Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2024/00147

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Л.Даваанямтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

1.1. Миний нөхөр Л.Давааням Шивээ Овоо ХК-д уулын хэсэгт экскаваторын туслах машинчаар ажиллаж байгаад 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үйлдвэрлэлийн ослоор нас барсан ба тус аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байгаа.

Уг хэрэгт хохирогчоор намайг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг манай хадам ээж О.Чимэдрэгзэн тус аймгийн Прокурорын газарт хүсэлт гаргасан боловч хяналтын прокурор******* намайг шүүхэд хамтран амьдрагчаар тогтоолгосон тохиолдолд хохирогчоор тогтоож өгнө гэсэн хариу амаар өгсөн. Би нөхөр болох Л.Даваанямтай 2018 оноос хойш 7 жил хамт амьдарсан, энэ хугацаанд Д.Идэрмөнхийг 2021 онд төрүүлсэн, хүү маань эцэг Л.Даваанямаар овоглодог. Иймд, намайг Л.Даваанямтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгч Э.Бадам нь Л.Даваанямтай 2018 оноос 2024 оны 03 дугаар сарыг хүртэл 7 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд хүү Д.Идэрмөнхийг төрүүлсэн нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Д.Идэрмөнхийн төрсний лавлагаа, фото зураг зэргээр нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас: Иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын албан бичиг, Шивээ сервис ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар тодорхойлолт, Шивээ Овоо ХК-ийн Хүний нөөцийн албаны даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/76 дугаар тодорхойлолт, О.Чимэдрэгзэнгийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, фото зураг, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа,

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Гэрч О.Чимэдрэгзэн, Э.Цэндсүрэн, В.Саранцэцэг нарын мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие Л.Даваанямтай 2018 оноос хойш хамтран амьдарч, 2021 онд хүү Д.Идэрмөнхийг төрүүлсэн, Л.Давааням нь Шивээ Овоо ХК-д уулын хэсэгт экскаваторын туслах машинчаар ажиллаж байгаад 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үйлдвэрлэлийн ослоор нас барсан, аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байгаа ба уг хэрэгт намайг хохирогчоор тогтоох гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй тул боломжгүй гэсэн хариу өгсөн учраас Л.Даваанямтай хамтын амьдралтай байснаа тогтоолгоно гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын албан бичиг, Шивээ сервис ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар тодорхойлолт, Шивээ Овоо ХК-ийн Хүний нөөцийн албаны даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/76 дугаар тодорхойлолт, О.Чимэдрэгзэнгийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, фото зураг, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, гэрч О.Чимэдрэгзэн, Э.Цэндсүрэн, В.Саранцэцэг нарын мэдүүлэг зэргээр Боржигон овогт******* нь Түмэд овогт******* /талийгаач/-тай 2018 оноос хойш хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдалд хамаарах тул шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14.заасныг баримтлан Боржигон овогт*******ыг, Түмэд овогт******* /талийгаач/-тай 2018 оноос 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

   

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА