүй. Миний биед гэмтэл учираагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гомдол санал болон нэхэмжилэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22/

Гэрч Э.Мөнгөншагай хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн: 2017 оны 04-р сарын 23-ны өглөө 07 цагийн орчим Цогбадрах ах, Гантөмөр хоёр намайг Сэлбийн зусланд байхад ирж аваад замаараа Мөнхнасанг аваад Гүнтийн шинэ замаар даваад Дархан-Уул аймаг руу явсан. Тэгээд 61-ийн гарамаар замандаа нийлээд явж байгаал Баянчандмань сумын цагдаагийн Пост дөхөж ирэхээр нь би цагдаа байдаг шүү “хамгаалах бүсээ зүү” гэж хэлтэл харин тиймээ гэж хэлээд бүсээ зүүгээгүй. Цааш яваад 81,82 дахь км-ийн заалтаны ойролцоо зам эргэлттэй замын гадаргуу хялмаатай мөсдчихсөн байсан. Тэгсэн чинь араас Мөнхнасан жолоочид хандаж та шулуун заман дээр гишгэхгүй байж эргэлттэй заман дээр ямар эвгүй ордог юм бэ? гэж хэлээд хурдаа хасаачээ гэсэн. Тэгээд хурдаа хасахад нь би хурдны заалтыг хартал 100 км-ээс хурдаа хасаж байсан. Тэгсэн чинь Цогбадрах ах ер нь бол энэ хэсэгт л гишгидэг зам шүү дээ гэсэн. Тэгээд 5-7 секундын дараа торомзоо гишгэтэл машин маань бөгсөө хаясан чинь жолооч ахиад торомзоо тэр чигт нь гишгээд халтираад замын баруун гар талын овоолсон шороо мөргөөд 3 удаа өнгөрсөн. 2 дахь өнхөрөлтөн дээр Цогбадрах ах миний нүдний баруун буланд харагдаж байгаад алга болоод араас Мөнхнасан урд сандалны голоор орж ирээд урд хянах мөргөсөн. Тэгээд машин тогтсон. Тэгээд би ухаан ороод хартал машины урд талын хамраас утаа гарч байхаар нь би “машин дэлбэрч” магагдгүй гээд машинаас буугаад Мөнхнасанг машинаас хөлнөөс нь татаж гаргачихаад урд талын хаалгаар шагайтал Гантөмөр арын хаалгыг онгойлгох гээд оролдож байсан. Тэгээд би гайгүй юу гэж асуутал Гантөмөр нь гайгүй гэж хэлсэн. Би камераа гаргах гээд байж байтал Мөнхнасан нь Цогбадрах ах замын эсрэг талд байна гэж хэлсэн. Тэгээд Мөнхнасан бид хоёр Цогбадрах ах дээр очоод биед нь хүрсэн чинь Цогбадрах ах сэрсэн. Тэгээд нүүр нь хавдаад цусаар бөөлжөөд ухаан нь орж гараад байсан. Тэгээд бид хоёр замын эсрэг тал руу гаргаж машиныхаа хажууд суулгасан. Тэгээд араас ирж байсан болон өөдөөс ирж байсан жолооч нарт эмнэлэг болон цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Гантөмөр бид хоёр замаар тарчихсан тоног төхөөрөмжөө бөөгнүүлсэн. 30-40 минутын дараа Баянчандмань сумын эмнэлэг ирээд Цогбадрах ах, Мөнхнасан хоёрыг аваад явсан. Тэгээд цагдаа ирээд хэмжилт хийчихээд явсан. Бид хоёр Улаанбаатар хотоос ажпынханыгаа ирэхийг хүлээгээд үлдсэн.

Тухайн үед Цогбадрах нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Замын гадаргуу бага зэрэг хялмаа хаячихсан байсан. Нар гарах гэж байсан болохоор хайлж эхэлж байсан. Жолооч Цогбадрах, зорчигч Мөнхнасан хоёр бэртэж гэмтсэн. Гантөмөр бид хоёр бэртэж гэмтээгүй. Тухайн үед би ганцаараа хамгаалах бүс зүүчихсэн байсан. Миний биед гэмтэл учираагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гомдол санал болон нэхэмжилэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29/

Сэжигтнээр Ч.Цогбадрах хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: 2017 оны 04-р сарын 23-ны өдөр өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунаас өөрийн гэрээс албаны 04-31 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр Дархан-Уул аймаг руу зураг авалтын ажилаар явахдаа ажилчидаа Чингэлтэй дүүргийн Таван буудал гэх газраас Гантөмөрийг, Бэлх амралтаас Мөнгөншагайг 171-р сургуулийн зам дээрээс Мөнхнасанг аваад Гүнтийн даваагаар даваад явсан. Тэгээд 161-ийн гарам өнгөрөөд явж байтал Мөнгөншагай, Мөнхнасан нар нь хурдаа жаахан нэмээч гэж хэлсэн. Тэгээд цаашаа явсан. Баянчандмань сум өнгөрч байхыг санаж байна. Нэг мэдсэн чинь миний тээврийн хэрэгсэл бөгсөө хаяад гулсахаар нь би торомз гишгисэн. Тэгээд юу болсонг мэдэхгүй. Нэг мэдсэн чинь Гэмтсэл согог судал үндэсний төвд ирсэнээ мэдэж байна. Би тухайн үед 80 км/цагийн хурдтай явж байсан. Зорчигч Мөнхнасан нь зүүн хойд талд зорчиж явж байсан.

Би хурдаа тохируулж яваагүй мөн замын гадаргуу хальтиргаатай байснаас болж зам тээврийн осол гарсан гэж бодож байна.

Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний биед хүнд гэмтэл учирсан. Миний толгой тархи болон нүдэнд гэмтэл уччирсан. Би Мөнхнасанд эмчилгээний мөнгө өгөөгүй. Манай байгууллага Мөнхнасанд эмчилгээний мөнгө өгсөн гэсэн.

Техчикийн хувьд бүрэн бүтэн байсан. Торомз бол хэвийн ажиллагаатай байсан. Манай байгууллага надаас тээврийн хэрэгсэлийн хохирол гэж нэхэмжилээгүй гэсэн мэдүүлэг./хх-ийн 44-45/

- 2017 оны 05  сарын 05-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №5667 тоот актанд:

1. Н.Мөнхнасангийн биед баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 29 тал/,

-Шүүгдэгч Ч.Цогбадахын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: Ял шийтгэлгүй  гэх  лавлагаа /хх-53/,

-Вендо хөрөнгийн үнэлгээний ХХК-ний 2017 оны 05 сарын 06-ны өдрийн 07420650 дугаартай авто машины техникийн дүгнэлтэд: Тоёота НОАХ маркийн 04-31 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын тайлан нийт шууд зардал 7.980.000 төгрөг гэх /хх-ийн 32/

 

-Шүүгдэгч Ч.Цогбадрахыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-43-45 тал/, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-22-23 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.Цогбадрах нь 2017 оны 04 сарын 23-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн нутагт Тоёота Ноах маркын 04-31 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажуу тал руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Н.Мөнхнасангийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, “Ю Арт энтертайнмент студи”ХХК-ний эзэмшлийн Тоёота Ноах маркын 04-31 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7 980 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Мөнхнасан хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Х.Энхзаяа хэрэг бүртэлтэд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Н.Гантөмөр, Э.Мөнхшагай нарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №5667 тоот акт, шүүгдэгч Ч.Цогбадрахын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.Цогбадрахын  холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Ч.Цогбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана”  зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хохирогч Н.Мөнхнасан, шүүгдэгч Ч.Цогбадрах нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч Н.Мөнхнасан нь гомдол саналгүй, хохирол төлбөргүй гэсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Н.Мөнхнасан, шүүгдэгч Ч.Цогбадрахтай сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн иргэний нэхэмжлэгч Х.Энхзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт манай байгууллагаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн бичгийг ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

             Шүүгдэгч Ч.Цогбадрах нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Галзагд овогт Чулуунбаатарын Цогбадрахыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Мөнхнасан нь шүүгдэгтэй сайн дураараа эвлэрсэн байх тул шүүгдэгч Ч.Цогбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Ч.Цогбадрах нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Мөнхнасанд 600 000 төгрөгний хохирол төлсөн, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Ч.Цогбадрахад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Цогбадрахад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  •                                     , ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА