Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хэргийн индекс: 114/2016/0041/3/

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хороолол 2 дугаар байр *******  тоотод суух Д.******* нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

            “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн Д.*******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                    Б.Отгонцэнгэл                                                                                  

            Хариуцагч: Дархан-Уул аймгийн  Засаг даргын итгэмжлэгдсэн

            төлөөлөгч:                                                                                          Г.Энхсайхан

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:                                      Б.Саранчимэг  

нар оролцов.  

                                               

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Дархан-Уул аймгийн Засаг даргын  2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 470 дугаар захирамжаар нэгж талбарын ******* дугаар бүхий Дархан сум 15 дугаар баг, ТИС-ын урд байршилтай 10000 м.кв газрыг 2 жилийн хугацаатай нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газартай 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан, ******* дугаартай гэрчилгээ авч улмаар

холбогдох байгууллагуудын зөвшөөрлыг аван Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга, аймгийн ерөнхий архитектор нараар байршлийн зургаа батлуулан 2013 онд “Зэдпрожект” ХХК- иар “Гурван өндөр” орон сууцны хотхон барилгын зургийг  10.000.000  сая төгрөгөөр хийлгэсэн.

            Ийнхүү барилгын зургийг Аймгийн ерөнхий архитектороор батлуулах гэхэд хуучин ******* нь солигдон Д.******* гэдэг хүн болсон.

            Дархан сумын 29 дүгээр хороололын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон инженерийн шугам сүлжээний ажлын зургийг хийлгэж батлуулсны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, барилгын зургийг батална гэх элдэв шалтаг тоочин Д.******* нь  баталж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрч, улмаар өөрөө ч ажлаа бас өгсөн. Энэхүү хугацаанд хэд хэдэн удаа уулзаж, барилгын ажлаа эхлүүлэх хүсэлтийг амаар болон бичгээр гаргаж байсан. Мөн газар эзэмших гэрээний төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан болно.

            Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр ГХБХБГ-аас 201 тоот мэдэгдэх хуудсыг өгсөн. Уг мэдэгдэх хуудсанд иргэн  Д.******* миний эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Дархан-Уул аймгийн Засаг даргын А/85 дугаартай захирамжийг хавсарган өгсөн. Энэхүү захирамж нь иргэн миний эрх ашгийг зөрчсөн, улмаар хохироосон захирамж  гарсан байх тул энэ захирамжийн  надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Д.******* нь газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээний хугацаа дууссан тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3”г”, 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийг аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжаар цуцалсан болно. Д.******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

         Гэрч *******: Иргэн Д.******* 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хүлээн авч Газрын харилцаа барилга хот байгуулалтын дэргэдэх Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх комиссын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах, дуудлага худалдааны анхны үнийг төлсний дараа газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гарсан. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу дуудлага худалдааны үнийг төлүүлэх гэдгийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга болон ерөнхий архитектор нартай зөвшилцөж, 29 дүгээр хороололд газар эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн хөрөнгөөр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тусгай зөвшөөрөлтэй компаниар хийлгэж батлуулсан тохиолдолд газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхгүйгээр газар эзэмших эрхийн хугацааг сунгахаар тогтсон. 29 дүгээр хороололд нэр бүхий иргэн, аж ахуй нэгж газар эзэмших эрхийн хугацаа сунгуулахаар хөөцөлдөж байсан.
Иргэн Д.******* газар эзэмших эрхийнхээ хугацаагаа сунгуулахаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас удаа дараа зарласан хуралд оролцож газрынхаа хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаад явсан байсан.

         Гэрч  Д.*******: Тухайн үед барилгын скиз зургийг батлахад ******* 29 дүгээр хорооллын газар дээр нэг ч зураг батлагдаагүй байсан. 29 дүгээр хорооллын газрыг батлахын тулд нийтэд зургийг гаргаж өгөхийг газрын албанд шаардлага тавьсан. 42 газар эзэмшигч байдаг. Тусдаа нэг хүнийг батлаж өгөхгүй нийтээр нь батлана гээд скиз зургийг нь баталж өгөөгүй. *******ыг төлөөлөн Отгонцэнгэл гэдэг хүн газрынхаа талаар нилээн хөөцөлдөж явж байсан гэжээ.

        

ҮНДЭСЛЭХ  нь:

            Нэхэмжлэгч  Д.******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд  шүүх хуралдаанд  хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг үнэлж дүгнээд нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 470 дугаар  “Газар олгох тухай” захирамжийн хавсралтаар иргэн Д.*******од  Дархан сумын 15 дугаар багт 10000 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба энэхүү захирамжийг үндэслэн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан, ******* дугаартай гэрчилгээ олгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь баталгаажсан байна.

            Хариуцагч “Дархан Уул аймгийн Засаг дарга нь  2016 оны 04 дугаар сарын 12-ны өдөр А/85 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж түүний хавсралтаар Д.******* газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1” газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй бол” Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж зааснаар Д.******* 10000 м.кв бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй  болгон шийдвэрлэжээ.

1.Хариуцагчийн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу  газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч Д.******* нь Дархан сумын 29 дүгээр хороололд нэгж талбарын ******* дугаар бүхий 10000 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшихээр Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газартай 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр газар эзэмших гэрээг 2 жилээр байгуулан, ******* дугаартай гэрчилгээ авч, байршлийн зургаа батлуулан, “Гурван өндөр орон сууцны хотхон”-ны эскиз зургаа “Зэдпрожект” ХХК-иар хийлгүүлэн газрын төлбөрт 2012 оноос 2014 онуудад нийт 800535 төгрөг төлөхөөс 799720 төгрөг төлсөн байх ба  Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа  дуусахаас өмнө буюу 2014 оны 10 дугаар сарын 09 өдөр хугацаа сунгуулахаар хүсэлтээ гаргаж байсан нь Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2014 оны өргөдөл гомдлын дэвтрийн 361 дугаарт бүртгэгдсэн байх бөгөөд хүсэлтийг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх комиссын хуралдаанаар хэлэлцэн “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж батлуулах, дуудлага худалдааны анхны үнэ төлсөн тохиолдолд” хугацаа сунгах гэж шийдвэрлэсэн гэх боловч уг шийдвэрээ тухайн үед нэхэмжлэгчид мэдэгдээгүй байна.

Харин 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн ерөнхий архитектур Д.******* хуралдаан зохион байгуулж 29 дүгээр хороололд газар эзэмшигч Д.******* болон бусад 14 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ “... тус хороололын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон инженерийн шугам сүлжээний ажлын зургийг хийлгэж батлуулсны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаар хуралд оролцсон /Д.*******/ 2 иргэн, 3 хуулийн этгээдтэй зөвшилцөлд хүрлээ... хуралд оролцоогүй иргэн, хуулийн этгээдүүд нь хугацаагаа сунгуулах хүсэлтгүй байна хэмээн үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй, хүчингүй болгохоор шийдвэрлэлээ” гэсэн нь хэрэгт авагдсан тус хуралдааны тэмдэглэлээр мөн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дахин газар эзэмших гэрээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж байсан нь 2016 оны өргөдөл гомдлын дэвтрийн 195 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, хяналтын карт,  хугацаа сунгуулах хүсэлт зэрэгээр тус тус нотлогдож байхад Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж багаа нь үндэслэлгүй байна.

2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь Дархан сумын 29 дүгээр хороололд эзэмшил бүхий 10000 м.кв газар дээрээ нийтийн орон сууц барихын тулд холбогдох байгууллагуудын зөвшөөрлийг авч байршлийн зургаа Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга З.Мөнхбат, аймгийн ерөнхий архитектур Д.******* нараар батлуулан, 2013 онд “Гурван өндөр орон сууцны хотхон”-ны эскиз зургийг зуруулсан байх ба аймгийн ерөнхий архитектуроор томилогдсон Д.******* нь 29 дүгээр хороололын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон инженерийн шугам сүлжээний ажлын зургийг нийтээрээ хийлгэж батлуулсны дараа барилгын зургийг батална гэснээс болж нэхэмжлэгч нь уг газар дээрээ барилга байгууламжаа барьж эхлээгүй болох нь нэхэмжлэгчийн болон гэрчийн тайлбаруудаар нотлогдож байна.

Дээрхи байдлаас дүгнэн үзэхэд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь   нэхэмжлэгчийн 2014 оны 10 дугаар сарын 09 өдөр гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа сунгуулах хүсэлтэнд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь 2016 оны 11дүгээр сарын 12 өдрийг хүртэл хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга  2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 470 дугаар захирамж түүний хавсралтаар иргэн Д.*******од газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ 29 дүгээр хороололын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулан батлуулах, дэд бүтэцээ өөрсдөө шийдвэрлэснээр барилга барих гэсэн шаардлага тавин эзэмшүүлсэн нь гэх гэрчүүдийн мэдүүлэг нь дээрхи Засаг даргын захирамжаар үгүйсгэгдэж байгаа болно.

Захиргааны байгууллага, албан тушаалтаны буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан газар эзэмших эрхээ эдэлж  чадахгүй, хуулийн 35.3.3-д заасан газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэн ирсэн байхад хариуцагч  Дархан-Уул аймгийн Засаг дарга нь  2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж түүний хавсралтаар Д.******* газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан  байгаа эсэх, хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу  газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргасан эсэхийг нягтлан шалгаж тогтоолгүй хүчингүй болгосон нь дээрхи хуулийн заалттай нийцээгүй төдийгүй нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн Д.*******од холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1,106.3.12 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

     

  ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн Д.*******од холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

        

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНЧИМЭГ