Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 147

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хэргийн индекс:180/2017/0151/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга             А.Цэрэндулам 

Улсын яллагч                            Д.Отгонтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг

Шүүгдэгч                                                          Л.Т нарыг оролцуулан

     

Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Т-д холбогдох 1739001910058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1997 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг “Буурлын хороо”-нд оршин суух Т 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

   Шүүгдэгч Л.Т нь 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай ерөнхий боловсролын сургуулийн хашаанд Б.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж өшиглөн зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Хохирогч Б.Г-н: ... баарнаас гарахад манай найз Ж.О-г манай сумын залуучууд болох О, О, Б, Т нар баарны гадаа нийлээд зодож байсан. Тэгээд намайг баарнаас гараад ирэнгүүт О, О, Б, Т нар бүгдээрээ зугтаад яваад өгсөн. ... Тэгээд манай найз О бид хоёр О, О, Б, Т нарын араас нь хөөгөөд сургуулийн хашаан дотор ороход О, О, Б, Т нар нь манай найз Ж.О бид хоёрыг харанхуйд оруулж байгаад зодсон ... гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15хуу/

 

        Гэрч Д.О-н: ... бид гурвын араас Ж.О, Г ах хоёр хөөгөөд бид хэд сургуулийн хашаа руу орцгоосон. Тэгээд сургуулийн хашаан дотор ороод Ж.О ах манай найз Т-г гараараа боогоод унагаасан. Тэгэхээр нь би болиулаад байж байхад бид хэд дээр Ганзул хүрээд ирсэн. Тэгэхэд манай найз Түвшинтөгс нь босож ирээд Г ахыг шууд цохиод авсан.. ... Б ирээд бид хэд ч зодолдохоо больсон. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18хуу/

 

        Гэрч Ч.О: ... Ж.О, Г ах хоёр бид гурвын араас чулуу шидээд байсан бөгөөд шидсэн чулуу нь манай найз Түвшинтөгсийн зүүн гарыг оночихсон. ... зугтаагаад сургуулийн хашаан дотор ороход Ж.О ах манай найз Т-г бариад гараараа боогоод тавихгүй байгаад байхаар нь О бид хоёр болиулсан. ... Т, Ж.О ахад боолгуулаад газар уначихсан байснаа босож ирээд Г ахыг гараараа цохиод авсан. Тэгэхэд нь Ж.О ах намайг боохоо болиод Г ах дээр очсон бөгөөд Г ахын духны зүүн дээд хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд бид хэд тэндээ жоохон маргалдаж муудалцсан бөгөөд ахиж зодоон хийгээгүй. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21хуу/

 

        Гэрч Б.Б-н: ... Ж.О ах түүний найз хоёр Т, О, Ч.О гурав луу чулуу шидээд араас нь хөөсөн. ... сургуулийн хашаа руу очиж байхад сургуулийн хашаан дотор бужигнаад, зодолдоод байх шиг байсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23хуу/

 

         Гэрч Л.Н-н: ... Тэгээд би Ж.О,Ч.О, Т нар дээр очоод болиулаад салгаад байж байхад бид хэд дээр Ж.О-н найз болон Г нь хүрээд ирсэн. Тэгэхэд Т гэх залуу нь Г-г шууд цохиод, тонгойход нь хөлөөрөө толгой духны орчим луу нь нэг удаа өшиглөсөн. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27хуу/

 

        Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн:

        Б.Г-н биед духны язарсан шарх, баруун нүдний доод зовхи, өвдөгний зулгарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

       Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

        Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 47хуу/ зэрэг болно.

 

        Шүүгдэгч Л.Т нь 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай ерөнхий боловсролын сургуулийн хашаанд Б.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж өшиглөн зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

       Аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийг хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

        Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 70хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

       Шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

             

ТОГТООХ нь:

  

          1.Шүүгдэгч Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Т-г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

   3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т нь түүнд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  

          4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т нь оногдуулсан торгох ялыг 02 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

   5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   7.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА