Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/432

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,                                           

Улсын яллагч П.Даваасүрэн, 

Шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Данчоймболын Уд холбогдох эрүүгийн 201725021372 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ........... мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн ...... дугаар хороо, ..........  гудамж 25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: .........  / Боржигон овогт Данчоймболын У  нь:

 

 - 2016 оны 12 дугаар сарын эхээр хохирогч  Д.Дүүрэнжаргалыг төөрөгдөлд оруулж, Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч мэхлэн 3.800.000 төгрөг, хохирогч Н.Наранбаатарыг Солонгос улс руу явуулж өгнө гэж 3.800.000 төгрөг залилан авч бусдын нийт 7.600.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Д.Дүүрэнжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:2016 оны 11 сарын дундуур Солонгос улс явах гээд сонингоос зар харж байтал Фэйсбүүк хуудсаар дамжуулан Чойр зар гэсэн хаягтай групп дээр “Солонгос улс руу гэрээгээр 22-35 насны 2 хүн гэрээгээр яаралтай явуулна” гэсэн зар байсан тул утасны дугаараар нь холбогдоход “Улаанбаатар хотод байна. Ирээд уулз” гэснийх нь дагуу очиход Д.У гэх эмэгтэй байсан. Зүс таних нутгийн хүн байхаар нь итгээд 3.800.000 төгрөг өгсөн. Тэрээр 12 сарын эхээр виз найдвартай гарна гэж хэлэхээр нь өгсөн ба виз хойшлогдоод байхаар мөнгөө авахаар очиход өгөөгүй гэжээ.

Би өөрийн хохирол болох 3.800.000 төгрөгийг хүлээн авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэжээ. / хх 26, 73 /

 

Хохирогч Н.Наранбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би өмнөд Солонгос улсад гэрээгээр ажиллаж байгаад 2012 онд Монгол улсад ирээд сурч байгаад 2016 онд сургуулиа төгсөөд Солонгос улс руу дахин явья гэж бодоод зар харж байхад Чойр зар гэсэн групп дээр миний танил Батболдын хаягаар Солонгос улс руу 28-35 насны 2 эрэгтэйг хөдөлмөрийн гэрээгээр зуулчилна гэсэн зар байсан. Ингээд Д.Утай уулзсан. Тэгээд Д.Утай зээлийн гэрээ байгуулахын өмнө мөнгийг 3 хувааж дансаар шилжүүлж өгсөн. Эхлээд 1.890.000 төгрөг, гэрээ хийсний дараа 1.000.000 төгрөгийг Буянт-Ухаа нисэхийн АТМ-р, үлдэгдэл 910.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах АТМ-р шилжүүлж нийт 3.800.000 төгрөгийг өгсөн. Би өөрийн хохирол болох 3.800.000 төгрөгийг хүлээн авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэжээ. / 28-30 /

 

Хаан банкны мөнгөн шилжүүлэг / хх 16 /

 

Зээлийн гэрээ / хх 18 /

 

Хохирол төлөх гэрээ / хх 82-84 /

 

Шүүгдэгч Д.Уыг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 35-36 /, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 78 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 46 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хүмүүсээс авсан мөнгөө төлж барагдуулсан. Хохирогч нарт 7.600.000 төгрөгийг төлсөн. Би дахин ийм хэрэг хийхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч Д.У нь 2016 оны 12 дугаар сарын эхээр хохирогч  Д.Дүүрэнжаргал, Н.Наранбаатар нарыг Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  2016 оны 11 сарын дундуур Чойр зар гэсэн хаягтай групп дээр “Солонгос улс руу гэрээгээр 22-35 насны 2 хүн гэрээгээр яаралтай явуулна” гэсэн зарын  дагуу Д.У гэгчтэй уулзаж, 3.800.000 төгрөг өгсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Дүүрэнжаргалын мэдүүлэг / хх 26, 73 /, хохирогч Н.Наранбаатарын мэдүүлэг / 28-30 /, ...Хаан банкны мөнгөн шилжүүлэг / хх 16 /, ... Зээлийн гэрээ / хх 18 /,  ...Хохирол төлөх гэрээ / хх 82-84 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Д.Уыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.У нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.У нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тул түүний эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон                                                              

                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Данчоймболын Уыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Данчоймболын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Д.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.У нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Уы цагдан хоригдсон 7 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 56 цагийг эдлэх ялаас хассугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ