Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 141

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2017/0142/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            А.Уламбаяр 

Улсын яллагч                            Я.Сансар

Хохирогч Д.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.А

Шүүгдэгч                                                    Н.Г, Б.У нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гг, Б.У нарт холбогдох 1739001350030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 1-42 тоотод оршин суух Г

 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 19-07 тоотод оршин суух Б.Г 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  Шүүгдэгч Н.Г, Д.У нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “Тэмүүжин” цогцолбор сургуулийн баруун талд Д.Л-г зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Хохирогч Д.Л-н: ... тэгээд би урагшаа зам гараад харих гээд Тэмүүжийн сургуулийн хажууханд явж байхад 2 залуу араас хөөж ирсэнээ үг дуугүй нэг залуу нь хавсарч унагаад дээрээс толгой нүүргүй дэвсэж хэдэн талаас цохиж өшиглөсөн. Тэгсэн Амгаа ах ирчихсэн нөгөө залуучуудыг болио гээд намайг 2 залуугаас салгаад аваад явсан. Тэгээд би шууд гэртээ ирээд эгчийгээ дагуулаад цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10хуу/

 

          Гэрч Д.С-н: ... Би 2017 оны 09 дүгээр сарын 26-ны орой 23 цаг 35 минутанд хийдийн 7б-08 тоотод гэртээ унтаж байхад гаднаас миний төрсөн дүү болох Д.Л орж ирээд би хүнд зодуулсан тэлээр хэлээд 3 шүд хугалаад, эрүү эвгүй болгосон талаар хэлэхэд нь би хувцасаа өмсөөд цагдаагийн байгууллагад хандсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 15хуу/

 

          Гэрч Г.А-н: ... Жагаа дүү баарнаас гараад 2 залуутай хэрэлдээд маргалдаад байсан. Тэгсэн Жагаа такси барих гээд зогсож байхдаа тэр 2 залуутай хэрэлдэж байснаа урагшаа явсан. Тэр 2 залуу Ж-н хойноос хөөгөөд “Тэмүүжин” бага сургуулийн баруун талын хашааны хажууд Ж-г унагааж аваад хар алаг юүдэнтэй залуу түрүүлж Ж дээр очиж хавсарч унагааж аваад дээрээс нь өшиглөж байсан. Бараан хувцастай нэг залуу нь хойноос нь ирээд дээрээс нь дэвсээд байсан. Би хойноос нь очоод боль гэсэн чинь тэр хоёр залуу яваад өгсөн. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 16хуу/

 

          Гэрч Э.М-н: ... Л нь баарны тек дээр зогсож байснаа нэг дээлтэй өндөр ахтай муудаад байсан. Тэгсэнээ баарнаас гардаг хаалганы хажууд хэдэн залуучуудтай муудаад маргалдаад гараад явсан. ... Л нь “Тэмүүжин” сургуулийн хажууд гүйж явсан. Араас нь шар цамцтай хар өнгийн савхин куртиктэй залуу хөөгөөд, тэрний араас улбар шар өмдтэй, цагаан малгайтай залуу гүйж байснаа Л-г шар өнгийн цамцтай, хар өнгийн савхин куртиктэй залуу хавсарч унагаж аваад дээрээс нь өшиглөөд, дараа нь улбар шар өнгийн өмдтэй залуу нь араас нь бас ирээд Лхагважаргалыг дэвсээд байсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 18хуу/

 

          Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 279 дугаартай дүгнэлт:

 

          Д.Л-н биед эрүү ясны оочны баруун, зүүн талын хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

          Дээрх гэмтлүүд нь мохоо хүчийн зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

           Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэрэг баримтууд болно.

 

           

            Шүүгдэгч Н.Г, Д.У нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “Тэмүүжин” цогцолбор сургуулийн баруун талд Д.Л-г зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

            

              Д.Л-н: ...2 залуу араас хөөж ирсэнээ үг дуугүй нэг залуу нь хавсарч унагаад дээрээс толгой нүүргүй дэвсэж хэдэн талаас цохиж өшиглөсөн гэх мэдүүлэг, гэрч Г.А-н ... Тэр 2 залуу Ж-н хойноос хөөгөөд “Тэмүүжин” бага сургуулийн баруун талын хашааны хажууд Жагааг унагааж аваад хар алаг юүдэнтэй залуу түрүүлж Ж дээр очиж хавсарч унагааж аваад дээрээс нь өшиглөж байсан. Бараан хувцастай нэг залуу нь хойноос нь ирээд дээрээс нь дэвсээд байсан гэх мэдүүлэг, гэрч Э.М-н ... Л нь “Тэмүүжин” сургуулийн хажууд гүйж явсан. Араас нь шар цамцтай хар өнгийн савхин куртиктэй залуу хөөгөөд, тэрний араас улбар шар өмдтэй, цагаан малгайтай залуу гүйж байснаа Л-г шар өнгийн цамцтай, хар өнгийн савхин куртиктэй залуу хавсарч унагаж аваад дээрээс нь өшиглөөд, дараа нь улбар шар өнгийн өмдтэй залуу нь араас нь бас ирээд Л-г дэвсээд байсан гэх мэдүүлэг, шинжээч эмчийн ... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

           Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

          

            Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

             Хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлоос үүдэн гарсан эмчилгээний зардалыг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

Мөн цаашид энэ гэмт хэргийн улмаас гарах хохирогчийн эмчилгээний зардалыг шүүгдэгч нараар төлүүлэх үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг  хувийн байдлыг нь харгалзан үзлээ.

                 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

  

           1. Шүүгдэгч Г, У нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г 01 /нэг/ жил 06 /зургаа/ сар хорих ял, Б.У 01 /нэг/ жил 06 /зургаа/ сар хорих ял тус тус оногдуулсугай.

 

    3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, Б.У нарт оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

    4. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учруулсанаас үүдэн гарах хохирогчийн эмчилгээний зардлыг төлөх,  дээрх хугацаанд тодорхой ажил хөдөлмөр эрхлэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нар авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА