Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 159/ШШ2024/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2023/0053/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “******* ******* Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаас огцруулах тухай” Б/18 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/19 дугаартай “******* овогтой ******* Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга нэхэмжлэгч С.******* “... өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, удаа дараа ноцтой зөрчил гаргасан, 9 өдөр ажил тасалсан ...” үндэслэлээр 2023 оны 5 дугаар сарын 29-ний Б/18 дугаар захирамжаар Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаас огцруулах тухай шийдвэр гаргаж, Д.******* 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/19 дугаартай захирамжаар Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар томилсон шийдвэрийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгчээс дээрх 2 шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд ******* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэгч ******* миний бие 2005 оны 01 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тус бэлчир 2 багийн Засаг даргаар 18 жил ажилласан билээ. Миний бие 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасан үндэслэлээр уг багийн даргад нэр дэвшиж олонхийн санал авч сумын Засаг даргад өргөн барьсан боловч батамжилж өгөхгүй байсан учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэдий ч *******ын намайг ажлаас огцруулсан захирамжийг аймгийн Засаг дарга хүчингүй болгох тухай чиглэл өгсөн, түүний дагуу би ажлаа хийж байгаад 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс өвчилж 22 хоног эмчилгээтэй байсан хөдөлмөрийн чадвар түр алдсан тэтгэмжийг хуудсыг авч өвчтэй байснаа нотолж холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн билээ. Акт дуусаж 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа ирэхэд таныг ажлаас огцруулсан гэж хэлэхэд нь захирамжаа үзье гэхэд эх хувиараа баталгаажаагүй байгаа тул өгөх боломжгүй гэж хэлсэн. Ингээд хэд хэдэн удаа очиж нэхэж байгаад 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаартай захирамжаар ажил тасалсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас огцруулсан тухай захирамж гаргасныг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хуулбарыг гардан авсан.

Ингээд аймгийн Засаг даргад хууль бус захирамж гаргасан талаар гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянан үзэж 2023 оны 6 дугаар сарын 28-ны 01/1115 албан бичгээр Зүүнбүрэн сумын Засаг дарга *******т хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, үүрэг даалгавар хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн боловч уг захирамжаа хүчингүй болгохгүй миний үндсэн хуулиар олгогдсон ажил хөдөлмөр эрхлэх ноцтой зөрчиж байна. Энэ захирамжийг хууль бус, үндэслэлгүй захирамж гэж үзэж байна. Үндэслэл нь:

Намайг өвчтэй байгааг мэдсээр байж багийн засаг даргаас огцруулах захирамж гарсан. Энэ захирамжийг надад огтоос танилцуулаагүй, гардуулж өгөөгүй, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мэдэж хуулбарлан авсан. Ямар шалтгааны улмаас Засаг даргаас огцруулж байгаа үндэслэл шалтгааны талаар захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй миний эрхийг зөрчсөн.  Иймд уг захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлагуудыг гаргаж байна.

2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дугаартай Д.******* багийн Засаг даргад түр томилсон тухай захирамж нь хуульд нийцээгүй, өвчтэй байсан хүний оронд хууль бусаар томилогдсон, засаг даргад түр томилогдох хуулийн заалт нэр томъёо огтоос байхгүй зэрэг хууль зөрчсөн захирамж байх тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... ******* нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авах талаар амаар хүсэлт гаргахад миний зүгээс уг цаг хугацааны хувьд иргэд багийн Засаг дарга нараас үйлчилгээ авах нь ихэсдэг учир өгөх боломжгүй талаар хэлсэн. Гэтэл ээлжийн амралт олгохгүй бол өвчилж бас болдог юм гэж хэлээд гарсан байдаг. Сумын Эрүүл мэндийн төвд үзүүлэхэд ажил үүргээ гүйцэтгэх боломжтой талаар хэлсэн байтал 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс тус сарын 16-ны өдөр буюу ажлын 5 хоногийн акт авчирч өгсөн. /аймгийн Нэрдсэн эмнэлгийн эмчийн магадлагаагаар/ Үүнээс хойш ямар ч хэл сураггүй ажилдаа ирэхгүй байсан. Энэ хугацаанд сумандаа ногооны талбайдаа ногоогоо тариад, трактор унаад явж байсан. Ажлын 9 хоног ажлаа тасалсан учир уг захирамж гарсан. Дээрх хугацаанд ******* нь холбогдох албан тушаалтанд ямар шалтгааны улмаас ажилдаа ирэхгүй байгаа талаар ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчийн лист ирсэн байдаг.

2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан сумын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд сумын Засаг даргын зүгээс хамтран ажиллах гэрээ байгуулахад хамтран ажиллах гэрээг төр, төсвийн байгууллагын удирдлага, багийн Засаг дарга нартай байгуулахад ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэрээг байгуулаагүй зэрэг нь хамтран ажиллахгүй гэсэн санааг илэрхийлж байна гэж ойлгож байна. Сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “******* ******* Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаас огцруулах тухай” Б/18 дугаар захирамжийг Төрийн захиргаа, хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч гардуулан өгсөн байсан. Энэ захирамжийн хугацааг солиод өгөөч тэгвэл ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлдмөөр байна гэж хэлэхэд нь тийм асуудал байхгүй гэсэн тул тус байгууллагын Архив, бичиг хэргийн эрхлэгчээр 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр захирамжийн хуулбар дээр “Хуулбар үнэн” тэмдэг даруулсан. С.******* ажлаас огцруулах шалтгаан нөхцөлийн талаар сонсох ажиллагаа явуулсан талаар:

Хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах болсон талаар сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/163 тоот албан бичгээр үйлчлэгч хүргүүлсэн боловч гарын үсэг зурж аваагүй. Мөн утсаар Төрийн захиргаа, хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч д мэдэгдэхэд “сонсох ажиллагаа явуул, би очихгүй, ямар шийдвэр гарсан тэрийгээ надад өгчихөөрэй” гэсэн байдаг.” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Баярсайхан шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багт оршин суугч *******ын Баярсайхан миний бие 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд багийн Засаг даргад С.Бат-Эрдэнийн хамт нэр дэвшин өрсөлдсөн. Уг өдөр ******* нь Бэлчир 2 дугаар багийн Засаг даргын сонгуулийн бүртгэлд өөрийн хамаарал бүхий хүнийг суулгаж ирээгүй байгаа иргэдийг ирсэн мэтээр бүртгэх, өөр багийн харьяалалтай иргэдийг санал хураалтад оруулж сонгуулийг будилуулсан. Мөн өөр сумын харьяалалтай гэх иргэнийг ******* нь мэдсээр байж сонгууль өгчих гээд санал өгүүлсэн байсан. Санал хураах үйл явц будилаантай болсон энэ сонгуулийг хүчингүй болгож өгөх талаар миний бие сумын Засаг даргад өргөдөл гаргасан. Сумын Засаг даргын зүгээс багийн иргэдийн Нийтийн Хуралд багийн Засаг дарга сонгох санал хураалтыг дахин явуулах талаар албан бичгийг удаа дараа хүргүүлсэн боловч багийн иргэдийн Нийтийн Хурлаас санал хураалт будлиангүй болсон гэсэн хариуг өгч жил гаруй хугацааг аваад байгаа юм. Иймд Д.Баярсайхан миний Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаартай “******* ******* Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаас огцруулах тухай” захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 64.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2, 7.2.7, 7.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн Бэлчир 2 дугаар багийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулжээ.

          Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ

          1/Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаартай С.******* Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаас огцруулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх,

          2/2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/19 дугаартай ******* овогтой ******* Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар түр томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлээд нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Нэг: Маргаан бүхий Б/18 дугаартай захирамжийн талаар

          Нэхэмжлэгч С.******* Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаас огцруулахдаа

          -2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 29-ний хооронд шалтгаангүй 9 өдрийн ажил тасалсан,

          -Сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй буюу биелүүлээгүй, удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлүүдээр огцруулжээ.

          Дээрх огцруулах шийдвэрийг гаргахаас 1 сар 2 хоногийн өмнө буюу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/13 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар нэхэмжлэгч С.******* удирдлагаас өгсөн багийн нутаг дэвсгэр дээр хог цэвэрлэгээний ажил зохион байгуулаагүй, сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулах өдөр ирээгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул 3 сарын хугацаагаар үндсэн цалингийн 20 хувиар суутган тооцож сахилгын шийтгэл ногдуулжээ.

          Нэхэмжлэгч дээрх сахилгын шийтгэл ногдуулсан захирамжтай маргаагүй бөгөөд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байна.

          Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны Б/18 дугаартай дугаартай Бэлчир 2 дугаар багийн Засаг дарга С.******* огцруулсан үндэслэл тус бүрээр нь авч үзвэл:

            1.Нэхэмжлэгч С.******* огцруулахдаа баримталсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5 буюу дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй буюу биелүүлээгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч уг үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэлийг 1 сар 2 хоногийн өмнө ногдуулсан байна.

            Үүнийг тодруулах юм бол нэхэмжлэгч С.******* огцруулах нэг үндэслэлдээ өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл болох дээд шатны Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн буюу биелүүлээгүй гэх  зөрчилд сахилгын болон багийн Засаг даргаас огцруулах хуульд заасан хариуцлагыг давхардуулан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хөндсөн гэж дүгнэхээр байна. 

            2.Нэхэмжлэгч С.******* огцруулахдаа “2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 29-ний хооронд шалтгаангүй 9 өдрийн ажил тасалсан” гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийн хооронд өндөр эрсдэлтэй /даралт ихсэх/ өвчний учир эмийн эмчилгээ хийлгэж эмнэлгийн хуудас[1] олгогдсон байх бөгөөд түүнийг гэрчилж, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны их эмч гэрч Ю.Нарантуяа мэдүүлэхдээ “******* гэх хүнд үзлэг хийсэн даралт нь их байсан ... сумын эмч нь үзлэг хийгээд ... нарийн мэргэжлийн эмчид ханд гээд явуулсан байсан ... 11012306060369 дугаар бүхий эмнэлгийн хуудас /лист/ хүчин төгөлдөр ... листийг эмчилгээ хийлгэсний дараа олгодог учир лист олгоогүй гэж үзэх боломжгүй” гэх мэдүүлгээр нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ажил тасалсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул огцруулах үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.

            3.Нэхэмжлэгч С.******* Б/18 дугаартай захирамжаар огцруулахдаа  “удаа дараа ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэл дурдсан байх бөгөөд хариуцагч тал хариу тайлбар болон шүүх хуралдаанд уг үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, уг үндэслэлийн талаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд бодит нөхцөл байдлыг тогтоох талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй, хэзээ, хэдэн удаа, ямар зөрчлийг, хэрхэн гаргасан талаар шалгаж тогтоогоогүй, нотлох баримт цуглуулаагүй байх тул уг огцруулах үндэслэлийг тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаартай “******* ******* Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаас огцруулах тухай”, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/19 дугаартай “******* овогтой ******* Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжуудыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 9.397.249 /есөн сая гурван зуун ерэн долоон мянга хоёр зуун дөчин ес/ төгрөгийг Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч *******д олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэсүгэй.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Л.ОДБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

[1] Хавтаст хэргийн 8-11 дүгээр тал