Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2024/0064

 

 

      2024         01           17                                   128/ШШ2024/0064

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би “Х*******” ХК-ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О*******ын ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Зээлдэгч “М******* ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Худалдаа, хөгжлийн банкны өмнө бүрэн гүйцэтгэснээр банкны барьцааны эрхийг дуусгавар болгох бүртгэл хийсэн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааны улмаас банкны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал арилсан буюу маргаан бүхий захиргааны акт болох барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, барьцааны эрхийг сэргээхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь банкны зөрчигдсөн эрхийг сэргээх ач холбогдлоо алдсан болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу Х******* ХК-ийн зүгээс нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтэй байх тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           1. “Х*******” ХК-иас Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд үүссэн Худалдаа, хөгжлийн банкны барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэлийн үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоож, барьцааны эрхийн бүртгэлийг сэргээхийг тус хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч “Х*******” ХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х*******” ХК-ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд үүссэн Худалдаа, хөгжлийн банкны барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэсэн бүртгэлийн үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоож, барьцааны эрхийн бүртгэлийг сэргээхийг тус хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ган-Эрдэнэд  даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           Л.ӨЛЗИЙЖАРГАЛ