Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00099/И |
Дугаар | 134/ШШ2024/00148 |
Огноо | 2024-06-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 134/ШШ2024/00148
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: ******
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 1,600,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр******* нь нөхрийн бие муу байгаа, хот явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна, мөнгө зээлээч гэсэн. Тэгэхэд нь би хүнд мөнгө зээлээд байдаггүй юм, өөрийн дүү шигээ бодоод тусалъя гэсэн. Тухайн үед 1,600,000 төгрөг өгсөн. Үүнээс 965,000 төгрөгийг Одноогийн данс руу хийж өгсөн. Тухайн үед 3 хүүхдийнхээ дэвтрийг тавьсан байсан юм билээ. Би тэр дэвтрүүдийг нь чөлөөлөөд өөрт нь авч өгсөн чинь та наад дэвтрээ ав, надад дахиад мөнгө хэрэгтэй байна гэсэн. Хэдэн төгрөг хэрэгтэй юм гэсэн чинь хэд ч хамаагүй гэхээр нь 1,600,000 төгрөг дээр тогтъё, нэмээд 635,000 төгрөгийг нөхрийнх нь дансруу хийж өгсөн. Тэгээд хот руу эмнэлгээр явж байгаад ирсэн юм билээ. Тухайн үед цагаан сар болж байсан болохоор эхний 2, 3 сарын мөнгийг өөрөө авч хэрэглэ гээд өөрт нь өгсөн. 4 дүгээр сарын 20-ноос эхлэн би авч эхэлсэн. 4, 5, 6 сарын хүүхдийн мөнгийг би аваад 7 сарынхыг наадам гээд өөрөө авсан. 8, 9, 10 сарын мөнгийг би авсан, 11 сарын мөнгийг өөрөө авсан. 12, 1 сарын мөнгийг би өөрөө авсан. 2, 3, 4, 5, 6 сарын мөнгөнөөс 100,000 төгрөгийг нь чи авч бай, 200,000 төгрөгийг нь надад өгч бай гэсэн. Надаас зээлэхдээ 15 хувийн хүүтэй зээлсэн. Миний хүнд итгэдэг зан намайг ийм байдалд хүргэлээ. Тухайн үед нотариатаар батлуулчихсан бол ийм зүйл болохгүй л байсан. Олон нялх хүүхэдтэй болохоор өрөвдөөд байдаг юм. Надад 1,900,000 төгрөгийг өгсөн, би хүүгээ авч байна л гэж бодсон. Гэтэл дүү болохоор авсан мөнгөө өгчихлөө гэж ойлгосон юм шиг байна. Тэгээд бидний дунд үл ойлголцол гараад хүүгээ бодчихсон юм. Зээлийн хүү дээр харж үзэж болно. Одоо 2,600,000 төгрөг нэхэмжилж байгаа. Өөрөө яаж өгөх боломж байгааг нь сонсмоор байна. Бүтэн жил болж байгаа учраас бодож байгаа зүйл байгаа байх гэв.
2. Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
2.1. Би энэ хүнд 3 хүүхдийнхээ дэвтрийг 1 жилийн хугацаатай тавьсан. Хүүхдийн мөнгөө барьцаалаад хүүгээ хасуулаад 1,600,000 төгрөг авсан. Би өмнө нь хүүхдийн мөнгөний дэвтрүүдээ өгөөд тэр хүндээ 900 гаруй төгрөгийн өртэй байсан. Тухайн үед яаралтай хот явах болоод нөгөө хүнээсээ мөнгө асуутал байхгүй гэсэн юм. Тэгээд энэ эгч надаас мөнгө зээлж, 3 хүүхдийнхээ дэвтрийг тавьж болно гэхээр нь 20 хувийн хүүтэй 1,600,000 төгрөгт тавьсан юм. Тэгээд би хүүгээ хасуулаад 1,600,000 төгрөг авсан. Тэгээд 1,900,000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Бидний хооронд ямар ч өр байхгүй. Гэтэл одоо хүү гээд тооцчихсон байх юм. Би анх хэлж байсан, хоёулаа гэрээ хийе гэхэд завтай болохоороо хийе гэсэн. Намайг эзгүйд хүүхдийн мөнгө авч болно гээд нотариат дээр 1 жилийн хугацаатай итгэмжлэл хийж өгсөн. Би гэрээсээ бараг ганцаараа ажил хийдэг. Одоо 2,600,000 төгрөг төлж чадахгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, иргэний оршин суугаа газрын хягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 12-ны ХААН банк ХК-ийн шилжүүлгийн баримтуудыг,
4. Хариуцагчаас: Хариу тайлбар зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.Батцэцэгт холбогдуулан 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч******* нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1,600,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн хүү 2,880,000 төгрөг төлөхөөс 1,900,000 төгрөгийг төлсөн. Одоо хүүний үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг, үндсэн зээл 1,600,000 төгрөгийг төлөөгүй байх тул нийт 2,600,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Энэ эгч надаас мөнгө зээлж, 3 хүүхдийнхээ дэвтрийг тавьж болно гэхээр нь 20 хувийн хүүтэй 1,600,000 төгрөгт тавьсан, би хүүгээ хасуулаад 1,600,000 төгрөг авсан. 1,900,000 төгрөгийг эргүүлэн төлсөн, бидний хооронд ямар ч өр байхгүй, гэтэл одоо хүүгийн хүү гээд тооцчихсон байх юм, би анхандаа хоёулаа гэрээ хийе гэхэд завтай болохоороо хийе гээд хийгээгүй, би ганцаараа ажил хийдэг, 2,600,000 төгрөг төлж чадахгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1,600,000 төгрөгийг хариуцагч Н.Батцэцэгт зээлжээ.
Хариуцагч******* нь нэхэмжлэгч *******д 1,900,000 төгрөгийг төлсөн байна. Харин талууд зээлсэн болон төлсөн мөнгөн дүнд маргаагүй.
5. Талуудын маргааны зүйл нь 1,600,000 төгрөгийг хүүтэй, хүүгүй зээлсэн гэж маргана.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 1,600,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгснөөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсч, зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох ба хариуцагч мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.
Энэхүү шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх тул тэдний хооронд хийгдсэн аман гэрээний дагуу хүү тооцох үндэслэлгүй байна.
Талууд 1,600,000 төгрөгийг хүүтэй зээлсэн, зээлээгүй гэж талаар маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иймд, нэхэмжлэгч *******гийн хариуцагч*******ээс үндсэн зээл 1,600,000 төгрөг, зээлийн хүү 1,000,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
7. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 282.4.-т заасныг баримтлан *******гийн нэхэмжлэлтэй*******т холбогдох үндсэн зээл 1,600,000 төгрөг, зээлийн хүү 1,000,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА