| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 184/2019/02897/и |
| Дугаар | 52 |
| Огноо | 2020-01-08 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 52
Д.Агийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/02753 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Агийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Х-д холбогдох,
2 500 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б,
Хариуцагч: Д.Х-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 7 сарын үеэр өөрийн хүү А.Энхтогтоход газар өмчилж авах зорилготой газар хайж Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Дунд наран хавиар явж байгаад Батболд гэдэг хүнтэй анх таарсан юм. Батболд нь өөрийн газраа ковш техникээр тэгшлүүлж байсан. Батболдын газрын доод талд шон тойруулж хатгасан, тэгшлүүлсэн газар байсан. Түүний доод талд шонгоос цаана тэгшилж, янзлаагүй хүн аваагүй гэмээр газрыг асууж энэ газрыг авчихвал яадаг бол гэж хэлээд Батболд, ковшны жолооч хоёрыг гуйж тэр газрыг бага зэрэг хусуулаад орхисон. Ингэж тэмдэг тавьсан тул дараагийн хүн газрыг хүн авчихсан байна гэж бодоод өнгөрнө гэж санасан юм. Энэ газраа 2015 оны 8 сард Гурвалжингийн зогсоолоос ковш техник авчирч уулын хажуугийн хазгай, өндөрлөг газрыг ухуулж, тэгшлүүлэн, гарц гарган машины зам гаргуулж засуулсан. Ингэж янзлуулсны хөлсөнд 1 500 000 төгрөгийг ковшны жолооч Ганзоригт өгсөн. Миний авч ирсэн ковшоор ажил дууссаны дараа өдөр Лхам гэдэг хүний эхнэр Эрдэнэцэцэг газраа түрүүлсэн. Би 2014 оны зунаас 2017 оны 9 сар хүртэл энэ газрыг зуны дулааны цагт очиж янзалдаг байсан. Эзгүй газар хойно урд 2 талдаа гүн жалгатай учир хүмүүс хогоо хаячихна мөн үхсэн нохойны сэг зэм ихтэй байдаг тул дээрх хугацаанд байнга очиж цэвэрлэж, хүрз жоотуугаар ухаж тэгшилж том чулуунуудыг зөөж хүч, хөлсөө дуслуулан ажиллаж 3-4 жил энэ газрыг янзлахад нэг ч хүн ирж миний, манай газар гэж хэлээгүй юм. Мөн 2016 оноос 2017 онуудад ажиллаж байсан фото зураг, 2018 оны 4 сарын 20-нд газрын албанд өгсөн өргөдлүүд, хүлээн авсан тодорхойлолт байгаа билээ. Миний янзлуулсан газрын дээд талд шон хатгасан айл нь 2016 онд нүүж ирсэн хашаагаа хатгахдаа миний гаргасан гарцыг шороогоор тагласан байв. Үүнийг нь тоосонгүй, танилцаж энэ эмээгийнх нь газар шүү өөр хүн ирвэл хэлээрэй гэж захисан. Тэднийх ч танайх хэзээ нүүж ирэх вэ манай хашаанд ирээд буучих гэх ба Хорлоогийн хүү Сайнбаяр нь танайх доороосоо гарц гаргачих танайх руу машин орчихоод дээш гарч ирж чадахгүй байгаа гэх зэргээр ярьж байв. 2018 оны 4 сард өмчилж авахаар Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандаж газар зохион байгуулагч Одгэрэл, хорооны дарга Бадамцэцэг, хэсгийн ахлагч Дашсүрэн нартай хамт очиж газраа үзүүлсэн энэ үед миний янзалсан газар хэвээрээ байсан ч газар зохион байгуулагч Одгэрэл энэ газрыг хүн авсан гэж хэлэх ба танайх гарцгүй гэж өгмөөр ч юм шиг саармаг 2 утгатай зүйл яриад явсан. Учир нь манай гарцыг Хорлоо шороогоор бөглөсөн байсан. Үүнийг буухдаа дахин гарц гарганадаа гэж бодсоноос биш шаардаагүйдээ харамсаж байна. Улмаар Одгэрэл нь 2014 онд Цэвэлмаа гэдэг айл авсан байна гэхээр нь ул мөрөөр хөөж очиход манай дээд талын айл Хорлоо байв. Хорлоо манайх Цэвэлмаагаас худалдаж авсан нотариат болон кадастр нь энэ байна гэж бичиг харуулсан. Энэ газрыг хөлс хүчээ гаргаж янзалж байгааг нүүж ирснээсээ хойш мэдэж байгаа. Газар зохион байгуулагч Одгэрэлийг зөвшөөрөл өгөх байх гэж 5-6 удаа очсон. 2018 оны 9 сарын үед янзалсан газар дээрээ очиход Хорлоогийнх өөрийнхөө өндөрт байсан хашаагаа нураагаад миний янзалсан газартай нийлүүлэн тэгшилсэн байсан. Хажуу айл болох Хорлоогийн хүү Сайнбаярын гэрт ороход эхнэр нь энэ газар манайх, гар гэж хөөгөөд газрын албаны хүн мэдэж байгаа манай газар гэсэн. Хорлоотой ярих гэтэл утас нь холбогдох боломжгүй байсан тул Сайнбаяртай ярьж миний янзалсан газрыг яаж байгаа юм бэ, өөрийнхөө газартай нийлүүлээд тэгшлээд янзалчихсан байх юм гэхэд манайх хичнээн жил таныг харлаа, тог ч байхгүй гэрэлтэй болмоор байна гэж утгагүй зүйл яриад байсан. Миний янзалсан газар 2014 онд хүний өмчлөлд байсан гэх боловч ямар ч тэмдэгт обьект байхгүй зэлүүд газар байсныг өөрийн өмчлөл болгох гэж санхүүгийн зардал, хөлс хүчээ гарган өөрийн гараар янзалсан боловч янзалж дууссаны дараа газрын эзэнд алдлаа. Гэхдээ энэ айлыг нүүж ирэхээс бараг 2 жилийн өмнө энэ газрыг янзалсан. Мөн нүүж ирснээс хойш хүртэл намайг өөрийнх нь өмчийн газрыг янзлаад байсныг мэдсээр байж болиулчихгүй харин ч янзлуулж дууссаны дараа манай өмчлөлийн газар гээд хашаагаа нурааж, дээр доор байсан 2 газрыг нийлүүлэн авсан. Намайг газраа янзалж байхад манай газрыг та яагаад янзлаад байгаа юм бэ гэж хэлж болно. Ингэж хүч хөдөлмөр гаргасны төлбөрөө нэхэмжлэх эрх нь надад байгаа гэж ойлгож байна. Өөрийн хөдөлмөрийн хөлсийг би 2014 оноос 2017 оны хооронд 3 жилийн хугацаанд 1 000 000 төгрөгөөр үнэлж байна. Ковшоор газар ухаж, тэгшлүүлсэн, гарц гаргаж, зам засуулсан 1 500 000 төгрөг нийт 2 500 000 төгрөгийг Д.Х-гоос нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 9 дүгээр гудамж, 255-Б тоот газрыг миний бие Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 14 дүгээр гудамж 432 хаягт оршин суух иргэн Жамбал овогтой Цэвэлмаагаас 2014 онд худалдан авч газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Одоо энэ газраа амьдарч байна. Миний амьдарч байгаа газар нь иргэн Д.Адьяасүрэнгийн гомдол гаргаж байгаа газартай ямар ч хамааралгүй. Манайх Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зурганд заасан солбилцлын дагуух газартаа амьдарч байна. Нэхэмжлэгчийн янзалсан, зассан гэх газар руу нь манай газар жаахан орсон байж магад. Сүүлд кадастраа дахин тогтоолгосон юм. Гэхдээ Адъяасүрэн гуайг тэнд ажилласан газар янзалж зассан талаар мэдэхгүй, бидний нүүж ирснээс хойш тийм зүйл болоогүй. Яагаад бусдын зөвшөөрөл бүхий газар ажил хийснийг ойлгохгүй байна. Тэрээр үндэслэлгүйгээр мөнгө төгрөг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Д.Адьяасүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Х-д холбогдуулан гаргасан 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би 2014 онд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 9 дүгээр гудамжид байрлах газарт тэмдэг тавьж байгаад 2015 оноос өөрийн тэтгэврийн мөнгийг цуглуулсан дээр хүнээс зээлж, нийлүүлээд нийт 1 500 000 төгрөгөөр ковш машин хөлсөлж хусуулж тэгшлүүлсэн байдаг, мөн би өөрийн биеэр хэдэн сараар үргэлжлэн чулуу шороог нь зөөж, цэвэрлэж харж хандаж, бас дээр нь уг газрын хойд урд талаар нь 1, 1 ширхэг 2 метр орчим өндөр шонг өөрийн гараар нүхийг ухаж тогтоосон юм. Үүнийгээ фото зургаар баталгаажуулж, хэргийн материалд хавсарган өгсөн, мөн надад тухай үед газар шорооны ажил гүйцэтгэж өгөөд хөлс авсан ковшны жолооч Ганзоригийн тодорхойлолтыг ч нотариатаар гарын үсгийн баталгаа хийлгэн хавсаргаж өгсөн. Гэвч шүүх тэрхүү нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг хэзээ үйлдсэн нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр үнэлээгүй нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нотариат нь аливаа гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ тийнхүү гэрчилж байгаа мөчид тодорхойлолтыг бичүүлэн гарын үсгийг өөрийн нүдэн дээр зуруулж, давхар бүртгэлийн дэвтэр дээрээ бүртгэж мөн гарын үсэг зуруулан баталгаажуулж авдаг журамтай байх бөгөөд шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн 2019 оны 7 сарын 29-ний өдрийн нотариатын тамгатай гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн Б.Ганзоригийн тодорхойлолт нь тэр өдрөө үйлдэгдсэн нь ойлгомжтой, үнэн бодитой байхад хэзээ үйлдсэн нь эргэлзээтэй байна гэж шийдвэрлэсэн нь шүүгч нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Иргэн би өөрт байхгүй баримтыг нотлох үүднээс хуульд заасан журмаар гэрчээс тодорхойлолт гаргуулж шүүхэд өгсөн ч шүүх үнэлээгүйд үнэхээр их гомдож байна. Иймд андуурч зардал гаргасны телбөрт 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Х-д холбогдуулан 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд газар эзэмших зорилгоор, 2014-2017 оны хооронд тус хорооны Дунд наранд байрлах хариуцагч Д.Х-гийн эзэмшлийн газарт, андуурч хөрөнгө оруулсан буюу 1 500 000 төгрөгийн газар шорооны ажил хийсэн гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 496 дүгээр зүйлийн 496.2 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгч Д.А нь хэдийгээр хариуцагч Д.Х-гийн эзэмшил газрын шороог тэгшилж зассан, 1 500 000 төгрөгийн зардал гаргасан гэх боловч энэхүү шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
Түүнчлэн хавтаст хэргийн 12 дугаар талд 1 500 000 төгрөгийн ажил хийсэн талаарх Б.Ганзоригийн тодорхололт байгаа боловч нэхэмжлэгч Д.А нь Б.Ганзоригт 1 500 000 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд дээрх тодорхойлолтыг гаргасан гэх Б.Ганзориг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөөгүй байна. Иймд анхан шатны шүүх тухайн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/02753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Г.ДАВААДОРЖ