| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00381/И |
| Дугаар | 129/ШШ2024/00334 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 129/ШШ2024/00334
129/ШШ2024/00334
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын. багт байрлах Х ХХК
Хариуцагч: А аймгийн Э сумын .тоотод байрлах Ха ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 4,668,607.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Х ХХК-д 2023 оны 05 сарын 15-ны өдөр Эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээг байгуулан хамтран ажиллаж байсан бөгөөд 2023 оны 9 сарын 07-ны өдрийн байдлаар төлөлт хийж 3,112,405 төгрөгийн авлага үлдсэн. Гэрээнд заасны дагуу эм барааны төлбөрийг сар бүр 25-30-ны өдрийн тооцоо нийлж баталгаажуулах бөгөөд төлбөрийн барааг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй байдаг. Хариуцагч нь харилцагчийн дэлгэрэнгүй тайланд тусгагдсан барааг хүлээн авсан /өсөлт гэсэн багана/ өдрөөс эхлэн тус бүр тухайн сард багтаан төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Гэвч хариуцагч нь эм барааны төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул эм барааны төлбөрийн үлдэгдлийг төлөх өдрийг тухайн сар бүрийн сүүлийн өдрөөр тооцон авлагын үлдэгдлээс гэрээний 4.6-д заасны дагуу алдангид шилжүүлж мөн гэрээний 5.2-т заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам тооцож үзвэл нийт 3,301,349.89 төгрөгийн алданги бодогдсон байна. Үүнийг Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 1,556,202.50 төгрөгийн алданги бодогдсон байна. Хариуцагч талд төлбөр төлөх хугацааг удаа дараа хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй төлбөр төлөөгүй байна. Иймд Ха ХХК-иас эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээний үүргийн төлбөр болох төлбөр 3,112,405 төгрөг, алданги 1,556,202,50 төгрөг, нийт 4,668,607.50 төгрөг гаргуулж Х ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ха ХХК-ийн төлөөлөгч О.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Манай Ха ХХК нь Х ХХК-ийн нэхэмжилсэн 4,668,607.50 төгрөгөөс 2024 оны 7 сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг 5434072294 тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 4,168,607.5 төгрөгийг 2024 оны 8 сарын 17-ны өдрийн дотор Х ХХК-д төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Х ХХК-ийн төлөөлөгч Г.А шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ха ХХК-ийн тайлбартай танилцлаа. Ха ХХК нь нэхэмжилсэн нийт 4,668,607.50 төгрөгөөс 2024 оны 7 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 4,168,607.5 төгрөгийг 2024 оны 8 сарын 17-ны өдөр төлж дуусгана гэснийг хүлээн зөвшөөрч байна. 500,000 төгрөг төлсөн баримтыг хавсаргав гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ха ХХК-д холбогдуулан эм эмнэлгийн хэрэгсэл эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээний үүрэг 4,668,607.50 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Зохигчийн байгуулсан эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээний 5.2-т хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэх эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ха ХХК нь нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжилсэн 4,668,607.50 төгрөгөөс 2024 оны 7 сарын 05-нд 500,000 төгрөг төлсөн нь дансны хуулга /Х ХХК-ийн ХААН банкны дансны хуулга/-аар, үлдэгдэл 4,168,607.5 төгрөгийг 2024 оны 8 сарын 17-ны дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн тайлбартай маргаагүй, хүлээн зөвшөөрдөг.
Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,648 төгрөгөөс 44,824 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ха ХХК-с 44,824 төгрөг, улсын орлогоос 44,824 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжилсэн нийт 4,668,607.50 төгрөгөөс хариуцагч Ха ХХК нь 2024 оны 7 сарын 05-нд 500,000 төгрөг төлсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжилсэн нийт 4,668,607.50 төгрөгийн төлөөгүй үлдэгдэл 4,168,607.5 төгрөгийг 2024 оны 8 сарын 17-ны дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ха ХХК-ийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Ха ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 2024 оны 7 сарын 05-нд 500,000 төгрөг төлсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,648 төгрөгөөс 44,824 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х ХХК-с 44,824 төгрөг, улсын орлогоос 44,824 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ха ХХК-д олгосугай.
4. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА