Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 146

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хэргийн индекс:180/2017/0152/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга             А.Цэрэндулам 

Улсын яллагч                            Я.Сансар

Шүүгдэгч                                                          Ц.Т нарыг оролцуулан

     

Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т-д холбогдох 1739001300048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Бэрх хотод 1994 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 57 дугаар байрны 3-25 тоотод оршин суух Тайжид овогт Ц.Т /РД: СФ94052912/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

   Шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 58 дугаар байрны 21 тоотод насанд хүрээгүй У.Т-ийн зүүн нүдэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Хохирогч У.Т-гийн: ... Байрны гаднах сандал дээр согтуу хүн сууж байсан. Тэр хүн чи намайг хэн гэдгийг мэдэх үү гэж надаас асуусан. Би мэдэхгүй гэсэн чинь миний зүүн хацар дээр алгадахад би газар унасан. Согтуу хүн миний үснээс татаж босгож ирснээ ахыг нь Т гэдэг юм хоёулаа эр хүн шиг танилцъя гэхээр нь би өөрийнөө Т танилцуулсан чинь чи овоо гар вэ гэж хэлээд зүүн хацар руу дахиад нэг удаа алгадахад би дахиад газар унасан. ... эхлээд намайг алгадсан, дараа нь Тэлмэнг алгадсан, дараа нь М-г алгадах гэсэн чинь М уйлсан. Тэгсэн чинь би та нарыг өрөөсөн нүдтэй болгон шүү гэж хэлээд миний үснээс барьж байгаад зүүн нүд хэсэг рүү өшиглөсөн. Гал тогооны өрөөнд хоол хийж байсан ширээн дээр байсан заазуурыг аваад Т, П хоёрын хоолойд тулгаад алчихна шүү гээд байсан. ... Миний монгол бичгийн дэвтэр дээр тэр согтуу хүн нэрээ бичихдээ Т гэж бичсэн байсан. ... миний зүүн нүд орчим хавдсан. Зовхины дээд хэсэгт халцарсан байсан ба нүдэнд цус хурсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24хуу/

 

              Гэрч Ш.У: ... Манай хүү Тэмүүлэн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө ангийнхаа хүүхдийнд найзуудтайгаа хичээлээ хийгээд байж байхад нь гаднаас Т гэдэг залуу согтуу орж ирээд үсдээд нүдрүү нь өшиглөсөн, хамт байсан хүүхдүүдийг алгадаж зодсон гэсэн. Манай хүү өглөө 5 цагийн үед гүйж ирээд нэг согтуу ах зодсон гэсэн. Зүүн нүд нь хөхөрч хавдаад нээгдэхгүй болчихсон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 25хуу/

 

           Насанд хүрээгүй гэрч Г.Т: ... Хүн хаалга тогшихоор нь М хэн бэ гээд онгойлгож өгөөд гарчихсан. Хаалга тогшсон хүн нь Т гэдэг хүн байсан. ... гаднаас удалгүй орж ирсэн. Гэрт орж ирээд намайг Тэмүүлэн, Пүрэвбаатар бид гурвыг зодсон. Т-г нэг цохиод, үсдэж аваад нүд рүү нь өшиглөсөн. Намайг хацар руу 4 удаа алгадсан. П-г 2 удаа алгадсан. Гал тогооны өрөөнд Т бид хоёрын хоолойд заазуур тулгаад хоолойг чинь хэрчинэ шүү, ална гээд байсан. М уйлаад боль гээд болиулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 29хуу/

 

          Насанд хүрээгүй гэрч Б.М-н: ... хаалга балбахаар нь онгойлгож өгөхөд Т гэдэг ах согтуу байж байсан. Тэгээд намайг гараад ир гэхээр нь гараад очтол та нар архи уугаад байгаа юм уу, байгаа бүх хүүхдүүдээ гаргаад ир гэхээр нь Т, П хоёртой хамт гарсан. ... Т-г алгадаад байсан, намайг алгадахад нүдний шил унасан ба бас хөл рүү өшиглөхөд би газар унасан. ... гэрт ороод П-г нэг алгадсан, ... голын өрөөнд ороод Т-г алгадаад үсдээд өшиглөж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 30хуу/

 

          Насанд хүрээгүй гэрч А.П-н: ... голын өрөөнд Т ахыг үсдээд нүд рүү нь өшиглөсөн. Гал тогооны өрөөнд ороод заазуур аваад Т, Т ах хоёрын хоолойд тулгаад ална гээд байсан. Намайг 2 удаа зүүн хацар руу алгадсан гэх мэдүүлэг. /хх-ийн 31хуу/

 

         Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн: У.Т-н биед зүүн нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал, нүдний салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 37хуу/ зэрэг болно.

 

         Шүүгдэгч Ц.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 58 дугаар байрны 21 тоотод насанд хүрээгүй У.Т-н зүүн нүдэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

       Аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 65хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

       Шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

             

ТОГТООХ нь:

  

          1.Шүүгдэгч Ц.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

   3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь түүнд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  

          4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь оногдуулсан торгох ялыг 06 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

   5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   7.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА