Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 126/ШШ2023/0191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Бын Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Батсүх,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ш.Онарын хоорондын төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчид холбогдуулан Б.Быг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 тоот тогтоол, мөн тус зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13/38 дугаар Хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулахаар зөвлөмж өгөх тухай албан тоот, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13/48 дугаар Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн албан тоот зэргийг үндэслэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.

1.2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед Хөвсгөл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад холбогдуулан Б.Быг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 тоот тогтоол, мөн тус зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13/38 дугаар Хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулахаар зөвлөмж өгөх тухай албан тоот, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13/48 дугаар Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн албан тоотыг хэрэгжүүлэхгүй байгаа Хөвсгөл аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохыг Хөвсгөл аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрын даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай тогтоолоор Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Бын Быг тухайн албан тушаалд томилуулахаар Хатгал тосгоны захирагчид хүргүүлж шийдвэрлэжээ.

2.2. Уг тогтоолын дагуу нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд тогтоолын хэрэгжилтийг хангуулахтай холбоотой гомдлыг гаргасны дагуу тус зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13/48 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид хариу хүргүүлж, улмаар нэхэмжлэгчээс 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Шарнууд овгийн Бын Б миний бие Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум, 6 дугаар баг, Хатгал тосгоны Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/40 дугаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн захирамжаар томилогдон ажиллаж байсан ба 2023 оны 01 сарын 31-ний өдрийн Б/05 дугаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн Ажлаас чөлөөлөх тухай захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

3.2. Захирамжлах хэсгийн 1 дэх хэсэгт ... Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомжид заасны дагуу сонгон шалгаруулж томилж ажиллах тухай Төрийн албаны зөвлөлийн мэдэгдэл ирсэн гэх үндэслэлээр чөлөөлөгдсөн бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт-ыг 2023 оны 3 дугаар сарын 6-7-ны хооронд бүртгэл явуулж 3 дугаар сарын 23-ны өдөр сонгон шалгаруулах шалгалт явагдаж 4 хүн бүртгэл хийлгэснээс 2 хүн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан тул өрсөлдөж, Б.Б миний бие хамгийн өндөр оноо авч ганцаараа тэнцсэн юм.

3.3. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 43 тоот тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Бын Быг тухайн албан тушаалд томилуулахаар Хатгал тосгоны захирагчид хүргүүлсүгэй гэх тогтоолын дагуу холбогдох бичиг баримтыг Авлигатай тэмцэх газар болон Хатгал тосгоны захирагчийн албанд хүргүүлсэн байдаг.

3.4. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн дугаар 43 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Хатгал ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилуулахыг Хатгал тосгоны захирагчид даалгаж өгнө үү гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

4.1. Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан хариуцагчаар Хөвсгөл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ш.Отгон-Эрдэнийг сольсон. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

4.2. Гэтэл намайг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шууд дуудаж ажлаас чөлөөлсөн. Түүнээс хойш 2023 оны 3 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд тусгай шалгалт зарлагдаж 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шалгалт авахад тус албан тушаалд 4 хүн бүртгүүлснээс 2 хүн нь болзол хангаж шалгалтад хамрагдахад миний бие Б.Б нь хамгийн өндөр оноо авч тэнцсэн тул тус шалгалтын дүнд үндэслэн тус албан тушаалд томилохыг даалгах ажиллагаа явагдсан.

4.3. Төрийн албан зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх талаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчид 2-3 удаа буцааж, хамгийн сүүлд Төрийн албан зөвлөлөөс шүүхэд хандаарай гэсэн учраас Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад Хөвсгөл аймаг дахь Сум дундын Захиргааны хэргийн шүүхэд хандах шаардлагатай гэсэн тул Хөвсгөл аймаг дахь Сум дундын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар миний нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгээд шүүх хуралдаан 4 дэх удаагаа хойшилж, өнөөдрийн байдлаар хэлэлцэгдээд явж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна гэжээ.

Тав. Хариуцагч Хөвсгөл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ш.Ошүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

5.1. Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн баталж, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхэлсэн. Тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө гэж заасан.

5.2. Нэхэмжлэгч Б.Бтой холбоотой шүүх хуралд миний бие дээрх хуулийн дагуу хамтран хариуцагчаар оролцох мэдэгдэл авсантай холбогдуулан дараах тайлбар, хүсэлтийг хүргүүлж байна.

5.3. Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Быг ажлаас чөлөөлсөн Хатгал тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 тоот захирамж нь хуучин хуулийн дагуу буюу Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасны дагуу хийгдсэн шийдвэр бөгөөд миний бие энэ захирамжийг гаргаагүй тул тус шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.

5.4. Нэхэмжлэгч Б.Бтой холбоотой асуудлыг шүүх болон бусад эрх бүхий байгууллагад хянан шийдвэрлэж, зөрчил тогтоогдоогүй тохиолдолд миний бие Б.Быг Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохоос татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн гаргасан хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.  Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад бүртгүүлж, улмаар хамгийн өндөр оноог авч Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоолоор түүнийг тухайн албан тушаалд томилуулахаар Хатгал тосгоны захирагчид хүргүүлсэн боловч Хатгал тосгоны захирагчаас түүнийг уг албан тушаалд томилоогүй байна.

3.  Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна, 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж заасны дагуу нэхэмжлэгчийн томилогдохыг хүсч буй албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал байна.

4.  Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-аар төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх, ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, шатлан дэвшихтэй холбогдсон харилцааг зохицуулсан байна.

5.  Тус журмын 12.6-д Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ, 12.7-д Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ, 12.8-д Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй бол энэ тухай Зөвлөл, Салбар зөвлөл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нэр дэвшүүлсэн шийдвэрийг биелүүлэхийг даалгана гэж тус тус заасан байна

6.  Уг зохицуулалтын дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийг төрийн үйлчилгээний албан тушаалтныг томилох эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд уг татгалзал нь үндэслэлтэй тохиолдолд дараагийн нэр дэвшигчийг нэр дэвшүүлэх, татгалзал нь үндэслэлгүй тохиолдолд салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоолыг томилох эрх бүхий албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.

7.  Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар Хатгал тосгоны захирагчид хүргүүлсэн боловч Хатгал тосгоны захирагчаас 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1/169 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд Б.Быг ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилох боломжгүй гэж нэр дэвшигчийг томилохоос татгалзсан албан бичгийг хүргүүлсэн байна.

8.  Улмаар Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл нь Хатгал тосгоны захирагчаас ирүүлсэн албан бичигт дурдсан үндэслэлийг шалгаж нягталсны үндсэн дээр тус зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13/38 тоот албан бичгээр татгалзаж буй үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн нэр дэвшүүлсэн тогтоолын хэрэгжилтийг хангаж шийдвэрлэх талаар Хатгал тосгоны захирагчид мэдэгдсэн боловч уг тогтоолыг хэрэгжүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/95 дугаартай албан бичгүүдээр тогтоогдож байна.

9.  Өөрөөр хэлбэл, Хатгал тосгоны захирагч нь нэхэмжлэгчийг томилуулахаар нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй байтал уг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

10.   Түүнчлэн Боловсролын тухай хуулийн (2002 он) 31 дүгээр зүйлийн 31.1-д Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж тус тус заасны дагуу сургуулийн захирлыг томилох эрх хэмжээ сумын Засаг даргад олгогдсон боловч уг эрхийг Хатгал тосгоны хувьд тус тосгоны захирагч хэрэгжүүлж байсан болох нь Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/369 дугаартай албан бичиг болон Хатгал тосгоны захирагчийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг ажилд томилж байсан захирамжуудаар тогтоогдож байна.

11.   Улмаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан тухайн нутаг дэвсгэр дэх төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ аймгийн боловсролын газрын даргад шилжсэн байна.

12.   Тодруулбал, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө гэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс хариуцагч Хөвсгөл аймгийн боловсрол, шинжлэх ухааны газарт уг асуудлаар хандсан байх бөгөөд хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа Нэхэмжлэгч Б.Бтой холбоотой асуудлыг шүүх болон бусад эрх бүхий байгууллагад хянан шийдвэрлэж, зөрчил тогтоогдоогүй тохиолдолд миний бие Б.Быг Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохоос татгалзах зүйлгүй болно гэжээ.

13.   Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж заасан байх бөгөөд Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн өмчийн сургуулийн захирлыг томилох эрх хэмжээ хуулиар хариуцагчид шилжсэн, хариуцагчаас Б.Быг Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байх үндэслэлээ тайлбарлахгүйгээр зөрчил тогтоогдоогүй тохиолдолд миний бие Б.Быг Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохоос татгалзах зүйлгүй гэжээ.

14.   Нэхэмжлэгчийн хувьд нэгэнт сонгон шалгаруулалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан, цаашилбал,Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолоор тухайн албан тушаалд томилуулахаар хүргүүлсэн байтал хариуцагчаас үндэслэлгүйгээр томилохоос татгалзаж буй эс үйлдэхүй нь хууль бус байх тул түүнийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохыг Хөвсгөл аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрын даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Быг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 тоот тогтоол, мөн тус зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13/38 дугаар Хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулахаар зөвлөмж өгөх тухай албан тоот, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13/48 дугаар Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн албан тоотыг хэрэгжүүлэхгүй байгаа Хөвсгөл аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохыг Хөвсгөл аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрын даргаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР