Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/29

 

 

 

 

 

 

 

  2019        07             04                                             2019/ДШМ/29

 

Г.Н, Ц.Ц нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: П.Итгэл,

Шүүгдэгч: Г.Н,

Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолтой Г.Н, Ц.Ц нарт холбогдох 201622000542 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгчийн Б.Түмэндэмбэрэл нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Уран тоонот овогт Ганболдын Н, …... оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, ….. настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан /Регистрийн дугаар ….........../,

Монгол улсын иргэн, Бурханч овогт Цагаанхүүгийн Ц, ….. оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн,…... настай, эрэгтэй, боловсролгүй, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /Регистрийн дугаар ................/.

Шүүгдэгч Г.Н, Ц.Ц, нар нь бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд оршин суух Л.Нэргүйгийн сууцны байшинд нэвтэрч гар утас, мөнгөн аяга, сэйф, мөнгөн хазаар, мөнгөн завхаатай эмээл, шаазан хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 6,908,000 төгрөгийн, Ц.Аын мөнгөн завхаатай эмээл, мөнгөн аяга, мөнгөн хазаар, төмөр сэйф зэрэг эд зүйлийг хулгайлж 8,510,000 төгрөгийн, мөн өдөр Ч.Эы гэрээс эрэгтэй, эмэгтэй хүний хурган дотортой дээл, бэлэн мөнгө зэргийг хулгайлж 920,000 төгрөгийн нийт 16,338,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н, Ц.Ц нарт холбогдох хэргийн зүйчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилж, шүүгдэгч Уран тоонот овогт Ганболдын Н, Бурханч овогт Цагаанхүүгийн Ц нарыг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ганболдын Нийг эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Цагаанхүүгийн Цыг эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Ц.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цын баривчлагдаж, цагдан хоригдсон 221 хоногийг хорих ялын 221 /хоёр зуун хорин нэг/ хоногоор, шүүгдэгч Г.Нийн цагдан хоригдсон 192 хоногийг хорих ялын 192 /нэг зуун ерэн хоёр/ хоногоор тооцож, тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ниссан Экстрэл маркын 28 38 УБК улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н, Ц.Ц нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нь Ц.Цыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлөх талаар санаачилгатай хандсан, хохирогч нараас уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэгт нь үндэслэлтэй дүгнэлт хийж, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хорих ялыг оногдуулсан байгаа боловч шүүгдэгчийн хувийн байдал, тухайлбал Ц.Ц нь 2012 оны автын осолд орж баруун хөл нь хугарч гэмтсэнээс мэс ажилбар хийлгэсэн боловч хадаасаа авахуулаагүй байгаагаас хадаас нь холгож, өвчин шаналгаатай байгаа нь биеийн эрүүл мэндийн байдалд улмаар нөлөөлж байна. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны их эмчийн магадлагаа, тодорхойлолт, хэрэгт авагдсан баримт материалуудаар тогтоогдож байна. Иймд Ц.Цын хувийн байдал, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, цаашид хөлийнхөө хадаасыг авахуулах зэрэг байдлуудыг нь харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нь биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ц.Ц шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Надад анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг хүлээн зөвшөөрч байгаа ба миний хувьд уг гэмт хэргийг Нтэй хамтарч үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч нарт бүрэн төлж барагдуулсан байгаа. Харин миний эрүүл мэндийн байдлын хувьд 2007 онд автын осолд орж хөл хугарсан ба мэс ажилбар хийлгэсэн. Одоо болтол хөлийнхөө хадаасыг авахуулж чадаагүй явна. Энэ байдал нь миний эрүүл мэндэд нөлөөлж байнгын зовиур шаналгаатай болсон. Иймээс хөлдөө мэс ажилбар хийлгэсэн хадаасаа авахуулах шаардлагатай байна.  Би бага насны хоёр хүүхэдтэй, хийсэн хэрэгтээ их гэмшиж, ухаарч байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу хугацаанаас өмнө тэнсэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ц, Г.Н нар нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд иргэн Л.Нэргүйн сууцны байшинд нэвтэрч гар утас, мөнгөн аяга, сэйф, мөнгөн хазаар, мөнгөн завхаатай эмээл шаазан хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан 6.908.000 төгрөгийн, иргэн Ц.Аын мөнгөн завхаатай эмээл, мөнгөн аяга, мөнгөн хазаар, төмөр сэйф зэрэг эд зүйлийг хулгайлан 8.510.000 төгрөгийн, Ч.Эы гэрээс эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлан 920.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хохирогч Л.Нэргүй, Ч.Э, Ц.А, гэрч Т.Баттүшиг, Ч.Бат-Очир, Б.Өлзийбаяр, Б.Дэлгэрбат, М.Дагвадорж,, Б.Цэцэгмаа, Д.Бат-Очир нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ц, Г.Н нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Ц, Г.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Ц түүний өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нарын “...Ц.Цын биеийн эрүүл мэндийн байдал, хувийн байдал, хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү ” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Мөн шүүгдэгч Г.Нийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан “...надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүх шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд чухам аль төрлийн ялыг хэдий хэр хэмжээгээр оногдуулах, ялыг биечлэн эдлүүлэх эсхүл тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгч Ц.Ц, Г.Н нарын тухайд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялаас хөнгөрүүлж ял оногдуулсан байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.СОСОРБАРАМ

           ШҮҮГЧИД                                                           Т.ГАНБАТ

                                                                            Н.БАЯРХҮҮ