Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/02028

 

2024 оны 5 сарын 07-ны өдөр

Дугаар 183/ШШ2024/02028

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сөүл хот, Ё дүүрэг, Б 56/Ёндонпу хороо ** ка тоотод оршин суух БНСУ-ын иргэн К  /ПД:М3******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, чингисийн өргөн чөлөө гудамж, ** байр, ** тоотод оршин суух М овогт А-н Б /РД:БД*********/,

 

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Б сум, ** дугаар баг, Өвт ** дугаар гудамж, ** тоотод оршин суух Ө овогт Ж-ын Ц /РД:ЙБ******/ нарт холбогдох,

 

156,169,986 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, Г.Б

Хариуцагч А.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Э.А,

Хариуцагч А.Б-ийн өмгөөлөгч Л.Н,

Хариуцагч Ж.Ц-ийн өмгөөлөгч Л.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: БНСУ-ын К нь МУ-ын иргэн А.Б болон Ж.Ц нартай 2017 оны 03-р сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээ болон мөн өдөр Ж.Ц-тэй Барьцааны гэрээ тус тус байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр А тал Ж.Ц, В тал А.Б нар ШД-ийн **-р хороо, Моносын баруун хойно орших үйлдвэрийн зориулалттай 500 м.кв эзэмших эрхтэй газар дээр орших 300 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг оффис болон зориулалтаар ашиглуулахаар, Б тал болох К төрөл бүрийн барааг БНСУ-аас нийлүүлж А болон В тал уг бараан дээр үнэ нэмж зарж ашиг олох, барааны үндсэн үнийг буцааж Б болох К-д шилжүүлэхээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнийг А болон В тал нь барааг зарсан даруйд Б талд буцааж төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор А тал болох Ж.Ц-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээг байгуулсан. Гэтэл А болон В тал нь Б талын шилжүүлсэн барааны үлдэгдэл үнэ болох 58,932,070 вон буюу 156,169,986 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Улмаар Б болох К нь гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага тавихад В тал болох А.Б нь банкны зээл авч байгаад 58,932,070 воныг 2019 оны 04-р сарын 30-ны хүртэл төлж барагдуулах талаар өөрийн гараар солонгос болон монгол хэлээр баталгааны бичгийг 2019 оны 02-р сарын 19-ний өдөр гаргаж өгсөн. Үүнээс хойш удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч төлөөгүй өнөөдрийг хүрсэн байна. А. Б, Ж. Ц нар нь барааны үнийг одоог хүртэл төлөөгүй байх тул хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн барааны үнэ болох 58,932,070 вон буюу 156,169,986 төгрөгийг хариуцагч А.Б болон Ж.Ц нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч К нь А.Б болон Ж.Ц нартай 2017 оны 03-р сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээ болон мөн өдөр Ж.Ц-тэй Барьцааны гэрээ тус тус байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр А тал Ж.Ц, В тал А.Б нар Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, Моносын баруун хойно орших үйлдвэрийн зориулалттай 500 м.кв эзэмших эрхтэй газар дээр орших 300 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг оффис болон зориулалтаар ашиглуулахаар, Б тал болох К том тэрэгний сэлбэг хэрэгсэл барааг Солонгосоос нийлүүлж А болон В тал уг бараан дээр үнэ нэмж зарж ашиг олох, барааны үндсэн үнийг буцааж Б болох К-д шилжүүлэхээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнийг А болон В тал нь барааг зарсан даруйд Б талд буцааж төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор А тал болох Ж.Ц-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээг байгуулсан. Гэтэл А болон В тал нь Б талын шилжүүлсэн барааны үлдэгдэл үнэ болох 58,932,070 вон буюу 156,169,986 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Улмаар Б болох К нь гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага тавихад В тал болох А.Б нь банкны зээл авч байгаад 58,932,070 воныг 2019 оны 04-р сарын 30-ны хүртэл төлж барагдуулах талаар өөрийн гараар Солонгос болон Монгол хэлээр баталгааны бичгийг 2019 оны 02-р сарын 19-ний өдөр гаргаж өгсөн. Үүнээс хойш удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч төлөөгүй өнөөдрийг хүрсэн байна. А. Б, Ж. Ц нар нь барааны үнийг одоог хүртэл төлөөгүй байх тул хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн барааны үнэ болох 58,932,070 вон буюу 156,169,986 төгрөгийг хариуцагч А.Б болон Ж.Ц нараас гаргуулж өгнө үү .Хариуцагч нараас 50,50 хувиар гаргуулж өгнө үү гэв гэв.

 

2. Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: БНСУ-ын иргэн К-ний нэхэмжлэлтэй А.Б надад холбогдох иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдаэ тайлбарласан үйл баримт буюу 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-ын иргэн К, А.Б, Ж.Ц нар Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнийг А болон В тал нь барааг зарсан даруйд Б талд буцааж төлөхөөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлон шаардаж байгаа үнийн дүн бүхий бараа зарагдаагүй байх үед гэрээний А тал болох Ж.Ц нь дангаараа шөнийн цагаар хулгайлаад аваад явсан. Өөрөөр хэлбэл, гэрээгээр тохирсон нөхцөл болох Зарсан даруй гэх нөхцөл бий болоогүй, мөн уг барааг гэрээний А тал болох Ж.Ц нь дангаараа авч явж завшсан байхад түүний үнийг А.Б надаас шаардаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Гэрээний А тал болох Ж.Ц нь барааг шөнийн цагаар А.Б (гэрээний В тал)-д мэдэгдэлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргасан тул түүний энэ хууль бус үйлдлийг шалгуулахаар 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд эрүүгийн журмаар шалгаад гэрээний нэг тал буюу хамтран ажиллах гэрээний А тал өөроө авч явсан гэх үндэслэлээр гэмг хэргийн шинжгүй байх тул иргэний журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж хэргийг хаасан. Одоо нэхэмжлэгчээс шаардаж байгаа мөнгөн дүн буюу бараа (сэлбэгнүүд)-г гэрээний А тал болох Ж.Ц дангаараа авсан тул түүний үнийг авсан этгээд болох Ж.Ц хариуцан төлөх, бүрэн хариуцах ёстой. Гэрээний зүйл болох сэлбэгүүд нь бодит байдал дээр Ж.Ц-ийн өмчлөлд шилжсэн байгаа бөгөөд энэ талаарх үйл баримт нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн журмаар шалгах явцад тоггоогдож, тодорхой болсон. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарласан байгаатай адилаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор гэрээний А тал болох Ж.Ц-ийн үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нь барьцаалж Барьцааны гэрээ-г байгуулсан. Өмнө дурдсанчлан үлдэгдэл бүх бараа нь хариуцагч Ж.Ц-ийн өмчлөлд шилжсэн байгаа ба гэрээг анх байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг өөрийн өмчлөлийн үл хедлөх хөрөнгөөрөө хангаж гүйцэтгэхээ бүрэн дүүрэн илэрхийлэн хүлээн зөвшөөрч барьцааны гэрээг Ж.Ц байгуулсан байдаг болно. Гэрээний В тал болох А.Б нь Хамтран ажиллах гэрээний хүрээнд уг сэлбэгүүдийг борлуулсны эцэст зохих ашиг хүртэх ёстой байсанч барааг борлуулахаас өмнө Ж.Ц нь өөрийн өмчлөлд шилжүулж авснаар А.Б нь олох ёстой байсан ашиг, цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл санаагаараа хохирч үлдэхэд хүрсэн. Гэрээний зүйл болох үлдэгдэл зарагдаагүй байсан бараа, олох ёстой ашиг зэргийг бүхэлд нь Ж.Ц өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг Ж.Ц хариуцах нь шудрага ёсны зарчимд нийцэнэ гэж анхнаасаа тайлбараа илэрхийлж ирсэн болно. Нэхэмжлэгч нь 2021 оны 08 сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг хамтран ажиллах гэрээний үүргийг Ж.Ц болон А.Б нараас хамтад нь шаардаж нэхэмжлэлээ гаргаж байсан бөгөөд түүнээс хойш А.Б миний бие Ж.Ц барааг авч явсан тул цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан болно. Иймд А.Б надад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үүгэв.

Хариуцагч А.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан үйл баримт нь буюу 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн БНСУ-ын иргэн К, А.Б, Ж.Ц нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг хамтран ажиллах гэрээний нийлүүлсэн үнийг а болон б тал барааг зарсан даруйд б тал буцааж өгөхөөр тохирчихсон. Үнэ бүхий бараа зарагдаагүй байх үеийн а тал болох Ц нь дангаараа шөнийн цагаар хулгайлаад аваад явсан. Өөрөөр хэлбэл гэрээгээр тохирсон нөхцөл болох зарсан даруй гэх нөхцөл бий болоогүй. Мөн уг барааг гэрээний а тал болох Ц нь дангаараа авч явж ашигласан байхад түүнийг Б надаас шаардаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Одоо нэхэмжлэгчээс шаардаж байгаа мөнгөн дүн буюу сэлбэгүүд гэрээний тал болох Ц дангаараа авч явсан бол үүнийг авсан этгээд болох Ц бүрэн хариуцан төлөх ёстой нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлтэй тайлбарласан байгаатай адил. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор гэрээний тал болох Ц-ийн үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нь барьцаалж барьцааны гэрээг байгуулсан. Өмнө нь дурдсанчлан үлдэгдэл бүх бараа нь хариуцагч Ц өмчлөлд шилжсэн байгаа ба гэрээг анх байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр хангаж гүйцэтгэхийн бүрэн дүүрэн илэрхийлээд хүлээн зөвшөөрч барьцааны гэрээнд Ц байгуулсан болно. Гэрээний В талд болох Б нь хамтран ажиллах гэрээний уг сэлбэгүүдийг борлуулсны эцэст зохих ашиг хүртэх ёстой байсан ч барааг борлуулахаас өмнө Ц нь өөрийн өмчид шилжүүлэн авснаар Б нь олох ёстой байсан ашиг, цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл санаагаар хохирч одоо ингээд хариуцагчаар энд ирчихсэн байна. Тэгээд гэрээний зүйл болох үлдэгдэл зарагдаагүй байсан бараа олох ёстой ашиг зэргийг бүхэлд нь Ц өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг Ц хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэв.

Хариуцагч Ж.Ц шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд түүний өмгөөлөгч Л.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Товчхон ярья даа энэ хариуцагчаа буруу тодорхойлоод байна . Солонгос улсаас К нь зөвхөн Б-тай л анхнаасаа харьцдаг байсан. Юунаас би эшлэл татаж байна гэхээр иргэний хэргийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүгчийн 2023 оны захирамжаас эш татлаа. Энэ дээр юу гэж байна гэхээр Солонгосын нөхөр нь зөвхөн Б-тай чат болон мэйл хаягаар харьцаж, харилцан холбогдож бараа материал явуулах барааны мөнгийг Б-аас авдаг байсан гээд, би энийг шүүхэд гаргаж өгч болно. Энэ цахим үндсэн дээр аягүй тодорхой юм бичигдчихсэн байна. Б нь гээд нэхэмжлэгч нарын гаргасан 2023 оны 11 сарын нэхэмжлэл дээр их тодорхой бичсэн байгаа байхгүй юу. Б нь банкны зээл авч байгаад 52 сая вон буюу 100 хэдэн сая төгрөгийг 2019 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл төлж барагдуулах талаар 2 хэрэг дээр баталгааны бичиг гаргаж өгсөн ингээд биччихээд байгаа байхгүй юу. Тэгэхээр хариуцагч маань бол уг нь тов тодорхой байгаад байна л даа. Энэ хүн л байна. Тэр солонгостой харьцаж байсан, Б гэгч этгээд ,Ц бол огт хамаагүй ээ харин ч бүр юу яах вэ гэхээр үл хөдлөхөө ашиглуулсан өчнөөн хохирсон.Тийм учраас хариуцахгүй. Ц-ийн зүгээс Б нь хариуцдаг юм уу? яадаг юм байгаа юм хоорондоо ер нь энэ талууд нь тооцоо нийлэх хэрэгтэй гэдгийг би бас удаа дараа хэлж байгаа юм. Тэгээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү , цагдаагаар яваад хулгайлсан асуудал нь тогтоогдоогүй л юм байна лээ гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.11.24-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2017.03.28-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, барьцааны гэрээ солонгос хэлнээс монгол хэл рүү орчуулсан орчуулгын хамт, Ж.Ц, А.Б, К нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2019.02.19-ний өдрийн А.Б-ийн тайлбар, нийлүүлэлтийн бүртгэл солонгос хэлнээс монгол хэл рүү орчуулсан орчуулгын хамт, 2018.09.01-ний өдрийн нэхэмжлэл /нийлбэр/ солонгос хэлнээс монгол хэл рүү орчуулсан орчуулгын хамт, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.03-ны өдрийн 183/АБ2021/03039 дугаартай албан бичиг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2021.10.06-ны өдрийн 480 дугаартай албан бичиг, 2021.03.21-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2019.06.19-ний өдрийн гэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, 2019.06.19-ний өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2019.04.11-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2021.04.16-ны өдрийн 586 дугаартай прокурорын тогтоол, зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагч А.Б-ийн талаас иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2019.03.25-ны өдрийн 190801744 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2021.03.21-ний өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2019.03.24-ний өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021.03.21-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Х тээвэр компанийн сэлбэгийн жагсаалт, Х  ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тодорхойлолт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2021.04.16-ны өдрийн 586 дугаартай прокурорын тогтоол, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2021.05.12-ны өдрийн 90 дугаартай, 2021.06.02-ны өдрийн 102 дугаартай прокурорын тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2021.07.19-ний өдрийн 760 дугаартай прокурорын тогтоол, Монгол улсын ерөнхий прокурорын газрын 2021.09.01-ний өдрийн 4/622 дугаартай прокурорын тогтоол, Шүүхийн тусгай архивын 2024.04.15-ны өдрийн 1/1108 дугаартай албан бичиг, 2019.03.25-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Х компанийн сэлбэгийн тооллого, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.13-ны өдрийн 183/ШЗ2020/05064 дугаартай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 183/ШТ2020/00225 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.01-ний өдрийн 183/ШЗ2021/07559 дугаартай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.26-ны өдрийн 183/ШЗ2021/08457 дугаартай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.12-ны өдрийн 183/ШЗ2021/09156 дугаартай шүүгчийн захирамж, 2019.04.11-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хариуцагч Ж.Ц-ээс иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэл гардаж аваагүй талаарх тайлбар, өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...БНСУ-ын Кнь МУ-ын иргэн А.Б болон Ж.Ц нартай 2017 оны 03-р сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээ болон мөн өдөр Ж.Ц-тэй Барьцааны гэрээ тус тус байгуулсан. Гэтэл А болон В тал нь Б талын шилжүүлсэн барааны үлдэгдэл үнэ болох 58,932,070 вон буюу 156,169,986 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Улмаар Б болох К нь гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага тавихад В тал болох А.Б нь банкны зээл авч байгаад 58,932,070 воныг 2019 оны 04-р сарын 30-ны хүртэл төлж барагдуулах талаар өөрийн гараар солонгос болон монгол хэлээр баталгааны бичгийг 2019 оны 02-р сарын 19-ний өдөр гаргаж өгсөн. Үүнээс хойш удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч төлөөгүй өнөөдрийг хүрсэн байна. А. Б, Ж. Ц нар нь барааны үнийг одоог хүртэл төлөөгүй байх тул хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн барааны үнэ болох 58,932,070 вон буюу 156,169,986 төгрөгийг хариуцагч А.Б болон Ж.Ц нараас гаргуулж өгнө үү гэв.

 

3.Хариуцагч А.Б нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-ын иргэн К, А.Б, Ж.Ц нар Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан, шаардаж байгаа үнийн дүн бүхий бараа зарагдаагүй байх үед гэрээний А тал болох Ж.Ц нь дангаараа шөнийн цагаар хулгайлаад аваад явсан. Гэрээний зүйл болох сэлбэгүүд нь бодит байдал дээр Ж.Ц-ийн өмчлөлд шилжсэн байгаа бөгөөд энэ талаарх үйл баримт нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн журмаар шалгах явцад тогтоогдож, тодорхой болсон. Гэрээний В тал болох А.Б нь Хамтран ажиллах гэрээний хүрээнд уг сэлбэгүүдийг борлуулсны эцэст зохих ашиг хүртэх ёстой байсан ч барааг борлуулахаас өмнө Ж.Ц нь өөрийн өмчлөлд шилжүүлж авснаар А.Б нь олох ёстой байсан ашиг, цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл санаагаараа хохирч үлдэхэд хүрсэн. Гэрээний зүйл болох үлдэгдэл зарагдаагүй байсан бараа, олох ёстой ашиг зэргийг бүхэлд нь Ж.Ц өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан тул А.Б-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Ц нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Б нь банкны зээл авч байгаад 52 сая вон буюу 100 хэдэн сая төгрөгийг 2019 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл төлж барагдуулах талаар 2 хэрэг дээр баталгааны бичиг гаргаж өгсөн. Тэр солонгостой харьцаж байсан хүн бол Б ,Ц бол огт хамаагүй ээ харин ч бүр юу яах вэ гэхээр үл хөдлөхөө ашиглуулсан өчнөөн хохирсон.Тийм учраас хариуцахгүй, хулгайлсан үйлдэл цагдаагаас хаасан байдаг гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 28ний өдөр Хамтран ажиллах гэрээ бичгээр байгуулагдсан ба энэхүү гэрээгээр Б тал БНСУ- ын иргэн К нь Солонгос улсаас бараа материал, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, А тал Ж.Ц нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороонд байрлах 500 м кв талбай бүхий газар, 300 м кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ашиглуулахаар, В тал А.Б нь Ж.Ц-тэй хамтран бараа материалыг худалдан борлуулах үүргийг хүлээжээ.

Улмаар энэхүү хамтран ажиллах гэрээний барьцаанд Баянзүрх дүүрэг, ** хороо Нарны зам ** тоот хаягт орших 756 м кв 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 1,000,000,000 төгрөгөөр үнэлж,2017 оны 03 дугаар сарын 28 ний өдөр барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлжээ.

Дээрх хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч нь 99,252,280 воны бараа материалыг нийлүүлсэн гэх ба / хх 18-38 хуу/ , үлдэгдэл барааны үнэ 55,932,070 вон буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 156,169,986 төгрөгийг нэхэмжилдэг.

Хэрэгт А.Б нь Ж.Ц бараа материалыг зөвшөөрөлгүй авч явсан гэх асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, хэргийг шалгаад Прокурорын байгууллагаас хаасан баримтууд байдаг. Тодруулбал 2019-03-25 ний өдөр 190801744 дугаартай мөрдөгчийн тогтоолоор 2019-03-20 ний өдөр сэлбэгийн дэлгүүрээс бараа дур мэдэн авч явсан гэх Ж.Ц-ийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хохирогчоор Б.Б-г, 2019-04-11 ний өдөр Ж.Цэ-ийг гэрчээр асуудаг. Хэргийг шалгаад 2021-04-16 ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 586 дугаартай тогтоолоор ..талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу хамтран ажиллаж эхэлснээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна ... гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдаж, 2021-09-01 ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын 4/622 дугаар тогтоолоор энэхүү хэрэгт гарсан дээрх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь 2018-08-31 нээс хойш бараа нийлүүлээгүй гэдэг ба хариуцагч нар маргадаггүй, нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг шалгагдах явцад буюу 2020-04-13 ний өдөр ,2021-07-01 ний өдөр, 2021-07-26 ний өдөр, 2021-08-12 ний өдөр, мөн үүнээс хойш нэг удаа нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэгч хуралдаа ирээгүй гэх үндэслэлээр буцаасан гэж талууд тайлбарладаг.

 

5. Талууд гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ дуусгавар болсон, бараа нийлүүлэгдсэн талаар, барааг хилээр Х ХХК-н нэр дээр мэдүүлдэг байсан маргадаггүй ч хариуцагч А.Б-ийн тухайд бараа зарагдаагүй, үлдэгдэл барааны үнэ 55,932,070 вон байсан эсэх дээр, барааг Ж.Ц хувьдаа завшсан гэдэг үндэслэлээр, хариуцагч Ж.Цэ-ийн тухайд А.Б л нэхэмжлэгчтэй харилцдаг, өөрөө төлөх талаар бичиг бичиж өгсөн, завшсан үйлдлийг тогтоогдоогүй гэж үзнэ гэх үндэслэлээр тус тус татгалздаг.

Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 т зааснаар Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэсний дагуу хамтран ажиллах гэрээ байгуулагджээ. Мөн хуулийн 476.3 т зааснаар бичгээр байгуулагдсан хэлцэлд тусгавал зохих гэрээний талуудын нэр, хаяг, хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх, үүрэг, удирдлагын бүтэц, эрх, үүрэг,.ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах, гэрээний хугацаа, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам зэргийг харилцан тохиролцсон байх тул гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ. Улмаар талуудын хооронд 99,252,280 воны бараа материалыг нийлүүлсэн байх ба энэ талаар хариуцагч тал маргах, энэ талаарх татгалзсан баримтыг шүүхэд гаргаж өгдөггүй. Нэхэмжлэгч нь 2018-08-31 нээс хойш өмнөх барааны үнийг авч чадаагүй үндэслэлээр дахин бараа нийлүүлээгүй гэх ба үлдэгдэл барааны үнэ 55,932,070 вон буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 156,169,986 төгрөгийг нэхэмжилдгийг шүүх үндэслэлтэй гэж үзнэ.

Учир нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нийлүүлэлтийн бүртгэл гэх баримт нь хэргийн 125-130 дугаар талд авагдсан хариуцагчийн гаргаж өгсөн Х компанийн хилээр оруулсан сэлбэгийн жагсаалттай таарахаас гадна хэргийн 152-159 дүгээр талд авагдсан сэлбэгийн тооллого гэх баримтад ,,167,855,000 төгрөгийн бараа материал байсан талаар А.Б болон нягтлан Ж.Н нар тооллого хийн 2019-01-10 ний өдөр баталгаажуулжээ. Энэхүү бараанд нэхэмжлэгчийн нийлүүлсэн бараанаас гадна А.Б-ийн өөрийн бараа холилдсон гэж тайлбарлаж байх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй, үлдэгдэл нь 167,855,000 төгрөгийн бараа материал байсан талаар гэрч Ж.Н шүүхэд мэдүүлдэг. Түүнчлэн хэргийн 17 дугаар талд 2019-02-19 ний өдөр огноолсон зээл төлөлт гэх гарчигтай баримтад .. ... К-д орон сууцаа барьцаалуулж, банкнаас зээл авч төлбөр төлөхийг гэрээ хийв. 2019 оны 4 сарын 30 хүртэл зээл авна... гэж А.Б бичсэн байх ба хэргийн 31, 43 дугаар талд авагдсан баримтад ...9 сарын ...ны өдөр хүртэл 34,000,000 воныг төлнө.Үлдэгдэл төлбөрийг 10 сарын 31 нийг өдрийг хүртэл төлнө ...2018-09-05 А.Б гээд үлдэгдэл 58,932,070 вон үлдсэн талаарх хүснэгтийн дор Солонгос хэл дээр бичсэнийг орчуулжээ. Тодруулбал шүүх 55,932,070 вон буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 156,169,986 төгрөгийн барааны үлдэгдэл байсан гэж үзнэ.

Уг барааг Ж.Ц хувьдаа завшсан гэдэг үндэслэлийг хариуцагч А.Б тайлбарлаж байх боловч энэ нь эрүүгийн хэргээс ирсэн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл А.Б-ийн гэрч хохирогчоор өгсөн мэдүүлэг, Ж.Ц-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан прокурорын тогтоолоор Ж.Ц ямар нэг байдлаар барааг авч явсан байна гэдэг нь харагдах боловч тухайн бараа нь хэдэн төгрөгийн өртөг бүхий бараа гэдэг нь тодорхойгүй. 2021-04-16 ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 586 дугаартай тогтоолын Олсон нь гэх хэсэгт ....Гэвч иргэн Ж.Ц нь өөрийн эзэмшлийн объектоос 2019 оны 03 дугаар сарын 20 ний өдөр уг автосэлбэгийн дэлгүүрээс зарж борлуулж байсан үлдэгдэл барааг иргэн А.Б, Б.Э нарт урьд өмнө мэдэгдэж байсны дагуу барааг өөр газарт зөөвөрлөж, шилжүүлсэн үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг шунахайн зорилгоор авсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй .. гэжээ. Үүнээс дүгнэхэд Ж.Ц ямар нэг байдлаар А.Б-д өмнө нь хэлээд барааг авч явсан гэж үзэхээр байх ба хэдэн төгрөгийнх гэдэг нь мэдэгдэхгүй байна. Энэ үндэслэлээр А.Б-г төлбөрөөс чөлөөлөх боломжгүй байна.

Гэрээний талууд болохын хувьд хариуцагч нараас үлдэгдэл барааны үнийг тал, тал хувиар тэнцүүлэн гаргуулах нь зүйд нийцнэ.

Иргэний хуулийн 480 дүгээр зүйлийн 480.1.4 т зааснаар хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэх үндэслэлээр гэрээ дуусгавар болсон байх ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 т зааснаар Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үлдэгдэл барааны үнийг гэрээний нөгөө талуудаас шаардах эрхтэй. Хариуцагч Ж.Ц, А.Б нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид, нэхэмжлэгч нь мөн хуулийн 242.3 т зааснаар хуваарилан нэхэмжлэх эрхтэй юм. Иймд Ж.Ц нь энэхүү барааны үлдэгдэл үнийн тал хувийг хариуцах ба К-тэй харилцдаггүй байсан гэх үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм. Энэ талаар талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4 т Талуудын аль нэгний буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг цуцалсан тохиолдолд нөгөө тал өөрт учирсан хохирлоо гэм буруутай талаас гаргуулан авах эрхтэй гэж заажээ.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч нь гэрээг дуусгавар болгосноос хойш 2020-04-13 ний өдөр ,2021-07-01 ний өдөр, 2021-07-26 ний өдөр, 2021-08-12 ний өдөр тус тус шүүхэд хандсан байх ба А.Б нь цагдаагийн байгууллагад хандаж тухайн асуудлыг шалгуулж, 2021-09-01 ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын 4/622 дугаар тогтоолоор энэхүү хэрэгт гарсан дээрх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд К ямар нэг байдлаар оролцоогүй, гэрч, хохирогч, холбогдогчоор мэдүүлэг өгч байгаагүй, иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэнийг тэр даруй буюу 2021-09-01 нд нэхэмжлэгч мэдсэн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг шүүхэд 2024-11-24 ний өдөр нэхэмжлэл гаргасныг 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан гэж үзэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 938,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 938,800 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 242 дугаар зүйлийн 242.3, 227 дугаар зүйлийн 227.1 т тус тус зааснаар хариуцагч А.Б-аас 78,084,993 төгрөгийг, хариуцагч Ж.Ц-ээс 78,084,993 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч БНСУ-н иргэн К-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 938,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц-ээс 469,400 төгрөгийг, хариуцагч А.Б-аас 469,400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч БНСУ-н иргэн К-д олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ