Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 119/ШШ2024/0004

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Б” ХХК /захирал Д.О/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Ц

Хариуцагч: “Э” ТӨХК

Хариуцагч: “Э” ТӨХК-ийн ЭБЦТС/20230...... дугаартай “СИП утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж, Б.М

Гуравдагч этгээд: “О” ХХК /захирал Ц.Д/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: ““ЭБЦТС/20230...... дугаартай “СИП утас” нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчээр “О” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийг хассан тухай ТҮХ-ны шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, “Э” ТӨХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЭБЦТС/Б1-14/2023...... дугаартай гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Э” ТӨХК, “Э” ТӨХК-ийн ЭБЦТС/20230......дугаартай “СИП утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ-нд тус тус холбогдуулан ЭБЦТС/20230..... дугаартай “СИП утас” нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчээр “О” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийг хассан тухай ТҮХ-ны шийдвэр болон түүний дагуу гаргасан, захиалагч “Э” ТӨХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Т1-102 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийж, “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах гэсэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ““ЭБЦТС/20230…... дугаартай “СИП утас” нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчээр “О” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийг хассан тухай ТҮХ-ны шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Э” ТӨХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЭБЦТС/Б1-14/2023 дугаартай гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2. Нэхэмжлэгч нь “Э” ТӨХК-иас зарласан “СИП утас” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтад оролцож, ““Э” ТӨХК-иас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг үндэслэн тендерт шалгараагүй тухай 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Т1-102 тоот мэдэгдлээр “Б” ХХК-д хариу хүргүүлсэн.

Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Монгол Улсын Сангийн яам “Б” ХХК-иас гаргасан гомдлыг хянан үзээд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 03/6227 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр хариу өгчээ.

Захиалагч “Э” ТӨХК нь ЭБЦТС/20230......дугаартай СИП утас нийлүүлэх тендер сонгон шалгаруулж, хамгийн сайн тендерээр шалгарсан “О” ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ЭБЦТС/Б1-14/2023 дугаартай гэрээг байгуулж, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг дүгнэсэн.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

-Сангийн яамны зүгээс хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу дахин үнэлгээг хийж, дахин шийдвэр гаргасан хэрнээ өмнөх албан бичгээрээ хариу өгч байгаа нь хуульд нийцэхгүй,

-Сангийн яамны 2023.08.09-ний өдрийн 03/5816 дугаар албан бичигт дурдагдсан “...тухайн бараа нь хуулийн 101.1-т заасан чанар, стандартын шаардлага хангасан, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа эсэхийг нягтлах” гэснийг огт нягталж шалгаагүй,

-Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолд заасныг анхаарч үзээгүй, манай 2 удаагийн гомдолд дурдагдсан манай компанийн ирүүлсэн тендерт дотоодын давуу эрх тооцоогүй асуудал нь хууль зөрчсөн,

-Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2 Тендерт оролцогчид тавигдах санхүүгийн чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлага: 1. Борлуулалтын орлогын хэмжээ: 2022 онд борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас дээш байх гэж заасныг “О” ХХК хангахгүй буюу 2022 оны борлуулалтын орлого 60 хувь буюу 475.050.600 төгрөгөөр дээш байх байтал тус компанийн 2022 оны борлуулалтын орлого нь 428.806.500 төгрөг байх тул борлуулалтын орлого хүрэхгүй, энэ талаараа тус компанийн 2023.07.19-ний өдрийн 1/14 тоот, “Эрх бүхий тендерт оролцогчийн мэдэгдэл” гэх албан бичигтээ дурдсан байдаг, тэр нь тус компанийн ирүүлсэн 2022 оны гэрээгээр давхар нотлогддог, мөн тэрхүү 2 гэрээ тус бүртээ захиалагчийн тодорхойлолтыг хавсаргаагүй, хугацаа хэтрэлттэй байхад хугацаандаа гэх хуурамч тодорхойлолтыг авсан” зэрэг зөрчлүүдийг буруу үнэлж дүгнэсэн.

-Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.7-д “Хуулийн 10 дугаар зүйлийн дагуу давуу эрх тооцуулах барааны Монгол Улсын гарал үүсэлтэй болохыг нотлох баримтыг ирүүлнэ” гэж заасан, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараахь этгээдэд давуу эрх олгоно”, 10.1.1-т “Монгол Улсын гарал үүсэлтэй болон хог хаягдал дахин боловсруулсан бараа нийлүүлэх тендер ирүүлсэн этгээд” гэж тус тус зааснаар үзэхэд нийлүүлэх бараа нь Монгол Улсын гарал үүсэлтэй байх талаар зааснаас тендер ирүүлсэн этгээд заавал өөрөө үйлдвэрлэгч байхыг хууль зүйн хувьд шаардахгүй болох нь тодорхой байхад үндэслэлгүйгээр тендерийн баримт бичигт байхгүй нэмэлт шаардлагыг тавьсан.

-Манай компанийн хувьд Монгол Улсад ганц байгаа үндэсний үйлдвэрлэгч “Х” ХХК-ийн цахилгааны дамжуулах утасны “М” үйлдвэрийн “СИП” утас болон “АС” утсыг 2022.01.04-ний өдрийн 2022/01 тоот үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, албан ёсны гэрээт борлуулагчийн эрхтэйгээр гэрээ байгуулсныг үндэслэн дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг санал болгосныг дотоодын давуу эрх тооцоогүй шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй.

-“Х” ХХК нь Стандарт, хэмжил зүйн газраас олгосон УБД002240 дугаартай тохирлын гэрчилгээтэй бөгөөд энэ нь одоо Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрчилсэн шигүү утсан давхаргууд бүхий цахилгаан дамжуулагчийн МNS/IЕС 61089:2000 стандартын дагуу олгогдсон гэрчилгээ тул Монгол Улсын гарал үүсэлтэй бараа материал гэдэг нь түүгээр давхар нотлогдоно.

Тендерийн баримт бичигт тухайлан ийм заалтыг оруулж байгаа нь хуулиас давсан шаардлага тавьж байхын зэрэгцээ тендерийн баримт бичиг боловсруулах журмыг ноцтой зөрчсөн.

-“Х” ХХК нь бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргадаггүй учир Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй МNS/IEС 61089:2000 стандартыг баримтлан, түүнд үндэслэн үйлдвэрлэлээ явуулдаг тул Монгол Улсаас гарал үүсэлтэй болохыг нотлоогүй гэж дурдан, энэ үндэслэлээр тендерийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчиж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна.

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараахь этгээдэд давуу эрх олгоно”, 10.1.1-т “Монгол Улсын гарал үүсэлтэй болон хог хаягдал дахин боловсруулсан бараа нийлүүлэх тендер ирүүлсэн этгээд”, 10’ дүгээр зүйлийн 10‘,1-т “Чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно”, 10’.2-т “Энэ хуулийн 101.1-д заасан дотоодын уйлдвэрээс хүдалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуүллага боловсруулж, Засгийн газар батална” гэж тус тус заасныг зөрчиж байна.

-Тендерт шалгарсан гэх “О” ХХК нь нийлүүлэх бараагаа БНХАУ-аас оруулж ирэхээр тендерийн материалдаа ирүүлсэн байхад түүний шалгаруулж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2019.02.27-ны өдрийн 90 дүгээр тогтоол болон хуулийг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй”  гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь Э ТӨХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр зарласан ЭБЦТС /20230...... дугаартай Сип утас нийлүүлэх цахим тендерт оролцсон ба тус компанийн тендерийн материалд үнэлгээ хийхдээ дотоодын давуу эрх тооцоогүй. Энэ шалтгаанаа МҮХАҮТ-ын гэрчилгээ нь орчуулаагүй Х ХХК-д МҮХАҮТ-аас гарал үүслийн гэрчилгээ ирүүлээгүй, мөн Х” ХХК-д олгосон жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт нь хугацаа дууссан гэсэн үндэслэлүүдээр дотоодын давуу эрх тооцоогүй гэдгээ тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Ингэж шийдвэрлэсэн талаараа хариуцагчийн зүгээс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Т/102 дугаартай мэдэгдлийг хүргүүлж нэхэмжлэгчид мэдэгдсэн ба энэ мэдэгдлийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч 2023 оны 7 сарын 26-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Түүний дагуу Сангийн яамнаас тус ТҮХ-ны шийдвэр хууль бус байх тул хүчингүй болголоо гэсэн шийдвэрийг гаргаад үүний дагуу хариуцагч Э ТӨХК-ийн ҮХноос дахин үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүйгээр 7 дугаар сарын 20-ны өдрийн Т1/102 дугаартай мэдэгдлийг дахин нэхэмжлэгч компанид боломжгүй гэдэг хариугаа яг тэр өмнөх албан бичгээрээ өгсөн нь хууль зөрчсөн байна. Ингээд яг өмнөх хариугаа өгчихлөө дахиад ийм хууль бус шийдвэр гаргачихлаа гэдэг агуулгаар 8 дугаар сарын 17-ны өдөр дахин Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яамнаас ТҮХ-ны шийдвэрийг үндэслэлтэй гэсэн хариу өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ТҮХ-ны 2 удаагийн хурлаас яг нэг хариу нэг он сар дугаартай нэг хариуг өгч байгаа нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. Сангийн яамны 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 003/5816 албан бичигт дурдсанаар тухайн бараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 101.1.1-д заасан чанар стандартын шаардлага хангасан дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа эсэхийг нягтлах гэснийг огт нягталж шалгаагүйгээр өмнөх шийдвэрээ хэвээр үлдээлээ гэдэг агуулгаар шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолд заасныг анхаарч үзээгүй, 2 удаагийн гомдолд дурдсанчлан дотоодын давуу эрх тооцоогүй асуудал нь хууль зөрчиж байгаа асуудлаар шийдвэр гаргаагүй. “О” компани нь БНХАУ-ын улсаас Сип утас нийлүүлэхээр тендер ирүүлснийг шаардлага хангасан тендерээр шалгаруулсныг хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа. Тендерийн баримт бичиг ТШЗ 18.2-т тендерт оролцогчид тавигдах санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт шаардлага гээд 1 дүгээрт борлуулалтын орлогын хэмжээ 2022 онд батлагдсан төсөвт өртгийн 60%-аас дээш байх гэдэг шаардлагыг гуравдагч этгээд хангаагүй. Тухайн тендерийн төсөвт өртөг 791 сая гэж гарсан байдаг. Үүний 60% гэснийг хангаагүй. Гэтэл Окомпанийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1/14 гээд хавтаст хэрэгт авагдсан албан бичигт 2022 онд борлуулалтын орлого нь 428.806.500 төгрөг гэдгийг өөрсдөө тодорхойлоод биччихсэн. Ингээд өөрсдөө бичиж өгчихсөн. 2022 оныхоо тайланг огт ирүүлээгүй байхад тэр компанийг шаардлага хангаж байна гэж үзээд шалгаруулсан нь хуулийг ноцтой зөрчсөн. Сангийн яамны гомдолд хариу өгсөн албан бичигт дотоодын давуу эрх тооцоогүй захиалагчийн шийдвэр үндэслэлтэй талаар дурдсан нь хуульд нийцэхгүй байгаа гэж үзэж байгаа. МҮХАҮТ-аас олгосон гарал үүслийн гэрчилгээд үйлдвэрлэгч биш “Б” компанийн нэрийг заасан гэх үндэслэлийг бас хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Учир нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.7-д хуулийн 10 дугаар зүйлийн дагуу давуу эрх тооцуулах барааны Монгол Улсын гарал үүсэлтэй болохыг нотлох баримтыг ирүүлнэ л гэж заасан. Мөн Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараах этгээдийн этгээдэд давуу эрх олгоно гээд 10.1.1-д Монгол Улсын гарал үүсэлтэй бараа нийлүүлэх тендер ирүүлсэн этгээд гэсэн байна. Тэгэхээр зайлшгүй тэр тендерт оролцож байгаа этгээд өөрөө тэрийг үйлдвэрлэсэн байхыг шаардахгүй. Тэр нийлүүлэх гээд байгаа бараа нь Монгол Улсад гарал үүсэлтэй юу үгүй юу гэдэг чухал ач холбогдолтой. Энийг л харгалзаж үзнэ гэдгийг хууль болоод тендерийн баримт бичигт заачихсан байхад зөрчиж байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч компанийн хувьд Монгол Улсад ганцхан байдаг Сип утсыг үйлдвэрлэдэг Монсип гээд үйлдвэртэй албан ёсны гэрээт борлуулагчийн гэрээтэй, үйлдвэрлэгчийн зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс хангах боломжтой гэж үзээд санал болгосныг хүлээж аваагүй. Тухайн нийлүүлэх гэж байгаа бараа бүтээгдэхүүн нь өөрөө Х компанийн нэр дээр Стандартчилал хэмжил зүйн газраас олгосон УБД 002240 дугаартай тохирлын гэрчилгээтэй учраас энийг дотоодын Монгол Улсын гарал үүсэлтэй гэдгийг давхар нотолно гэж үзэж байгаа. Монгол Улсын ЗГ-ын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор батлагдсан дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан тохирлын гэрчилгээтэй барааны жагсаалтын 13-д өнгөт болон хар төмөрлөгийн бүтээгдэхүүн, 13.5-д Сип кабель гээд бүр яг ямар ч салаа утгагүй ойлгомжтой байдлаар сип утсыг дотоодын үйлдвэрээсээ хангана гэдгийг Засгийн газрын тогтоолоор батлаад өгчихсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11-д Монгол Улсад гарал үүсэлтэй этгээдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх этгээдэд давуу эрхийг олгоно гэж хуульд заасныг зөрчиж байна. О компанийн нийлүүлэх бараа нь БНХАУ-аас оруулж ирэхээр тендерийн материал ирүүлсэн байхад Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ийм төрлийн бараа бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангана гээд эдийн засгаа тэлэх Монгол Улсынхаа валютын урсгалыг гадагш гаргахгүй гэдэг энэ бодлогынхоо хүрээнд жагсаалтыг нь гаргаад жагсаалтад нь ямар ч салаа утгагүйгээр орчихсон бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээсээ хангая гээд байхад дотоодын давуу эрхэд тооцохгүй гэж ийм ялих шалихгүй шалтгаанаар хасаад дээр нь санхүүгийн болоод баримт бичгийн шаардлага хангахгүй этгээдийг шалгаруулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчийн гэрчилгээний лавлагааны хугацаа дуусчихсан гэж дурдсан байдаг. Энэ нь өөрөө жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай Монгол Улсын хуульд заахдаа бүртгэнэ л гэдэг заалт байгаа болохоос төдий хугацаатай бүртгэнэ гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр уг лавлагаа нь 45 хоногийн хугацаанд хүчинтэй байдаг хэдий ч энэ компани жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчээр бүртгэлтэй нь тодорхой харагдаж байгаа. Гэтэл энэ баримтыг бас л буруу үнэлээд дотоодын давуу эрх тооцохоос татгалзсан нь өөрөө хууль бус юм. Мөн энэ компани зөвхөн дотоодын эрх давуу тооцохгүй учраас тендерийн шаардлага хангахгүй гээд татгалзаж байгаа юм. Зүй нь бол дотоодын давуу эрх тооцохгүй ч гэсэн бусад шаардлагаа хангаж байгаа учраас тендерт тэнцсэн гэж үзээд хамгийн бага үнэтэй нь харьцуулах байдлаар ингэж шалгаруулалтыг явуулах байтал дотоодын давуу эрх тооцохгүй л юм чинь эднийх шаардлага хангахгүй гээд шууд татгалзаж байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс хууль бус шийдвэрээ үндэслээд гуравдагч этгээд болох компанитай хууль бусаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ байгуулаад гэрээнийхээ дагуу бараа бүтээгдэхүүнээ хүлээж аваад ингээд ажлаа гүйцэтгэчихсэн гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээг хүчингүй болгуулах гэж байгаа. Тэгэхээр сая дурдсан үндэслэлүүдээр хууль бус шийдвэрийн үндсэн дээр байгуулагдсан гэрээ нь өөрөө хууль зөрчиж байна гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу ЭБЦТС-20230…... дугаартай Сип утас нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчээр гуравдагч этгээд “О” компанийг шалгаруулж нэхэмжлэгч “Б” компанийг хассан тухай ТҮХ-ны шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож, хууль бус шийдвэрийн үндсэн дээр байгуулагдсан хариуцагч болоод гуравдагч этгээд компаниудын хооронд байгуулагдсан гэрээг хүчингүй болгож өгнө үү.

МҮХАҮТ-ын тухай хуулиар Монгол Улсад гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүн мөн гэдгийг Монгол Улсын хэмжээнд ганцхан тус байгууллага л тодорхойлдог. Гэхдээ тодорхойлохдоо экспортод Монгол Улсын хилээр гадагш гадаад улс руу гаргахад тодорхойлдог ийм эрхтэй байгууллага байгаа. Энэ талаар ч гэсэн ТҮХ-д албан бичиг ирүүлсэн. Гэхдээ ийм хууль бус шаардлага тавиад хууль бус тендерийн бичиг баримт боловсруулаад шаардлага тавиад байгаа учраас нэхэмжлэгч компанийн зүгээс манай бүтээгдэхүүн Монгол Улсад гарал үүсэлтэй ийм гэрчилгээ олгож өгөөч гээд хүсэлт тавьсны дагуу манайд олгосон. “Б” ХХК болон “Х” компани экспортод гаргадаггүй, зөвхөн дотооддоо худалддаг. Хуулиараа тийм эрх олгоогүй байгууллагаас тийм бичиг авч ир гэдэг шаардлага тавьдаг нь өөрөө Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тэгш өрсөлдөх гэдэг зарчмыг ноцтой зөрчиж байгаа юм. Энэ тендер нь 2023 оны 1 сард зарлагдаад 3 сараас эхлээд шалгаруулалт удаа дараа явагдсан. Давхардсан тоогоор бараг 10 компани оролцоод ганцхан нэхэмжлэгч компанийн зүгээс дотоодын давуу эрх тооцуулахаар тендерийн баримт бичигтээ өгсөн байдаг. Зөвхөн нэхэмжлэгч компанид зориулаад 2023 оны 8 сард тендерийнхээ баримт бичигт өөрчлөлт оруулаад дотоодын давуу эрх тооцуулах гэж байгаа бол тохирлын гэрчилгээ чинь Монгол Улсын гарал үүслийг нотлохгүй гэх өөрчлөлтийг оруулж байгаа нь хуулийн зарчмыг ноцтой зөрчиж байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. МҮХАҮТ-аас олгосон гэрчилгээг орчуулаагүй байна гэсэн. Гэтэл гэрчилгээг олгоно гэж зааснаас биш дурдагдсан үг үсэг болгоныг орчуул гэж байхгүй. Монгол хэл дээр баримтыг бүрдүүлж өгнө гэх шаардлага бий. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан тэр гарал үүслийн гэрчилгээ дээр англиар бичигдээд яг ард нь монголоор нь тайлал нь байгаа. Хэн ч харсан гэрчилгээтэй юм байна гэдгийг ойлгохоор ийм зүйл байсан. Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт нь хугацаа дууссан гэж хассан боловч тендерийн баримт бичиг дээр Жижиг дунд үйлдвэрийн газраас тодорхойлолт авна, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байж дотоодын давуу эрх тооцно гэдэг үг үсэг байхгүй. Тендерийн баримт бичигт байхгүй үндэслэлээр хассан нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. 2022 онд ижил төстэй бараа материал нийлүүлсэнтэй холбоотой хоёр ширхэг гэрээ өгсөн байгаа. Энэ хоёр ширхэг гэрээнийх нь нийт нийлбэр дүн нь түрүүн хэлсэнчлэн нийт төсөвт өртгийн 60 хувьд хүрдэггүй. Тухайн гэрээнүүдтэй холбоотой гэрээ тус бүр дээр тодорхой заачихсан. Энэ 2 гэрээг хоёуланг нь базаад хэлбэл уг 2 гэрээ нь хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээ байдаг. Энийг бас л шаардлага хангасан гээд үзчихсэн. Тодорхойлолт өгөхдөө хугацаандаа биелүүлсэн гээд тодорхойлолт өгчихсөн байдаг. Тэгвэл хавтаст хэрэгт байгаа энэ 2 гэрээ дээр нь хэдий хугацаанд биелүүлэх вэ гэдэг хугацаа нь тодорхой байгаа. Хэдий хугацаанд гүйцэтгэсэн нь байгаа. Гэрээний хугацаагаа илт зөрччихөөд байхад хариуцагч компанийн зүгээс гуравдагч этгээдийн компанид давуу байдал олгоод хугацаа нь хэтэрчихсэн байхад л хугацаандаа биелүүлсэн гэдэг тодорхойлолт өгч энэ мэтчилэн хуулийн шаардлага хангахгүй компанийг шалгаруулсан нь хууль бус гэж хэлэх гээд байгаа юм. Дараа жилийн тендер зарлагдаад явж байна гэж байна. Энэ асуудал нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Манай зүгээс хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн эрх ер нь яаж сэргэх юм бэ гэдэг дээр тайлбарлах хэрэгтэй байх. Хууль бус байсан болохыг тогтоолгосноор хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч компани зардал мөнгө гаргасан, хэргээ шийдүүлэх гээд удаа дараагийн шүүх хуралдаанд оролцох зардал гаргаж байна. Яг энэ тендерт өгсөн баримтаараа дотоодын давуу эрх тооцуулахаар дахиад л оролцоно. Тэгэхээр дахиад л яг энэ үндэслэлээрээ хариуцагчийн зүгээс хасах ч байдаг юм уу, бусад байгууллага дээр ийм жишиг тогтоох сөрөг үр дагавартай учраас энэ шаардлагыг гаргаж байгаа юм. Тэрнээс биш гэрээ хүчингүй болгоод манайх бараагаа нийлүүлье гэвэл боломжгүй л байх. Гэхдээ хууль зүйн хувьд хууль бус байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчид эерэг үр дагавар үүсэх учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Э” ТӨХК-ийн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан “СИП УТАС” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 02-ны хооронд зарлаж 7 аж ахуйн нэгж материал ирүүлсэн ба шаардлага хангах нэг ч тендер ирүүлээгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 04-ний хооронд дахин тендер зарлаж 5 аж ахуйн нэгж материал ирүүлж “А” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон.

2023 оны 05 сарын 29-ний өдөр Монгол Улсын Сангийн Яаманд “Б” ХХК, “Г” ХХК, “О” ХХК-иуд гомдол гаргаж Сангийн яамнаас дахин үнэлгээ хийх шийдвэр гарч шаардлага хангах нэг ч тендер ирүүлээгүй шалтгаанаар дахин тендер амжилтгүй болсон байна.

2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 20-ны хооронд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ шууд байгуулах журмын дагуу цахимаар зарлаж 3 аж ахуйн нэгж материал ирүүлсэн ба “О” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон.

2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Сангийн Яаманд “Б” ХХК гомдол гаргасан ба Сангийн яамнаас захиалагчийн шийдвэр үндэслэлтэй ч хянан үзэх нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан. 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дахин үнэлгээ хийж шийдвэр гаргасан боловч “Б” ХХК нь дахин гомдол гаргаж, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 03/6227 дугаартай Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгийн хүрээнд тендерийн үйл ажиллагаа үргэлжлэн гэрээ байгуулсан байна.

2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЭБЦТС/Б1-14/2023 дугаартай гэрээг байгуулж 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бараа хүлээлгэн өгч 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг дүгнэсэн байна.” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл шаардлагын дагуу боловсруулж түүнд ирүүлсэн бараа, ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг хэлнэ.”, 5.1.5-д “Тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ” гэж заасан. Хуульд заасны дагуу манайх тендерийн баримт бичгээ боловсруулаад ирсэн материалуудаас үнэлгээгээ хийгээд шалгаруулалтаа явуулсан. “О” компанитай байгуулсан 2023 оны 7 дугаар сарын 20-ны Т1/100 дугаартай мэдэгдэл хүчин төгөлдөр байгаа учраас тус компанитай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэл байхгүй. Ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Мөн Сангийн яамны шийдвэрийн дагуу бид нар тендерийнхээ үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлээд явуулсан. Өнөөдөр бол гэрээ хийгдээд үнэлэгдээд бүх юм дууссан. 2024 оны тендер зарлагдаад явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчид зориулж тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулсан нь хууль бус гэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д тендерийн бичиг баримт бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзэж гомдлоо тендерийн нээлт хийх ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө ШӨХТГ-т гомдлоо гаргах эрх нь байсан. Тухайн үед гомдол гаргаагүй. Тэгэхээр тэр тендерийн бичиг баримтад оруулсан өөрчлөлт нь хууль бус биш гэж үзэж байна.” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын 90 дүгээр тогтоолд орсон бараа бүтээгдэхүүнийг дотоодын давуу эрхэд тооцно гээд хууль байдаг. Гэтэл хуулийн дагуу дотоодын давуу эрх тооцоогүй гэж үзэж байх шиг байна. 90 дүгээр тогтоолд орсон учраас бид нар тендерийн өгөгдлийн хүснэгтэд тендер шалгаруулалтын зааварчилгааны 1.3-д дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичигдээд тийм гэж зааж өгсөн. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.7 “хуулийн 10 дугаар зүйлийн дагуу давуу эрх тооцуулах барааны Монгол Улсын гарал үүсэлтэй болохыг нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ. Барааны үнийн задаргаанд Монгол Улсын гарал үүсэлтэй болохыг заагаагүй гарал үүслийг нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд давуу эрх тооцохгүй. Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гарал үүслийн гэрчилгээг ирүүлнэ. Тохирлын гэрчилгээг нотлох баримт болохгүйг анхаарна уу” гэж заасан байгаа. Мөн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.8-д “тендер шалгаруулалтын зааварчилгааны 1.3-д зааснаар нийлүүлэхээр санал болгох бараа Монгол Улсын гарал үүсэлтэй болохыг нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ. Нотлох баримт бичиг ирүүлээгүй тохиолдолд тухайн барааг шаардлага хангаагүй гэж үзнэ” гээд бүүр дэлгэрэнгүй заачихсан байгаа. Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимийн тодорхойлолтыг Монгол Улсад үйлдвэрлэснийг нотлох үүднээс шаардсан байгаа. Үйлдвэрлэгч нь гарал үүслийн гэрчилгээг Худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс авах байтал тендерт оролцогч нь үйлдвэрлэгчээ төлөөлөөд Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимаас манай бараа Монгол Улсад үйлдвэрлэгч мөн гэсэн ийм тодорхойлолт авчихаж байгаа юм. Энэ нь Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимтай үгсэн хуйвалдсан эсвэл хуурамч тодорхойлолт гэж үзэх боломжтой болж байгаа юм. “Б” гэдэг компани чинь өөрөө үйлдвэрлэгч биш. Гэсэн мөртлөө “Х” гэдэг компанийг төлөөлөөд гэрчилгээ авчихсан байгаа. Сангийн Яамны 2023 оны 8 сарын 9-ний 03/5816 дугаар гомдол хянасан тухай мэдэгдэл дээр тодорхой заасан. Тохирлын гэрчилгээг харгалзахгүйгээр давуу эрх тооцсонгүй гэж үзэж байна. Тохирлын гэрчилгээ гэдэг нь өөрөө Монгол Улсын гарал үүсэлтэй болохыг нотолдог зүйл биш. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дээр тохирлын гэрчилгээ гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ гэж байгаа. Энэ нь зүгээр л стандартыг хэлж байгаа болохоос Монгол Улсад үйлдвэрлэсэн гэдгийг нотолсон бичиг баримт биш. Тухайн тендерт ирүүлэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн тодорхойлолт нь 45 хоногийн хугацаанд хүчинтэй гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр энэ хугацаа нь тухайн үед дуусчихсан байсан. Тийм учраас хугацаа дууссан гэдэг үзүүлэлтээс татгалзсан. Хамгийн бага үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж хууль дээр заачихсан байдаг учраас хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерийг үнэлж шалгаруулсан.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимийн бичгийг орчуулаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан байгаа. Зааварчилгааны 13.2 дээр тендерийн хэл нь монгол хэл байна. Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулна гэж заасан. Ирүүлсэн материалыг харвал Үндэсний худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимаас өгсөн баримтыг орчуулсан зүйл байхгүй. Зөвхөн англиар байдаг тэрийг материалаас харж болно. Дотоодын давуу эрх тооцуулах гэсэн тодорхойлолтыг үндэслээд зөвхөн энэ компани дээр дотоодын давуу эрхийн 19.1.3, 19.7, 19.8-ыг үндэслэж л яригдаад байгаа зүйл. Бусад компаниуд өөрсдөө дотоодын давуу эрх тооцуулъя гээгүй байхад нь бид нар 19.7, 19.8 дугаар зүйлийг бариад байх ямар ч үндэслэл байхгүй. Жижиг дундын үйлдвэрлэлийн тодорхойлолтыг нэхээгүй байж хугацаа дууссан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж байна. Нэхэмжлэгч компани өөрсдөө жижиг дунд үйлдвэрлэгчийн тодорхойлолт нь Монгол Улсад үйлдвэрлэгч мөн гэдгийг нотолж байгаа юм гэдэг тодорхойлолтыг өөрсдөө ирүүлсэн учраас тэрийг нотлох үүднээс бид нар хугацааг ярьсан. Бид нарт хэлээгүй байсан бол тэр хугацааг ярих үндэслэл байхгүй. Байгаагүй зүйлээр бид нар татгалзах ямар ч үндэслэл байхгүй. Өөрсдөө энэ тодорхойлолт нь Монгол Улсын гарал үүсэлтэй гэсэн болохоор мэдэгдэл дээр бүр ойлгомжтой болгож тусгасан. Гуравдагч этгээдийн борлуулалтын орлогын хэмжээ 60% гэж зааснаас биш нийлүүлсэн гэрээ нь 60% гэж заагаагүй. “О” ХХК нь борлуулалтын орлого нь хүрэхгүй байна гэж гомдолд дурдсан байсан. Сангийн яамнаас захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байна гэж гарсан. Дараа дараагийн арга хэмжээн дээр ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд бид нар эрхээ хамгаалуулъя гэж байна. Шинэчилсэн хуулиар эрхээ хязгаарлуулсан этгээдээс барааны дүн давуу эрхэд тооцохгүй гэж заасан” гэв.

8. Гуравдагч этгээд О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “.... 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрүүдийн хооронд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу “Э” ТӨХК-иас зарласан тендерт тус компанийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1/1 тоот албан бичгээр хүсэлтээ холбогдох тендерийн баримт бичгийн хамт хүргүүлэн оролцон шалгарсан.

2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сангийн яаманд нэхэмжлэгч талын зүгээс гомдол гаргасан ба Сангийн яамны дүгнэлтээр хяналтын ажиллагааг гүйцэтгэсний эцэст 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 03/6227 дугаартай Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгийн хүрээнд тендерийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн манай байгууллага нь тендерийн хороотой гэрээ байгуулан ажилласан болно. Түүнчлэн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний дагуу барааг хүлээлгэн өгч, гэрээ дүгнэсэн акт үйлдэн гэрээний болон тендерийн үйл ажиллагаа дуусгавар болсон байна.

Мөн тус нэхэмжлэлд “О” ХХК-ийг ТШЗ 18.2 Тендерт оролцогчид тавигдах санхүүгийн чадавхи, шаардлага: 1. Борлуулалтын орлогын хэмжээ: 2022 онд борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас дээш байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна.

“О” ХХК-ний аудитаар баталгаажсан санхүүгийн тайланд тусгагдсан:

  1. оны борлуулалтын орлого: 428.806.000 төгрөг
  2. оны борлуулалтын орлого: 1.076.576.302 төгрөг байгаа нь тендерт

тавигдсан санхүүгийн чадавхийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.  

Захиалагчийн тодорхойлолт байхгүй гэсэн нь илт худал мэдээлж байна манай компани 02/486 дугаартай тодорхойлолтод захиалагчийн тодорхойлолт авч тендерийн баримт бичигтээ хавсаргасан.

Манай компанийг 2022 онд хугацаандаа бараагаа нийлүүлээгүй гэсэн нь мөн үндэслэлгүй бөгөөд 2022 оны ЭБЦТС/Б1-35/2022 тоот гэрээний дагуу давагдашгүй хүчин зүйл /цар тахлын улмаас/ гэрээний хугацааг сунгаж, тус хугацаанд багтаан бараагаа чанартай нийлүүлсэн нь ЭБЦТС/Б1-35/2022-ГДА тоот гэрээ дүгнэсэн акт болон захиалагчийн тодорхойлолтоор батлагдаж байна. “О” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ТӨХК, “Э” ТӨХК-ийн ЭБЦТС/20230......дугаартай “СИП утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ-д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой” гэсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас “Хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-тай хамт шүүх хуралдаанд оролцох” хүсэлт гаргасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц-аас “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-аас ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх” хүсэлт гаргасан. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-г оролцуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлье гэсэн саналыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвшөөрсөн тул оролцогчдын эрхийг хангах, мэтгэлцэх боломжийг хангах үүднээс шүүх хуралдааныг түр завсарлуулж, түүнийг дуудан ирүүлж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргад мэдэгдсэн байх тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.

4. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас “Э” ТӨХК, “Э” ТӨХК-ийн ЭБЦТС/20230......дугаартай “СИП утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ-д тус тус холбогдуулан ЭБЦТС/20230..... дугаартай “СИП утас” нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчээр “О” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийг хассан тухай ТҮХ-ны шийдвэр болон түүний дагуу гаргасан, захиалагч “Э” ТӨХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Т1-102 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийж, “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

            5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ““ЭБЦТС/20230.... дугаартай “СИП утас” нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчээр “О” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийг хассан тухай ТҮХ-ны шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, мөн “Э” ТӨХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЭБЦТС/Б1-14/2023 дугаартай гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болоод нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

6. “Э” ТӨХК-ийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/11 дугаартай тушаалаар ТҮХ-г байгуулсан байх бөгөөд уг ҮХ нь “СИП утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж зааснаар түүнийг байгуулсан эрх бүхий этгээд болох “Э” ТӨХК нь түүний эрх зүйн үр дагаврыг хариуцахаар байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Э” ТӨХК болон “СИП утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ-г хариуцагчаар татан оролцуулсан болно. /Хавтаст хэргийн хавсралт нотлох баримтын хавтас-9 дэх тал/

7. Шүүхээс нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан  ““ЭБЦТС/20230.... дугаартай “СИП утас” нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчээр “О” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийг хассан тухай ТҮХ-ны шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох”, “Э” ТӨХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЭБЦТС/Б1-14/2023 дугаартай гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            7.1. “СИП утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай хуралдааны тэмдэглэлээр бүх тендерээс татгалзаж, мөн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай хуралдааны тэмдэглэлээр 2 дахь удаагаа бүх тендерээс татгалзсан шийдвэр гаргасан тул шууд гэрээ байгуулах аргаар тендерийг шалгаруулахаар тендер сонгон шалгаруулалтын онцгой журмыг хэрэглэхээр шийдвэрлэжээ. /Хавтаст хэргийн хавсаралт нотлох баримтын хавтас 1-90 дэх тал, 91-193 дахь тал/

7.2. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т “Энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.1.3-т “Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахдаа дараахь аргыг хэрэглэнэ: 31.1.3.гэрээ шууд байгуулах”, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно: 34.1.1.энэ хуулийн 30.4.3, 36.18-д заасан тохиолдолд” гэж тус тус заасныг зөрчөөгүй.

            7.3. “СИП утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, ““СИП” утас нийлүүлэх үнийн саналын баримт бичиг боловсруулж урилга нийтлэх, тендерийн баримт бичиг худалдах үнэ тогтоох” асуудлыг хэлэлцэж, 10 дугаартай тэмдэглэлээр “Гэрээ шууд байгуулах аргаар “СИП” утас худалдан авах үнийн саналын баримт бичгийг өөрчлөн баталж, цахимаар тендерийг зарлаж, тендерийн урилгыг Засгийн газрын цахим худалдан авалтын сайтад нийтэлсэн болох нь нотлогдож байна. /Хавтаст хэргийн хавсаралт нотлох баримтын хавтас 194-230 дахь тал/

             7.4. Тус тендерт “Б” ХХК, “О” ХХК, “Г” ХХК гэсэн 3 компани тендерийн урилгыг хүлээн авч, тендер ирүүлж оролцсон бөгөөд “О” ХХК нь хамгийн бага үнийн санал ирүүлжээ. /Хавтаст хэргийн хавсралт нотлох баримтын хавтас 231 дэх тал/

7.5. ТҮХ нь тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн “О” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахаар 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай тэмдэглэл буюу ҮХ-ны дүгнэлтийг гаргасан бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч “Б” ХХК-ийн Сангийн яаманд гаргасан гомдлын дагуу 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 13 дугаартай тэмдэглэлээр “О” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох дүгнэлтийг дахин гаргасан. /Хавтаст хэргийн хавсаралт нотлох баримтын хавтас 231-255 дахь тал/

7.6. Шууд гэрээ байгуулах аргаар хамгийн бага үнийн санал ирүүлсэн “О” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн ТҮХ-ны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж тус тус заасныг зөрчөөгүй.

            7.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна. Иймд “СИП утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ нь хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн дагуу сонгон шалгаруулалтыг хийсэн гэж үзэх үндэслэлтэй.

            7.8. Тендерт оролцогч “Б” ХХК нь энэхүү тендерийн баримт бичгийг бэлтгэхэд тэгш өрсөлдөх боломжийг хязгаарласан, бусад оролцогч этгээдүүдэд зориулж давуу байдал олгосон гэх асуудлаар гомдол гаргаж байгаагүйн дээр уг тендерийн баримт бичгийн талаар захиалагчаас тодруулга авч байгаагүй байна. Мөн тендерийн баримт бичгийн талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон. /Хавтаст хэргийн 148-173 дахь тал/

            7.9. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн дагуу тендерт оролцогч нарын ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг хянан үзэж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “О” ХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэв.

            7.10. Тодруулбал, нэхэмжлэгчийн “О” ХХК-ийг тендерт шалгаруулсан нь хууль бус гэсэн үндэслэлээ “О” ХХК нь хятадын бараа нийлүүлэхээр санал болгосон, борлуулалтын орлогын хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас дээш байх шаардлагыг хангаагүй, ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын талаарх мэдээлэл шаардлага хангахгүй, гэрээний хугацаа хэтэрсэн” гэж тайлбарлаж байгаа нь тогтоогдохгүй байх бөгөөд Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 03/5816 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрт захиалагчийн шийдвэр үндэслэлтэй талаар тодорхой дүгнэсэн байна. /Хавтаст хэргийн хавсаралт нотлох баримтын хавтас 254 дэх тал/

            7.11. “Б” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар Монгол Улсаас гарал үүсэлтэй бараа нийлүүлж, давуу эрх тооцуулахаар тендерийн материалыг бүрдүүлж ирүүлснийг тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэж шийдвэрлэсэн ТҮХ-ны шийдвэр тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй.

            7.12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Тендерийн үнэлгээ хийхдээ энэ хуулийн 10.1-д заасан этгээдэд давуу эрх олгох бол энэ тухай тендерийн баримт бичигт тодорхой заах бөгөөд давуу эрх эдлэхийг хүссэн тендерт оролцогч барааны гарал үүсэл, өртгийн талаархи мэдээлэл, эсхүл энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.6, 10.1.7-д заасныг нотлох баримтыг ирүүлнэ” гэж зааснаар тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу тендерийн баримтыг бүрдүүлэх, хэрвээ тендерийн баримт бичиг өрсөлдөөнийг хязгаарласан, хэн нэгэнд давуу байдал олгосон, хууль бус материал шаардсан бол холбогдох байгууллагад гомдол гаргах, тодруулга авах зэргээр хандах боломжтой.

            7.13. Гэтэл “Б” ХХК нь тендерийн баримт бичгийн талаар гомдол гаргаагүй, тендерийн баримтад заасан материал болох гарал үүслийн гэрчилгээг МҮХАҮТ-аас гаргуулан авсан байх бөгөөд тухайн гэрчилгээнд үйлдвэрлэгч биш “Б” ХХК-ийн нэрийг заасан нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 19.7-д “Хуулийн 10 дугаар зүйлийн давуу эрх тооцуулах барааны Монгол улсын гарал үүсэлтэй болохыг нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ. Барааны үнийн задаргаанд Монгол улсын гарал үүсэлтэй болохыг заагаагүй, гарал үүслийг нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд давуу эрх тооцохгүй. МҮХАҮТ-аас гарал үүсийн гэрчилгээг ирүүлнэ. Тохирлын гэрчилгээ нотлох баримт болохгүйг анхаарна уу” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Тендерийн баримт бичигт МҮХАҮТ-ийн гарал үүслийн гэрчилгээг шаардсан байх тул тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагын дагуу гаргасан захиалагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

            7.14. Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дугаар зүйлийн 101.1-д “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно” гэж заасан хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, тендерийн баримт бичигт “Тендерийн цар хүрээ” 1.3-т “Барааг бүхэлд нь эсхүл түүний тодорхой багцын барааг хуулийн 101 дугаар зүйлд зааснаар дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол энэ тухай ТӨХ-д заана. Ийнхүү заасан бол тендер шалгаруулалт, эсхүл түүний багцад зөвхөн Монгол Улсын гарал үүсэлтэй бараа нийлүүлнэ”, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 19.8-д “ТШЗ-ны 1.3-т зааснаар нийлүүлэхээр санал болгох бараа Монгол Улсын гарал үүсэлтэй болохыг нотлох баримтыг тендерт ирүүлнэ. Нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд тухайн барааг шаардлага хангаагүй гэж үзнэ” гэж заасан боловч уг барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол гадаадын бараа нийлүүлэхийг хориглох, ирүүлсэн тендерийн саналыг хэрхэн шийдвэрлэх талаар тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-д тусгайлан тодорхой заагаагүй байна.

            7.15. Иймд тендерийн баримт бичигт зөвхөн дотоодын үйлдвэрлэлээс бараа худалдан авах талаар болон гадаадын бараа худалдан авахыг хориглох талаар тусгайлан заагаагүй тул хамгийн бага үнийн санал бүхий “О” ХХК-иас хятад улсын бараа худалдан авахаар шууд гэрээ байгуулах аргаар тендер сонгон шалгаруулалт явуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

            7.16. ТҮХ-ны шийдвэр болох 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай тэмдэглэл буюу үнэлгээний дүгнэлт нь тендерийн баримт бичигт тавигдсан нөхцөл, шаардлагын хүрээнд гарсан захиргааны акт байх бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй тул уг захирааны актыг хууль бус байсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.

            7.17. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Монгол Улсын гарал үүсэлтэй бараа гэдэг үндэслэлээр давуу эрх тооцуулах хүсэлт гаргасан бөгөөд жижиг дунд үйлдвэрлэгч гэдэг үндэслэлээр давуу эрх тооцуулах хүсэлт гаргаагүй, тендерийн баримт бичигт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болохыг нотлох баримт шаардаагүй тул тендерийн баримт бичигт тусгаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь ТҮХ-ны шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

            7.18. Мөн “О” ХХК нь өмнөх гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байхад хугацаанд нь биелүүлсэн гэх тодорхойлолт гаргаж өгсөн, үүнийг үндэслэн шаардлага хангаагүй тендерийг шалгаруулсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаад ТҮХ-г буруутгах үндэслэлгүй, холбогдох байгууллагаас гаргаж өгсөн тодорхойлолтыг  үндэслэн ҮХ дүгнэлтээ гаргасан гэж үзнэ. Тендерийн баримт бичигт байгаа уг тодорхойлолт хууль бус, шаардлага хангаагүй, хуурамч материал бүрдүүлж тендерт оролцсон болохыг нотолсон ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байх тул ҮХ-ны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.

7.19. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Тохирлын гэрчилгээ гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ” гэж заасан бөгөөд уг тохирлын гэрчилгээ нь дотоодын үйлдвэрлэгч гэдгийг нотлосон баримт биш гэж үнэлсэн ҮХ-ны шийдвэр үндэслэлтэй бөгөөд энэхүү шаардлагаа тендерийн баримт бичигт тодорхой заасан байна.

            7.20. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 “Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахтай холбогдсон энэ хуулийн 32-34 дүгээр зүйлээр зохицуулаагүй харилцааг энэ хуулийн 2 дугаар бүлгийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар зохицуулна”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаар ТҮХ-ны 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай үнэлгээний дүгнэлтийг үндэслэн “Э” ТӨХК болон “О” ХХК-ийн хооронд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЭБЦТС/Б1-14/2023 дугаартай гэрээ байгуулагджээ.

            7.21. Иймд захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байх тул ТҮХны 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хийгдсэн “Э” ТӨХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЭБЦТС/Б1-14/2023 дугаартай гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх тул гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. /Хавтаст хэргийн хавсаралт нотлох баримтын хавтас 259-276 дахь тал/

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005-12-01/-ийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.4, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 30 дугаар зүйлийн 30.4.3, 31 дүгээр зүйлийн 31.1.3, 31.2, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Э” ТӨХК, “Э” ТӨХК-ийн ЭБЦТС/20230......дугаартай “СИП утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ-д холбогдуулан гаргасан ““ЭБЦТС/20230..... дугаартай “СИП утас” нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчээр “О” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийг хассан тухай ТҮХ-ны шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, “Э” ТӨХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЭБЦТС/Б1-14/2023 дугаартай гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ