| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 1838001910042 |
| Дугаар | 2019/ДШМ/30 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | П.И |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2019/ДШМ/30
2019 07 04 2019/ДШМ/30
Г.Нт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: П.Итгэл,
Шүүгдэгч: Г.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Чинбаатар,
Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолтой Г.Нт холбогдох 1838001910042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын давж заалдах гомдол, прокурор П.Итгэлийн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Зэлмэн овогт Ганболдын Н, .... оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, ..... настай, эрэгтэй, урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны … дүгээр сарын …-ны өдрийн …. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар: ......./.
Шүүгдэгч Г.Н нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2018 оны 3 дугаар сарын 13-ны шөнийн 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр Цайдамын хөндий гэх газарт Дархан-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай зам дээр 42-20 ХӨА улсын дугаартай Н.Соuntу маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1/А. 2.3/А, мөн дүрмийн 9-р бүлэг 9.3/Г-д заасныг зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Лхагвасүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн М.Энхтайваны амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Зэлмэн овогт Ганболдын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3, 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ганболдын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3, 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Нт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Г.Наас 4,600,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Отгонжаргалд, шүүгдэгч Г.Наас 160,000 төгрөг, иргэний хариуцагч Б.Ганчулуунаас 160,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ж.Бүрэнтогтоход тус тус олгож, хохирогч Н.Цогдэлгэр нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, иргэний нэхэмжлэгч Ж.Бүрэнтогтох нь 1,750,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг нь 1,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Н, иргэний хариуцагч Б.Ганчулуун нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн 1818001910042 дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, Хөвсгөл аймгийн Прокурорын 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Г.Нын хамтран өмчлөлийн эзэмшлийн Ү-1723003785 бүртгэлийн дугаартай 30 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа зарим хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнчлэн хохирогч Б.Лхагвасүрэн, Ш.Мягмарсүрэн нар нь Г.Наас хохирлоо барагдуулсан тул гомдол санал байхгүй гэх тайлбар өгснийг шийтгэх тогтоолдоо дүгнэжээ. Ийнхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг барагдуулсан, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө илэрхийлсэн атал анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Нт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэлээ.
Дээрх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “эрүүгийн хариуцлагын зорилго нь ... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн зорилгод тус тус үл нийцэж байна.
Шүүгдэгч Г.Н нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэсэн болгоомжгүй гэмт хэргийг үйлдсэн. Хэрэг учрал гарах үед хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “... цаг агаарын байдал цас орсны дараах байдалтай, явган шуургатай, хальтиргаа гулгаа үүссэн байна” гэж тодорхойлогдсон. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Г.Нын зүгээс иргэний нэхэмжлэгч М.Отгонжаргал, Ж.Бүрэнтогтох нарын нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулжээ. Иймд шүүгдэгч Г.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж тэнсэж өгнө үү гэжээ.
Прокурор П.Итггэл эсэргүүцэлдээ: ... Шүүх хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ганболд овогтой Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3, 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Шүүх шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “Эрүүгийн 1818001910042 дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, Хөвсгөл аймгийн Прокурорын 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Г.Нын хамтран өмчлөлийн эзэмшлийн Ү-1723003785 бүртгэлийн дугаартай 30 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн болохыг дурдсугай” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана”, 1.8 дахь хэсэгт заасан “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” гэж заасантай нийцэхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж зааснаас үзэхэд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзвэл битүүмжилсэн эд хөрөнгөнөөс гаргуулж шийдвэрлэхээр шүүхийн тогтоолд тусгах ёстой гэж үзэхээр байна.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэг Г.Нт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болж байна.
Иймд шийтгэх тогтоолыг өөрчлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор эсэргүүцэл бичив гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Г.Н нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2018 оны 3 дугаар сарын 13-ны шөнийн 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр Цайдамын хөндий гэх газарт Дархан-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай зам дээр 42-20 ХӨА улсын дугаартай H.County маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийн зорчигч Б.Лхагвасүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч М.Энхтайваны амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3718, 3720 дугаартай дүгнэлтүүд, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 20-ны 27, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 792, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 268, 271 дугаартай дүгнэлтүүд, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт, авто тээврийн мэргэшсэн инженерийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шїїх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Г.Нт ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3, 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн байх тул түүний өмгөөлөгчийн “...ялыг тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор Г.Нын хамтран өмчлөлийн Ү-1723003785 улсын бүртгэлийн дугаартай 30 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, бүрэн бүтэн байдлыг хариуцан хадгалуулахаар Г.Нт хүлээлгэн өгсөн байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй дурьдаж шийдвэрлэсэн талаар гаргасан прокурорын эсэргүүцэл нь үндэслэл бүхий байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д ”хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар хуульчилсан.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч М.Отгонжаргал, Ж.Бүрэнтогтох нар нь хохирол төлөгдсөн талаарх баримтаа ирүүлсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:
а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас “Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Г.Нын хамтран өмчлөлийн эзэмшлийн Ү-1723003785 бүртгэлийн дугаартай 30м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн” гэснийг хасч, шийтгэх тогтоолд “6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.” гэсэн 6 дахь заалт нэмсүгэй.
б/ Шийтгэх тогтоолын 6, 7 дахь заалтын дугаарыг 7, 8 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Т.ГАНБАТ
Н.БАЯРХҮҮ