Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2019/ДШМ/25

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2019        06             17                                            2019/ДШМ/25

 

  ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Н.Батмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батдорж,

Нарийн бичгийн дарга:  П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолтой Г.Над холбогдох 1838008740119 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн давж заалдах гомдол, дээд шатны прокурор Н.Батмөнхийн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хар дархад овогт Ганбатын Н, ..... оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .................../.

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг Баатарын хяр гэх газраас хохирогч М.Бын 5 тооны адууг бэлчээрээс нь, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг Нарангийн гол гэх газраас хохирогч Д.Бямбабаярын 6 тооны адууг бэлчээрээс нь тус тус хулгайлж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хар дархад овогт Ганбатын Над холбогдуулан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч  Хар дархад овогт Ганбатын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ганбатын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганбатын Над оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн Г.Нын эзэмшлийн хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 ширхэг морийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Над буцаан олгож, Эрүүгийн 1838008740119 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: ... Шүүгдэгч Г.Над холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ ... хүнд гэмт хэрэгт хамааруулан үйлдэж ялласан бөгөөд шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж түүний үйлдлийг хөнгөн гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэл бүхий болсон. Шүүгдэгчийг хөнгөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа түүнд тохироогүй ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордууллаа. Г.Н нь ээж болон асаргаанд байдаг дүүгийн хамт амьдардаг. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, аминыхаа хэдэн малыг маллаж, ээж дүү нартаа тусалж амьдарлаа авч яваа залуу юм. Түүний хувийн байдал, ар гэр, ахуй амьдралын нөхцөл байдлыг харгалзаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Дээд шатны прокурор Н.Батмөнх эсэргүүцэлдээ: ... Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж,1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орчим Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг “Нарангийн гол” гэх газраас хохирогч Д.Бын 6 тооны адууг бэлчээрээс нь хулгайлан авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгах явцдаа түүний үйлдсэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг “Баатарын хяр” гэх газраас хохирогч М.Бын 5 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан гэх хэрэгт хэрэг үүсгэж яллагдагчаар татан дээрх хэргүүдийг нэгтгэн шалгаж яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч Г.Нын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу бусдын олон тооны мал хулгайлсан, өөрөөр хэлбэл 11 бод болж байх тул түүнд мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэнд гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

 Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ныг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг Баатарын хяр гэх газраас хохирогч М.Бын 5 тооны адууг бэлчээрээс нь, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орчим Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг Нарангийн гол гэх газраас хохирогч Д.Бын 6 тооны адууг бэлчээрээс нь тус тус хулгайлж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Нын 2 удаагийн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлсан үйлдлийг “шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэргийг цаг хугацаа, орон зайны хувьд өөр өөрөөр хоёр удаагийн үйлдлээр халдлагын зүйл нь тусдаа бусдын өмчлөх эрхэд халдсан байна. ...Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн нэг төрлийн гэмт хэргийг хоёр удаа үйлдэхдээ эхний үйлдлээр 5 тооны адуу, хоёр дахь үйлдлээрээ 6 тооны адууг хулгайлсан гэмт үйлдлийг халдлагын зүйлээр нэгтгэж буюу мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулж байгаа эсэхэд эргэлзээтэй байна.” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэн тооцно” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч Г.Нын хоёр удаагийн үйлдлээр бусдын 11 тооны адуу хулгайлсан үйлдлийг нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, хохирлын хэмжээгээрээ 11 тооны бод мал нь олон тооны мал хулгайлсан үйлдэлд хамаарч байх тул Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Нын тухайд хоёр удаагийн үйлдлээр 8 бодоос дээш тооны бод хулгайлсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул олон тооны мал хулгайлсан гэх холбогдох зүйл ангиар зүйлчлэн хэргийг шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэх юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...түүнд тохироогүй ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордууллаа. ...Түүний хувийн байдал, ар гэр, ахуй амьдралын нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Над урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                                         Т.ГАНБАТ

                                                                                          Н.БАЯРХҮҮ