Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 126/ШШ2023/0190

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж,Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох Очир овогт Мын Агийннэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нарыг оролцуулан хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах.

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2.1.М овогтой А миний бие анх 2017 онд төрийн албаны шалгалт өгч, Шүүхийн ерөнхий зөвлөлд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас тавьсан ажлын саналыг хүлээн авч Шүүхийн ерөнхий зөвлөл болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлагын хооронд харилцан тохиролцсон дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын /цаашид Тамгын газрын дарга гэх/ 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар шилжин томилогдон ажиллаж байна. Миний бие 2018 онд тангарагаа өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм.

2.2.Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалын томилгоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3, 43.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзсэн. Миний бие Төрийн албаны зөвлөлийн тус шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ2022/0542 дугаар захирамжаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолын надад холбогдох хэсгийг шүүхээр маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

2.3.Энэ талаар Тамгын газрын дарга Х.Гт Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан, хэрэг үүсгэсэн талаар тухайн үед нь тайлбарлаж, танилцуулж байсан болно. Гэтэл Тамгын газрын дарга Х.Г маргаан бүхий 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг гаргахдаа хоёр агуулга бүхий шийдвэрийг гарган баталгаажуулж танилцуулсан.

2.4.Энэ шийдвэрийн төслийг танилцуулахдаа Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн дагуу гэж тайлбарладаг боловч уг төсөлдөө Төрийн албаны зөвлөлийн шийдвэртэй огт хамааралгүй Тамгын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгохоор тусгасан байсан. Мөн Төрийн албаны зөвлөлийн маргаан бүхий тогтоолд тушаалыг хүчингүй болгохоор заасан байтал Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг баримтлан чөлөөлж байгаа талаар дурдсан байсан. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа огт хийгээгүй шууд ажлаа хүлээлцэхийг шаарддаг.

2.5.Гэтэл үүний дараахан дээрх захирамжаа дахин өөрчлөөд шийдвэрээ гаргасан байсан. Миний бие Тамгын газрын дарга Х.Гоос Захиргааны ерөнхий хуульд заасан процесс ажиллагаа хийхийг, алдаатай шийдвэр гаргаж төрийн жинхэнэ албан хаагчийг хохироож байгааг тайлбарлаад өөрт нь бичгээр хүсэлт өгсөн. Энэхүү хүсэлтэд тавьсан шаардлагыг огт хангаагүй болно.

2.6.Иймд миний бие Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа тул хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлээ олгуулах нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Үүнд:

2.7.Нэг.Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар төрийн жинхэнэ албан хаагч намайг ажлаас халсан юм уу, эсхүл чөлөөлсөн юм уу, бууруулсан юм уу гэдэг нь огт тодорхойгүй, хуулийн зүйл заалтад үндэслээгүй. Төрийн албаны хуульд заасан хууль дээдлэх, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөл зөрчигдсөн гэж үзэж байна.

2.8.Үүний зэрэгцээ миний бие Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж заасны дагуу нэг байгууллагаас нөгөө байгууллага руу шилжин томилогдсон болохоос миний бие төрийн албанд шинээр ороогүй, мөн чөлөөлөгдөөгүй, халагдаагүй болно. Тамгын газрын даргын маргаан бүхий тус шийдвэрээс болоод миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтан ч биш, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан ч биш, хаана ч хамаарагдахгүй иргэн болж төрийн жинхэнэ албан хаагч миний эрх зүйн байдал ноцтой зөрчигдөж, тодорхойгүй, ойлгомжгүй байдал үүсээд байна.

2.9.Хоёр. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаагаар хангагдана гэж заасан. Гэтэл Тамгын газрын даргын маргаан бүхий шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Төрийн албаны зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасан зохицуулалтыг үндэслэж хүчингүй болгосон. Гэтэл уг заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах, чөлөөлөх үндэслэлд огт хамаарахгүй байна. Тиймээс хуульд заагаагүй үндэслэлээр миний эрх зүйн байдлыг ойлгомжгүй, тодорхойгүй болгож дордуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Мөн алдаатай шийдвэр гаргасны төлөө төрийн албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, хөндөгдөх нөхцөл үүсч болохгүй гэж үзэж байна.

2.10.Гурав. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй. Тамгын газрын дарга Х.Г нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өрөөнд орж шийдвэрийн төсөл танилцуулаад ажлаа өгөхийг шаардсан. Миний бие шийдвэрийн төсөлтэй танилцаад Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийн эрхийг хангаж өгөх хүсэлтийг тавьсан боловч хүлээж аваагүй. Энэхүү байдал нь Захиргааны ерөнхий хуульд заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах эрх зүйн хамгаалалт, боломжийг огт хэрэгжүүлээгүй зөрчсөн.

2.11.Дөрөв.Миний бие МУИС-Хууль зүйн сургуулийн эрх зүйч мэргэжлээр төгсөж, улмаар хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэн хуульч болж, төрийн албаны нэр хүндтэй байгууллагад 7 жил тасралтгүй ажилласны зэрэгцээ Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас тавьсан ажлын саналыг хүлээн авч залуу хүний хувьд орон нутгийн захиргааны байгууллагад өөрийн эзэмшсэн мэргэжил, туршлагаа зориулахаар Улаанбаатар хотоос төрөлх нутагтаа ирж ажиллаж байгаа жирийн нэгэн төрийн жинхэнэ албан хаагч юм. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7-д орон нутгийн захиалгат ажлын байранд ажиллахаар очсон залуучуудыг дэмжих гэж заасан. Мөн тус хуулийн 24.3-т Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Гэтэл Тамгын газрын дарга Х.Г өөрөө ажлын санал тавьж, томилж ажиллуулсан хэрнээ өөрөө Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж шалгуулж, ажиллах нөхцлөөр хангаж ажиллаагүй болно. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөл миний томилгооны асуудлыг 2021 оны 4 дүгээр сард шалгаад зөрчилтэй гэж үздэг. Миний бие Төрийн албаны зөвлөлийн энэ асуудалтай холбогдуулан шүүхэд гомдол гаргасан болно.

2.12.Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.А 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, өөрчлөх тухай тайлбартаа

2.13.М овогтой А миний бие Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Тамгын газрын даргын 2021.12.30-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага тодруулан гаргаж байна.

2.14.Шаардлагын үндэслэлийн талаар: Миний бие 2018 онд тангарагаа өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд 2017 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаад тус Тамгын газрын даргаас тавьсан ажлын саналыг хүлээн авч, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу Тамгын газрын даргын 2021.02.05-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар шилжин томилогдон ажилласан.

2.15.Төрийн албан хаагчийн хувьд төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллага руу шилжсэн нь төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан эрх, эрх зүйн баталгаагаар хангагдах учиртай гэж ойлгодог.

2.16.Гэтэл Тамгын газрын дарга Х.Г нь дээрх маргаан бүхий уг тушаалыг гаргаж, төрийн албанаас бүр мөсөн чөлөөлсөн явдал нь төрийн жинхэнэ албан хаагч миний хуульд заасан эрх зүйн байдал, баталгаа, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж шүүхэд хандсан билээ.

2.17.Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолоор нэр бүхий 81 иргэний томилгоог зөрчилтэй гэдгийг тогтоож, уг томилгоогоо зөрчилгүй болгох арга хэмжээ авахыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон байдаг. Тус 81 иргэний томилгоо нь дотроо [1] ковидын хуулиар томилсон, [2] Төрийн албаны тухай хуулийн 43.1-д заасан түр орлон гүйцэтгэх журмыг зөрчиж томилсон, [3] албан тушаалын шаардлага хангахгүй иргэнийг тусгай шалгалтаар томилсон, [4] төрий албан хаагчийн ерөнхий шалгалт өгөөгүй томилогдсон зэрэг зөрчлийн хувьд өөр өөр хоорондоо агуулга, эрх зүйн байдал нь ялгаатай зөрчлүүд байдаг.

2.18.Гэтэл дээрх зөрчлүүдээс зөвхөн миний томилогдсон байдал нь ганцаараа огт ялгаатай байсан. Учир нь миний бие төрийн төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад )төрийн албанаас гараагүй)гагцхүү төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллага руу шилжин томилогдсон эрх зүйн байдалтай албан хаагч байсан. Өөрөөр хэлбэл бусад хүмүүсийн томилгоотой ижилтгэн үзэх нөхцөл байдлаас өөр эрх зүйн хамгаалалттай юм.

2.19.Гэтэл энэхүү бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр, мөн тус асуудлыг судлахгүйгээр шууд л хомроглон чөлөөлөх шийдвэр гаргаж, төрийн жинхэнэ албан хаагч намайг төрийн албан хаагч ч биш шууд жирийн иргэн болгож, эрх зүйн байдлыг дордуулсан явдалд гомдолтой байна.

2.20.Нөгөө төрийн жинхэнэ албан хаагчийн Төрийн албаны хуульд заасан хуульд заагаагүй үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөхгүй байх баталгаа, хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд ноцтой зөрчигдөхөд хүрсэн.

2.21.Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан хуулийн өмнө эрх тэгш байх эрхийн хүрээнд агуулгаараа ялгаатай хэргийг ижил шийдвэрлэхгүй байх байх зарчим миний энэ тохиолдолд ноцтой зөрчигдсөн гэж үзэж байгаа.

2.22.Тамгын газрын даргын зүгээс шилжин томилогдсон байсан төрийн жинхэнэ албан хаагчийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарын томилгоо нь хэрэвзээ зөрчилтэй юм бол мэдсээр байж түүний эрх зүйн байдал, хуулийн баталгааг дордуулахгүйгээр тухайн үед зохих захиргааны шийдвэр гаргахыг хуулиар олгосон төдийгүй боломжтой байсан. Учир нь Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст ахлах мэргэжилтэн, мэргэжилтний сул орон тоонууд хадгалагдаж байсан. Тус албан тушаал дээр томилох байдлаар шийдвэрлэх боломжтой байсаар байтал хувийн өс хонзонгоор чөлөөлөх шийдвэр гаргаж, төрийн албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд ноцтой дордуулсан юм.

2.23.Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй тус үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасныг зөрчсөн нь хүчингүй болгох үндэслэл гэж үзэж байна.

2.24.Мөн дээрх үйл явдал, нөхцөл байдлыг судлахгүйгээр, тогтоохгүйгээр захиргааны шийдвэр гаргасан явдал нь Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг тус тус зөрчсөн.

2.25.Үүгээр ч зогсохгүй Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг зарчмыг зөрчсөн. Цаашлаад мөн хуулийн 26.1-д заасныг зөрчиж, тус тушаалыг гаргасан хойноо танилцуулсан, мөн шийдвэр гаргахаас өмнө миний тайлбар санал гаргах боломжийг огт олгоогүй болно.

2.26.Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7-д орон нутгийн захиалгат ажлын байранд ажиллахаар очсон залуучуудыг дэмжих гэж заасан.

2.27.Мөн Төрийн албаны тухай хуульд заасан чөлөөлөх үндэслэлд уг асуудал нь хамаарахгүй байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 62.1.1-д Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албан тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаагаар хангагдана гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.У 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/1705 тоот албан бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

3.1.Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/159 дүгээр тушаалтай холбогдуулан нэхэмжлэгч М.Агийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.

3.2.Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/170 тоот албан бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн референт М.Аг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар шилжүүлэн ажиллуулах саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээн авснаар М.Аг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу шилжүүлэн томилсон. Харин Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолоор М.Аг Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн томилсон нь буруу гэж үзсэн тул түүнийг ажилд томилсон тушаалыг Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар хүчингүй болгожээ.

3.3.Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нөхцөл байдлыг судлан үзэхэд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолоор М.Аг Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилсон нь зөрчилтэй гэж үзжээ. Харин М.Агийн төрийн албанд томилогдсон байдал, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллага руу шилжин ажилласан байдлыг зөрчилтэй гэж үзээгүй, М.А нь төрийн албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч тул түүнийг тохирох албан тушаалд шилжүүлэн ажиллуулах замаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолд заасан томилгооны зөрчлийг арилгах боломжтой байсан байна.

3.4.2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст ахлах мэргэжилтний болон мэргэжилтний сул орон тоо байсан бөгөөд одоо ч М.Аг тус хэлтсийн дээрх албан тушаалд томилон ажиллуулах боломжтой учир нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д заасны дагуу сонгох боломжийг хэрэглэх боломжтой байсан гэх тайлбар, өөрчлөлт оруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

3.5.Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгч М.А болон түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн утгатай баримт хэрэгт хавсаргасан байсан учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг дэмжиж байна гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосон албан тоотыг хэрэгт хавсаргасан байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

6.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Уийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.

8.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.У нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/144 дүгээр тушаалаар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оийн тайлбараар нотлогдож байна.

9.Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/144 дүгээр тушаалаас үзэхэд төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр сонгох боломжийг хэрэглээгүй, албан тушаалаас нь бус төрийн албанаас чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйл, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 40 дүгээр зүйлийн 40.2, 42 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг тус тус үндэслэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгожээ.

10.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй  болгож болно гэж заасан.

11.Хэдийгээр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/144 дүгээр тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй боловч энэ нь тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

12.Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2022/0369 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 542 дугаар магадлалаар М.А нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн референтийн албан тушаал Ахлах түшмэл ангилал, АА-6 зэрэглэлтэй, гүйцэтгэх төрлийн албан тушаалаас Ахлах түшмэл ангилал, ТЗ-10 зэрэглэлтэй, удирдах төрлийн албан тушаалд шилжин ажилласан нь Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 1.5-д төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна гэснийг зөрчсөн болохыг тогтоож, шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ.

13.Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрээр М.Аг төрийн адил төрлийн албан тушаалд шилжүүлээгүйг буруутгасан Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин М.Аг адил төрлийн албан тушаалд шилжүүлэн томилох шийдвэр гаргах боломжийг үгүйсгээгүй байна.

14.Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасан.

15.2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст ахлах мэргэжилтний болон мэргэжилтний сул орон тоо байсан бөгөөд одоо ч М.Аг тус хэлтсийн дээрх албан тушаалд томилон ажиллуулах боломжтой гэж хариуцагч тайлбарлаж байх тул хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж шүүх үзлээ.

16.Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтланнэхэмжлэгч М.Агийн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.У зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ад олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ