| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0438/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/418 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2017/ШЦТ/418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Ц.Амгаланбаатар,
Шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,
Хохирогч Х.Г, Р.Тунгалаг, Ш.Янжинлхам,
Гэрч Б.Батсуурь,
Иргэдийн төлөөлөгч С.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625021357 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн .... хороо, .... дүгээр хороолол, ......... гудамж ..... тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ...... / ...... овогт .......-н М нь:
- 2016 оны 04 дүгээр сард өөрийн хөлсөлж байсан Баянгол дүүргийн 16 дугаар хороо Макс молл худалдааны төвийн 14 дүгээр давхрын 96 тоот 1 өрөө байрыг өөрийн байр гэж итгүүлэн Х.Гд зарахаар тохиролцож Х.Гаас 17.450.000 төгрөг,
- 2015 оны 11 дүгээр сарын 09, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд АНУ явах виз гаргуулна онгоцны тийз захиална гэж худал хэлж Р.Тунгалагаас 6.600.000 төгрөг,
- 2016 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ш.Янжинлхамын эзэмшлийн 41-05 УБР улсын дугаартай Ланд крузер 80 маркийн автомашиныг бусдад зарж мөнгийг нь удахгүй өгнө гэж хуурч Ш.Янжинлхамд 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Х.Г мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Байр худалдаж авна гэсэн зар тавьчихсан байсан чинь тэр зарын дагуу Содномдаржаагийн М залгаад “Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс моллын 14 дүгээр давхрын 96 тоот 1 өрөө байрыг 1 квм 1.500.000 төгрөгөөр зарна. Авахаар бол ирээд үз” гэсний дагуу би хадам ахтайгаа хамт очиж үзсэн. Очиход үзэхэд тэр байранд С.М ганцаараа байсан. Одоохондоо байрыг барьцаанд тавьсан байгаа. Тэр барьцаанаас суллахад 19 сая төгрөг хэрэгтэй байна гэсэн. Гэрчилгээгээ суллаж авч байгаад гэрээ хиймээр байна. 8 хувийн зээлээр авмаар байна гэхэд болно гэж хэлсний дагуу би С.Мтай 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр хүүхдийн 100-ийн Хаан банкин дээр уулзаад 17.450.000 төгрөгийг бэлнээр өөрт нь өгсөн. Надтай хамт манай хадам ах Б.Сэргэлэнбаатар байсан гэжээ. / xx 11 /
Хохирогч Р.Тунгалаг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2015 оны 11 дүгээр сард С.М намайг “Америкийн нэгдсэн улс явж ажил хийе. Тэндээ хэдэн жил ажил хөдөлмөр хийж амьдаръя. Чи виз гаргуулах 5.000.000 төгрөг гаргачих. Судалж үзсэн чинь 5.000.000 орчим төгрөг болдог юм байна” гэхээр нь итгээд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр С.Мын Хаан банкны 5720393121 тоот харилцах дансанд Орхон аймгийн Хаан банкнаас шилжүүлсэн. Дараа нь бичиг баримт хөөцөлдөх ойр зуурын мөнгө гэж 400.000 төгрөг бэлнээр өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Америк явах виз гарчихсан. Бүх юм бүтсэн. Одоо онгоцны тиз захиалах 1.200.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна. Яаралтай мөнгө явуул” гэхээр нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1.200.000 төгрөгийг С.Мын Хаан банкны 5720393121 тоот харилцах дансанд шилжүүлсэн. С.Маас Америк улс явах виз болон тизээ авъя гэсэн чинь бүх юм бүтсэн тизээ авчихсан ... маргааш чам руу явуулна гэхээр нь итгээд хүлээсэн. Надад ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй бөгөөд өгөөгүй. Тухайн үед С.Мтай үерхэж нөхөрлөөд дотно харьцаатай байсан болохоор итгээд ээжээрээ цалингийн зээл авхуулан С.Мад мөнгө өгсөн гэжээ. /xx 40-41/
Хохирогч Ш.Янжинлхам мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би өөрийн эзэмшлийн 41-05 УНР дугаартай Ланд крузер машинаа зарах санаатай байсан юм. ... 2016 оны 7 дуаар сарын сүүлээр Архангай аймгийн Өгийнуур суманд ээж дээрээ очиж амарч байхад Б.Батсуурь найз С.Мтай хамт манайд амрах гэж ирээд байгаа юм гээд байж байсан. “Машинаа зарах гэж байгаа юм бол би авъя. Эсвэл аавдаа авч өгье. Та ажил төрөл хийх гэж байгаа юм чинь” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би түүнд итгэсэн. Ингээд 8 сард өдрийг нь сайн санахгүй байна хотод гэртээ ирээд байж байхад гэрийн гаднаас С.М машин аваад явсан юм... 2016 оны 10 дугаар сарын 04-нд манай эгч нас барж Архангай аймаг Өгийнуур сумруу явсан. Ингээд 10 дугаар сарын 20-д гаргаад нэр шилжүүлэх гээд намайг хүлээж байсан. Зарчихсан юм бол мөнгөө авъя гэсэн. Би караоке ажиллуулна гэж байсан юм. Тэгтэл С.М “Би таньд өөр том юм ажиллуулах мөнгө 350 сая төгрөг өгнө. Та ажлын байраа хайж бай гэж хэлсэн... тэгээд хөдөөнөөс ирэнгүүт энэ хүний нэр дээр шилжүүлээд өгчих энэ хүнд машиныг чинь зарчихсан гэхээр нь худалдаж авсан гэх 50 орчим насны эрэгтэй хүн байсан түүнд шилжүүлж өгсөн, нэр усыг нь мартсан байна. Түүнээс хойш мөнгөө авъя гэхээр удахгүй бүтээгээд очно ажлын байраа хайж бай, би одоо 130.000.000 төгрөг бүтээх гээд байна гэж хэлдэг байсан гэжээ. /xx 131/
Гэрч Б.Сэргэлэнбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Х.Г ахаараа хямдхан байж зар тавиулсан байсан юм байна лээ.Тэгээд М өөрөө анх залгасан гэж байсан. Тэгтэл Х.Г тэр байрыг нийт 50.000.000 төгрөгөөр худалдаж авах гэж ярьсан байсан С.М гэх хүн чи эхлээд байрны барьцааг чөлөөлж өгөөд тэгээд байраа ав гэж хэлсний дагуу урьдчилгаа болох 17.450.000 төрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр надтай хамт явж байгаад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төв Хаан банкны урд талд Гын машинд бэлнээр С.Мад өгсөн... С.М бид хоёртой хамт хөдлөөд Улсын их дэлгүүрийн ард талын цэнхэр байр руу барьцааны мөнгөө өгч байраа суллуулна гэж орсон... Тэгээд тэрнээс хойш С.М огт холбогдохоо больсон гэжээ. /xx 14 /
Гэрч С.Мөнхцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Эрдэнэтийн цагдаагаас над руу залгаад “дүү чинь 2016 оны 04 сард нэг охинтой танилцаад үерхэж байхдаа ар гэрийнхнээс нь 6.700.000 орчим төгрөг авсан байна” ярьсан. Манай гэрийнхэн Мын энд үйлдсэн хэргийнх нь хохирлыг олон удаа төлж байсан гэжээ. / xx 43-44 /
Гэрч Б.Батсуурь мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...С.Мыг манай хөдөө гэрт амарч байхад Ш.Янжинлхам эгч мөн амарч очсон. Тэр үеэр Янжинлхам эгч Ланд крузер 80 маркийн машинаа зарах гэж байгаа гэж ярьсан байсан. С.М түүнийг нь сонсоод машиныг нь аваад зараад өгъе гэж хэлсэн. Түүнийг нь Ш.Янжинлхам эгч зөвшөөрөөд бичиг баримтаа шилжүүлэлгүй машинаа түүнд өгсөн. 10 сард Янжинлхам эгч ажил явдал гараад хөдөө явчихсан тэр үед машиныг нь хүнд зарсан байсан, яг ямар хүнд зарсныг нь би мэдээгүй... эгч уг нь машинаа зараад караоке ажиллуулах зорилготой байсан машинаа 11.000.000 төгрөгөөр зарна мөнгийг нь бөөнд нь авна гэж тохирсон байсан. С.М эгчийн машиныг зарахдаа Криста маркийн цагаан машин оролцуулаад зөрүүд нь 6 сая төгрөг авсан гэж ярьж байсан. Удалгүй кристагаа зарсан. Яг хэдээр зарсныг нь мэдэхгүй байна гэжээ. / xx 132 /
Гэрч Д.Зоригт мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын сүүлээр интернет зарын дагуу 1 дүгээр хороололд очиж ногоон өнгийн Ланд 80Е маркийн 41-05 гэсэн улсын дугаартай автомашиныг очиж үзсэн. Тэгээд намайг очиж үзэхэд нэг өндөр залуу болон уг машины эзэн Янжиндуламын дүү гэж өөрийгөө танилцуулсан хоёр залуу байсан. Тухайн үед тэр хоёр залуу машиныг 12.000.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэ бага зэрэг доошлуулаад машин оролцуулаад зарна гэвэл би шууд авлаа гэсэн. Тэгээд миний унаж явсан креста машин дээрээ нэмээд 6.000.000 төгрөг өгөхөөр тохиролцоод бэлнээр тэр өдрөө 5.000.000 төгрөг Ш.Янжиндуламын дүүд өгөөд тэр хоёр залуу миний машиныг унаж яваад би ланд 80-г аваад үлдсэн гэжээ. / xx 155 /
“ Хаан “ банкны мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар / хх 60-61 /
Эд зүйлийн үнэлгээ / хх 163 /
Шүүгдэгч С.Мыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 133-134, 147-148 /, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 188 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 дүгээр хавтас 200 / зэрэг болно.
Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай байх үедээ Р.Тунгалагтай танилцан дотно харьцаатай болсон. Тэгээд түүнтэй хамт гадагшаа явж тайван амьдрахаар ярилцсан. Ингээд хуучны танил Батбаатартай яриад виз гаргуулахаар болсон. Энэ тухайгаа Р.Тунгалагт хэлээд тэр зөвшөөрч 6.600.000 төгрөг өгсөн нь үнэн. Энэ мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг эхэлж Батбаатарт өгсөн бөгөөд үлдэх 1.600.000 төгрөгийг өгөх гэтэл утас нь холбогдохоо больсон. Ингээд найз нартайгаа идэж уугаад дуусгасан. Р.Тунгалагийг залилах бодол байгаагүй. Р.Тунгалагт 6.600.000 төгрөгийг төлнө.
Хохирогч Г.Гаас өөрийн түрээслэж байсан байраа өөрийн байр гэж худал хэлж, 17.450.000 төгрөгийг залилан авснаа хүлээж байна. Энэ мөнгийг төлнө.
Харин Ш.Янжинлхам эгчийг би залилаагүй. Дүү Батсуурь нь “ Манай эгч машинаа зарах гэж байгаа юм. Чи авч зараад өөртөө мөнгө унагаагаач “ гэж хэлэхээр нь би үзье гэж хэлсэн. Тэгээд Батсуурийн хамт очиж машиныг нь авсан. Машиныг 11.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Тэгээд дүүг нь Өвөрхангай хүргэж өгөөд мотор нь эвдэрсэн. Ингээд Ш.Янжинлхам эгчийн ээжээс 500.000 төгрөг зээлж моторыг янзлуулсан. Гэвч машин нь сайн болоогүй учир машиныг хямдхан ч хамаагүй зарахаар тохирсон. Тэгээд Батсуурь бид хоёр зар тавиад хүн авахгүй байсан учир 1 хүн криста машиныг 3.500.000 төгрөгт тооцоод 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд Ш.Янжинлхам эгч нэрээ шилжүүлсний дараа тэр хүн дүү Батсуурийн дансанд 1.000.000 төгрөг хийсэн. Энэ мөнгөнөөс 500.000 төгрөгийг Ш.Янжинлхам эгчийн ээжид, 500.000 төгрөгийг Ш.Янжинлхам эгчид өгсөн. Мөн Батсуурийн дансанд хийсэн 1.000.000 төгрөгийг Ш.Янжинлхам эгчид өгсөн. Ингээд криста машиныг Ш.Янжинлхамын нэр дээр шилжүүлж, дараа нь 3.500.000 төгрөгөөр зарсан. Би энэ мөнгөнөөс 500.000 төгрөгийг өөртөө авсан. Үлдэх бүх мөнгийг Батсуурь болон Жанчив нартай хамт үрж дуусгасан хүмүүстэйгээ хувааж төлөхийг хүсэж байна.
Хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хохирогч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би байр авна гээд зар тавьчихсан байтал 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр С.М залгаад “ Хямд байр зарна “ гэхээр нь түүнтэй уулзсан. Тэр надад ярихдаа “ Миний байр. Барьцаанд байгаа учир гэрчилгээ нь байхгүй байна. Зээлээ төлөөд өгчихвөл нэр дээр чинь шилжүүлнэ “ гэхээр нь 17.450.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан бэлнээр өгсөн. Ингээд мөнгөө авснаас хойш худлаа ярьж байгаад утас нь холбогдохоо больсон. Би дээрх мөнгийг бусдаас хүүтэй зээлсэн. Иймд С.Маас хүүгийн хамт 20.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хохирогч Р.Тунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С.Мтай үерхэж байтал “ Хамт АНУ явж ажил хийе. Виз гаргуулахад 5.000.000 төгрөг болох юм байна. Чи мөнгө олчих “ гэхээр нь би өөрийнхөө ээжээр цалингийн зээл авахуулж, 2015 оны 11 сард 5.000.000 төгрөг бэлнээр түүнд өгсөн. Гэтэл С.М ойр зуурын мөнгө хэрэгтэй байна гээд 11 сарын 9-нд 400.000 төгрөг дахин авсан. Ингэж байтал 2017 оны 02 дугар сарын 04-ний өдөр “ Виз гарчихлаа. Онгоцны тиз авна “ гээд 1.200.000 төгрөг авсан. Гэтэл энэ бүхэн худлаа байсан. Иймд С.Маас 6.600.000 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжилнэ. Хүүг одоогоор тодорхой хэлэх боломжгүй байна гэв.
Хохирогч Ш.Янжинлхам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний дүү Батсуурь нь надтай багаасаа хамт амвдарч байгаа бөгөөд хүмүүжил сайтай хүүхэд юм. Гэтэл дүү маань С.Мтай найзлаад манайхаар орж гараад байдаг болсон. Би өөрөө өр зээлтэй бөгөөд түүнийгээ төлөх зорилгоор өөрийн эзэмшлийн Ланд крузер маркийн 41-05 УНР дугаарын машинаа зарах бодолтой байсан юм. Гэтэл дүүгийн найз С.М надад “ Би машиныг чинь авъя. Аавдаа авч өгье. Бэлэн мөнгөөр нь авъя “ гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд надад хөдөө өвчтэй хүн дээр очих ажил гарсан учир явсан. Хөдөө намайг байж байхад дүүтэй хамт креста машин унаад ирсэн. Тэгээд С.Маас асуухад машиныг чинь зарсан. Мөнгийг бэлнээр өгнө “ гэсэн. Тэгээд хотод иртэл креста машиныг бас зарсан байсан. Би мөнгөө нэхэхэд “ Танд бөөн мөнгө өгнө. Их хэмжээний мөнгө бүтээх гээд байна “ гэхээр нь итгээд машины нэрийг шилжүүлсэн.
Үүнээс хойш мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гээд дүүтэй хамт яваад байсан. Эгч маань хүнд өвчтэй өнөө маргаашгүй болсон байсан учир би өөрийн дүүдээ итгэмжлэл олгоод хөдөө явсан. Энэ хүн миний гачигдалтай байдлыг далимдуулаад намайг улам хохироосон.
Би өөрийн авсан 1.500.000 төгрөгийг дүү Батсуурийн хэрэглэсэн гэх 500.000 төгрөгний хамт хасч, үлдэх 9.000.000 төгрөгийг С.Маас гаргуулахыг хүсэж байна. Би машинаа зарахаас өмнө найзаараа засуулсан байсан. Мотор засуулсан гэх 500.000 төгрөг надад хамаагүй. Би машинаа 11.000.000 төгрөгөөр зарахаар тохирч түүнд өгсөн бөгөөд миний машиныг 11.000.000 төгрөгөөр зарсан байсан гэв.
Гэрч Б.Батсуурь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би С.Мтай танилцаад 2 сар орчим найзалсан. Би өөрийн ээжийн төрсөн дүү Ш.Янжинлхам эгчийнд амьдардаг байсан бөгөөд надтай хамт С.М тэднийд орж гардаг байсан. Эгч өөрийн машиныхаа моторыг засуулаад зарах гэж байсныг С.Мад хэлэхэд тэр авахаар болоод эгчтэй ярьж тохироод эгч машинаа түүнд өгсөн. С.М машиныг креста машин оролцуулаад 11.000.000 төгрөгөөр зарсан. Би хамт явсан нь үнэн. Би тэр мөнгөнөөс ямарч мөнгө аваагүй. Тэр үед би гадагшаа явах гэж хөөцөлдөж байсан болохоор явах болчихвол саад болох байх гэж бодоод гэрчийн мэдүүлэг өгөхдөө мэдэхгүй гэж хэлсэн. С.М, эгч хоёрын хийсэн наймаа учир би оролцоогүй. С.М дараагийн ажлаа бүтээнэ гээд надтай хамт 7 хоног гадуур явсан. С.М “ Би өөрөө хэрэглэж байгаад ярьж тохирсноороо мөнгийг бүтнээр нь Ш.Янжинлхам эгчид өгнө “ гэсэн. Энэ хугацаанд би түүнтэй хамт идэж уухад ойролцоогоор 400.000-500.000 төгрөг зарцуулсан гэж бодож байна. Гэхдээ би ч бас өөрөөсөө мөнгө гаргаж байсан гэв.
Прокуророос шүүгдэгч С.Мыг 2016 оны 04 дүгээр сард өөрийн хөлсөлж байсан Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Макс молл худалдааны төвийн 14 дүгээр давхрын 96 тоот 1 өрөө байрыг өөрийн байр гэж итгүүлэн Х.Гд зарахаар тохиролцож Х.Гаас 17.450.000 төгрөг,
- 2015 оны 11 дүгээр сарын 09, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд АНУ явах виз гаргуулна онгоцны тийз захиална гэж худал хэлж Р.Тунгалагаас 6.600.000 төгрөг,
- 2016 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ш.Янжинлхамын эзэмшлийн 41-05 УБР улсын дугаартай Ланд крузер 80 маркийн автомашиныг бусдад зарж мөнгийг нь удахгүй өгнө гэж хуурч Ш.Янжинлхамд 11.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэснийг үндэслэн прокуророос шүүгдэгч С.Мад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд С.Мыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж ялласан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан, шүүгдэгч С.М нь түүний учруулсан хохирол нь дээрх хуульд зааснаар үлэмж хэмжээнд хамаарч байна.
зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: ... Зарын дагуу С.М над руу залгаад 1 өрөө байр зарна. Байраа барьцаанд тавьсан учир барьцаанаас суллахад 19 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь авахаар болж, 17.450.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Х.Гын мэдүүлэг / xx 11 /, ... М “ Америк явж ажил хийж амьдаръя. Чи виз гаргуулах 5.000.000 төгрөг гаргачих “ гэхээр нь итгээд Мын Хаан банкны 5720393121 тоот дансанд 5 сая төгрөг, дараа нь бичиг баримт хөөцөлдөх ойр зуурын мөнгө гэж 400.000 төгрөг бэлнээр, виз гарчихсан онгоцны тиз захиалах мөнгө яаралтай хэрэгтэй гэхээр нь 1.200.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Р.Тунгалагийн мэдүүлэг / xx 40-41 /, ... М би таны машиныг аавдаа авч өгье гээд авсан. Мөнгөө нэхэхээр “ Танд өөр том юм ажиллуулах мөнгө 350 сая өгнө. Та ажлын байраа хайж бай “гэж хэлсэн. Түүнээс хойш мөнгөө авъя гэхээр “ Удахгүй бүтээгээд очно. Ажлын байраа хайж бай. Би одоо 130.000.000 төгрөг бүтээх гээд байна “ гэж хэлдэг байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Ш.Янжинлхамын мэдүүлэг / xx 131 /, ...С.М гэх хүн чи эхлээд байрны барьцааг чөлөөлж өгөөд тэгээд байраа ав гэж хэлсний дагуу урьдчилгаа болох 17.450.000 төрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр надтай хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төв Хаан банкны урд талд Гын машинд бэлнээр С.Мад өгсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Сэргэлэнбаатарын мэдүүлэг / xx 14 /, ... Эгч машинаа 11.000.000 төгрөгөөр зарна гэснийг М зараад өгье гэсэн. М эгчийн машиныг зарахдаа Криста маркийн цагаан машин оролцуулаад зөрүүд нь 6 сая төгрөг авсан гэж ярьж байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Батсуурийн мэдүүлэг / xx 132 /, ... Ногоон өнгийн Ланд 80Е маркийн 41-05 улсын дугаартай автомашиныг миний унаж явсан креста машиныг оролцуулаад 11.000.000 төгрөгт өгөхөөр тохиролцоод бэлнээр 5.000.000 төгрөг Янжиндуламын дүүд өгөөд тэр хоёр залуу миний машиныг унаж яваад би ланд 80-г аваад үлдсэн. Нэрээ шилжүүлээд үлдсэн 1.000.000 төгрөгийг бэлнээр тэр хоёр залууд өгсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Зоригтын мэдүүлэг / xx 155 /, ...машиныг 11.000.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ / хх 163 / зэрэг болно.
Иймд прокуророос шүүгдэгч С.Мад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэв.
Шүүхээс шүүгдэгч С.Мыг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Мад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Маас 33.050.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Гд 17.450.000 төгрөг, Р.Тунгалагт 6.600.000 төгрөг тус тус олгож, Ш.Янжинлхамдын 11.000.000 төгрөг нэхэмжилсэнээс 1.500.000 төгрөгөө хүлээн авсан. Дүү Батсуурийн хэрэглэсэн гэх 500.000 төгрөгийг хасч зөвшөөрсөн тул түүний нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 9.000.000 төгрөгийг түүнд олгох нь зүйтэй байна. Харин С.М машиныг авч унах явцад эвдрэл гарч засуулсан гэх 500.000 төгрөг дээрх хохиролд хамаагүй, хохирогч Х.Гын бодит хохирол бус хүүд нэхэмжилсэн 2.550.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдав.
Хэдийгээр шүүгдэгч С.М нь хохирогч нарт учирсан хохирлын нөхөн төлнө, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх боловч хохирогч Р.Тунгалаг, Ш.Янжинлхам нарыг залилаагүй, Батбаатар гэгчид АНУ-ын виз гаргуулахаар 5.000.000 төгрөг өгсөн. Ш.Янжинлхамын машиныг 9.500.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг хамт үрсэн хүмүүстэйгээ хувааж төлнө гэж мэдүүлснийг дараахь байдлаар няцааж байна. Үүнд:
1. Мөрдөн байцаалтын явцад С.М нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө... Р.Тунгалаг намайг залилаад мөнгө авч байгааг мэдээгүй. Ш.Янжинлхам эгчид “ Би аавдаа авч өгье “ гэхэд Ш.Янжинлхам эгч зөвшөөрөөд 11.000.000 төгрөг өгөхөд л болно гэсэн. Интернетэд зар тавиад криста машин оролцуулан 9.600.000 төгрөгөөр зараад Ш.Янжинлхам эгчид 1.500.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсний / хх 96, 105 / гадна Батбаатар гэгчид виз гаргуулахаар 5.000.000 төгрөг өгсөн тухай огт мэдүүлээгүй, түүний гэр орон, утасны дугаарыг мэдэхгүй гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй болохыг нотлож байна. Мөн шүүх хуралдаанд Ш.Янжинлхамын машиныг “Аавдаа авч өгөх мөнгө надад байгаагүй гэж мэдүүлсэн болно.
2. Хохирогч Ш.Янжинлхамын машиныг криста машин оролцуулаад 9.600.000 төгрөгөөр зарсан гэх боловч дээрх машиныг худалдан авсан Д.Зоригтод хууль сануулан гэрчээр байцаахад ...12 са төгрөг гэхээр нь өрийн унаж явсан криста машиныг 5.000.000 төгрөгөнд бодож дээрээс нь нэмж, бэлнээр 6.000.000 төгрөг өгч нийт 11.000.000 төгрөгөөр Ланд 80 маркийн машиныг худалдаж авсан гэж мэдүүлсэн / хх 155 / болно.
3. Хохирогч Ш.Янжиндулам, Р.Тунгалаг нарыг залилаагүй гэж мэдүүлж байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна.
4. Шүүгдэгч нь хохирогч нараас залилж авсан мөнгөө хэрхэн зарцуулсан тухайгаа мөрдөн байцаалтын явцад тодорхой мэдүүлсэн / хх 96, 105 / түүний бусдыг залилан мэхлэж мөнгө авахад Б.Батсуурь болон Жанчив нар нь оролцоогүй байх тул тэдгээртэй идэж уусан асуудал нь түүний хохирол төлөхөд хамааралгүй болно. Гэвч гэрч Б.Батсуурь 400.000-500.000 төгрөг хамт үрэлцсэн болохоо хүлээн мэдүүлсэнг түүний эгч Ш.Янжиндулам хохирлоос хасч тооцохыг зөвшөөрснийг шүүх хүлээн авсан нь хуульд харшлахгүй гэж үзнэ.
Мөн шүүгдэгч С.М нь шаардлагатай гэж үзвэл Жанчив гэгчээс нэхэмжлэн авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2. 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг журамлан С.Мад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Боржигон овогт Содномдаржаагийн Мыг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Содномдаржаагийн Мыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мын цагдан хоригдсон 88 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч С.Мыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Маас нийт 35.050.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Гд 17.450.000 төгрөг, хохирогч Р.Тунгалагт 6.600.000 төгрөг, хохирогч Ш.Янжинламд 9.000.000 төгрөг тус тус олгож, Х.Гын нэхэмжлэлээс 2.250.000 төгрөгийг Ш.Янжинлхамын нэхэмжлэлээс 2 сая төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих хэрэгтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ОЮУНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Б.ДУЛАМСҮРЭН