Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 184

 

          Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

            -шүүгдэгч Р.Мягмардалай нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Хүнд гэлэн овогт Рагчаасүрэнгийн Мягмардалайд холбогдох эрүүгийн 201719000374 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1995 оны 03 сарын 27-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 23 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамтаар Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган 1 дүгээр багийн Сөдтий гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хүнд гэлэн овогт Рагчаасүрэнгийн Мягмардалай /РД:нл95032712/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Р.Мягмардалай нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 16-17 цагийн орчим Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Марз” гэх газар нутаглаж байсан иргэн Лувсандамдингийн гэрийн гадаа П.Намнангарав, Ч.Наранцогт нартай архидан согтуурч улмаар хохирогч П.Намнангаравыг гэр рүүгээ явахаар өөрийн мотоциклдоо мордоход нь юм ярьж сууя, байж байгаад яв гэхэд нь П.Намнангарав нь би ажилтай, явмаар байна гээд мотоцикль дээрээсээ яллагдагч Р.Мягмардалайг мөрлөсөн хохирогчийн зүй бус харьцааны улмаас Р.Мягмардалай нь П.Намнангаравын баруун хөмсөгний дээд хэсэгт баруун гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Мягмардалай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хэрэг бүртгэлтэд:

Хохирогч П.Намнангарав хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: 2017 оны 05 дугаар сарын 22-ний өдөр гэртээ байж байхад Нэргүйбаатар манай гэрт мал авах гээд ирсэн. Нэргүйбаатар надад нэг том пиво авч ирж өгсөн түүнийг бид хоёр хувааж уусан. Тэр пивыг ууж дуусаад Нэргүйбаатар манайхаас нэг борлон аваад явсан. Тэгээд би Лувсандамдингийн гэрт очсон чинь Чулуундорж, түүний эхнэр, Мягмардалай, нар Лувсандамдингийн гэрийн гадаа юм яриад 1 том пиво дундаа тавьчихсан уугаад сууцгааж байсан. Би тэр пивоноос уулцаж дуусаад гэр рүүгээ харьсан. Гэртээ очиход манай хонь аавын хоньтой нийлсэн байсан. Тэгэхээр нь би хонио ялгачихаад Болдбаатарын гэрт очиж Болдбаатараас адуу сурах гээд очтол тэдний гэрт хүн байхгүй. Харин Лувсандамдингийн гадаа Наранцогт, Мягмардалай хоёр 1 том пиво уугаад байж байсан. Тэгэхээр нь би мотоциклоосоо бууж очоод тэр пивоноос нь уулцсан. Тэгээд байж байтал Болдбаатар эхнэр Пүрэвдуламтайгаа хамт гэрийнхээ гадаа ирсэн. Болдбаатар гэрийнхээ гаднаас мотоциклоосоо буугаад бид нар дээр ирсэн. Бид нар тэгээд юм ярьж сууж байхад Наранцогт морины тэжээл зуурна гээд гэр рүүгээ орсон. Харин Болдбаатар, Мягмардалай бид гурав юм ярьж сууж байгаад за би гэрлүүгээ явлаа хонь мал эзгүй байгаа гэсэн чинь Мягмардалай чи байж бай хоёулаа юм яръя байж бай гээд шалаад байхаар нь би ажилтай байна гээд мотоцикль дээрээсээ мөрөөрэө мөрлөчихсөн чинь миний өөдөөс зөрүүлээд цохьсон Мягмардалай намайг битгий яв, байж бай гээд шалаад байхаар нь мотоциклоос буух явцдаа санаатай мөрлөсөн гэсэн мэдүүлэг./хх-ийн 17-18/

 

Гэрч Ч.Наранцогт хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Тарган 1-р багийн нутаг дэвсгэр “Марз” гэх газар гэртээ байж байгаад Лувсандамдин ахтай хамт уяж байгаа морио хөлслөх гээд явсан. Бид хоёр морио хөлсөлчихөөд гэртээ ирэхэд Чулуундорж, Мягмардалай, Намнангарав нар манай гэрийн гадаа том нийслэл пиво уугаад сууцгааж байсан. Тэгээд би ахиж 2 даагаа хөлсөлчихөөд ирэхэд Намнангарав гэрлүүгээ явсан байсан.Би даагаа хөлсөлчихөөд хөдөлгөж байгаад орж ирсэн чинь Лувсандамдин унтчихсан байсан. Тэгэхээр нь Мягмардалай бид хоёр нэг том пиво гэрийн гадаа хувааж уугаад байж байсан ба тэр пиво бараг дуусаж байхад Намнангарав мотоцикльтой ирээд бид хоёрын ууж байсан пивоноос 2,3 аяга уусан. Бид нарыг байж байхад Болдбаатар эхнэр Пүрэвдуламтай хамт гэртээ ирээд мотоциклоо гэрийнхээ гадаа орхиод бид гурав дээр алхаж ирсэн. Би мориныхоо тэжээлийг зуурах гээд гэрлүү ороход Мягмардалай, Намнангарав, Болдбаатар гурав юм яриад үлдсэн. Намайг гэрт морины тэжээл зуурч байхад гадаа нэг юм пэжигнээд явчихаар нь юу болов гээд гараад ирсэн чинь Мягмардалай, Намнангарав нар зодолдсон байдалтай Болдбаатар, Мягмардалайг гэрээс зайтай авааччихсан байсан. Харин Намнангарав мотоциклийн үрүүл дээрээ тонгойж зогсож байгаад за за би хонио дарлаа гээд яваад өгсөн гэсэн мэдүүлэг./хх-ийн 19/

Гэрч Ч.Болдбаатар хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Пүрэвдуламтай хамт сумын төв орж бензин авчихаад гэртээ очтол манай хажуу айл Лувсандамдингийн гэрийн гадаа Мягмардалай, Намнангарав, Наранцогт гурав 1 пиво дундаа тавьчихсан уугаад сууцгааж байсан. Би тэгэхээр нь тэд нар дээр яваад очсон юм тэгтэл Наранцогт морины тэжээл зуурна гээд гэрлүүгээ орсон. Намнангарав, Мягмардалай бид гурав юм яриад гэрийн гадаа үлдсэн. Тэгэж байгаад Намнангарав гэрлүүгээ явлаа мал эзэнгүй байгаа гээд мотоцикль дээрээ очиж суутал Мягмардалай очоод байж бай жаахан юм ярьж сууя гэсэн чинь би ажилтай, явмаар байна гээд Мягмардалайг мөрөөрөө ёвроод мөрлөсөн чинь Мягмардалай зөрүүлээд нүүр лүү нь нэг удаа цохьсон гэсэн мэдүүлэг./хх-ийн 20/

 

Гэрч М.Пүрэвдулам хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: Тухайн өдөр нөхөртэйгөө хамт сумын төвөөс ирээд би гэртээ юмаа хийгээд байж байсан. Манай хажуу айлын гадаа Мягмардалай, Наранцогт, Намнангарав нар байхад нь манай нөхөр Болдбаатар тэд нар дээр оччихоод ирье гээд явсан гэсэн мэдүүлэг./хх-ийн 21/

 

Шинжээч эмч И.Ганболор хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: Намнангаравт үүссэн шархны хэлбэр хэмжээ, зах ирмэг нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэж язарсан байсан. Сэрээгээр хатгахад үүсэх боломжгүй, хатуу мохоо зүйл гэж ир, үзүүр, ирмэг зүйлгүй, тэгш гадаргуутай хатуу зүйлийг хэлнэ. Сэрээ үзүүртэй зүйл учраас орохгүй гэсэн мэдүүлэг./хх-ийн 35/

 

Сэжигтэнээр Р.Мягмардалай хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Тарган 1-р багийн нутаг дэвсгэр Марз гэх газар Лувсандамдингийн гэрийн гадаа Наранцогт бид хоёр 1 том пиво уугаад дуусаж байхад Намнангарав мотоцикльтой ирсэн. Намнангаравыг ирэхээр нь нөгөө ууж байсан пивоноосоо хийж өгөөд бид гурав хамт уусан юм. Тэгээд байж байтал Болдбаатар эхнэр Пүрэвдуламын хамт гэртээ ирсэн. Тэгээд Болдбаатар гэртээ оролгүй бид нар дээр ирээд юм ярьсан. Тэгтэл Наранцопг гэрт орж мориныхоо тэжээлийг зуурна гээд гэртээ орсон. Бид гурав юм яриад сууж байхад Намнангарав гэрлүүгээ явлаа мал харах хүнгүй гээд мотоцикль дээрээ очиж суусан. Тэгэхээр нь би очоод жаахан юм яриад сууж байж бай гэсэн чинь би ажилтай байна гээд намайг мөрөөрөө ёвроод, мөрлөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр лүү нь цохьсон юм гэсэн мэдүүлэг./хх-ийн 43-44/

 

- 2017 оны 05 сарын 30-ны өдрийн шүүх эмнэлгийн гаргасан №305 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.   П.Намнангаравын биед баруун хөмсгөнд язарсан шарх, баруун нүдний салстанд цус харвалт, хамарт залгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.   Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.   Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.   Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх /хх-ийн 25-26/

-Шүүгдэгч Р.Мягмардалайгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: Урьд ял шийтгэлгүй гэх  лавлагаа /хх-ийн 45/,

-Шүүгдэгч Р.Мягмардайлайг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 43 тал/, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 44 тал/ зэргийг шинжлэн судлав.

  

    Дээрх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Мягмардалай нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 16-17 цагийн орчим Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Марз” гэх газар нутаглаж байсан иргэн Лувсандамдингийн гэрийн гадаа П.Намнангарав, Ч.Наранцогт нартай архидан согтуурч улмаар хохирогч П.Намнангаравыг гэр рүүгээ явахаар өөрийн мотоцикдоо мордоход нь юм ярьж сууя, байж байгаад яв гэхэд нь П.Намнангарав нь би ажилтай, явмаар байна гээд мотоцикль дээрээсээ яллагдагч Р.Мягмардалайг мөрлөсөн, хохирогчийн зүй бус харьцааны улмаас Р.Мягмардалай нь П.Намнангаравын баруун хөмсөгний дээд хэсэгт баруун гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч П.Намнангаравын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ч.Наранцогт, Ч.Болдбаатар, М.Пүрэвдулам нарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, шинжээч эмч И.Ганболорын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №305 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Р.Мягмардалайгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Р.Мягмардалайгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Р.Мягмардалайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана”  зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хохирогч П.Намнангарав, шүүгдэгч Р.Мягмардалай нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч П.Намнангарав нь гомдол саналгүй, хохирол төлбөргүй гэсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч П.Намнангарав нь шүүгдэгч Р.Мягмардалайтай сайн дураараа эвлэрсэн гэх эвлэрлийн гэрээ болон гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

            

             Шүүгдэгч Р.Мягмардалай нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хүндгэлэн овогт Рагчаасүрэнгийн Мягмардалайг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Намнангарав нь шүүгдэгч Р.Мягмардалайтай сайн дураараа эвлэрсэн байх тул шүүгдэгч Р.Мягмардалайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Р.Мягмардалай нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Р.Мягмардалайд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Мягмардалайд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  •                                     , ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА