Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Э.Болор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өнгөлгөө засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдүүдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Ц.М-д холбогдох эрүүгийн 1720000290017 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Ц.М нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын хил буюу Автозамын  шалган нэвтрүүлэх боомтоор 76-98 ДГО улсын дугаартай УАЗ-31514 маркын тээврийн хэрэгслийн 4 дугуйнд хязгаарласан бараа  болох 180 кг бог малын давсалсан гүзээг нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Би хотоос бага малын давсалсан гүзээ худалдан аваад өөрийн өмчлөлийн 76-98 ДГО улсын дугаартай машины 4 дугуйнд хийгээд 2017 оны 07 сарын 10-ны өдрийн 15 цагийн үед  улсын хилээр гарах гэж яваад гаалийн байцаагчид баригдсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 3 хүүхдийн хамт амьдардаг. Өрх толгойлсон эмэгтэй, хүүхдийн 20,000 төгрөгөөс өөр орлого байхгүй. Хэрэгт холбогдох үедээ чихэр, мах зэргийг бага багаар хилээр гаргадаг байсан. Тухайн үед зөвшөөрдөг байсан юм. 76-98 ДГО улсын дугаартай машин бол миний машин байгаа юм. Боломж байвал машиныг надад үлдээж өгнө үү ”  гэсэн мэдүүлэг

180 кг бог малын  давсалсан гүзээг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8-9/

Бараа тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 12-17/

Шинжээч,  мал эмнэлгийн улсын байцаагч  С.Ц-н 2017 оны 07 сарын 18-ны өдрийн “ 1. Тухайн гүзээ нь хадгалалт  тээвэрлэлтийн нөхцлөөс шалтгаалан өмхийрөх үнэр орсон, өөрийн чийгээ алдаж  хатсан хүнсний шаардлага хангахгүй гэж үзэж байна.

2.Тухайн гүзээний үнэр хэлбэр хэмжээнээс үзэхэд бог малын гүзээ байна.

3.Тухайн  гүзээ нь ашиглах боломжгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 26/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29/

Мөрдөгчийн 76-98 ДГО улсын дугаартай 31514 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 31-32/

180 кг давсалсан гүзээг эд мөрийн баримтаар  тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 33/

Гэрч Я.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2017 оны 07 сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх  боомтын суудлын авто машины гарах талын гаалийн хяналтын  талбайд гаалийн улсын байцаагчийн  үүрэг гүйцэтгэж байхад Ц.М гэгч жолоочтой 76-98 ДГО улсын дугаартай УАЗ 31514 маркын тээврийн хэрэгсэл гаалийн хяналт шалгалтаар орж ирсэн. Тэгээд би жолоочоос улсын хилээр нэвтрүүлэхэд “хориглосон, хязгаарласан бараа тээврийн хэрэгсэлд чинь байна уу, энэ машины 4 дугуй нэг л сэжиг бүхий харагдаад  байна” гэж асуухад “бог малын давсалсан гүзээ хийчихсэн юмаа” гэхээр нь нэг дугуйг нь тайлж аваад рентген аппаратаар  харахад дотор нь ямар нэг зүйл байсан. Ингээд үлдсэн дугуйнуудыг  тайлж аваад  нэг бүрчлэн задалж үзэхэд нийт 11 ширхэг ногоон өнгийн шуудайнд хийсэн  180 кг бог малын өлөн гэдэс буюу давсалсан  гүзээг нууж далдалсан байсан, тэгээд би хойшлуулашгүй ажиллагааг хийж холбогдох байгууллагад  харьяаллын дагуу тухайн материалыг шилжүүлсэн ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2017 оны 08 сарын 04-ний өдрийн “ 76-98 ДГО улсын дугаартай УАЗ 31514 маркын тээврийн хэрэгсэл нь 2000 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд 2000 онд Монгол улсад импортлогдож тээврийн хэрэгслийн дугаар болон гэрчилгээг авсан болно.  Монгол улсад орж ирэхдээ ойролцоогоор 0.25 хувийн элэгдэлтэй байсан бөгөөд Монгол улсад нийт 17 жил орчим явсан болно. 76-98 ДГО тоот улсын дугаартай УАЗ 31514 маркын тээврийн хэрэгсэл нь одоогийн байдлаар 93.5 хувийн элэгдэлтэй байгаа бөгөөд хөдөлмөр хамгаалал болон Замын хөдөлгөөний  аюулгүй байдлын стандартад нийцэж байгаа тул тухайн тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжтой, 2,300,000 төгрөгөөр үнэлгээг тогтоов” гэсэн 311/17 дүгнэлт /хх-ийн 40/

2017 оны 07 сарын 26-ны өдрийн “Бог малын давсалсан гүзээ 1 кг нь 800 төгрөг” гэсэн шинжээчийн 54 тоот дүгнэлт  /хх-ийн 40/

Шүүгдэгч Ц.М  нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 45/ 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 07 сарын 19-ний өдрийн “ М нь жирэмсэн, 2 охиныхоо хамт өрх толгойлон амьдардаг  болохыг тодорхойлов” гэсэн 03/383 тоот /хх-ийн 47/

Шүүгдэгч Ц.М-н өмчлөлийн 7698 ДГО улсын дугаартай 31514 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч  Ц.М нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Автозамын  шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн өмчлөлийн 76-98 ДГО улсын дугаартай УАЗ-31514 маркын тээврийн хэрэгслийн 4 дугуйнд 180 кг бог малын давсалсан гүзээг нууж хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байх ба түүний үйлдэл гаалийн үзлэг шалгалтаар илэрчээ.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн  хяналт, шалгалтын тухай хуулийн 9, 11 дүгээр зүйлд зааснаар амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, эскспортлоход импортлогч улстай тохиролцсон хорио цээрийн нөхцөл, эсхүл хорио цээрийн талаархи Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, олон улсын байгууллагаас гаргасан стандарт, удирдамж, зөвлөмжид нийцсэн байх, экспортын шаардлага хангаж буйг нотолж эрх бүхий байгууллагаас гэрчилгээ олгосон байх гэсэн шаардлагуудын хангасан байх ёстой юм. Гэтэл шүүгдэгч Ц.М-н хувьд ямар нэг байдлаар зөвшөөрөл авахгүйгээр 180 кг бог малын давсалсан гүзээг буюу 144,000 төгрөгийн эд зүйлсийг улсын хилээр нэвтрүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.М-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг шинжийг агуулж байх тул түүнийг хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон 180 кг бог малын  давсалсан гүзээг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8-9/, бараа тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 12-17/ шинжээч, мал эмнэлгийн улсын байцаагч С.Ц-н 2017 оны 07 сарын 18-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 26/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29/ гэрч Я.М-н мэдүүлэг /хх-ийн 35/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, төрөөс сар бүр олгодог хүүхдийн 20,000 төгрөгөөс өөр орлого байхгүй талаараа шүүх хуралдаанд мэдүүлж байгаа, мөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 07 сарын 19-ний өдрийн 03/383 тоот үзэхэд тэрээр хамт өрх толгойлон амьдардаг  болох нь тогтоогдож байна. Иймд түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан болно.

Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Энэ хэрэгт 180 кг бог малын давсалсан гүзээг эд мөрийн баримтаар тооцсон байх бөгөөд уг эд мөрийн баримт нь хадгалалт тээвэрлэлтийн нөхцлөөс шалтгаалан өмхийрч үнэр орсон, өөрийн чийгээ алдаж  хатсан хүнсний шаардлага хангахгүй болох нь шинжээчийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн дүгнэлтээр хэрэгт тогтоогдсон байна. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримт болох 180 кг давсалсан гүзээ нь Замын-Үүд дэх Гаалийн газрын баталгаат агуулахад байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.М нь гаалийн үзлэг шалгалтаас нуух зорилгоор 180 кг давсалсан гүзээг тээврийн хэрэгслийн 4 дугуйнд нуусан байх ба энэ нь түүнийг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэнийг нотлох юм. Уг 76-98 ДГО улсын дугаартай 31514 маркийн тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэх үед нь түүний өмчлөлд байсан болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 52/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх байх тул мөрдөгдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

76-98 ДГО улсын дугаартай 31514 маркийн тээврийн хэрэгслийг хөрөнгө үнэлгээний Вендо ХХК нь 2,300,000 төгрөгөөр  үнэлсэн /хх-ийн 40/ байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.М-г хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.М-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдсан 180 кг бог малын давсалсан гүзээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 2,300,000 төгрөгийн үнэ бүхий 76-98 ДГО улсын дугаартай 31514 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар мөрдөгчийн 76-98 ДГО улсын дугаартай 31514 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй  цагаар эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийн  ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД