Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
Хэргийн индекс | 183/2024/01783/И |
Дугаар | 183/ШШ2024/02416 |
Огноо | 2024-06-03 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2024/02416
2024 оны 6 сарын 03-ны өдөр | Дугаар 183/ШШ2024/02416 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **-р хороо, үндсэн хуулийн гудамж, **-р байр, С блок, ** тоотод байрлах Т ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, Г сити хотхон, *** тоотод оршин суух Г.А-д холбогдох,
СӨХ-ны төлбөрт 2,859,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай Т ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №NС06/19/0028 тоот үйлчилгээ үзүүлэх гэрээг N ХХК болон Г сити-1 хотхоны СӨХ буюу ашиглалтын өмнөх захиргаатай байгуулсан. Энэхүү гэрээгээр манай байгууллага нь тус хотхоны орон сууц болон орон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, цахилгаан, ариутгал, хог, лифт болон гаднах харуул хамгаалалт зэрэг үйлчилгээг хариуцах болсоноос гадна мөн Т сити-1 СӨХ-ийн ажиллагаа жигдрэх хүртэл хугацаанд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцахаар болсон бөгөөд ба дээрх үйл үйлчилгээтэй төлбөр, зардлыг орон сууц өмчлөгчдөөс авах төлүүлэн авах эрхийг мөн гэрээгээр бидэнд олгосон. Улмаар Т сити хотхоны ** дугаар байрны ** тоот орон сууцны оршин суугч хариуцагч Г.А нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байр хүлээлгэн өгөх комиссын актаар байрыг хүлээн авсан байдаг. Хариуцагч нь манай компанийн үзүүлсэн үйлчилгээний СӨХ-ийн төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Бидний зүгээс төлбөрөө төлөхийг сануулж амаар болон бичгээр нэхэмжилж, байсан боловч үр дүнд хүрээгүй болно. Энэхүү хариуцагчаас нэхэмжилж буй СӨХ-ийн төлбөрийг цаг хугацааны байдал үнийн дүнг дараахь байдлаар харуулав.Үүнд: 2019 оны 08 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарын 1 хүртэлх хугацааны СӨХ-ийн төлбөрт 2,859,540 төгрөг. Иймд дээрх орон сууцны оршин суугч Г.А-аас СӨХ-ийн төлбөрт нийт 2,859,540 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .2019-01-15 нд N групптэй гэрээ байгуулсан, халаалт цэвэр бохир ус, харуул хамгаалалт, ариутгал хог, лифт, засвар үйлчилгээг хариуцсан. Нэхэмжлэлийн задаргаагаа тайлбарлавал: 2019-08 сараас 2020-11 сар хүртэлх СӨХ-н төлбөр 1,408,752 төгрөг, 2021-01 сараас 2024 оны 4 сар хүртэлх конторын төлбөр 741,279 төгрөг, мөн 2019-08 сараас 2020-12 дугаар сар хүртэлх конторын төлбөр 1,042,769 төгрөг нийлээд 3,192,800 төгрөг болж байгаа ч анх шүүхэд 2,859,540 төгрөг нэхэмжилсэн учраас шүүхэд гаргасан үнийн дүнгээрээ нэхэмжилнэ ....... гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харин ингээд зөрүү гарчихаад байгаа ч шүүхэд анх нэхэмжлэл гаргаснаараа нэхэхээс өөр аргагүй..... гэв.
2. Хариуцагч Г.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.А миний бие ХУД, **-р хороо Г хотхоны ** тоотод амвдран суудаг билээ. Надад ирсэн нэхэмжпэх дүнг хуулийн дагуу телех ёсгүй гэдгээ үүгээр мэдэгдье. 1. Миний бие 2017 оны 10-р сарын 17-ны өдөр А ХХК-с гэрээ хийж тухайн байрыг худалдаж авч байсан юм. 2. 2019/8/14ны өдрөес хойшхи СӨХ-н телбер нэхэмжилсэнийг эсэргүүцэж байна . Учир нь манай хотхоны оршин суугчдын анхны хурал 2020 оны 9 сарын 20-ны өдөр хийгдсэн бөгөөд тухайн едөр Албан ёсны г сити сууц өмчлөгчдийн холбоо гэж нэршин байгуулсан юм. Уг хуулийн дагуу байгуулагдсан сөх-н төлбөрийг төлж байгаа болно. /тодорхойлолт хавсаргав/. Сөх-г Монгол улсын хуульд заасны дагуу бүх оршин суугчдын хурлаар байгуулж, төлбөр, төсөв, төлөвлөгөөг батлаж нэрийн дансанд хуримтлуулах ёстой. 2024/03/01 ны хугацааг дуусталх гэж нэхэмжилсэн байна. Энэ хугацаанд ямар үндэслэлтэй болоод СӨХ-н 2,859,540 төгрөгийг нэхэмжилж байна вэ? Сөх-н төлбөр гэж хэний зөвшөөрлөөр, хэн зохиож гаргасан дүн бэ? Дур мэдэн хийсэн төлберийг нэхэмжлэх эрхгүй. №NС06/19/0028 тоот гэрээ нь N групп болон Т ХХК компаний хоорондын гэрээ бөгөөд энэхүү гэрээ нь оршин суугч надтай хамааралгүй юм. Намайг төлөөлж гэрээ хийх эрхийг тухайн 2 компанид албан ёсоор өгөөгүй бөгөөд энэ гэрээг 2024/03/06ны өдөр шүүхийн нэхэмжлэхээс харсанаа мэдэгдье. Иргэний хуулийн 147р зүйлд заасны дагуу 147.1 .Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. Мэргэжлийн байгууллага буюу Т ХХК-д халаалт, халуун, цэвэр, бохир усны төлбөр болох 1,866,039 төгрөгийн төлсөн байна. Энэхүү компаниас авдаг үйлчилгээнийхээ төлбөрөө төлж байгаа тул төлөх ёстой тоолуурын заалтын дагуух төлбөрийг нэхэмжлэхийг шаардаж байна. Төлсөн төлбөрийг маань контор буюу ус, дулааны төлбөрөөс хасаж өгнө үү. 147.5. Орон сууцны ашиглалтын хэвийн, аюулгүй байдлыг хангах, урсгал засвар хийлгэхээс бусад асуудлаар санал өгөөгүй өмчлөгч уг асуудлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээд уг арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд бий болсон зүйлийг ашиглахаар шаардах эрхгүй. Г сити СӨХ-н нэхэмжлэлийн дагуу төлбөрөө төлж байгаа тул уг хууль бус СӨХ-н гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сард А ХХК тай гэрээ байгуулж энэ байрыг худалдаж авч байсан, 2017-08-14 ний өдөр байрны түлхүүрээ гардан авч байсан, Таван өндөр конторын үйл ажиллагаа явуулж байсан байранд ороход СӨХ байгуулагдаагүй, хуулиндаа оршин суугчдын 50 хувиас дээш ирцтэй байж сууц өмчлөгчдийн холбоо байгуулагддаг. Энэ таван өндөр албан ёсны холбоо биш учраас мөнгө төлөхгүй, манай байрны Гарден сити гээд СӨХ 2020-12-16 нд байгуулагдаж гэрчилгээ авсан, одоо контороо төлөөд явдаг. Байрны өмчлөгчөөр манай нөхрийн төрсөн дүү У гэж байдаг ч манайх амьдраад контор сөх өө төлөөд явдаг, нэхэмжлэлийн задаргаа өөрсдийнх нь баримтаас харахад манайх 1,866,039 төгрөг төлчихсөн байгаа биздээ, одоо нэхэмжлээд байгаа 2,859,540 төгрөгийн 1,408,752 төгрөг нь СӨХ гэхээр 1450,788 төгрөг үлдэж байгаа тэгээд манайх конторт 1,866,039 төгрөг төлчихөөд байхад одоо юу нэхэмжлээд байгааг ойлгохгүй , хүлээн зөвшөөрөхгүй. гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.01.15-ны өдрийн NС06/19/0028 дугаартай үйлчилгээ үзүүлэх гэрээ, тус гэрээний нэмэлт, 2019.09.19-ний өдрийн №2175, 3841, 4235, 5224 дугаартай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, 5224 дугаартай гэрээний хавсралт, Лифтийн техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, 2019.04.29-ний өдрийн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, зааг эзэмшлийн зураг, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах 26084600 тоот аж ахуйн гэрээний нэмэлт, гэрээ хийх өргөдлийн маягт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.01.31-ний өдрийн хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ, Т ХХК болон А ХХК нарын хооронд байгуулсан гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2020.09.09-ний өдрийн 265/20 дугаартай дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ, харилцагчийн гүйлгээ, Т ХХК-ийн 2024.05.24-ний өдрийн 24/58 дугаартай тодорхойлолт, Т ХХК-ийн Г.А-д холбогдуулан гаргасан нэхэмжлэхүүд, Т ХХК-иас 2019 оны 1-р сараас 2020 оны 9-р сар хүртэл Гарден сити хотхоны орон сууцны байруудын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилласан ажлын тайлан зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч талаас иргэний үнэмлэхний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Г СӨХ-ны 2024.03.27-ны өдрийн А-24/15, А-24/16 дугаартай тодорхойлолт, Г СӨХ-ны гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024.04.29-ний өдрийн 6/791 дугаартай албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Манай Т ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №NС06/19/0028 тоот үйлчилгээ үзүүлэх гэрээг N групп ХХК болон Г сити-1 хотхоны СӨХ буюу ашиглалтын өмнөх захиргаатай байгуулсан. Энэхүү гэрээгээр манай байгууллага нь тус хотхоны орон сууц болон орон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, цахилгаан, ариутгал, хог, лифт болон гаднах харуул хамгаалалт зэрэг үйлчилгээг хариуцах болсоноос гадна мөн Т сити-1 СӨХ-ийн ажиллагаа жигдрэх хүртэл хугацаанд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцахаар болсон бөгөөд ба дээрх үйл үйлчилгээтэй төлбөр, зардлыг орон сууц өмчлөгчдөөс авах төлүүлэн авах эрхийг мөн гэрээгээр бидэнд олгосон. 2019 оны 08 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарын 1 хүртэлх хугацааны СӨХ-ийн төлбөрт 2,859,540 төгрөг, харин итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдоод нэхэмжлэлийн задаргаагаа тайлбарлах шаардлага үүссэн. 2019-08 сараас 2020-11 сар хүртэлх СӨХ-н төлбөр 1,408,752 төгрөг, 2021-01 сараас 2024 оны 4 сар хүртэлх конторын төлбөр 741,279 төгрөг, мөн 2019-08 сараас 2020-12 дугаар сар хүртэлх конторын төлбөр 1,042,769 төгрөг нийлээд 3,192,800 төгрөг болж байгаа ч анх шүүхэд 2,859,540 төгрөг нэхэмжилсэн учраас шүүхэд гаргасан үнийн дүнгээрээ нэхэмжилнэ гэжээ.
3.Хариуцагч Г.А болон түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Г.А миний бие ХУД, **-р хороо Г сити хотхоны *** тоотод амвдран суудаг билээ. Надад ирсэн нэхэмжпэх дүнг хуулийн дагуу телех ёсгүй гэдгээ үүгээр мэдэгдье. Учир нь манай хотхоны оршин суугчдын анхны хурал 2020 оны 9 сарын 20-ны өдөр хийгдсэн бөгөөд тухайн едөр Албан ёсны гарден сити сууц өмчлөгчдийн холбоо гэж нэршин байгуулсан юм. Уг хуулийн дагуу байгуулагдсан сөх-н төлбөрийг төлж байгаа болно. Мэргэжлийн байгууллага буюу Т ХХК-д халаалт, халуун, цэвэр, бохир усны төлбөр болох 1,866,039 төгрөгийн төлсөн байна. одоо нэхэмжлээд байгаа 2,859,540 төгрөгийн 1,408,752 төгрөг нь СӨХ гэхээр 1450,788 төгрөг үлдэж байгаа тэгээд манайх конторт 1,866,039 төгрөг төлчихөөд байхад одоо юу нэхэмжлээд байгааг ойлгохгүй , хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Т ХХК нь 2019 оноос Хан-Уул дүүргийн ** дугаар хороонд байрлах Г Сити хотхоныг дулааны эрчим хүчээр хангуулахаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК тай, мөн лифтийн техникийн үйлчилгээ засвар үйлчилгээ үзүүлэх гэрээг Н ХХК тай, хэрэглээний цэвэр усаар хангуулахаар Ус сувгийн удирдах газартай, хог хаягдлыг ачуулахаар Х агро ОНӨААТҮГ -тай тус тус гэрээг байгуулж, улмаар тус хотхоны конторын буюу халаалт, цэвэр бохир ус,цахилгаан, ариутгал, хог, лифт харуул хамгаалалт зэргийг хариуцаж байжээ.
Тус орон сууцны 1101-1106,1201-1206,1301-1306 дугаар байруудыг хамруулан Г сити СӨХ байгуулагдан, тус холбоог 2020 оны 12 дугаар сарын 16 ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн байна.
5. Талууд Т ХХК нь тус хотхоны конторын үйл ажиллагааг хариуцдаг талаар маргаагүй, харин хариуцагч тал сууц өмчлөгчдийн холбоо 2020 оны 12 дугаар сарын 16 ний өдөр байгуулагдсан тул түүнээс өмнөх төлбөрийг төлөх үндэслэлгүй, мөн 1,450,788 төгрөгийн конторын төлбөр нэхэмжилдгээс 1,866,039 төгрөг төлчихсөн тул төлөх төлбөр байхгүй гэж тус тус маргадаг.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан, хариуцагчид гардуулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан дээр ......2019-08 сараас 2020-11 сар хүртэлх СӨХ-н төлбөр 1,408,752 төгрөг, 2021-01 сараас 2024 оны 4 сар хүртэлх конторын төлбөр 741,279 төгрөг, мөн 2019-08 сараас 2020-12 дугаар сар хүртэлх конторын төлбөр 1,042,769 төгрөг нийлээд 3,192,800 төгрөг болж байгаа ч анх шүүхэд 2,859,540 төгрөг нэхэмжилсэн учраас шүүхэд гаргасан үнийн дүнгээрээ нэхэмжилнэ гэж тайлбар гаргадаг.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан. Хариуцагч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба Т ХХК нь энэ төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 т зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд 2019-08 сараас 2020-11 сар хүртэлх СӨХ-н төлбөр 1,408,752 төгрөг гаргуулах шаардлагын тухайд 2023-11 сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Анх нэхэмжлэгч шүүхэд 2,859,540 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт гэж шаардаж байснаа шүүх хуралдаан дээр үүний 1,408,752 төгрөг нь холбооных, үлдэх 1,450,788 төгрөг нь конторын төлбөр гэж шаардах ба хариуцагч нь нэхэмжлэгч талын өөрийнх нь гаргаж өгсөн Нэхэмжлэх гэх баримтаар конторын төлбөрт 1,866,039 төгрөг төлсөн байх тул хариуцагчаас 1,450,788 төгрөгийг шүүх гаргуулах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т ХХК-ийн Г.А-д холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал болон конторын төлбөр 2,859,540 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ