Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2024/02557

 

2024 оны 6 сарын 11-ний өдөр

Дугаар 183/ШШ2024/02557

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, **-р хороо, яргайтын **-р гудамж, ** тоотод оршин суух О овогт А-ийн Н /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, Буянт-Ухаа **-р гудамж, ** тоотод оршин суух Б овогт Ц-ын Б /РД:**********/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,670,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Хариуцагч Ц.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч О.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: А.Н нь Ц.Б-тэй 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай 14.000.000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Ц.Б нь үндсэн зээлээс 5.123.000 төгрөг төлж барагдуулсан ба үлдэгдэл 8.877.000 төгрөгийг төлж барагдуулаагүй ба зээлээ төлж барагдуулах талаар удаа дараа утсаар ярьж шаардсан боловч төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх бөгөөд алдангийн хэмжээг хуульд нийцүүлэн нэхэмжилсэн болно. Одоогийн байдлаар Ц.Б-ийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 8.877.000 төгрөг, 2 сарын хүү 354.800 төгрөг, алданги 4.438.500 төгрөг буюу нийт 13.670.300 төгрөг болж байна. Иймд хариуцагч Ц.Б-ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн төлбөр 8.877.000 төгрөг, 2 сарын хүү 354.800 төгрөг, алданги 4.438.500 төгрөг, нийт 13.670.300 гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх шүүхэд зөвхөн нэг гэрээний үүрэгт 13,670,300 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрчилсөн гэхдээ үнийн дүн бол өөрчлөгдөөгүй. Тодруулбал 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай 14.000.000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Ц.Б нь үндсэн зээлээс 9,910,000 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл 4,090,000 төгрөгийг төлөөгүй тул 2 сарын хүү 163,000 төгрөг, алданги 2036,000 төгрөг нийт 6,290,300 төгрөг төлөх үүрэгтэй. Дараагийн зээл бол 2021-12-27 ний өдөр 7000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба 4620,000 төгрөгийг төлж барагдуулсан, 2380,000 төгрөг дутуу 3 дах гэрээ бол 2022-09-03 ний өдөр 5,000,000 төгрөг зээлдүүлснийг огт төлөөгүй ингээд нийт 13,670,000 төгрөг нэхэмжилснээ дэмжиж байна, энэ дансны хуулганууд өөр зээлүүдийн төлөлт учраас хэрэгт хамааралгүй, түүнчлэн өөрөөс нь өөр хэн нэгэн лүү мөнгө шилжүүлснийг манай төлөлт гэж үзэхгүй гэв.

 

2. Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Н бидний хооронд мөнгө өгөх авах асуудал байнга байдаг. Н-д өмнө олон удаа мөнгийг нь өсгөж өгдөг байсан. Н над руу нэхэмжлэлд дурдсан 14,000,000 төгрөгийг шилжүүлснийг Н-ийн өөрийнх нь хэлснээр А гэх хүний Хаан банкны ****** тоот данс руу над руу мөнгө шилжиж орж ирснээс хойш 5 минутын дотор 9,403,000 төгрөгийг шилжүүлэн өгч байсан. Би энэ хүнийг нь танихгүй. Н хүүтэй мөнгө бусдад зээлдүүлдэг, буцааж авахдаа надад мөнгө өгөөд хүүг нь өөр хүний данс руу хийлгүүлдэг. Энэ талаар би өөрийн банкны дансны хуулгануудыг харж байгаад тодорхой нотлох баримтууд гаргаж өгнө гэв.

Хариуцагч Ц.Б-ийн өмгөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл авсан гэдэгтэй бол маргаагүй ээ, энэ яриад байгаа 7,5,14 саяыг бүгдийг төлчихсөн талаарх 110 хуудас банкны кү ар кодтой баримтыг шүүхэд гаргаад өгчихсөн. 2021-12-27 ний зээлийг өдөр бүр 140,000 төгрөгөөр төлсөөр байгаад 2022-01-29 хүртэл төлөхөөр 4,480,000 төгрөг төлөгдчихсөн. Тэгж байтал 2022-01-30 нд 14,000,000 төгрөгийн зээл нь ороод ирж байгаа юм. Уг зээлээс тэр өдөртөө нэхэмжлэгчийн найз Б-ын данс руу 4,015,000 төгрөг шилжүүлсэн 2 дугаар сарын 01-нээс 04/11 хүртэл 7,259,000 төгрөг төлөгдчихсөн. За ингээд дарааллаар нь ярихаас өөр аргагүй нэхэмжлэгч шууд дундаас нь тасдаад 3хан гэрээгээ яриад байхаар ойлгомжгүй болчихоод байна, 2022-06-15 нд 11 сая орж ирж байгаагаас 9,403,000 төгрөгийг Б.А-д нэхэмжлэгчийн хүсэлтээр шилжүүлсэн, 2022-06-16ний өдрөөс 215,200,150 мянга гэх мэтээр төлөхөөр 2022-06-23 гэхэд 4,215,000 төгрөгийг төлчихөж байгаам, үргэлжлүүлээд 06/24-08/05 хүртэл 4,393,000 төгрөг төлсөн, 2022-08-08 нд 4 сая төгрөг орж ирснээс тэр өдөр нь 3 саяыг нь шилжүүлээд 08/05-08/22 хүртэл 1,396,000 төгрөг төлсөн. За ингээд нийтдээ иймэрхүү маягаар нэхэмжлэгчээс хариуцагчруу нийтдээ 55,000,000 төгрөг шилжин орж ирснээс жижиг багаар шилжүүлсэн дээрхийг багцлаад хэлэхэд 36,663,000 төгрөг төлөгдчихөөд байдаг, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д, А, Ц, Б нарт 24,257,000 төгрөг ингээд нийтдээ 61 сая орчим төгрөг төлчихөөд байхад одоо юун мөнгө нэхээд байгаа нь ойлгомжгүй. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, талуудын хийсэн 2022.01.31-ний өдрийн 0247 дугаартай зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, шилжүүлгийн баримт, мөнгө шилжүүлсэн баримтын жагсаалт зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагч талаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, шилжүүлгийн баримт, Ц.Б-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай 14.000.000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Ц.Б нь үндсэн зээлээс 9,910,000 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл 4,090,000 төгрөгийг төлөөгүй тул 2 сарын хүү 163,000 төгрөг, алданги 2036,000 төгрөг нийт 6,290,300 төгрөг төлөх үүрэгтэй. Дараагийн зээл бол 2021-12-27 ний өдөр 7000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба 4620,000 төгрөгийг төлж барагдуулсан, 2380,000 төгрөг дутуу 3 дах гэрээ бол 2022-09-03 ний өдөр 5,000,000 төгрөг зээлдүүлснийг огт төлөөгүй ингээд нийт 13,670,000 төгрөг нэхэмжилснээ дэмжиж байна гэв.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээл авсан гэдэгтэй бол маргаагүй ээ, энэ яриад байгаа 7,5,14 саяыг бүгдийг төлчихсөн талаарх 110 хуудас банкны кү ар кодтой баримтыг шүүхэд гаргаад өгчихсөн. Нэхэмжлэгчээс хариуцагч руу нийтдээ 55,000,000 төгрөг шилжин орж ирснээс жижиг багаар шилжүүлсэн дээрхийг багцлаад хэлэхэд 36,663,000 төгрөг төлөгдчихөөд байдаг, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д, А, Ц, Б нарт 24,257,000 төгрөг ингээд нийтдээ 61 сая орчим төгрөг төлчхөөд байхад одоо юун мөнгө нэхээд байгаа нь ойлгомжгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 14,000,000 төгрөг, 2021-12-27 ний өдөр 7000,000 төгрөгийг ,2022-09-03 ний өдөр 5,000,000 төгрөг тус тус зээлдүүлсэн гэдэг ба хариуцагч тал нэг гэрээ нь бичгээр, нөгөө 2 гэрээний дагуу 7 ба 5 сая төгрөг данс руу нь орж ирсэнтэй маргадаггүй буюу зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч 14,000,000 төгрөгийн зээлээс 9,910,000 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл 4,090,000 төгрөгийг төлөөгүй тул 2 сарын хүү 163,000 төгрөг, алданги 2036,000 төгрөг нийт 6,290,300 төгрөгийг, 7000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба 4620,000 төгрөгийг төлж барагдуулсан, 2380,000 төгрөг дутуу, 5,000,000 төгрөг зээлдүүлснийг огт төлөөгүй гэдэг бол хариуцагч нь нэхэмжлэгчээс хариуцагч руу нийтдээ 55,000,000 төгрөг шилжин орж ирснээс 36,663,000 төгрөг төлөгдчихсөн, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д, А, Ц, Б нарт 24,257,000 төгрөг, ингээд нийтдээ 61 сая орчим төгрөг төлсөн үндэслэлээр татгалздаг.

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 сарын 31 ний өдрийн зээлийн гэрээ авагдсан байх ба энэхүү гэрээгээр Н нь Ц.Б-т 2022-01-30 ний өдрөөс 2 сарын хугацаатайгаар, сарын 2 хувийн хүүтэйгээр, 14,000,000 төгрөгийг зээлдүүлсэн байх ба гэрээний 3.7 д алдангийн талаар тохиролцжээ. Энэхүү мөнгийг 2022-01-30ний өдөр Ц.Б-ийн данс руу шилжүүлсэн байх ба нэхэмжлэгчийн тайлбараар 9,910,000 төгрөг төлж барагдуулсан гэдэг бол хариуцагч өдөр бүр 140,000 төгрөг төлөх замаар 2022-01-29 хүртэл 4,480,000 төгрөг төлөгдсөн , мөн 4,015,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр Б гэдэг хүн лүү шилжүүлсэн гэж тайлбарлана. Дансны хуулганаас шүүхэд 2022-01-30 ний өдөр ХААН банкны ******* тоот данс руу 4,015,000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч уг данс нь хэнийх болох нь тодорхойгүй. Харин 2022-01-31 нээс 2022-04-11 хүртэлх хугацаанд нийт 9,910,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчийн ХААН банкны ******** тоот дансанд 7,736,000 төгрөгийг, Голомт банкны ******** тоот дансанд 2,174,000 төгрөгийг нийт 9,910,000 төгрөгийг шилжүүлжээ.

2021 оны 12 дугаар сарын 27 ний өдрийн 7000,000 төгрөгийн зээлд бичгээр гэрээ байгуулагдаагүй байх ба 4620,000 төгрөгийг төлж барагдуулсан, 2380,000 төгрөг дутуу гэж нэхэмжилдэг. Дансны хуулгаар 2021-12-28 наас 2022-01-30 нийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн ХААН банкны ******* тоот дансанд 4,340,000 төгрөгийг, Голомт банкны ********** тоот дансанд 280,000 төгрөгийг нийт 4,620,000 төгрөгийг шилжүүлжээ.

2022-09-03 ний өдөр 5,000,000 төгрөгийн зээлийн тухайд бичгээр гэрээ байгуулагдаагүй байх ба огт төлөлт хийгээгүй гэж нэхэмжилдэг. Дансны хуулгаар 2022-09-03 наас 2022-10-01 нийг хүртэлх хугацаанд л гэхэд нэхэмжлэгчийн ХААН банкны ********** тоот дансанд 5,870,000 төгрөгийг төгрөгийг шилжүүлжээ.

 

5. Талууд нэг удаа бичгээр, бусад гэрээг бичгээр байгуулаагүй тухайд маргаагүй ба гагцхүү нэхэмжлэгч тал 3 гэрээний үүрэгт мөнгө шаарддаг бол хариуцагч нь нэхэмжлэгчээс хариуцагч руу нийтдээ 55,000,000 төгрөг шилжин орж ирснээс 36,663,000 төгрөг төлөгдчихсөн, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д, А, Ц, Б нарт 24,257,000 төгрөг ингээд нийтдээ 61 сая орчим төгрөг төлсөн үндэслэлээр татгалздаг. Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэх ба хариуцагчийн зүгээс Д, А, Ц, Б нарт 24,257,000 төгрөг шилжүүлсэн явдлыг нэхэмжлэгч огт хүлээн зөвшөөрдөггүй.

Шүүх гэрээ тус бүрд дүгнэлт өгсөн ба 2022 оны 01 сарын 31 ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл 4,090,000 төгрөгийг төлөөгүй тул 2 сарын хүү 163,000 төгрөг, алданги 2036,000 төгрөг нийт 6,290,300 төгрөг төлөх үүрэгтэй байна. Учир нь талууд гэрээг бичгээр байгуулсан, анзын талаар бичгээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 д зааснаар нэхэмжлэгч хүү, алданги шаардах эрхтэй.

Мөн 2021 оны 12 дугаар сарын 27 ний өдрийн 7,000,000 төгрөгийг зээлдүүлснээс 4620,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэгдэл 2380,000 төгрөгийг, харин 2022-09-03 ний өдөр 5,000,000 төгрөгийн зээлийн тухайд дансны хуулгаар 2022-09-03 наас 2022-10-01 нийг хүртэлх хугацаанд л гэхэд нэхэмжлэгчийн ХААН банкны ********* тоот дансанд 5,870,000 төгрөгийг төгрөгийг шилжүүлсэн байх тул төлөх төлбөрийн үлдэгдэлгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байх байна. Улмаар дээрх 3 гэрээний үүрэгт 8,670,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ. Тодруулбал дансны хуулганаас шүүхэд 2022-01-30 ний өдөр ХААН банкны ******** тоот данс руу 4,015,000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч уг данс нь хэнийх болох нь тодорхойгүй, уг төлөлтийг нэхэмжлэгч тал өөрийн авлагад тооцон аваагүй гэж тайлбарлаж байх тул 2022 оны 01 сарын 31 ний өдрийн 14,000,000 төгрөгийн зээлийн гэрээний төлөлтөөс хасаж тооцох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан хүү, алданги шаардсан зээлийн гэрээ нь 2022.01.31-ний өдөр байгуулагдсан ба энэ үед гэрээний харилцаа Иргэний хуулиар зохицуулагдаж байсан ба зээлийн харилцааг 2022.11.04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар тусгайлан зохицуулж, уг хуулийг 2023.03.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 т Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно гэж заасан байх ба мөн хуулийн 29.1-д талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй гэж заасан байна. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгч болох зээлдүүлэгч этгээдийг байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхэлдэг эсэхийг тодруулах шаардлагагүй байна.

Харин энэхүү төлөлтөд тооцоогүй 4,015,000 төгрөгийг шилжүүлсэн этгээдээсээ хариуцагч нь нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 153,674 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Н-т олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 д тус тус зааснаар хариуцагч Ц.Б-ээс 8,670,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Н-т олгож, үлдэх 5,000.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс 153,674 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Н-т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ