Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 128

 

            Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

- улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

           - шүүгдэгч Б.Алтанцоож нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Төв аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалав овогт Басангийн Алтанцоожид холбогдох эрүүгийн 201719000071 тоот хэргийг 2017 оны 04  дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын харъяат, 1970 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн,  яс үндэс дөрвөд, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ихэр Алтай”ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь

-Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 12 сарын 28-ны өдөр 13 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар 40 000  төгрөгөөр торгох ялаар /хх-ийн 96/,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Нэг дүгээр шүүхийн 2014 оны 05 сарын 13-ны өдөр 582 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар /хх-ийн 97-99/ тус тус шийтгүүлж байсан.  2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,  улсаас авсан гавъяа шагналгүй, Жалав овогт Басангийн Алтанцоож. /РД:оэ70020998/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Алтанцоож нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 8м3, мөн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 8м3, нийт 16м3 түлээний мод бэлтгэх тусгай зөвшөөрөл авч Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт Өлзий 2 дугаар багийн нутаг Шатан гэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 07-ноос 15-ны өдрүүдэд Б.Соёмбо, С.Жигүүрбаяр, Ширнэн нараар түлээний 19.81м3, хэрэглээний 7.14м3 мод буюу олгогдсон зөвшөөрөлөөс илүү 3.81м3 түлээний мод, зохих зөвшөөрөлгүй 7.14м3 хэрэглээний модыг үргэлжилсэн үйлдлээр бэлтгүүлэн, тээвэрлүүлж байгаль орчинд нийт 3 001 284 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Алтанцоож шүүхийн хэлэцүүлэгт: Би 2016 оны намар Төв аймгийн Батсүмбэр суманд өвөлжөө худалдаж авсан. Малын өвөлжөө барихдаа мод бэлтгэх тусгай зөвшөөрөл авсан. Ойн байцаагчаас асуухад хэрэглээндээ нойтон мод бэлтгэж болно, унанги мод авч болно гэж хэлсэн. Би 2 удаа мод бэлтгэх тусгай зөвшөөрөл авсан. Тусгай зөвшөөрөлд зааснаар ойгоос мод бэлтгэх хугацаа 3 хоног байдаг. Надад дахин мод бэлтгэх шаардлага гарч зөвшөөрлөө авах гэсэн боловч ойн байцаагч модоо бэлтгэж бай, би самрын шалгалтанд явж байна. Дараа нөхөөд гоожингоо авч болно гэж хэлсэн. Нэг өдөр байцаагч ирээд ойгоос бэлтгэсэн модоо шалгуул гээд шалгасан. Зөвшөөрсөн хэмжээнээс илүү мод бэлтгэсэн талаар надад хэлэх зүйл байхгүй, буруу хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

201719000071 дугаартай хэргээс:

            Иргэний нэхэмжлэгч П.Түмэнтөр мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлсэн: Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Б.Алтанцоож нь хууль бусаар хэрэглээний мод бэлтгэсэн асуудалд иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Б.Алтанцоож нь Тус сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн Шатангийн хожуултын аманд бэлтгэсэн модоороо өвөлжөө барьсан байсан. Би тус өвөлжөөний модонд үзлэг хийхэд биеэрээ оролцсон. Б.Алтанцоож нь ямар ч байсан 2 саравч, 1 үхрийн байр, саравчны хашаа тус тус барьсан байсан. Б.Алтанцоож өөрөө модыг бэлтгэсэн гэж ярьсан. Тухайн газрыг хариуцсан байгаль хамгаалагч Пүрэвдорж галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг 2 удаа нийт 16 м3 мод бэлтгэх зөвшөөрөл олгосон байсан. Гэтэл зөвшөөрсөн хэмжээнээс илүү хэмжээтэй, мөн хэрэглээний мод бэлтгэсэн байсан. Бид нар Б.Алтанцоожийг өвөлжөө барьсны дараа мэдсэн. Хэн хэнтэй хэзээ, юугаар мод бэлтгэсэн талаар мэдэхгүй, Шинжээчийн дүгнэлтийн дагуу учруулсан хохирлыг гаргуулах саналтай байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/,

Гэрч Ц.Пүрэвдорж мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Г.Цогтдэлгэр надтай уулзаад би Б.Алтанцоожийн малыг маллаж байгаа. Түлээний мод бэлтгэх гэсэн юм гээд 2016 оны 09 сарын 07-ны өдөр 8м3  галын түлээний эрхийн бичиг өөрийн нэр дээр бичүүлж 82-84 уни улсын дугаартай автомашинаар мод татна гээд явсан. Дараа нь 2016 оны 09 сарын 14-ний өдөр 8 м3 галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Би тус 0249117, 0249119 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг зөвхөн Г.Цогтдэлгэрт өгч байсан. Тухайн үед Б.Алтанцоож сүүлийн бичиг авах дээр нь хамт ирсэн гэсэн мэдүүлэг /хх-49-50/,

Гэрч С.Жигүүрбаяр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Миний хувьд Б.Алтанцоожтой 2016 оны 09 сарын 04-05-ны үеэр танилцаж Төв аймгийн Батсүмбэр суманд малын өвөлжөө барих ажил байна гэхээр нь үнэ хөлсөө тохироод Б.Соёмбо, Ширнэн бид гурав Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт хөдөө уултай, модтой газар очсон. Тухайн газрын нэрийг нь мэдэхгүй байна. Алтанцоож мод бэлтгэх зөвшөөрөл авсан. Та нар санаа зоволтгүй уулнаас хуурай, унасан мод бэлтгээрэй гэж хэлээд зөвшөөрлийн бичгийг нь харуулсан. Тэгээд бид гурав 2016 оны 09 сарын 07-ноос 15-ны хооронд ууланд 8 хоног мод бэлтгэсэн. Тухайн үед бэлтгэсэн модоо хээр зүсний 1 мориор, 2 дугуйтай морин тэргэнд модны нэг талыг нь ачаад чирч буулгадаг байсан. Тэгээд тухайн айлын өвөлжөөг 6 хоногийн дотор барьж дуусгаад 2016 оны 09 сарын 22-ны өдөр хөлсөө аваад буцсан. ...Хоёр талаас нь татдаг гар хөрөө 1 ширхэг, 1 ширхэг сүх ашиглаж мод бэлтгэсэн, харин модоо татахдаа 1 тооны тэрэгтэй морь ашигласан. Морь болон хөрөө, сүхийг Б.Алтанцоож гаргаж өгсөн. Б.Соёмбо, Ширнэн бид гурав тухайн үед адилхан ажил хийсэн бөгөөд нэг, нэгнийгээ сайн танихгүй, зуун айл дээр ажил хайж яваад Б.Алтанцоожын өвөлжөөг барихаар хамт явсан юм. Ажлын хөлсөнд өдрийн 35.000 төгрөгийн цалин авсан гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/

 

Гэрч Б.Сёомбо мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2016 оны 09 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын зуун айлын Жоби барилгын материалын дэлгүүрийн гадаа ажил хайж зогсож байх үед Б.Алтанцоож гэх хүн ирээд Төв аймгийн Батсүмбэр суманд малын өвөлжөө барих ажил байна гэхээр нь үнэ хөлсөө тохироод Баяраа буюу С.Жигүүрбаяр, Ширнэн бид гурав Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт хөдөө очсон. Тухайн уул ус газрын нэрийг хэлж мэдэхгүй байна. Очоод 2 хоног ажил хийгээгүй байж байтал Б.Алтанцоож мод бэлтгэх зөвшөөрөл авсан. Та нар уулнаас хуурай, унасан, өвөлжөөний хана, хашаа, дээвэр барих мод бэлтгээрэй гэж хэлээд зөвшөөрлийн бичгийг Баяраад /С.Жигүүрбаяр/ өгсөн. Тэгээд бид гурав 2016 оны 09 сарын 07-ноос 15-ны хооронд ууланд 8 хоног мод бэлтгэсэн. Тухайн үед бэлтгэсэн модоо хээр зүсний 1 тооны мориор морин тэргэнд модны нэг талыг нь бэхэлж ачаад чирч буулгадаг байсан. Тэгээд тухайн айлын өвөлжөөг 6 хоногийн дотор барьж дуусгаад 2016 оны 09 сарын 22-ны өдөр ажилласан цалин хөлсөө аваад буцсан. ...Тухайн үед Б.Алтанцоож мод бэлтгэх бичиг баримт нь энэ байна гэж хэлээд Баяраад /С.Жигүүрбаяр/ өгсөн байсан. Бид гурвын хувьд өмнө нь огт мод бэлтгэж үзээгүй, Б.Алтанцоожын хэлснээр нь хийсэн юм. ...Хуурай, унасан Шинэс төрлийн түлшний хар мод бэлтгэсэн. Мөн хатаж өмхөрсөн ургалт нь зогссон 20 орчим ширхэг мод хөрөөдөж унагасан. ...Хоёр талаас нь татдаг гар хөрөө 1 ширхэг, 1 ширхэг сүх ашиглаж мод бэлтгэсэн, харин модоо татахдаа 1 тооны тэрэгтэй морь ашигласан. Морь болон, хөрөө сүхийг Б.Алтанцоож гаргаж өгсөн. Баяраа /С.Жигүүрбаяр/, Ширнэн бид гурав тухайн үед мод хөрөөдөж унагаах, зөөвөрлөх, ачих ажлыг адилхан хийсэн. Бид гурвын хувьд нэг, нэгнийгээ сайн танихгүй, зуун айл дээр ажил хайж яваад Б.Алтанцоожын өвөлжөөг барихаар танилцаж хамт явсан юм. Тухайн үед ажлын хөлсөнд өдрийн 35.000 төгрөгийн цалин авсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/

 

Гэрч Г.Цогтдэлгэр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Миний хувьд хэрэг болох үед байгаагүй тул мэдэх зүйл алга. Б.Алтанцоожыг түлээний мод бэлтгэх эрх аваад өг гэхээр нь өөрийн нэр дээр 2 удаа Төв аймгийн Батсүмбэр сумын нутгаас түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан. Би тухайн үед хэдний өдөр бичиг авч байснаа мэдэхгүй байна. Би түлээний мод бэлтгэх эрхийн бичиг байгаль хамгаалагчаас авч өгсөн. Түүнээс мод бэлтгэх үйл ажиллагаанд нь оролцоогүй, Б.Алтанцоож өөрөө хотоос 2-3 хүн хөлсөлж авчраад бэлдүүлж байсан. Тухайн хүмүүстэй нь танилцаж байгаагүй, сайн мэдэхгүй. Би өөрийн хийх ёстой ажлаа хийгээд малыг нь малладаг байсан. ...Ямар багаж хэрэгсэл ашигласныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан надаас хээр зүсний 1 тооны морь аваад морин тэргэнд хөллөж байсан. ...Тухайн үед уг автомашины нэр дээр түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан. Уг автомашинаар мод зөөх боломжгүй, тухайн үедээ Б.Алтанцоож өөрөө зүгээр гэр орны ажилдаа унадаг байсан, модоо мориор зөөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/

Сэжигтэн, яллагдагчаар Б.Алтанцоож мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хөдөө гэртээ өвөлжөө барих гээд байгаль хамгаалагчаас галын түлээний 8 куб модны зөвшөөрөл аваад гэрийнхээ ард талын ам өгсөөд модоо бэлтгэсэн. Модоо бэлтгэж байх хооронд дахин 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр модны зөвшөөрөл дахин аваад 2 өдөр модоо бэлтгээд өвөлжөөгөө бариад байж байтал тухайн үед Улсын байцаагч гэх хүн ой хаасан мод бэлтгэж болохгүй гэхээр би үйл ажиллагаагаа зогсоосон. Тэгээд 2017 оны 01 сард сумын хэсгийн төлөөлөгч манай өвөлжөөний модонд үзлэг хийсэн, мөн миний мод бэлтгэсэн газар очиж үзлэг хийсэн. ...Би тухайн үед мориор модоо бэлтгэсэн. ...Би ажлын багаж хэрэгсэл унаагаар хангаж, хоол ундыг нь бэлдэж өгсөн. Миний хувьд тухайн модыг захиалсан. ... Өөрийн малчин Г.Цогтдэлгэрийн нэр дээр 2016.09.07-ны өдөр, 2016.09.14-ний өдөр зөвшөөрөл авсан. ... С.Жигүүрбаяр, Б.Соёмбоо, Ширнэн гэх Улаанбаатар хотын 100 айл дээр зогсдог залуусыг хөлслөөд аваад явсан. Тэд нар одоо яг хаана байгаа талаар мэдэхгүй байна. Би тухайн үед С.Жигүүрбаяр, Б.Соёмбоо, Ширнэн гэх 3 залуугаар 2016 оны 09 сарын 07-ноос 15-ны хооронд модос бэлтгүүлж өвөлжөө рүүгээ татуулсан.

Би тухайн үед хөлсөлсөн 3 залуудаа хоёр талаас нь татдаг төмөр гар хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг, нэг морь тэрэгтэй нь хамт өгсөн. Манай гэрээс мод бэлтгэсэн газар 2 км зайд байдаг тул газрын уруу мориороо модоо татсан. ... Би модны тухай хууль дүрмийг ойлгоогүйгээсээ болж алдаа гаргалаа, уул нь нойтон мод бэлтгэхгүй гэж бодож голдуу унанга, өмхөрж хатсан хуурай мод бэлтгэсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 72, 74/

 

2017 оны 02 сарын 21-ний өдрийн 19-04-14/05 шижээчийн дүгнэлтэд:

-Иргэн Б.Алтанцоожийн малын өвөлжөө барьсан нийт модны тоо 854ш 26.95 м3 шинэс мод байна.

-Дээрхи 26.95 м3 модноос 19.81м3 мод нь товарлаг чанараар муу, хэрэглээний шаардлага хангахгүй, түлшний хуурай мод, 7.14 м3 мод нь хэрэглээний хуурай модонд багтана.

-Түлшний мод бэлтгэх 0249117, 0249119 тоот эрхийн бичгээс хэтрүүлэн бэлтгэсэн 3.81 м3 түлшний мод, эрхийн бичиггүй бэлтгэсэн 7.14 м3 хэрэглээний модыг хууль бусаар бэлтгэсэн мод байна.

-Хууль бусаар бэлтгэсэн түлшний модны экологи-эдийн засгийн үнэлгээ 1.000.428 төгрөг, нөхөн төлбөр 3.001.284 төгрөг болж байна гэх /хх-ийн 61/

БУСАД БАРИМТ СЭЛТ:

            - Хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10/,

- Иргэн Б.Алтанцоожийн өвөлжөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16/

- Өвөлжөөний модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураглал /хх-17-25/

            - Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-28/,

            - Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-31/

            - Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт /хх-ийн 33-34/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /Б.Алтанцоожийн хууль бусаар бэлтгэж өвөлжөө барьсан гэх 854 ширхэг мод/, тэмдэглэл /хх-ийн 35-36/,

            - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морин тэрэг 1 ширхэг, морь 1 ширхэг/, тэмдэглэл /хх-ийн 37-38/,

            - Эд мөрийн баримтаар тооцох тогтоол  /гар хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг/, тэмдэглэл /хх-ийн 40/

            - Хөрөө, сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39/,

            - Эд зүйлийн үнэлгээ / Хөрөө үнэлэх боломжгүй, сүх 3000 төгрөг/ /хх-ийн 63/,

            - Эд зүйлийн үнэлгээ /морь 1 ширхэг 650 000 төгрөг, морин тэрэг 50 000 төгрөг/ /хх-ийн 65/,

            - Хураан авах тогтоол /гар хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг/, тэмдэглэл /хх-ийн 109-110/

- Шүүгдэгч Б.Алтанцоожийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: -Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 12 сарын 28-ны өдөр 13 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар 40 000  төгрөгөөр торгох ялаар /хх-ийн 96/, -Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 сарын 13-ны өдөр 582 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар /хх-ийн 97-99/ тус тус шийтгүүлж байсан.  2 удаагийн ял шийтгэлтэй гэх /хх-ийн 86/,

 - Шүүгдэгч Б.Алтанцоожийг 2017 оны 01 сарын 23-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 78-79/, 2017 оны 03 сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 80-81/ байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Алтанцоож нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 8м3, мөн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 8м3, нийт 16м3 түлээний мод бэлтгэх тусгай зөвшөөрөл авч Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт Өлзий 2 дугаар багийн нутаг Шатан гэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 07-ноос 15-ны өдрүүдэд Б.Соёмбо, С.Жигүүрбаяр, Ширнэн нараар түлээний 19.81м3, хэрэглээний 7.14м3 мод буюу олгогдсон зөвшөөрөлөөс илүү 3.81м3 түлээний мод, зохих зөвшөөрөлгүй 7.14м3 хэрэглээний модыг үргэлжилсэн үйлдлээр бэлтгүүлэн, тээвэрлүүлж байгаль орчинд нийт 3 001 284 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

- хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10/, иргэн Б.Алтанцоожийн өвөлжөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16/, өвөлжөөний модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураглал /хх-17-25/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-28/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-31/, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт /хх-ийн 33-34/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /Б.Алтанцоожийн хууль бусаар бэлтгэж өвөлжөө барьсан гэх 854 ширхэг мод/, тэмдэглэл /хх-ийн 35-36/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морин тэрэг 1 ширхэг, морь 1 ширхэг/, тэмдэглэл /хх-ийн 37-38/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол  /гар хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг/, тэмдэглэл /хх-ийн 40/, хөрөө, сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39/, эд зүйлийн үнэлгээ / Хөрөө үнэлэх боломжгүй, сүх 3000 төгрөг/ /хх-ийн 63/, эд зүйлийн үнэлгээ /морь 1 ширхэг 650 000 төгрөг, морин тэрэг 50 000 төгрөг/ /хх-ийн 65/, хураан авах тогтоол /гар хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг/, тэмдэглэл /хх-ийн 109-110/, иргэний нэхэмжлэгч П.Түмэнтөрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46/, гэрч Ц.Пүрэвдорж,  С.Жигүүрбаяр, Б.Соёмбо, Г.Цогтдэлгэр нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 49-50, 51-52, 54-55, 57/, шинжээч Х.Нарангэрэлийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 108/, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 02 сарын 21-ний өдрийн 19-04-14/05 дугаартай дүгнэлт /хх-ийн 61/, сэжигтнээр С.Жигүүрбаяр, Б.Соёмбо нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 82-85/, яллагдагчаар Б.Алтанцоожийн мөрдөн байцаалтанд мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн .....Ойн тухай хууль зөрчиж, зохих зөвшөөрлөлгүйгээр дур мэдэн мод бэлтгэснээ ойлгож авсан гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Алтанцоожийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Алтанцоожид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, мөн хуулийн 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.Алтанцоож нь зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ болон нөхөр төлбөр нийт  3.001.284 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Төрийн сангийн 100140200952, 100140200914 тоот дансанд тус тус 2017 оны 03 сарын 15-ны өдөр, мөн 04 сарын 12-ний өдрүүдэд шилжүүлсэн гэх мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 114, 120/ тогтоогдож байна.

 

Иргэний нэхэмжлэгч П.Түмэнтөр нь “... Тус сумын иргэн Б.Алтанцоож нь ойн санд учруулсан шууд хохирол 3.001.284 төгрөгийг 2017 оны 03 сарын 15-ны өдөр, мөн 04 сарын 12-ний өдрүүдэд төлж барагдуулсан байх тул нэхэмжлэх зүйлгүй” ... гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй болно.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Б.Алтанцоожийн гэмт хэрэг үйлдэхэд морь болон морин тэрэг ашигласан болох нь мөрдөн байцаалтад, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Алтанцоожийн ... манай гэрээс мод бэлтгэсэн газар 2 км зайд байдаг тул газрын уруу мориороо модоо татсан... гэх,  сэжигтнээр С.Жигүүрбаяр ... Тухайн үед бэлтгэсэн модоо хээр зүсний 1 мориор, 2 дугуйтай морин тэргэнд модны нэг талыг нь ачаад чирч буулгадаг байсан .. гэх, сэжигтнээр Б.Соёмбо ... бэлтгэсэн модоо хээр зүсний 1 тооны мориор морин тэргэнд модны нэг талыг нь бэхэлж ачаад чирч буулгадаг байсан ... гэх, Г.Цогтдэлгэр ... Ямар ч байсан надаас хээр зүсний 1 тооны морь аваад морин тэргэнд хөллөж байсан гэх мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна. Иймд Б.Алтанцоожийн эзэмшлийн 1 тооны хээр морь болон морин тэрэг,

 мөн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Б.Алтанцоожийн мод бэлтгэж өвөлжөө барьсан гэх модноос мод бэлтгэх эрхийн бичигт тусгагдсанаас илүү зөвшөөрөлгүй бэлтгэсэн 10.95м3 модыг тус тус хурааж улсын орлого болох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Мөн 2017 оны 02 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Б.Алтанцоожийн өвөлжөө барьсан гэх 854 ширхэг модыг битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгож эзэмшигч Б.Алтанцоожид буцаан олгох,

2017 оны 03 сарын 13-ны өдрийн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар хөрөө 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй,  Б.Алтанцоож нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

    

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 299 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жалав овогт Басангийн Алтанцоожийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлүүлэн, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанцоожийг  2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Алтанцоожид оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Б.Алтанцоожийн эзэмшлийн өвөлжөө барьсан модноос 10.95м3 модыг, 1 тооны хээр морь, морин тэрэг зэргийг хурааж улсын орлого болгосугай.

 

              5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй,  Б.Алтанцоож нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.        

           

              6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Б.Алтанцоожийн өвөлжөө барьсан гэх 854 ширхэг модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

              7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн гар хөрөө 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

              8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Алтанцоожид оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Алтанцоожид тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

             

            10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Алтанцоож нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

 

              11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Алтанцоожид урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Алтанцоожид урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ОРОЛМАА