Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/28

 

 

 

 

 

 

 

  2019        07             04                                             2019/ДШМ/28

 

 

Н.Дд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч: Н.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Доржханд,

Хохирогч: Ч.Төмөрбаатар,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Батдорж,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолтой Н.Дд холбогдох 201522000717 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, Д.Доржханд нарын давж заалдах гомдлыг үндэслэн  2019 оны 6 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Барчууд овогт Наранцэцэгийн Д, ..... оны 1 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, ..... настай, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ................/.

Шүүгдэгч Н.Д нь иргэн Ч.Тын эзэмшлийн “Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар хороонд 65-97 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг ачааны агуулахад байсан барааны хамт шатааж 3,970,750 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус төвийн барааг хувьдаа завшиж үрэгдүүлсний улмаас 30,743,750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 20-ны  өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наранцэцэгийн Дд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Барчууд овогт Наранцэцэгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Наранцэцэгийн Дг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дгийн баривчлагдаж, цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас 104 /нэг зуун дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Н.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Дгээс 30,743,750 /гучин сая долоон зуун дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Т /…................/-т олгож, хохирогч нь бусад нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.Дгээс хураан авсан бор өнгийн хавтастай нүүрэн талдаа Diary sijia new style гэсэн бичиглэлтэй 84 хуудастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хохирогч Ч.Таас хураан авсан 56 хуудастай “Алтан навчис” гэсэн бичигтэй дэвтэр 1 ширхэг, “Үнэ цэнийн илэрхийлэл” гэх бичигтэй 70 хуудастай дэвтэр 1 ширхэг, хөх өнгийн бичиг байхгүй 81 хуудастай дэвтэр 1 ширхэг, нүүрэн талдаа “Another World3 гэсэн бичигтэй 66 хуудастай дэвтэр 1 ширхэг, нүүрэн талдаа GRAPHIC COPYBOOK гэсэн бичигтэй 42 хуудастай дэвтэр 1 ширхэг, нүүрэн талдаа “Strzecom Unipap” гэсэн бичигтэй 39 хуудастай дэвтэр 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр давж заалдах гомдолдоо ... Шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэнд прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэрэг шилжүүлэх өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргаж шүүх хуралдаан зарласан. Өмгөөлөгч миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтэй байсан ба уг хүсэлтээр шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт байсан боловч гэм буруугийн шүүх хуралдаанд уг хүсэлтийг хэлэлцсэн. Уг хүсэлтийг тайлбарлах эрхээр хангаж шүүх хуралдааныг явуулахгүй, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр гэм буруугийн шүүх хуралдаан хийж талуудын эрх үүргийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж гэм буруугийн хуралдаан хийж ял шийтгэсэнд гомдолтой байна.

Яллагдагч шүүгдэгч нь гэм буруутай болохоо нотлох үүрэг хүлээдэггүй, иргэн Тын барааг зарж борлуулах итгэмжлэн хариуцсан этгээд биш гэж дүгнэж хэргийг шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай бүрэн нийцэх ба анхан шатны шүүх нь аман гэрээний харилцаанд үндэслэн итгэмжлэн олгосон бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж, хариуцсан эд хөрөнгөө хувьдаа ашиглан галдан шатааж устгах замаар энэ гэмт хэргийн ул мөрийг үгүй хийхийг оролдож, шунахайн сэдэлтээр өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэжээ.

Шүүхийн энэхүү дүгнэлт нь хэрэгт авагдаагүй, баримтанд тулгуурлаагүй, зохион бичлэг мэт дүгнэлт болжээ. Энэ дүгнэлтээр аман гэрээг аж ахуйн болон дэлгүүрт ажиллаж буй худалдагч, түгээгч нар байгуулж, барааг хүлээлгэж өгсөн, авалцсан баримт байхгүй байхад тийм бараа зар гэж хүлээлгэж өгсөн, түүний дагуу зараагүй байна гээд аж ахуйн болон дэлгүүрийн эзэн гараар хөтөлсөн тэмдэглэлийн дэвтэр гаргаж нотлох баримтаар үнэлүүлж гэмт хэрэгт ял оногдуулвал бүгд завшсан гэмт хэрэгт ял шийтгүүлж болохоор харагдаж байна. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт үндэслэлтэй, энэ нь хохирогч Ч.Тын мэдүүлгүүд болон эд мөрийн баримтаар хураагдсан дэвтрүүдээр батлагдаж байна гэж, гэмт хэрэг 2015 оны 9 дүгээр сарын 25-наас эхэлсэн гэж үзэн энэ нь иргэдийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй ханддаг, шүүгдэгчийн завших санаа зорилго нь гэмт хэргийн шалтгаант нөхцөл болсон гэж үзэхээр байна гэж дүгнэжээ. Шүүгдэгч Н.Д нь шүүх хуралдааны үед би энэ дэвтрүүдийг мэдэхгүй, танихгүй нэг л дэвтэр байдаг байсан гэж мэдүүлдэг. Завших үйлдлийг нотлохдоо шүүгдэгч нь эд хөрөнгийг хэрхэн хууль бусаар олж авсан, өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломжоо хэрхэн хэрэгжүүлсэн эсэх, гэрээ болон хуулийн үндсэн дээр эд хөрөнгө эзэмшиж байсан эсэх, завших санаа зорилгыг хэрхэн хэрэгжүүлж өөртөө болон бусдад ямар давуу байдлууд үүсгэв гэдгийг нотолж хор уршиг, үйлдэл хоёрын шалтгаант холбоог дүгнэх нь үндэслэлтэй атал буруу шалтгаант холбоог шүүх дүгнэсэн байна.

... Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд давж заалдах гомдолдоо: ... Шүүгч гэмт хэрэг гарахад Иргэний хууль зүйн мэдлэг дутмаг, санхүү нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо хийх тогтоосон дүрэм, журмын хэрэгжилт, хяналт сул, шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгөжих санаа зорилго, бусдын итгэлийг даах чадвар сул зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэжээ. Харин шүүгдэгч Н.Дгийн хувьд амар хялбар аргаар мөнгөжих санаа зорилго гэдгийг огт мэдэхгүй, өөрийнхөө хөдөлмөрийг хууль бусаар мөлжүүлж 3 хүн хийх ёстой 3 төрлийн ажлыг 3 жил хийлгээд нэг ч удаа ээлжийн амралт өгөхгүй, нэг ажилтны цалин болох 220,000-300,000 төгрөгөөр цалинжуулж хүний эрхийг ноцтой зөрчсөн байхад миний хийх л ёстой ажил мэтээр ойлгож, эзнийхээ итгэл найдварыг нь хүлээн ажиллаж байсныг олон хүн гэрчлэхээс гадна Т өөрөө өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Мөн шүүгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн мэдүүлгээс өөр үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгчийн зарим мэдүүлэг нь дэлгүүрийн барааг хариуцан түгээлт хийдэг байсныг нотолж байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай үнэн зөв гэж шүүх үнэллээ гэжээ. Гэтэл Н.Д түгээлт хийж байгаагүй гэж огт маргаагүй байхад ингэж үнэлсэн нь хачирхалтай. Иймд тус шийтгэх тогтоолд бичигдсэн зүйлүүд ойлгомжгүй, утга найруулгын болон үг үсгийн алдаатай, хуульд зааснаар тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг зөрчсөн байна.

Т нь Н.Дг ажилд томилсон тушаалгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтгүй, бараа хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, борлуулалтын мөнгийг Т өдөр болгон хүлээж авдаг гэх боловч нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй, бараа материалын тайлан байхгүй, тооллого хийсэн актгүй зэрэг санхүүгийн ямар ч баримтгүйгээр зөвхөн Тын гараар цуваадаж бичсэн Н.Д, Т нар харилцан гарын үсэг зурж баталгаажуулаагүй дэвтрүүдийг санхүүгийн баримт болгон үнэлж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

... Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Н.Д давж заалдах гомдолдоо: ... Намайг машиныг, барааны агуулахтай хамт шатаасан гээд байгааг зөвшөөрөхгүй байна. 65-97 ХӨВ гэсэн дугаартай машин нь эвдрэл ихтэй тог ирдэггүй учраас аккумуляторын утас нь байнга хайлна. Үүнийг Т гуай өөрөө сайн мэдэж байсан. ... 2015 оны 10 дугаар сарын 27-ны өглөө ажил руу явах замд рулийн доод талаас гал гарч онцгой байдлын албан хаагч нар ирж унтраасан. Тэр үед онцгой байдлын байцаагч Нацагдорж гэдэг хүн юунаас болж шатсаныг нь газар дээр нь шалгаж байгаад явсан. Дараа өдөр нь Т гуай нотлох баримт гэж янз бүрийн юм цагдаад өгч намайг 13 хоног цагдан хориулсан. Гэнэт машин шатсанаар далимдуулж надаас 30,743,750 төгрөг нэхэмжилж байгаа нь Т гуай өөрөө маш их өртэй учраас надаар төлүүлэх санаатай байгаа нь ойлгомжтой байна. Түүний бараа болон мөнгийг хүн аваад байх боломж байхгүй. Орой болгон тооцоо, тооллого хийдэг байсан. ... Намайг цагдан хоригдох үед Т гуай ээжийг маань дарамталж гэрээс маань хүнсний бүтээгдэхүүн, бусад эд зүйлийг дээрэмдээд аваад явсан байсан. Гэрээс маань ямар ч зөвшөөрөлгүй дээрэм хийсэн нь нотлогдоод шалгагдаж байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэргийг нь хаасан. Намайг идсэн гээд байгаа 30,743,750 төгрөгийн асуудал дээр цагдаа, прокурорын газраас улсын аудит хийлгэхэд дүгнэлт хийх боломжгүй гэсэн байдаг. Гэтэл Т гуай өөрөө хувийн байгууллагаар аудит хийлгэж 30,743,750 төгрөг байна гэсэн дүгнэлт гаргуулсан. ... Миний өөрийн тооцооны дэвтрийг эд мөрийн баримтаар хурааж авсан байгаа. Үлдэгдэл 5 сая гаруй төгрөг байгаа. ... Машин өөрөө шатсан байхад гадны нөлөөтэй гэж дүгнэлт ирээд байхаар нь байгаа газар дээр нь хүрч ирж үзсэн. Аймгийн онцгой байдлын газраас машины төхөөрөмжөөс гал гарсан гээд үнэн зөвөөр дүгнэлт гаргасан.

... Иймд шүүх зөв бурууг нь ялгаж үнэн зөвийг нь олж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Н.Д нь иргэн Ч.Тын эзэмшлийн “Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар хороонд 65-97 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг бараатай нь шатааж 3,970,750 төгрөгийн хохирол учруулсан, тус төвийн барааг хувьдаа завшиж 30,743,750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоожээ. 

Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Шүүгдэгч Н.Д нь иргэн Ч.Тын эзэмшлийн “Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээгчээр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 30,743,750 төгрөгийн  хохирол учруулсан, тус төвийн 65-97 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг барааны хамт шатааж 3,970,750 төгрөгийн хохирол учруулсан нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

2.Шинжээчид холбогдох хуулийг урьдчилан сануулж, дүгнэлт гаргуулсан байх ба шинжээч шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтуудыг үндэслэн  дүгнэлт гаргасныг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгчийн гэм буруу нь шинжээчийн дүгнэлтээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэг явуулсан байх ба хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

4.Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байх ба шийтгэх тогтоол ойлгомжгүй, биелүүлэхэд эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                       Т.ГАНБАТ

                                                                        Б.СОСОРБАРАМ