Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 126/ШШ2023/0192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х” ХХК,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Л.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.О,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г,

Гуравдагч этгээд: Д.Ч,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

Гуравдагч этгээд: Д.П,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Ш,

Гуравдагч этгээд: “А” ХХК,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Д.Э,

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч: Б.Э нарын хоорондын газар эзэмших эрх олгосон захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, Д.О, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээд Д.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Д.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш /цахим/, гуравдагч этгээд “А” ХХК-ийн захирал Д.Э, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Э, иргэдийн төлөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгч Х ХХК-иас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэжээ.
    2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дийн Пт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж ихэсгэжээ.
    3. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын зориулалт, хэмжээнд хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэж ихэсгэсэн байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 4000 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Чт шилжүүлж шийдвэрлэжээ.

2.2. Дээд шатны байгууллага болох Хөвсгөл аймгийн Засаг дарга нь нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож, уг захирамжтай холбоотой хариу тайлбарыг шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр тайлбарлаж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэглэх боломжтой” гэсэн нөхцөлд хамаарахгүй.

2.3. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсралтаар Дийн Пт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 881 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Чаас шилжүүлж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж зааснаар уг захирамжийг “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болно.

2.5. Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.Чын эзэмшиж буй маргаан бүхий газрын хэмжээг 4930 м.кв болгож, газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууцны” болгож өөрчилж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Чаас гуравдагч этгээд “А” ХХК-д 3614 м.кв газрыг 23 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс дээрх захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компанийн хувьд Хөвсгөл  аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад тус тус холбогдуулан 4 шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал,

Нэг. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох;

Хоёр. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дийн Пт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох;

Гурав. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамжийг хүчингүй болгуулах;

Дөрөв. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газар зохион байгуулалт хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг тус тус хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ ялгаж зааглан тус бүрт нь тодорхойлж, өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн эөрчигдсөн хөндөгдсөн болохоо тодруулан ирүүлэхийг шаарджээ. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

“Х” ХХК анх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар олгох тухай” 74 дүгээр захирамжаар Ч компанийн баруун талд 4400 м.кв газрыг эзэмшсэн бөгөөд тухайн үед барьсан хашаа одоог хүртэл хэвээр байгаа. Маргаан бүхий газрыг анх эзэмших эрх авахад төрийн захиргааны байгууллагаас газрын байршлыг тэмдэглэж өгсөн байршил огт өөрчлөгдөөгүй талаар хавтаст хэрэгт авагдсан баримтууд, холбогдох гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогддог.

Гэвч манай компанийн эзэмшиж байсан газрын хувийн хэрэгт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамж авагдсан байдаг боловч газрын хэмжээг 1500 м.кв гэж тэмдэглэсэн байдаг нь маргаан гарах үндэслэлийг бий болгосон. Маргааны явцад манай компанийн архивын баримт бичгээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамж эх хувиараа олдсон бөгөөд тус захирамжид зааснаар манай компанид 4400 м.кв газрыг эзэмших эрх анх олгож байсан болох нь тодорхой байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар ч давхар нотлогддог.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан хууль зүйн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай”' 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус гэж үзэж маргаж байгаа болно.

Тодруулбал Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад хууль ёсоор газар эзэмшиж буй “Х” ХХК-ийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлж, түүний улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

Түүнчлэн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамж гарах үед маргаан бүхий газар нь аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад хамаарч байсан бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.3.2-т заасныг зөрчиж сумын Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан үндэслэлээр маргаж байна.

Харин Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дийн Пт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газар зохион байгуулалт хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагуудын тухайд;

Дээрх захирамжууд нь бүгд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийг үндэслэн гарсан. Өөрөөр хэлбэл, илт хууль бусаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн актыг үндэслэн гарсан захиргааны актууд ч мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байх тул манай компанийн хувьд эрхээ хамгаалуулахаар маргаж байгаа болно” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2000 онд Мөрөн сумын Засаг даргын захирамжаар тухайн 4400 метр квадрат газрыг эзэмшүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн буюу тухай газар эзэмшигчийн өөрийн зөвшөөрөлгүйгээр 2005 онд Мөрөн сумын Засаг дарга 7 дугаар захирамжийг гаргаад тухайн газрыг Дийн Ч гэдэг хүнд шилжүүлсэн байдаг. Уг шилжүүлгийг хийхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан зөрчлийг гаргасан гэж бидний зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2002 оны Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газрын шилжүүлэх харилцааг зохицуулаад 38.2-д эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд өөрсдөө гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан байдаг. Үүнд: гэрээ, талуудын хүлээн зөвшөөрч байгаагаа нотолсон нотолгоо гэж заасан. Нэхэмжлэгч талаас зөвшөөрсөн нотариатаар батлуулсан бичгийг тухайн үеийн газрын дарга, даамал, Засаг даргад өгөөгүй. Гуравдагч этгээд Д.Чтай ямар нэгэн газар шилжүүлэх талаар харилцаанд орсон зүйл байхгүй. Үүнийг тухайн үеийн Засаг дарга дур мэдэн шилжүүлсэн. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасны дагуу Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газраар уг газрыг тогтоосон байсан. Энэ газрыг сумын Засаг даргын саналыг үндэслэн аймгийн Засаг дарга шилжүүлэхээр хууль тогтоомжид заасан байдаг. Хариуцагч тал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол тухайн үед гарсан байсан боловч бид хэрэгжүүлдэггүй байсан гэдэг агуулгыг тайлбарлаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 35 дугаар тогтоолоор Мөрөн сумын газар нутагт хамаарах инженерийн шугам сүлжээ бүхий газрын бүсчлэлийг тогтоохдоо уг газрыг хамаарч байна гэж тогтоосон. Захиргааны акт хэвлэгдэн гарахдаа дараах хоёр агуулгыг заадаг бөгөөд нэгдүгээрт, хэзээ мөрдөгдөж эхлэх вэ?, хоёрдугаарт, хугацаа заагаагүй бол батлагдан гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр байдаг. 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 35 дугаар тогтоол өөрөө хугацаа заагаагүй гарсан. Гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчлэгдэж байсан. Энэ тогтоол хавтаст хэрэгт байгаа. Гэтэл Мөрөн сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлж тухайн газрыг бусдад шилжүүлсэн. Энэ газрыг шилжүүлэхдээ тухайн газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй газрыг шилжүүлсэн нөхцөл байдал байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй. Мөн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан өөрийн чиг үүрэг үл хамаарах асуудлаар захирамж гаргасан нөхцөл байдал харагдаж байна. Үүнийг хариуцагч, гуравдагч этгээдээс тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хууль 2016 оноос хэрэгжиж эхэлсэн учир хамаарахгүй гэж тайлбар хийдэг. 2002 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр энэ харилцааг тусгайлан тодорхойлон заасан байсан. Өөрийн эрх хэмжээнд байхгүй аймгийн Засаг даргын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэсэн энэ нөхцөл байдлыг шүүх мөн харж үзээсэй хүсэж байна. 7 дугаар захирамжийг баримталж гаргасан захиргааны актуудыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Гуравдагч этгээд болон хариуцагч тал нэхэмжлэгч танд 435 метр квадрат газар үлдээсэн гэдэг захирамжтай маргаагүй гэдэг тайлбар хэлдэг. Захиргааны процессын хууль дээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсхүл ирээдүйд зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалахаар бол гэж хуульчилсан учир бидний хувьд 435 метр квадрат газрыг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж үзэхгүй. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Илт хууль бус захиргааны акттай холбоотой үйл баримтыг дүгнээд үзэх юм бол 2000 онд “Х” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гарсан. “Х” ХХК-ний захирал Д.Хд гэсэн агуулгатай гарсныг нь “Х” ХХК эзэмшлийн газар биш байна гэсэн агуулгатай тайлбар өгч байгаа. Тэгтэл 2000 оноос хойш газрын төлбөр төлж байсан баримтаар “Х” ХХК-ийн газар гэсэн үйл баримт байна. Тухайн үеийн кадастрын зургийг газрын мэргэжилтэн, Засаг дарга эдгээр хүмүүс бол нотолдог. Гуравдагч этгээд Д.Ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариу тайлбар өгсөн. 2021 онд Д.Ч гэдэг хүн газрын албанд хүсэлт гаргасан байсан. Уг хүсэлтэд тэр газар “Х” ХХК-ийн захирал Д.Х миний ахын газар юм гэж бичээд үүнийг буцааж нэрийг нь шилжүүлж өгөөч гэдэг өргөдлийг нотариатын байгууллагаар батлуулаад газрын албанд өгсөн байдаг. 2021 онд “Х-Х” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Өнөөдрийн маргаан бүхий акт анхнаасаа Д.Чын эзэмшилд хууль ёсны дагуу шилжиж ирээгүй. Үүнийг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрч холбогдох тайлбарыг өгсөн. Мөн гуравдагч этгээд хэд хэдэн удаагийн шүүх хуралд оролцохдоо би ямар нэгэн мөнгө төлсөн, иргэний эрх зүйн харилцаанд оролцсон эсхүл бэлгэлсэн журмаар энэ газрыг аваагүй гэсэн тайлбар хэлсэн. Эдгээр баримтууд Д.Чт хууль ёсны дагуу шилжээгүйг нотолж байгаа. 2021 оны 5 дугаар сард “Х-Х” ХХК-д шилжсэн. Д.Чаас ямар үндэслэл, ямар харилцаагаар шилжсэн нь тогтоогддоггүй. Энэ асуудалд шүүхийг онцгой дүгнэлт хийгээсэй гэж үзэж байна. Төрийн захиргааны байгууллага бүрдүүлбэр хангаагүй өөрт заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад уг шийдвэрүүдийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэл:

4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мөрөн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдэгдэл хүргүүлж байна. 2000 оны 74 дүгээр захирамжаар 1500 м.кв газрыг “Х” ХХК-ийн захирал Д.Хд эзэмшүүлсэн байдаг. Тухайн үед газар эзэмших гэрээ гэрчилгээ гаргасан баримт нь тухайн хувийн хэрэгт байдаггүй тул гаргаж өгөх боломжгүй байна” гэжээ.

4.2. Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хийнэ. Надад хэлэх тайлбар байхгүй” гэжээ.

4.3. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 тоот захирамжаар Х ХХК-ийн захирал иргэн Д.Хд Ч компанийн баруун талд 1500 м.кв худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн бөгөөд уг газрыг 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтаар иргэн Д.Хгээс иргэн Д.Чт Ч ХХК-ийн баруун залгаад байршилтай авто зогсоол, гражийн зориулалттай 4000 м.кв газрыг 40 жилийн хугацаатайтгаар шилжүүлэн эзэмшүүлсэн шийдвэрлэж байна. Мөн 2005 оны захирамжийг гаргахдаа иргэдийн хороонд хийсэн газар эрх шилжүүлэх хүсэлтүүд нэгж талбарын хувийн хэрэгт байхгүй байгаа боловч иргэн Д.Чт газар эзэмших гэрчилгээ, гэрээ олгож баталгаажуулсан байна.

Иргэн Д.Чын эзэмшлийн газраас иргэн Л.Тд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0607 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бусад материалыг үндэслэн 435 м.кв газар, иргэн Д.Пт 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0608 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бусад материалыг үндэслэн 881 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсралтын 9, 10 дахь хэсгээр тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн. Үлдсэн 3614 м.кв газрыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2699 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бусад материалыг үндэслэн Х-Х ХХК-д аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх тухай шийдвэрээр шилжүүлсэн болно. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх заасан шаардлагыг хангаж байгаа тул сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 тоот захирамж, аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамж, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй байна гэжээ.

Мөрөн сумын 8 дугаар багт 9-50 тоотод байршилтай 4000 м.кв авто зогсоол, гаражийн зориулалттай 0043005 дугаартай гэрчилгээтэй газрын бичиг баримтыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй хэмжээг тус тус үндэсэлэн газар эзэмшигч иргэн Д.Чын өгсөн өргөдөл хүсэлтийн дагуу 4930 м.кв болгож газрын зориулалтыг Мөрөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалттай болгон өөрчилсөн байна. Уг иргэний гаргасан хүсэлт нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/156 дугаарт тушаалын хоёрдугаар хавсралт, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын хавсралт, Мөрөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тухайн газрын өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заат, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/156 дугаарт тушаалын хоёрдугаар хавсралт, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын хавсралтад заасан шаардлагыг хангаж байгаа тул аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр “Газрын зориулалт, хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.4. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “17 жил энэ газар гэрээ, гэрчилгээ авсан. Хувийн хэрэгт бүх материалууд нь авагдсан байсан. Д.Х болон “Х” ХХК-д ямар нэгэн бичиг баримт байгаагүй. Бид энэ асуудлыг шинээр шийдсэн бол Д.Ч гэдэг хүний эрх ашиг хөндөгдөх эрсдэлтэй байсан. Тухайн үед Л.Т, Д.Х нар ирж уулзаж байсан. Тухайн захирамжийг гаргахад ямар нэгэн нотлох баримт байхгүй гэдгийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Бичиг баримт үнэхээр хийгээгүй юм уу, хийгээд алга болсон юм уу, гэдгийг бид нар бол мэдэхгүй байна. Бид нар газрын нэгж талбарыг байгаа нотлох баримтуудаа үндэслээд энэ захирамжуудаар шидээд явсан. Яагаад гэвэл Д.Чт тухайн үеийн газрын даамлуудын тамга тэмдэгтэй гарын үсэгтэй албан ёсны үнэт цаас, газрын гэрчилгээг бичээд өгсөн байсан. Ийм учир тухайн үедээ газрыг Д.Чт шилжүүлээд өгсөн юм байна гэсэн итгэл үнэмшлээр шилжүүлсэн. 17, 18 жил буюу 2005 оноос хойш уг газар дээр ямар нэгэн маргаан үүсээгүй. Ямар нэгэн байдлаар 20 жилийн хугацаанд “Х” ХХК юм уу, Д.Х гэдэг хүн гомдол гаргаад явсан бол өнөөдрийн захирамжууд гарахгүй байх. Бид нар хувийн хэрэгт байгаа материал Д.Ч гэдэг хүний хүсэлтийг үндэслээд шийдээд явсан. 217 тоот захирамжийг нэхэмжлэгч тал Л.Тд холбогдох хэсэг хүчинтэй бусад хэсэг нь хүчингүй юм шиг тайлбарлаж байгаа. Үүнийг би сайн ойлгохгүй байна. Нотлох баримт дээр цагдаатай холбоотой захирамжууд орж ирсэн байсан. Энэний талаар мөн манай зүгээс ойлгох юм байхгүй байна. Мөн Засаг даргын захирамжийг орлогч дарга гаргаж байгаа бол Засаг дарга гэж биш орлогч дарга гэж гаргадаг. Дээр нь хэлэхэд аймгийн архив, Мөрөн сумын архивд байхгүй захирамж гараад ирсэн байгаа. 2004 оны 35 дугаар тогтоол тухайн үед гарсан. Гэхдээ мөрдөгдөж эхлэх гэж 4,5 жил болсон. 2004 оноос 2009 он хүртэл эрх шилжүүлэх, газар эзэмшүүлэх Мөрөн сумын Засаг даргаар явж байсан. Эрх, ашиг хөндөгдсөн гэж үзвэл маш олон хүний эрх, ашиг хөндөгдсөн байх ийм нөхцөл үүсэж байгаа. 2009 онд н.Цэрэнжав гэдэг хүн сонгогдоод үүнийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гээд хэрэгжүүлсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Тав. Гуравдагч этгээдүүдийн тайлбар, түүний үндэслэл:

5.1. Гуравдагч этгээд Д.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.Ч би Л.Тгийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Д.Ч би 2001 оны 8 дугаар сард хүүхдүүдээ сургуульд суралцуулж, боловсрол эзэмшүүлэхээр төв бараадаж, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирж суурьшихаар гэрээ нүүлгэн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах хамаатны айлын хашаанд буусан. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт бүртгүүлж, амьдарч байтал миний төрсөн ах Д.Х нь манайд ирж 8 дугаар багийн 3 дугаар хэсэгт очиж буу, аль юм болгон айлын хашаанд олон хүүхэдтэй амьдардаг юм, тэр газрын нэг хэсэг нь миний газар байгаа уг газар дээр бууж, өөрийн гэсэн хашаа хороо барьж, өөрийн болгож амьдар, ах нь газрын бичиг баримтуудыг нь чамд шилжүүлж өгнө гэсэн.

Би 2001 оны 8 сарын сүүлээр хичээл орохоос өмнө ахын хэлсэн газарт гэрээ нүүлгэн буусан. Манайхыг анх 2001 оны 8 дугаар сард нүүж очиход уг газарт хашаа шон хатгаагүй хоосон тал газар байсан. Ингээд би 2001 оны 9 дугаар сараас уг газар дээр өөрийн хурааж цуглуулсан хөрөнгөөр 5 мерт куба 4 метрын урттай банзыг 115.000 төгрөгөөр, шонгийн мод болон дай модыг ах дүү нарын хашаанд байсан хуучин модоор болгож, 20 төмөр хайсыг 260.000 төгрөгөөр бэлнээр төлж худалдан авч хашааг гагнуулж угсруулан барьсан. Намайг уг газар амьдарч хашаа барихад миний ах дүү нар бүгд чадах чинээгээрээ тусалж барилцаж өгсөн. Улмаар 2001 оны 10 дугаар сард Мөрөн сумын газрын даамал ирж миний хашаа барьж битүүлсэн газар дээр алхдаг метрээр алхаж газрыг маань хэмжиж бүртгээд нийт 4000 м.кв газар байна, энэ хэмжээгээр газрын татвар төлнө гэдгийг газрын даамал надад хэлсний дагуу би газрын татвараа 2002 оноос жил бүр төлж, газраа эзэмшиж байсан. 2002 оны 4 дүгээр сард 11*6 харьцаатай тоосгоор байшин барьсан. Тухайн үед би байшинг барихад барилга трестын үйлдвэрийн хуучин под станцын барилгыг 108,000 төгрөгөөр худалдан авч, өөрийн зардлаар нурааж, ачиж тоосгоор нь Золбоо, БаасХав нараар байшин бариулсан. 2003 онд би байшиндаа таамбар барьж ашиглах болсон.

2004 оны 12 дугаар сард ах Д.Х намайг ажил дээрээ дуудаж, амьдрал ямар байгааг нь асуухаар нь би өөрт байсан бүх хөрөнгөөрөө хашаа байшин барьж өөрийн гэсэн орох оронтой боллоо гэдгээ хэлж ярьтал ах нь газар эзэмших эрхийг нь шилжүүлж өгье, чиний газрыг өнөөдөр ингээд шилжүүлж өгнө, чи албан тоот буюу хүсэлтээ бич гэж бичүүлж, ах өөрөө албан тоот бичиж аваад Мөрөн сум орноо хоёулаа гээд гарч бид газар шилжүүлэх хүсэлтээ газрын албанд өгсөн. Улмаар 2005 оны 01 дүгээр сард Мөрөн сумын Засаг даргын захирамж гарсан байна та ирж гэрээгээ байгуул, гэрчилгээний үнэ төлж бичиг баримтаа ав гэж мэдэгдсэн. Би газрын албан дээр очиж гэрчилгээний үнэ, газрын татвараа төлж гэрээгээ байгуулж гэрчилгээгээ авч газраа хуульд заасан журмын дагуу эзэмших болсон. Миний хувьд уг газрыг хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлж авсан зүйл байхгүй, ах бид хоёрын хооронд ямар нэгэн тохиролцоо, буцааж газрыг авна гэх талаар хэлцэл хийсэн зүйл байхгүй. 2001 онд бол ах чи уг газрыг авч амьдарч өөрийн болгож ав л гэсний дагуу би тухайн үед өөрт байсан бүх хөрөнгөө уг газарт хашаа байшин барихад зориулсан, миний эзэмшлийн газар гэдгийг ах ч хүлээн зөвшөөрч газрын эрхээ шилжүүлж өгсөн байдаг юм.

Л.Тгийн хувьд манай газрыг Д.Чын нэр дээр шилжсэн болохыг 2021 онд л анх мэдсэн, энэ үеэс миний эрх зөрчигдсөн болохыг мэдсэн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Бүхэл бүтэн 20 жилийн хугацаанд уг газрыг би эзэмшиж ашиглаж, амьдарч байсныг манай ах дүүс, төрөл төрөгсөд бүгд мэдэж байгаа. Тэрээр нэхэмжлэлдээ манай компанийн эзэмшлийн газрыг Д.Ч ах харж хамгаалж, ашиглаж байх үүргийг гүйцэтгэж байсан гэж байгаа нь мөн л үндэслэлгүй юм. Миний хувьд уг газар хоосон газар байхад нүүж ирж хашаагаар битүүлж авч, байшин барьж үйл ажиллагаа явуулж эзэмшиж байсан. Мөн тэрээр 2020 оноос уг газар орон сууцны хотхон барихаар төлөвлөж, шийдвэрлэсэн гэдэг мөн л үндэслэлгүй юм. Би 2018 оноос миний төрсөн эгчийн хүү Д.Э орон сууц барьдаг талаар судлаж, дүүтэйгээ уулзаж өөрийн газар дээр орон сууцны хотхон барих саналаа илэрхийлж, дүү маань миний саналыг хүлээн авч зураг төсөл, төлөвлөгөө гээд хотхон барих бүх зардал захиалга миний нэрээр хийгдсэн.

Гэтэл уг газар хотхон баригдах сургаар газрын үнэ өсч, Л.Т нь миний эзэмшпийн газраас би эзэмших ёстой гэж дураараа аашилж, миний зөвшөөрөлгүйгээр барилга барьж, газрын эрх шилжүүлэх гэрээг надад мэдэгдэлгүй, миний зөвшөөрөлгүй үйлдэж, хууль зөрчиж 435 м кв газрыг хууль бусаар хүч хэрэглэн газар эзэмших эрхтэй болсон юм. Гэтэл Л.Тгийн шунал хязгааргүй үргэлжилж энэ газрыг би бүхэлд нь авах ёстой, миний газар гэж маргалдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ахын хувьд өөрийн 1500 м.кв газрын эзэмших эрхийг Д.Ч надад шилжүүлсэн. Би 2005 оноос 4000 м.кв газрыг нийтэд нь эзэмших эрхээ баталгаажуулж авсан. Би 2002 оноос 4000 м.кв газрыг хашаалж авсан газрын хэмжээгээр газрын албан татвараа улсад төлж эхэлсэн. “Х” ХХК-д 4000 м.кв газар эзэмших эрх олгогдоогүй болохыг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байх гэж үзэж байна.

Мөн төрийн захиргааны байгууллага буюу Мөрөн сумын Засаг дарга, Газрын алба нь ямар ч бичиг баримтгүй. газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын газрыг хүчээр хууль бусаар хэн нэгэнд шилжүүлж захирамж гаргана гэдэг бол эрх зүйт төрийн хувьд байж болохгүй зүйл. Мэдээж газар ззэмшигчийн бичгээр гаргасан албан тоот, хүсэлт, газрын эрхийг шилжүүлж авагчийн хүсэлт, холбогдох мэдээллийн дагуу Засаг дарга захирамжаа гаргаж, улмаар газрын эрхийг шилжүүлж авагчтай газар эзэмших гэрээ байгуулж, татвар хураамжийг нь төлүүлж, түүнд хяналт шалгалтыг төр тогтмол хийж, холбогдох акт, шийдвэрүүдийг гаргаж эрх зүйн харилцаанд байнга оролцож байсан байдал холбогдох нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоно гэж үзэж байна.

Иймд нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй, бүхэл бүтэн 20 жилийн хугацаанд өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжүүлснээ мэдээгүй явж байгаад 20 жилийн дараа мэдэж гомдол гаргаж байгаа гэх үндэслэл нь ч бодит байдалд, хуульд нийцэхгүй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд би хууль ёсоор эзэмшиж байгаа эд хөрөнгөө бусдад шилжүүлэх, захиран зарцуулах нь миний хуулиар олгогдсон эрх тул би хууль зөрчөөгүй, хууль ёсоор эзэмшиж байгаа эрхээ бусдад шилжүүлсэн тул нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.2. Гуравдагч этгээд Д.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцож байна. Өмнөх анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс холбогдох тайлбаруудыг гаргасан. Өнөөдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа үндэслэл нь газрыг шилжүүлж авсан хувийн хэргийн материал огт байхгүй байна. Энэ нь газар эзэмших эрх бүрдээгүй байхад шилжүүлсэн нь “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчиж байна гэж тайлбарлаад байна. Гэтэл нэхэмжлэгч өөрөө уг газар эзэмших эрхийг хэзээ хэрхэн ямар байдлаар олж авсан, газар эзэмших эрхтэй гэдгээ хэрхэн яаж нотлох талаар баримт гаргаж нотлох үүрэгтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Х” ХХК-ийн эрх хэрхэн яаж зөрчигдсөн талаар тодруулах үүднээс дурдагдаж шийдвэрлэгдсэн байдаг. Магадлалд дурдагдсан ажиллагааг шүүхээс 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр, 2023 оны 9 дүгээр сарын сарын 7-ны өдөр 2/151, 2/117 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхтэй гэдэг баримтуудаа ирүүлээч гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан. “Х” ХХК нь уг албан бичгүүдээ ирүүлж чадаагүй. Хариу тайлбартаа 2005 оны 7 дугаартай захирамжийг ирүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага тухай хүний гаргаж өгсөн захирамжаар үгүйсгэгдэж байна. Үүнийг шүүх анхаарч авч үзээсэй гэж хүсэж байна. Л.Тгийн зүгээс Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр А/217 дугаартай захирамжаар Д.Чын эзэмшлийн газрын 435 метр квадратыг шилжүүлж авсан. Энэ хувь хүний хувьд ч гэсэн яагаад өөрийн эзэмшлийн газар байсан бол шилжүүлж аваад байгаа юм бэ? гэдэг асуулт байна. 2021 оны хүсэлт мөн хэд хэдэн баримт тухайн газрыг Д.Ч гэдэг хүний газар мөн байсныг хүлээн зөвшөөрч байна. Миний эрх 17 жилийн хугацаанд зөрчигдсөн гэж үзэж байгаа юм бол яагаад төрийн захиргааны байгуулагд хандаагүй юм бэ? Мөн шүүхээс төрийн захиргааны байгууллагад хандаж байсан бол нотлох баримтаа гаргуулаад ир гэхэд гаргаж ирээгүй байгаа. Энэ нөхцөл байдлыг мөн шүүх анхаарч үзээсэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.3. Гуравдагч этгээд Д.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 9-506 тоотод оршин суугч иргэн Д.П миний бие өөрийн төрсөн дүү Дийн Чын өөрийнх нь хүсэлтээр Мөрөн сумын 8 дугаар багт байрлах эзэмшил газрынхаа урд хэсгээс 900 м.кв орчим талбай өгье, та манай хашааг харж хандаж байгаарай гэж ярилцаж тохиролцоод дүүгийнхээ саналыг хүлээж авч 2009 оноос эхпэн тухайн газарт өнөөдрийг хүртэлх хугацаанд 13 жил амьдарч байна. Дүү Д.Чынхаа өгсөн газарт гэр барин нүүж ирж, өгсөн хашааны газарт 10x7 хэмжээтэй торх худалдан авч барьсан. 2009-2011 оныг хүртэлх хугацаанд өвөл нь хашаандаа гэр барьж, зундаа дүү Д.Чынхаа эзэмшлийн цагаан байшинд хүнсний дэлгүүр ажиллуулж, хажуу өрөөнд нь амьдарч байсан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах одоогийн “Есөн-Эрдэнэ” хотхон баригдаж байгаа газрыг тойруулж барьсан хашааг 2001-2010 оны хугацаанд дүү Д.Ч нь хашаагаа 2-3 удаа банзаар сэлбэн янзлаж байсан. Миний бие дүүгийнхээ өгсөн урд хэсгийн блокон хашааг 2011 онд сэргээж, өөрийн хөрөнгөөр 3.205.000 төгрөгийн зардлыг гаргаж барьсан.

Тухайн үед гарсан зардалд блок худалдан авахад 1.000.000 төгрөг, цемент авахад 500.000 төгрөг, хайрга худалдан авахад 160.000 төгрөг, шохой худалдан авахад 45.000 төгрөг, элс худалдан авахад 450.000 төгрөг, ажлын хөлсөнд 750.000 төгрөг , ачаа тээвэрлэлтийн зардалд 300.000 төгрөг зарцуулсан. Өөрийн эзэмшилд байгаа хашааны баруун хэсгийн ханыг 2011 оны 8 дугаар сард бетонон шонтой болгож, 6 метрийн урттай цементен хашаагаар хашаалсан. Тухайн хавтанг худалдан авч барьж байгуулахад 3.000.000 төгрөгийн зардлыг гаргасан.

Хашаандаа барихаар бэлтгэсэн торхоо 2011 онд засч, мансардтай байшингаа барьж 2012 оны 01 дүгээр сард дуусгаж ашиглалтад оруулахад дараах хөрөнгийг зарцуулсан. Үүнд пракетин шал, осбо хавтан, шилэн хөвөн, цахилгаан халаагуур, вакум цонх, сайтаник фасад, өнгөт арилгитан таазны материалыг ашигласан. Уг байшинг 35.000.000 төгрөгийн зардлаар барьсан. 2021 онд уг газартаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газрын гэрчилгээ авсан.

2017 онд 3*5 харьцаатай 20.0 тонн багтаамжтай хөргүүрийн байрыг блокоор барьж, шалыг нь цутгаж, 10 сантиметрийн зузаантай хөөсөнцөрөөр дулаалж, төмрөөр доторлож барьсан. Тухайн хөргүүрийн барилгын зардалд 8.000.000 төгрөг зарцуулсан. Хөргүүрийн тоног төхөөрөмж 4.500.000 төгрөг, суурилуулалтын зардалд 1.500.000 төгрөг, 380 В цахилгааны шугамын утас, тоноглол болон суурилуулалтын зардалд 4.000.000 төгрөг, нийт 18.300.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Өөрийнхөө амьдарч байгаа байшиндаа төвлөрсөн цэвэр усны шугамаас цэвэр усны шугамыг татаж оруулсан. 1500 мм кольцо 2 ширхэг 1.000.000 төгрөг, саран таг 1 ширхэг 200.000 төгрөг, хүзүү 1 ширхэг 45.000 төгрөг, жижиг таг 1 ширхэг 45.000 төгрөг, тээврийн зардалд 1.500.000 төгрөг, ажлын хөлс 2.000.000 төгрөг, 100 хэмжээтэй хаалт 2 ширхэг 304.000 төгрөг, 50 хэмжээтэй 1 ширхэг 88.000 төгрөг, 50 диаметртэй турба 11 ширхэг 627.000 төгрөг, 100-гийн ган булан 2 ширхэг 19.000 төгрөг, 50-ийн ган булан 4 ширхэг 18,000 төгрөг, дулаалга 80.000 төгрөг, шатахууны зардалд 50.000 төгрөг буюу 5.976.000 төгрөгийг тус тус зарцуулсан. Миний бие Мөрөн сумын 8 дугаар багийн 9-50 тоотод оршин суух хугацаандаа 65.481.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн.

Мөрөн сумын 8 дугаар багийн 9-50 хаягтай 881 мкв талбай бүхий Д.Чын мэдлийн газарт 2009 оноос хойш амьдарч байгаад миний төрсөн дүү Д.Ч нь 2009 оноос хойш амьдарсан газрын өөрийн нэр дээр шилжүүлх авахыг зөвшөөрч, албан ёсоор Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжаар шилжүүлж авсан. Тухайн газрыг дүү Д.Чын зөвшөөрлөөр шилжүүлж авахдаа манай ахын охин Л.Т мөн өөрөө Д.Чаас нэг хаус барих газрыг шилжүүлж авахаар гуйсан, газраа мөн шилжүүлж авахаар хамт төрийн байгууллагаар явж байсан энэ үед тухайн газар нь Д.Чын эзэмшлийнх гэдгийг мэдэж байсан мөртлөө одоо тухайн газар “Х” ХХК-ийн эзэмшлийн газар юм гэх мэтээр маргаан үүсгээд байгааг ойлгохгүй байна. Тухайн газар нь дүү Д.Чын эзэмшлийн газар гэдгийг манай ах Д.Х, түүний охин Л.Т нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тухайн газрыг шилжүүлж авахдаа газрын маргааны талаар ямар нэгэн зүйл дээр маргаан гаргаагүй шилжүүлээд л авсан.

2017 оны 11 сард дүү Д.Чын биеийг эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хот явсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Ахмадын хороололд дүү Б.Баасанхүүгийнд байж байтал тухайн айлд манай зээ дүү Д.Э уулзахаар ирсэн. Ирээд яриа өрнүүлээд байж байтал дүү Д.Ч Мөрөнгийн төвд байгаа миний газар дээр орон сууцны барилга барих саналыг хэлсэн. Ингээд бид хэд хоорондоо ярилцаад Хөвсгөлд байгаа ах дүү нартайгаа зөвлөлдье. Тэгээд боломж нөхцлөө судлаад дараа нь ярилцая гэж тохирсон. Хөвсгөлд ирээд дүү Д.Чынхаа эзэмшилд байгаа газар дээр орон сууцны барилга барих саналаа ах дүү нартай ярилцсан. 2018 оны Цагаан сарын баяраар миний төрсөн ах Д.Чулуунбат, Д.Х, Д.Баясгалан, Д.Бямбацогт, эгч Д.БаасХав, дүү Д.Отгонбаяр, дүү Д.Ч, зээ дүү Д.Э нартай ахин ярилцан Д.Чын газар дээр үйлчилгээтэй орон сууцыг барихаар тохиролцсон. Энэ үед ах Д.Х, эхнэр Б.Мядагмаа нар нь уг газраас охин Л.Тдаа хаус барих газар таслаж өгөөч гэж Д.Ч болон бусад хүмүүст саналаа хэлж байсан. Тухай үед 2021 онд эхлүүлье гэж тохиролцсон.

Түүнээс хойш манай зээ дүү Д.Э барилгаа эхэлье гэж сануулж утсаар ярьсны дараа барилгын зураг, гадна шугам сүлжээний зургийг хийж эхлүүлэхээр мэргэжлийн байгууллагад хандъя, эскиз зураг төлөвлөлтийг дээрх бүх хүмүүсээс биечлэн уулзах боломжгүй /цар тахалтай/ байсан учир онлайнаар явуулж, утсаар ярьж саналыг авч тохиролцоонд хүрч байсан. “Есөн Эрдэнэ” хотхоны нэрийг өгсөн агуулга нь бид эцэг, эхээс есүүлээ учир уг нэрийг өгсөн. Манай зээ дүү Д.Э тухайн хотхоны байрнаас 8 айл, төслийн ажлыг эхлүүлэхээс өмнө санхүүгийн дэмжлэг үзүүлж тус тус 30.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ, 3 блок барилга баригдсны дараагаар 4 дэх блок барилгаас айл тус бүрт 100 орчим м.кв талбай бүхий орон сууц өгөхөөр тохиролцсон. Тухайн үед манай ах дүү нар бүгд уг саналыг хүлээн зөвшөөрсөн. Харин ах Д.Х нь би нэг блок байшин барьж байгаа учир би оролцохгүй гэсэн саналыг гаргаж байсан. Удалгүй манай том ахын хүү Ч.Мөнхбат /Д.Хгийн малыг малладаг/ ах өөрийнхөө ковтоор намайг орж болно гээд хөрөнгө оруулалтаа төвлөрүүлж байсан данс руу 30.000.000 төгрөг хийсэн.

Тухайн үед Д.Х ах маань дүүд өөрийнхөө ковтын эрхийг өгсөн юм байна лээ. Тухайн үед төслийг хэрэгжүүлж байгаа манай зээ дүү Д.Э нь ээжийн төрсөн 8 дүүгээсээ бусад хүнд ковт өгөхгүй гэсэн саналыг гаргасан. Уг тохиролцооноос барилгын ажил эхлүүлэхээр тохиролцоод байж байтал зээ дүү Д.Э нь тухайн хотхоны дунд нэг хаус барьж байхаар Д.Х ах та нэг блок барилгыг нь барьчихсан нь дээр байхаа нэгэнт хөрөнгө гаргах юм чинь гэж хэлж байсан.

Иргэн Л.Тгийн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Д.П миний биед холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно” гэжээ.

5.4. Гуравдагч этгээд Д.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад Д.П нь 2000 оноос энэ газрыг хамтран эзэмшиж харж, хамгаалж, явсан. 2000 оноос 2021 он хүртэл уг газарт ямар ч маргаан гараагүй. Энэ хугацаанд есөн ах дүүтэй тохирсон ёсоор Д.Э төсөл санаачилж төслийг эхлүүлээд энэ ажиллагаа хэвийн явагдсан. 2021 оноос хойш Газрын тухай хууль болон холбогдох журмын дагуу Д.Ч гэрээгээ шилжүүлж өгсний дагуу эзэмшиж, ашиглаж, бүтээн байгуулалтыг хийж ирсэн. 2021 оны уг газар хууль ёсны болсны  дараа маргаан үүснийг ойлгохгүй байна. Аймгийн иргэд болон ах дүү нарын амласны дагуу үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.5. Гуравдагч этгээд “А” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус компаныг “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулсан гаргасан захиргааны хэрэг маргаанд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаартай захирамжаар гуравдагч этгээдээр хэрэг маргаанд оролцуулж байгаа тул гуравдагч этгээдийн зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай захирамжаар авто зогсоол, грашийн зориулалттай 4000 м.кв талбай бүхий газрыг иргэн Д.Чын эзэмшилд шилжүүлэгдсэн байсан. Тухайн газар нь иргэн Д.Чын эзэмшлийнх байсан учраас “Х-Х” хязгаарлагдмал хариуцлагатай компани уг газар төслийг хэрэгжүүлэхээр хэлцэл хийж худалдаж авахаар тохиролцсон.

2005 оноос 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Д.Ч нь өөрийн эзэмшилд авсан газрын төлбөр, албан татвар, хураамжийг тогтоосон хувь хэмжээгээр төлсөн тухай баримтууд нь хуулийн дагуу хүчин төгөлдөр ямар нэгэн зөрчилгүй байсан. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаартай захирамжаар 3614 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалттай болгон өөрчилж эзэмшиж байсан. Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 9-50 тоот хаягт байрлах иргэн Д.Чын эзэмшлийн уг газрыг “Х-Х” хязгаарлагдмал хариуцлагатай компани 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2699 бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу худалдан авсан.

Энэхүү гэрээг үндэслэн байгууллагын эзэмшилд шилжүүлэх хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр цахимаар Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт -аргаж. тус газрын нэгж тапбарын хувийн хэрэг, бичиг баримтын бүрдлийг чиг үүргийнхээ хүрээнд боловсруулж, хянасан албан тушаалтны зөвшөөрлөөр Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу гаргуулж авсан” гэжээ.

5.6. Гуравдагч этгээд “А” ХХК-ийн захирал Д.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Газар шилжүүлж авсан гэж Д.О өмгөөлөгч ярьж байна. Шууд газрын албанаас газрыг шилжүүлээд авсан мэт. Энэ нь эрх шилжүүлэх гэрээгээр буюу ах дүү нар хоорондоо ярилцаад хууль ёсны дагуу газрын албанд бичиг баримтыг бүрдүүлж өгөөд авсан. 2021 оны 10 сард эрх шилжүүлэх гэрээ хийгээд 2022 оны 3 сард гэрээг гэрчилгээ гарсан боловч төрийн захиргааныхан үгийн алдаа гаргаад “Х-Х” ХХК гэдэг нэр дээр гарах байсан юмыг Д.Э гэдэг хүний нэр дээр гаргасан байсан. Үүнийг 4 дүгээр сарын 22-ны өдөр засаж залруулж өгсөн” гэжээ.

5.7. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нотлох баримтад тулгуулаад хэдэн тайлбар хийе. Нэхэмжлэгч маань өөрөө хэн бэ? “Х” ХХК юм уу, Д.Х юм уу? Өнөөдрийн нэхэмжлэгч ямар эрх олж авч тэр эрх ямар хэмжээгээр зөрчигдсөн бэ, юугаар нотлогдож байна вэ? гэсэн асуулт байна. Хуульд заасан нэхэмжлэх эрх эдлэх нь цаг хугацааны асуудлаар яригддаг. Эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл хэдийд ч хандаж болно. Захиргааны байгуулагад хандах ёстой. Өнөөдрийн байдлаар хандсан 11 хуудас баримт хавтаст хэрэгт байна. 2022 онд Д.Х гэдэг хүн хандсан байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэчихсэн. “Х” ХХК нь өөрийнхөө эрх ашгийг зөрчигдсөн гэж үзэж байгаа бол нотлох ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгочихсон Давж заалдах шатны шүүхийн дурдсаны дагуу Хөвсгөл аймгийн анхан шатны шүүх маш нарийн байдлаар нэхэмжлэгч талд зааж өгөөд энийг олоод өгөөч гэсэн. Тодорхой зүйл ирээгүй. Ямар эрх зөрчигдсөнөө тодорхойл гэхэд тодорхойлоогүй. Шүүх 11 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-д заасны дагуу 2 газар үзлэг хийсэн юу ч гарч ирсэнгүй. Хүний эрхийг зөрчсөн гэж шийдвэр гаргах хууль зүйн боломж олдохгүй байна. Нотлогдохгүй байна. Шүүх хурал дээр би хүсэлт гаргасан. Сүүлийн гарч ирсэн газрын хэмжээ 4400 м.кв гэсэн нь асуулт дагууллаа гэж. Бид нар харж, уншиж өмгөөлөгчийн хувьд мэтгэлцээнд ордог. Одоо Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд ямар нэгэн эрхийн акт алдаатай дутагдалтай байх юм бол түүнийг хүчингүй болгодог. Үүний нэг жишээ нь хэрэг дотор байна. “Х-Х” ХХК гэсэн нэрээр гаргах байсныг Д.Э гэж гаргаад өөрчлөгдсөн. Сумын Засаг даргаас иргэн хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгохоос биш өөр ямар нэгэн этгээдэд тэр эрх байхгүй. 01 дугаартай захирамжийг хоёр өөр өдрөөр олгосон байсан. 27, 28-ны өдөр гэж. Төв аймгийн шүүх, Хөвсгөл аймгийн шүүх хангалттай зүйл хийсэн. Бүтэн хуралдаад үзлэг хийхэд юм гарч ирээгүй. Нэхэмжлэгч өөрийнхөө ямар нэгэн эрхээ 10%, 20%-аар зөрчигдсөн гэдгээ нотлохгүй байна. Гаргаж ирж байгаа нотлох баримтад маш олон тоо зөрүүтэй байна. Миний зөвшөөрөлгүй эрх шилжүүллээ гэх боломжгүй. Өөрөө өөрийнхөө эрхийн хэмжээг тодорхойлж чадахгүй байна. Нэг үндэслэл нь аймгийн Засаг даргын яригдсан асуудал. Анх удаа би шүүгчээс татгалзаж үзсэн. Тэр хуралд юу яригдсан би юу асуусан гээд бүгд тодорхой байгаа. Яг тэр үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагаа нэмэгдүүлсэн. Одоо эрхгүй этгээд буюу Мөрөн сумын Засаг даргыг захирамж гаргасан гэж ярьж байна. Газрын тухай хуульд маш тодорхой заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хот, суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээний бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн газар, газар эзэмшүүлэх нь Нийслэлийн Засаг даргын эрх юм. Нэхэмжлэгчийн яриад байгаа зүйлийг 2003 оны тогтоол дээр заагаад өгсөн. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээний бүхий газруудад газар эзэмшүүлж ашиглуулна гэсэн. Төлөвлөсөн газар биш нийтийн болон төлөвлөсөн газар гэсэн хоёр заалт байсан. 07 тоот захирамжийг гаргасан гэж дүгнэх боломжгүй. Хууль тогтоогч Нийслэлийн Засаг даргын эрхтэй адилхан аймгийн Засаг даргын эрхийг тодорхойлоод өгчихсөн. Аймаг, нийслэл өөр өөр эрхтэй байдаг гэдгийг хууль ялгаад өгчихсөн. Газар эзэмшүүлэхтэй холбоотой эрх зүйн харилцаа үүсээгүй гэж байна. Хуульд заасан шаардлага зөрчигдөөгүй. Маргаан болоогүй. 11 дүгээр сарын 20-ны өдрийн завсарласан хурлаас хойш шинэ нотлох баримт гарч ирээгүй тул өмнөх нотлох баримтыг ярья. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр гуравдагч этгээд Б.Ш нэхэмжлэгчээс асуусан. Газар хуваарилахад хүсэлт бичээд газар авсан нь үнэн үү гэж асуухад нэхэмжлэгч өөрийн гараараа хүсэлт бичиж өгсөн. Манай аав хаусны газар авахаар надад зааж өгсөн гэж хүсэлт өгсөн. Хүсэлтэд бичихдээ 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хүсэлт гаргах нь: Иргэн Д.Ч миний бие Мөрөн сумын 8 дугаар баг 954 тоот хаягт байрших үйлчилгээний зориулалттай 4930 метр квадрат газар, 881,6 метр квадрат газрыг Л.Тд 435 метр квадратыг тус тус таслан олгож үлдэх 3914,4 метр квадрат газрыг талбайг миний нэр дээр болгож өгнө үү гэх хүсэлт хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 85 хуудасны ар талд байгаа. Уг хүсэлтийг Л.Т өөрөө бичиж өгсөн. 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Л.Т энэ үед уг газрыг Д.Чынх гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл байна. 2021 оны 3 дугаар сарын 24-ний үед Д.Чын газар гэдгийг хүлээн зөвшөөрөөд барилгын хөгжлийн дүгнэлтийг харгалзаад “Х” ХХК аваад явж байсан баримт байгаа. Нэхэмжлэгч 2003 оноос хойш хэдэн жил байдаг юм санхүүгийн тайлангаа гаргаж өгчхөөд миний хөрөнгө гэж яриад байгаа. Үүнийг шүүх шинжлэн судалсан. Тэр баримтууд санхүү, төрийн сангийн нэг л хүн нэг цаг үед бичсэн нь илт мэдэгдэхээр байсан. 2003 оноос хойш “Х” ХХК авч явсан юм бол Газрын тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэхгүй яасан юм бэ. Газрын тухай хуулийн олон шаардлагыг хангахгүй яасан юм бэ. Төлбөр төлсөн баримт гарч ирсэнгүй. Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар үзлэг хийхэд байхгүй байсан. Ийм тохиолдолд нэхэмжлэгч эрхтэй гэж үзэх үү, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үү. Хэрэгт 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэсэн 2 дугаар хавтасны 36-37 хуудсанд байгаа баримт “Х” ХХК компани 100% хувьцаагаа Д.Хгээс Л.Тд шилжүүлсэн. Компани эрх шилжүүлэх гэрээ гэх мэт бүх баримт хэрэг дотор байгаа. Санхүүгийн тайлан өгчхөөд батлагдаад байна гэдэг зүйл байна. 9 жилийн хугацаанд төлөв байдлын үнэлгээ хийлгээгүй. Тийм баримт гаргаж ирсэнгүй. 120 метр квадрат энэ газрыг хуулийн дагуу захирамж гаргаад өгөөч гэсэн байхгүй байна. Улсын бүртгэлд бүртгүүлэхэд нотлох баримт гарч ирэхгүй байна. Тэгээд өнөөдөр төрийг буруутгасан. 4000 м.кв байг гэхэд 1500 м.кв байна уу гэхэд байгаагүй. Ийм учир нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй.  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Зургаа. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:

6.1. Иргэдийн төлөөлөгч М.Г дүгнэлтдээ: “Би ойлгохдоо нэхэмжлэгч талын зөв гэж бодож байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээд нарын хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгчээс “Манай компанийн эзэмшлийн газрыг гуравдагч этгээд Д.Ч нь хуульд заасан бичиг баримтын бүрдлийг хангалгүйгээр хууль бусаар шилжүүлэн авсан бөгөөд газар эзэмшигч нь өөрөө эзэмшлийн газраа бусдад шилжүүлэхийг зөвшөөрөөгүй, мэдээгүй байхад мэдэгдэлгүйгээр компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан ... инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэх асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэх эрхгүй байтал шийдвэрлэсэн ... илт хууль бус захиргааны актыг үндэслэж аймгийн Засаг дарга маргаан бүхий газрыг Д.П, “Х-Х” ХХК-д шилжүүлсэн нь хууль бус...” гэж, хариуцагч нараас “Ч компанийн баруун талд 1500 м.кв худалдаа үйлчилгээний зориулалтаар газрыг анх “Х” ХХК-д бус иргэн Д.Хд эзэмшүүлсэн уг газрыг иргэн Д.Хгээс иргэн Д.Чт авто зогсоол, гражийн зориулалттай 4000 м.кв газрыг 40 жилийн хугацаатайтгаар шилжүүлэн эзэмшүүлсэн... Иргэн Д.Чын эзэмшлийн газраас Л.Тд, Д.Пт газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бусад материалыг үндэслэн шилжүүлсэн ... үлдсэн 3614 м.кв газрыг “Х-Х” ХХК-д тус тус шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд нийцсэн...” гэж тус тус маргажээ.
  3. Хариуцагч нар болон гуравдагч этгээд нараас “...“Х” ХХК-ийн захирал иргэн Д.Хд ... газар эзэмшүүлсэн ... уг газрыг 2005 оны ... 07 тоот захирамжаар иргэн Д.Хгээс иргэн Д.Чт ...шилжүүлэн эзэмшүүлсэн” ... иргэн Д.Хд олгосон газар “Х” ХХК-ийн газар биш” гэж тайлбарлан “Х” ХХК-ийг уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэх боловч хэрэгт авагдсан баримтууд болох “Х” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 57 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн ““Х” ХХК-ийн 2002 оны үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл”(2 дугаар хавтаст хэргийн 184-185 дугаар тал), Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 235 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Х” ХХК-ийн газрын төлбөр төлсөн банкны гүйлгээний жагсаалтын 2003, 2004, 2007 оны гүйлгээнүүд (2 дугаар хавтаст хэргийн 77 дугаар тал), гэрч Г.Амарсайханы мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 85-87 дугаар тал), гэрч Б.Оюунгэрэлийн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 20-22 дугаар тал), гэрч С.Отгонжаргалын мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 16-19 дүгээр тал)-ээр тус тус маргаан бүхий газрыг “Х” ХХК эзэмшиж байсан болох нь тогтоогдож байна.
  4.  “Х” ХХК нь маргаан бүхий газраас гадна Мөрөн сумын 8 дугаар багт байршилтай Тамир төвийн 120 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд дээр дурдсан газрын төлбөр төлсөн банкны гүйлгээний жагсаалтын гүйлгээнээс үзэхэд нэхэмжлэгч нь хоёр газрын төлбөрөө нэг өдөрт хоёр тусад нь буюу 59,700 төгрөг буюу 120 м.кв газрын төлбөр, 119,700 төгрөг (гуравдагч этгээд Д.Чын 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд газрын төлбөрийн хэмжээг тогтоохдоо 1 улиралд 40,000 төгрөг байхаар тогтоосонтой дүйцүүлсэн) буюу 4400 м.кв газрын төлбөрөө төлдөг байсан гэж үзэх үндэслэлтэй.
  5.  Түүнчлэн “Х” ХХК-ийн захирал Д.Хд гэж эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын захирамжууд нь он сар өдөр болон эзэмшүүлсэн газрын хэмжээнүүд нь зөрүүтэй, хариуцагч болон гуравдагч этгээд нараас ““Х” ХХК-ийн захирал Д.Хд 1500 м.кв газрыг эзэмшүүлсэн...” гэж тайлбарлах боловч газрын хэмжээний хувьд огт өөрчлөгдөөгүй болох нь гэрч С.Отгонжаргалын “...талийгаач Батмөнх даргын үед “Х” ХХК-д Мөрөн сумын 8 дугаар багт 2000 онд газар олгосон. Хэдэн метр квадрат газар байсныг сайн мэдэхгүй байна. Одоо байгаа хашаа нь яг л хэвээрээ байгаа. Их л том газар байсан. Хашаагаа анх олгогдсноос нь хойш сунгаж барьсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар тал), гэрч Б.Балдангийн “Миний зааж өгсөн газар дээр баригдсан хашаа өөрчлөгдөөгүй. Хашаагаа сараалжин хашаа болгож өөрчилсөн болохоос миний анх зааж өгсөн газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй байна билээ” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 43 дугаар тал) болон дээр дурдсан газрын төлбөр төлсөн баримтууд, гуравдагч этгээд Д.Чт газар эзэмших эрх шилжих үед 4000 м.кв газар болсон зэргээр тогтоогдож байна.
  6. Эдгээрээс дүгнэвэл “Х” ХХК нь Мөрөн сумын 8 дугаар багт байршилтай “Ч” ХХК-ийн залгаа 4400 м.кв газрыг эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул уг газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжуудтай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.
  7. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
    1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж … болно...”, 38.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана: 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.3-т “эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна: 38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх” гэж тус тус заасан, уг хуулийн шаардлага нь газар эзэмших эрхийг шилжүүлэх “хуулиар зөвшөөрсөн хэлбэр”-ийн шаардлага юм.
    2. Гэтэл хариуцагч Мөрөн сумын Засаг даргаас гуравдагч этгээд Д.Чт маргаан бүхий газрыг шилжүүлсэн захирамжийг гаргахдаа дээр дурдсан хуулийн шаардлагыг хангасан баримтуудыг огт бүрдүүлж аваагүй болох нь Мөрөн сумын Засаг даргын шүүх хуралдаан дээр “Мөрөн суманд үүнтэй холбоотой баримт байхгүй” гэсэн тайлбар, мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа “...2005 оны захирамжийг гаргахдаа иргэдийн хороонд хийсэн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтүүд нэгж талбарын хувийн хэрэгт байхгүй байгаа боловч иргэн Д.Чт газар эзэмших гэрчилгээ, гэрээ олгож баталгаажуулсан байна” гэсэн тайлбар, Мөрөн сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/391 тоот албан бичгээр (1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр тал) тус тус тогтоогдож байна.
    3. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнийн шүүх хуралдаан дээр гаргасан “2002 оны Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газрын шилжүүлэх харилцааг зохицуулаад 38.2-д эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд өөрсдөө гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан байдаг. Үүнд: гэрээ, талуудын хүлээн зөвшөөрч байгаагаа нотолсон нотолгоо гэж заасан. Нэхэмжлэгч талаас зөвшөөрсөн нотариатаар батлуулсан бичгийг тухайн үеийн газрын дарга, даамал, Засаг даргад өгөөгүй. Гуравдагч этгээд Д.Чтай ямар нэгэн газар шилжүүлэх талаар харилцаанд орсон зүйл байхгүй” гэх тайлбар үндэслэлтэй.
    4. Өөрөөр хэлбэл, 2000 оны 74 дүгээр захирамжаар “Х” ХХК-д  эзэмшүүлсэн 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Чт шилжүүлэхдээ газар эзэмшигчийн зөвшөөрөл, шилжүүлэгч болон шилжүүлэн авагчийн нотариатчаар батлуулсан гэрээ зэргийг аваагүй буюу газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой шаардлагатай баримтуудыг хавсаргаж ирүүлээгүй байхад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт байна.
    5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (2002 он) 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд 2005 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаартай захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэсэн хуулийн заалтыг дурдснаас бус хуульд заасан хүсэлт, бүрдүүлбэр баримтгүйгээр тус газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан этгээдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь дээрх хуулийн заалтад нийцээгүй буюу илт хууль бус байна.
    6. Түүнчлэн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Мөрөн сумын инженерийн шугам сүлжээ бүхий газрын бүсчлэлийг тогтоох тухай” 35 дугаар тогтоолын хавсралтаар Мөрөн сумын инженерийн шугам сүлжээ бүхий болон цаашид холбогдохоор төлөвлөгдөж байгаа газрын зургийг баталсан байх бөгөөд тогтоолын хавсралтад маргаан бүхий газар хамаарч байгаа, хэргийн оролцогчид үүн дээр маргадаггүй болно.
    7. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгчөөс “Тухайн үед уг маргаан бүхий газар нь ямар нэгэн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, төлөвлөгдсөн газар байсан гэх нотлох баримт байгаа. Үүнээс харахад Мөрөн сумын Засаг дарга өөрийн эрх мэдлээс гадуурх захирамж гаргасан болох нь үгүйсгэгдэж байна” гэж тайлбарладаг ч хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 35 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан зураг нь инженерийн шугам сүлжээ бүхий газар, цаашид холбогдохоор төлөвлөсөн газрыг ялгаж зааглаагүйгээс гадна “Таних тэмдэг-Инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил талбайн хэмжээ 530 га” гэснээс үзвэл уг тогтоолын хавсралтаар батлагдсан тэмдэглэгдсэн байршлын зураг нь бүхэлдээ инженерийн шугам сүлжээ бүхий газар гэж үзэх үндэслэлтэй.
    8. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 21.3.2-т “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 21.4-д “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-д “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэжээ.
    9. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд аймгийн Засаг дарга нь аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг, сумын Засаг дарга нь аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газраас бусад газрыг эзэмшүүлж ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй байтал Мөрөн сумын Засаг дарга нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж гуравдагч этгээд Д.Чт газар эзэмшүүлсэн захирамж гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “Захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны актад хамаарч байна.
  8. Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын зориулалт, хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
    1. Хавтаст хэрэгт авагдсан 6712013243 дугаартай нэгж талбарын хувийн хэргээс үзэхэд гуравдагч этгээд Д.Ч нь газрын хэмжээ болон газрын зориулалтаа өөрчлүүлэхтэй холбоотой хүсэлтийг Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргаж (6 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал), хүсэлтдээ “иргэн Д.Чын эзэмшлийн өргөдөл гаргасан газар нь Мөрөн хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан байдал” зургийг (6 дугаар хавтаст хэргийн 2 дугаар тал) хавсарган хүргүүлсэн байна.
    2. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалын хавсралтаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 3.4.4-д газар ашиглалтын зориулалтад өөрчлөлт оруулах тохиолдолд бүрдүүлэх баримт бичгүүдийг жагсаан дурдсан байх бөгөөд гуравдагч этгээд Д.Ч нь газрын хэмжээг нэмэгдүүлж, газрын зориулалт өөрчлөхтэй холбоотой бүрдүүлэх шаардлагатай холбоотой баримтууд болох кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, газрын төлбөр төлсөн баримт зэргийг хавсарган ирүүлээгүй байтал бичиг баримтын бүрдэл дутуу байхад газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, газрын зориулалтыг “автозогсоол, гараж” байсныг “үйлчилгээтэй, орон сууцны зориулалттай” болгож өөрчилсөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамж нь Газрын тухай хуульд нийцээгүй байна.
  9. Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дийн Пт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
    1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж тус тус зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамж нь нэгэнт илт хууль бус захиргааны акт болохын хувьд тус захирамжаар эзэмшүүлсэн газрыг гуравдагч этгээд Д.Пд шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн хэсэг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамжууд нь мөн илт хууль бус байна.
    2. Хэдийгээр нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь дээр дурдсан үйл баримтуудаар тогтоогдож байх тул шүүх уг захирамжийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (2002 он) 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 9.1.7, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын зориулалт, хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х” ХХК-д холбогдох хэсгийг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дийн Пт холбогдох хэсгийг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас 35100 төгрөг, Мөрөн сумын Засаг даргаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.МӨНХБОЛОР

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МӨНХЖАРГАЛ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БОЛОРМАА