Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2019/ДШМ/31

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

 

 

 2019        07            08                                            2019/ДШМ/31

 

Х.Н, Ц.Ч нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: П.Итгэл,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолтой Х.Н, Ц.Ч нарт холбогдох 1738001080005 дугаартай эрүүгийн хэргийг прокурор П.Итгэлийн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Тарган овогт Хөхийгийн Н, . оны 5 дугаар сарын 20ы өдөр төрсөн, …. настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 287 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан /регистрийн дугаар: ..................../.

Монгол Улсын иргэн, Хуулар овогт Цэрэндолгорын Ч, . оны 11 дүгээр сарын 09ий өдөр төрсөн, …. настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ................./.

Шүүгдэгч Ц.Ч нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багт оршин суух Б.Оийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1 676 000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Ч, Х.Н нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд байрлах Д.Батсүхийн бараа хадгалдаг гэрээс үхрийн гуя 2 ширхэг, үхрийн шир зэрэг эд зүйл хулгайлан 514 000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэнд үйлдсэн гэмт хэрэгт тус, тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Тарган овогт Хөхийгийн Н, Хуулар овогт Цэрэндолгорын Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 -т зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Н, Ц.Ч нарыг тус бүр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Н, Ц.Ч нарт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн      510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Чаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1 576 000 /нэг сая таван зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Оид олгож, Эрүүгийн 1938000720066 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Над урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Чад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Прокурор П.Итгэл эсэргүүцэлдээ: ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд “2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн      1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Н, Ц.Ч нарыг тус бүр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй., ... 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Чаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1 576 000 /нэг сая таван зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Оид олгосугай.” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “хуулийн зүйл, хэсэг, заалт буруу тайлбарлаж хэрэглэсэн” болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.Ч нь хохирогч Б.Оид хохирол төлсөн талаар ямар нэгэн баримт авагдаагүй, мөн шүүхийн шийдвэртээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1 576 000 /нэг сая таван зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулахаар заасан атлаа дээрх хуулийн заалтыг баримталж ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан байхыг шаардана.

... Энэ хэргийн тухайд хохирогч Оид 1 676 000 /нэг сая зургаан зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилгасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хохирол, хор уршгийг арилгасан гэсэн үндэслэлээр ял хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

... Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.Ч нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багт оршин суух Б.Оийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 1 676 000 төгрөгийн хохирол бүхий нөүтбүүк, дуураймал мөнгөн хазаар зэргийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг, Х.Нтай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд байрлах Д.Батсүхийн бараа хадгалдаг гэрт буюу агуулахад нэвтэрч 514 000 төгрөгийн хохирол бүхий үхрийн гуя 2 ширхэг, үхрийн шир зэргийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Н, Ц.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тус бүрийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэл “...шүүгдэгч Ц.Чын хохирогч Б.Оэд учруулсан хохирол 1 576 000 төлөгдөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах”-аар эсэргүүцэл бичжээ.

Хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч О.Гал-Эрдэнийн Хавтас хэргийн материал танилцуулсан тухай 2019 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл, 2019 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл зэргээс үзэхэд хохирогч Б.О нь хохирол гомдолгүй гэдгээ илэрхийлсэн байхад анхан шатны шүүх хөрөнгө үнэлсэн тайланг үндэслэн шүүгдэгч Ц.Чаас хохирол 1 576 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх хохирол төлөгдөөгүй гэж үзсэн атал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Гэхдээ хохирогч нь хохирол төлбөр, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Чыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх бөгөөд энэ талаар  шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Хохирогч Б.О нь шүүгдэгч Ц.Чаас хохирлыг барагдуулах шаардлагагүй, гомдол байхгүй гэснийг дурдсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Т.ГАНБАТ

                                                                                Н.БАЯРХҮҮ