Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0712

 

 

   

                                                     "С г к т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                          захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч “С г к т” ХХК-ийн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн дарга Б.О нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С г к т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутэг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийг тус тус баримтлан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/13 дугаар тогтоолын, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 3/02 дүгээр тогтоолын нэхэмжлэгч “С г к т” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын   ашиглалтын   MV-17038,   MV-19036   дугаартай   тусгай   зөвшөөрлийн

солбицол бүхий талбайд хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.О давж заалдах гомдолдоо: “...Газрын тухай хуульд сумын Засаг даргын өргөн мэдүүлснээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заагдсан бүрэн эрх /20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, 20.1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг ашиглах журмыг тогтоох/-ийн хүрээнд гаргасан шийдвэр юм. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хуулиар хориглоогүй бөгөөд Газрын тухай хуулийн үзэл санаад нийцэж гаргасан хууль ёсны шийдвэр гэж үзэж байна. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн а/73 дугаар тушаалаар батлагдсан “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх заавар”-т тусгагдсан “Нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа энэхүү зааврыг мөрдлөг болгохыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт зөвлөсүгэй” гэсэн тушаалын дагуу сумын ажлын хэсэг ажиллаж судалгаа дүгнэлтийг гарган сумын Засаг дарга санал оруулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасан бөгөөд орон нутгийн удирдлага хуульд заасан эрхийн хүрээнд явуулсан хойшлуулшгүй ажиллагаа гэж үзэж байна. Нийтийн ашиг сонирхол нь тухайн орон нутагт ажиллаж амьдарч байгаа нийт иргэдийн эрх ашиг бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т заагдсан эрхээр баталгаажих бөгөөд иргэний үндсэн эрх уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн ноцтойгоор зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж зайлшгүй хийгдсэн төрийн эрх бүхий байгууллагын зүй ёсны үйл ажиллагаа юм.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “Иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” гэж заасны дагуу орон нутгийн иргэдийн өргөдөл, Тост багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн ирүүлсэн албан бичиг зэрэгт үндэслэн явуулсан үйл ажиллагаа байтал шүүхээс хуулийн заалтыг буруу хэрэглэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ээлжит бус хуралдааны 03/02 дугаар тогтоолын “С г к т” ХХК-ийн эзэмшлийн MV-17038, MV-19036 дугаартай тусгай зөвшөөрлийн солбицол бүхий талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгосон 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас Зарим газар нутгийг орон нутгийн хэрэгцээнд авах тухай 3/02 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд уг тогтоолоор тус сумын Засаг даргын саналыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 20 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.2, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журмын 9.3, Байгаль орчны сайдын 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 тоот “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай журам”-ын 4.3-д заасныг тус тус үндэслэн Хөвд-Хуршуут нэртэй 43153,96 га газар нутгийг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газрыг байгалийн нөөц газрын ангиллаар 15 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 3/01 дүгээр тогтоолоор тус сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр тусгай хэрэгцээнд авах газрын байршил хэмжээг баталсан байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “...Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1-д заасны дагуу орон нутгийн удирдлага хуульд заасан эрхийн хүрээнд явуулсан хойшлуулшгүй ажиллагаа гэж үзэж байна. ...Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу орон нутгийн иргэдийн өргөдөл, Тост багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн ирүүлсэн албан бичиг зэрэгт үндэслэн явуулсан үйл ажиллагаа байтал шүүхээс хуулийн заалтыг буруу хэрэглэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна” гэсэн байх бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1/114 дүгээр албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/01 дугаар тогтоол, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Дэмжидийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр албан бичиг, сумын иргэдийн төлөөлөл нар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт орших Хөвд, Хуршуут орчмын газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай саналыг тус тус уг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.3-д “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” гэж заасан байх бөгөөд уг хуулийн зохицуулалт нь эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй этгээд өргөдөл, гомдол гаргасныг төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хүлээн авч, уг өргөдөл, гомдлыг хангаж шийдвэрлэж байгаа бол сонсох ажиллагааг хийхгүй байж болохоор зохицуулсан ба нэхэмжлэгч өргөдөл, хүсэлт гаргаагүй байхад хариуцагч дээрх хүсэлт, тогтоол, албан бичгүүд ирсний дагуу түүнийг хангаж шийдвэрлэсэн учраас сонсох ажиллагааг хийх шаардлагагүй хэмээн тайлбарлаж гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй юм.

Мөн түүнчлэн, маргаан бүхий захиргааны актыг гаргах үед буюу 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тэмдэглэлээс үзвэл “С г к т” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай багтаж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон болох нь нэгэнт тодорхой байхад нэхэмжлэгч талаас төслийн танилцуулга хийх хүсэлт гаргахад тус иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу “С г к т” ХХК-ийн төлөөллийг байлцуулан сонсох ажиллагааг хийх боломжтой байжээ.

            Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын

асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах”, Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна” гэж заасан байх бөгөөд газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.6-д зааснаар бүрдэхээр байна.

            Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт  оруулахдаа газар зохион байгуулалтын дээрх үндсэн баримт бичгүүдийг бүрдүүлэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүх 2016 онд баталсан 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй хэмээн дүгнэсэн нь зөв байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “С г к т” ХХК-ийн төлөөллийг байлцуулан MV-17038, MV-19036 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авах асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин шийдвэрлэх ажиллагааг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                 ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

                 ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

                 ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА